| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 183/2021/01046/И |
| Дугаар | 210/МА2022/00654 |
| Огноо | 2022-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2022/00654
| 2022 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 210/МА2022/00654 |
У.Унэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00180 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.Ухариуцагч Н.Мт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 10,500,000 төгрөг гаргуулах үндсэн, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагч Н.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Н.Мээс зээлийн гэрээний үүрэгт 9,236,000 төгрөг гаргуулна гэжээ.
1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Н.Мтэй 10,500,000 төгрөгийн 1 жилийн хугацаатай 15 хувийн хүүтэй зээлдүүлэх тухай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Үндсэн зээлд 10,500,000 төгрөг, зээлийн хүүнд 1,575,000 төгрөг, нийт 12,075,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч Н.М 2,839,000 төгрөг төлж, 9,236,000 төгрөг төлөөгүй, алданги тооцоогүй гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Зээлийн гэрээ бодит байдалд нийцээгүй. Н.М 10,500,000 төгрөгийг У.Уаас аваагүй, тэрээр таньдаг нотариат дээрээ очиж бэлдсэн бэлэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч талаас тухайн мөнгийг хэрхэн зээлдүүлсэн талаар нотлоогүй. Н.М 2017, 2018 онд У.Уаас 1,500,000 төгрөгөөр мөнгө зээлдэг байсан ба зээлийн хүү 15 хувийг хасаж 1,350,000 төгрөг төлдөг байсан. Дараа нь мөнгө зээлэхдээ өмнөх зээлийн үлдэгдэл гэж хасаж аваад үлдсэн мөнгийг өгдөг байсан. У.Уаас 2,000,000 төгрөгийг гар дээрээ авсан. 1,500,000 төгрөгөөр 3 удаа зээл авахдаа бэлэн 2,000,000 төгрөг авсан. У.У уг мөнгийг авахдаа зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Зээлсэн мөнгөө төлөхдөө хар дэвтэрт бичсэнээр 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 2,838,500 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд бэлнээр 2,839,000 төгрөг төлсөн. Н.Мээс нөхөр н.Аынх нь дансанд 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 11,450,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл н.Аын дансанд зээлийн төлбөрт 1,284,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нь У.Уд төлөх төлбөргүй, харин бичгийн хэлцэл хийгээгүй атлаа маш өндөр хүү тооцож мөнгө төлж байсан. Өмнөх зээлүүдээ нэгтгэж зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талаас өгсөн хар дэвтэрээс үзэхэд 10,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй нь нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10,500,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна. Уг гэрээ нь хуульд нийцээгүй, бодит байдал дээр 10,500,000 төгрөг аваагүй. Мөнгө өгсөн гэдгээ нэхэмжлэгч тал нотлоогүй. Гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар мөнгө өгөөгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг нотолж байна. Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулгад: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хуулийн үндэслэл байхгүй учраас мэтгэлцэх боломжгүй байсан. Талууд гэрээ байгуулсан, хариуцагч Н.М төлөлтөө хийж байсан. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь өөр ямар нэгэн хэлцэл хийх ёсгүй этгээдүүдийн хооронд хийсэн хэлцлийг хэлнэ. Өмнө нь зээлийн харилцаа байсан учраас дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Хариуцагч “намайг дарамталж байгаад таньдаг хүнийхээ өмнө суулгаж байгаад гэрээ хийсэн” гэж ярьсан. Энэ нь Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хэлцэл бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана гэжээ.
5. Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар У.У, Н.М нарын хооронд байгуулсан 2018.09.24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Н.Мээс зээлийн гэрээний үүрэгт 10,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн У.Унэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 182,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 182,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:
6.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн тухайд,
6.1.а. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 12 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны явцад гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэл нь юуг, ямар хуулийн үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Агуулгаас нь харахад Иргэний хуулийн 56, 57, 58, 59, 60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн бүх санааг тусгасан, ойлгомжгүй байх тул сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсгийг зөрчсөн тул уг сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авах боломжгүй, хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар буцаах үндэслэлтэй гэж тайлбарласан. Шүүх мөн адил шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх агуулгыг тусгасан. Гэтэл нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой саад учруулж, сөрөг нэхэмжлэл нь хууль зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
6.2. Үйл баримтын талаар
6.2.а. Зохигчд 2016 оноос эхлэн зээлийн харилцаатай байсан талаар маргадаггүй. Олон удаагийн давтамжтай зээл авч, зарим хэсгийг төлөөгүйгээс хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх төлбөр 10,500,000 төгрөг болсон. Үүнийг төлөх зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч нь 2,839,000 төгрөг төлсөн төлсөн талаар зохигчид маргаагүй. Мөнгө төлсөн гэдгийг талуудын
гаргаж өгсөн хар дэвтэр, үзлэгийн тэмдэглэлд тодорхой тусгасан. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 24 дүгээр бүлэг Зээлийн харилцааны хуулийн зохицуулалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн агуулгыг хуульчлаагүй. Зээлийн гэрээг амаар, бичгээр байгуулж болно. Мөн хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцох хуулийн зохицуулалттай. Талууд 2016 оноос эхлэн зээлийн гэрээг амаар байгуулан харилцаж эхэлсэн. Уг зээлийн харилцаа дуусаагүй үргэлжилж байснаар 2018 оны 9 сарын 24-ний өдөр эргэн төлөх зээлийн нийт дүн, хугацаа, төлөх хуваарийг тусгасан гэрээг байгуулсан. Гэтэл шүүх 2018 оны 09 сарын 24-ний өдөр шинээр гэрээ байгуулж 10,500,000 төгрөг зээлсэн мэтээр шийдвэрлэсэн нь хэргийн үндсэн маргаан, агуулгатай тохироогүй.
6.2.б. Талууд 2016 оноос эхлэн зээлийн харилцаатай байсан талаар маргаагүй байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлийн зохицуулалт энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй. Дүр үзүүлсэн хэлцэл нь эрх зүйн харилцаанд оролцох шаардлага үүсээгүй субьектын хооронд зөвхөн гадаад илэрлийг бий болгох зорилгоор байгуулсан байдаг. Энэхүү хэргийн зохигчид эрх зүйн харилцаанд оролцож бие биедээ эрх, үүрэг үүсгэж харилцан тохиролцож 3 жилийн хугацаанд харилцсан байхад маргаан бүхий зээлийн гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ маш тодорхой бичиж, хэлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэл нь бодитоор 10,500,000 төгрөг аваагүй, тусгай бэлдсэн нотариат дээр бэлдсэн байсан гэрээнд гарын үсэг зуруулсан гэдэг. Нэхэмжлэгч нь “... энэ нь дандаа хүү, алданги байгаа ...” гэж хэлээд 10,500,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэдэг. Энэ нь хуулийн дагуу хийгдээгүй, хууль зөрчиж хийгдсэн буюу дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой тусгасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 10,500,000 төгрөг зээлдүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 2016 оноос хойш зээлсэн мөнгөний зарим хэсгийг төлөөгүй. Иймээс 10,500,000 төгрөг болсон, 10,500,000 төгрөг нь үндсэн зээл, хүү, алданги аль нь болох нь тодорхойгүй зээлийн гэрээ хийгдсэн. Нэхэмжлэгч анхнаасаа шаардлага гаргахдаа зөвхөн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэж гаргасан. 10,500,000 төгрөгийн аль нь үндсэн зээл, хүү, алданги гэдгийг тодорхойлоогүй. Өмнөх зээлийн үлдэгдэл нь хэдэн төгрөг гэдгийг тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой дурдаагүй. Хэдийгээр зээлийн гэрээ хийгдсэн ч хүсэл зоригоо илэрхийлээгүй, хуулийн дагуу гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч У.Узээлийн гэрээний үүрэгт 9,236,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Н.М эс зөвшөөрч марган 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
3. Анхан шатны шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болжээ.
4. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар
4.а. Зохигчид 2016 оноос хойш зээлийн харилцаатай байсан, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэлд тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, тооцооны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, арилжааны банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд зохигчдын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэлцэл хийгдсэн, уг хэлцэл хүчин төгөлдөр байна. /хх6, 84-86, 89-116/
4.б. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээний үүрэг бодитойгоор үүсдэг ба нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг буцааж төлөх үүрэг үүсэхгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.в. Хариуцагчийн “дээрх гэрээгээр мөнгө аваагүй, “2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авч байсан, төлөх ёстой төлбөрөө хангалттай төлсөн” гэх тайлбар, нэхэмжлэгчийн 10,500,000 төгрөгийн шаардлагын үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. /хх120/
4.г. Хэргийн 54-63, 89-116 дугаар тал дахь зохигчдын Хаан банкны дансны хуулгаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд мөнгөн гүйлгээ хийж байсан баримт байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оноос ихэвчлэн бэлнээр мөнгө зээлдүүлдэг байсан, мөнгө хүлээлгэн өгсөн баримт байхгүй зэрэг учир шалтгааны улмаас дээрх мөнгөн шилжүүлэгийн баримтад үндэслэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүрэг, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн дүнг тооцоолох боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид нийт хэдэн төгрөг зээлдүүлсэн, зээлийн үлдэгдэл нь хэд болох, хариуцагч зээлийг төлж барагдуулсан гэх байдлаа аль аль нь нотлоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
5.а. Хариуцагч нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр бодитойгоор мөнгө аваагүй, нэхэмжлэгч таньдаг нотариат дээрээ очиж бэлэн гэрээнд гарын үсэг зуруулсан, нэгэнт 10,500,000 төгрөг аваагүй учраас уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.
5.б. Талуудын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Хариуцагч нь уг гэрээ анхнаасаа хууль зөрчиж байгуулагдсан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдоно гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Зохигчид хүсэл зоригоо илэрхийлж өмнөх төлбөр тооцоогоо нэгтгэж бичгээр хэлцэл байгуулахыг хуулиар хориглоогүй. Харин хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй учраас үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болохоос биш нэгэнт хийгдсэн хүчин төгөлдөр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох эрх үүсэхгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлгүй тул У.У, Н.М нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.Мээс зээлийн гэрээний үүрэгт 10,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дах заалтын “нэхэмжлэгчээс 182,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
А.МӨНХЗУЛ