| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2429000000111 |
| Дугаар | 2024/ДШМ/52 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/52
Б.*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Солонго /цахим/,
Шүүгдэгч Б.******* /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг /цахим/,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******д холбогдох 2429000000111 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.*******тай фейсбүүк чатаар холбогдон жолооны үнэмлэх гаргаж өгөхөөр тохиролцож Хаан банкны ******* тоот данс руу 450000 төгрөгийг шилжүүлэн авч Б.*******ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******т хохирол төлбөрт 450000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Миний хохирогч болох Б.*******ын мөнгийг 5 дугаар сард шилжүүлсэн. Шүүх хурлын явцад намайг оршин суух хаяг тодорхой бус гэсэн үндэслэл дээр ял оноосон байдаг. Миний бие Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум, 3 дугаар багт оршин суух хаягтай. Одоо эхнэр хүүхдийн хамт Увс аймаг, Улаангом сум, 2 дугаар багийн Хахираан бэлд амьдардаг. Иймд эрхэм шүүгч нар миний хэргийг хянан шалгаж үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх тухайн гэмт хэргийг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Прокурорын зүгээс зорчих эрхийг хязгаарлах санал гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч тухайн бүртгэлийн хаягт байдаг эсэх нь тодорхойгүй байсан учир зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэх боломжгүй тул анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хорих ялыг оногдуулсан. Уг шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүхэд хорих ял оногдуулах эрх нь байгаа хэдий ч улсын яллагчийн санал болгож байгаа зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар учраас оногдуулах шаардлагагүй юм гэдэг дүгнэлтийг огт хийгээгүй.
Шийтгэх тогтоолд шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа хаяг тодорхойгүй гэдэг 2 үндэслэлийг л бичсэн. Гэтэл Б.*******гийн ямар хувийн байдал нь зорчих эрхийг хязгаарлах боломжгүй байгаа юм гэдэгт хууль зүйн үндэслэл бүхийн дүгнэлтийг хийгээгүй байна.
Хавтаст хэргийн 36 дугаар талд миний үйлчлүүлэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа дээр Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум, 3-р багт оршин суудаг гэх нотлох баримт байна.
Хохирогч Б.*******т хохирол төлбөрийн 450000 төгрөгийг төлж барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг зүйл яригддаг.
Тиймээс хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулыг шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж ялыг оногдуулах үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг шүүх хийгээгүй байна гэж үзэж байгаа.
Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан 6 сарын хорих ялыг улсын яллагчийн санал болгосон 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой байна гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Мөн гэмт хэргийн хохирол хор уршиг арилсан, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байна.
Залуу хүн, одоо 1 настай хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхийн оногдуулсан 6 сарын хорих ялыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчилж өгнө үү.
Хавтаст хэрэгт Увс аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаартай тогтоолоор миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцоод, 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.
Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял бүрэн дүүрэн дуусгавар болсон байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан байгааг харгалзан үзнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.*******гийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.*******тай фейсбүүк чатаар холбогдон жолооны үнэмлэх гаргаж өгөхөөр тохиролцож Хаан банкны ******* тоот данс руу 450000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Б.*******ын “...Би 2022 онд хүнд машин механизмын жолооны сургалтад сууж байсан. Тэгээд тухайн үед ******* гэх хүн жолооны багшаар ажиллаж байсан. Жолооны сургалт орж байхдаа жолооны үнэмлэх гаргаж өгнө гэдэг байсан.
“...Над руу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Б.******* гэх хүн жолооны үнэмлэх гаргаж өгнө гээд чат бичиж эхэлсэн. Тэгээд би тухайн үед жолооны үнэмлэх байхгүй байсан болохоор Б.******* гэх хүнд итгээд 550000 төгрөг ******* дугаартай данс руу шилжүүлсэн.
Тэгээд тухайн хүн анх ярихдаа 14 хоногийн дотор жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд жолооны үнэмлэх гаргаж өгөхгүй олон сар болсон. Утсаар чат бичих болгонд одоохон нэг хүнтэй уулзаад бүтээнэ", өглөө хийчихье, одоохон хийчихье гэх зэрэг үг хэлээд өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Би Манлай сумын төв дээр байхдаа шилжүүлсэн...”
“...Цагдаад мэдэгдсэний дараа миний өөрийн 5030615491 дугаартай данс руу 400.000 төгрөг *******гаас гэж бичээд шилжүүлсэн байсан.” /хх-н 8,9-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******гийн “...Би жолооны үнэмлэх гаргадаггүй юмаа. Таньдаг жолооны сургалтын төв байсан. Тэгээд гаргаж өгнө гээд мөнгийг нь үрээд дуусгасан юм. Тэгээд гаргаж өгч чадаагүй юм. Би *******ын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлгүүд /хх-н 54-55-р хуудас/, Б.*******ын Хаан банкны 5030615491 тоот дансны хуулга /хх-н 27-р хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анханшатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх улсын яллагч болон хэргийн оролцогчийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.*******д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.******* нь “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
“Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.*******тай фейсбүүк чатаар холбогдон жолооны үнэмлэх гаргаж өгөхөөр тохиролцож Хаан банкны ******* тоот данс руу 450,000 төгрөг авч, Б.*******ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.” гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.*******г Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгасан боловч дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байна.
Мөрдөгч, прокурор нь шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн байдлын биелэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлон тогтоогоогүй, шүүгдэгч дахин дээрх төрлийн гэмт хэргийг үйлдсэн ба торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй болох нь Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Батсүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 321 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоолоор тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь дахин залилах гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжлийг олоогүй, засарч хүмүүжээгүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.*******д анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд нь тохирсон байх тул шүүгдэгчийн “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******гийн “хорих ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
17 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА