| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00398/И |
| Дугаар | 137/ШШ2025/00447 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 137/ШШ2025/00447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,..-р хороо, .. байранд байрлах, Г ХК /УБД: .., РД: ../-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д аймгийн Г банк ХХК-ийн харилцааны менежер ажилтай, Х овогт Б-ийн Н РД:.., утас: ../
Хариуцагч: Д аймгийн Ө сум, ..-р баг, .. гудамж, ..тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Ө аймгийн А сум, ..-р баг, ..-р гудамж .. тоотод оршин суух, Ц ХХК-нд хяналтын инженер ажилтай, З овогт Н-ийн Э /РД: .., утас:../
Хариуцагч: Д аймгийн Ө сум, ..-р баг, .. дугаар гудамж, .. тоотод оршин суух, М ХК-нд ..ажилтай, Б овогт Э-ын Н /РД: .., утас:../
Хариуцагч: Д аймгийн С сум, ..-р баг, .. гудамж .. байрны .. тоотод оршин суух, Э ХК-нд .. ажилтай, Б овогт Б-ы М /РД: .., утас: ../ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 23,734,658.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э , нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н , хариуцагч Н.Э , Э.Н , Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Э болон Б.М нар нь 2023 оны 10 сарын 30-ны өдөр ЗГ5415119731 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 29,740,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21%-н хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Н.Э болон Э.Н нар нь нэмэлтээр ЗГ5415119731 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 5,000,000.00 төгрөгийг жилийн 15,6%-н хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч Н.Э болон Э.Н , Б.М нар нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд манай банкны зүгээс зээлдэгчид удаа дараа зээлийн төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн боловч зээлийн төлөлтийг хийгээгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 150 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлдэгч нараас Иргэний хуулийн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 22,272,032.26 төгрөг, хүүнд 1,432,060.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30,565.99 төгрөг нийт 23,734,658.26 төгрөг болон нотариатын зардалд 16,000 төгрөг нийт 23,750,658.26 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: М , Э нартай 2023 оны 10 сарын 30-ны өдөр ЗГ5415119731 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 29,740,000 төгрөгийн зээлийг жилийн 21%-н хүүтэй, 30 сарын хугацаатай хариуцагч нар нь авсан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Н.Э болон Э.Н нар нь нэмэлтээр ЗГ5415119731 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 15,6%-н хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Зээлээ төлөхгүй байгаа тул 23,750,658.26 төгрөгийг 3 хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Э нь Голомт банкнаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 23,750,658.26 төгрөгийг 10 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 1,400,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээж авна уу гэжээ.
Хариуцагч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийг би өөрөө бүрэн төлж барагдуулна. 23,750,658.26 төгрөгийг 14-15 сарын хугацаанд сард 1,500,000 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна. Энэ хоёр хүн энэ зээлэнд ямар ч хамааралгүй гэв.
Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.Н нь Н.Э-тай нэхэмжлэлд дурдсан зээлийг хамтран авсан нь үнэн. Гэвч бид 2024 оны 12 сараас тусдаа амьдарч байгаа. Бид өөр өөрийн нэр дээрх зээлээ хамтран амьдарч байх хугацаандаа аль аль нь ахуйн хэрэгцээндээ зарцуулсан. Уг нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг хүлээнг зөвшөөрч төлөлцөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э-тай 2023-2024 онд гэр бүл байсан. Шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Э нь одоо өөр гэр бүлтэй болсон. Хамт амьдарч байхдаа авсан зээлээ өөр өөрсдөө төлөөд явахаар тохирсон байгаа. Намайг энэ зээлээс хасаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.М нь 2023 оны 10 сарын 30-ны өдөр тухайн үед манай хүргэн байсан Н.Э нь зээл авахдаа батлан даагчаар гарын үсэг зураад өгөөч гэж гуйхад нь миний бие зөвшөөрч гарын үсэг зурсан. Тухайн зээлээс би нэг ч төгрөг аваагүй. Түүнээс хойш 6 сарын дараа Н.Э нь дахин зээл авахдаа гэрээгээ шинэчлэн хийгээд одоо та миний зээлийн батлан даагч байхаа больсон гэж хэлсэн. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 10 сард Н.Эрдэнэлхамын цалингийн зээлэнд нь би хамтрангаар орсон. 6 сарын дараа дахин нэмэгдүүлж зээл авсан байдаг. Дараа дахин зээл авахдаа надтай хамт аваагүй тул би энэ зээлэнд хамаагүй гэж бодож байна гэв.
Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Улсын тэмдэгтийн хураамжид 276,623 төгрөг төлсөн баримт
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Г Банкны гүйцэтгэх захирлын 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 317 дугаартай тушаал, итгэмжлэл,
Зээл болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь,
2024 оны 04 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь,
Зээлийн дансны хуулга,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа зэргийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Г ХК нь хариуцагч Н.Э , Э.Н Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,750,658.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хариуцагч Э.Н , Б.М нарт 2025 оны 07 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагч нар нь 2025 оны 07 сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбарыг ирүүлжээ.
Харин хариуцагч Н.Э-д нэхэмжлэлийн хувийг 2025 оны 08 сарын 05-ны өдөр гардуулж, хариуцагч нь 2025 оны 08 сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн ба хариуцагч Б.М нь хамтран хариуцагчаас хасаж өгөх талаар шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж зээлийн төлбөрийг төлөхгүй гэж мэтгэлцсэн болно.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Н.Э , Б.М нартай 2023 оны 10 сарын 30-ны өдөр ЗГ5415119731 дугаартай, цалингийн зээлийн гэрээ байгуулан 29,740,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Мөн 2024 оны 04 сарын 23-ны өдөр Н.Э болон Э.Н нар нь нэмэлтээр ЗГ5415119731 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан. 2025 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 150 хоног хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүрэгт үндсэн зээл 22,272,032.26 төгрөг, хүүнд 1,432,060.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30,565.99 төгрөг нийт 23,734,658.26 төгрөг болон нотариатын зардалд 16,000 төгрөг нийт 23,750,658.26 төгрөгийг нэхэмжилсэн болох нь зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн дансны хуулга, 2024 оны 04 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талуудын хүсэл зорилгыг тодорхой илэрхийлсэн, гэрээний нөхцөлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9-д зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол зээлийн төлбөрийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараас ... үл маргах төлбөр гүйцэтгүүлэхийг, мөн гэрээний 6-р зүйлийн 6.2.11-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэнэ гэж мөн зүйлийн 6.5.5-д Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардана гэж тус тус заасан байна. Гэрээний эдгээр заалтаас үзвэл хариуцагч Н.Э , Э.Н , Б.М нар нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үл хуваагдах, нэг төрлийн үүрэг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл хэн нь ч үүргийг хариуцан гүйцэтгэж болох ижил түвшний үүрэг хүлээжээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан зохицуулалтад зохигчдын байгуулсан гэрээний дээрх заалтууд нийцэж байна гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Н.Э , Э.Н , Б.М нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Хариуцагч Э.Н , Б.М нар нь Н.Э-ын үүргийг хамтран гүйцэтгэхээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул уг үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч г банкны хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Н.Э , Э.Н , Б.М нараас зээлийн гэрээний үүрэгт 23,734,658.26 төгрөгийг гаргуулж Г банк ХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Э.Н , Б.М нар нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөс татгалзсан боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрсдөө нотолж, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэрэгжүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 276,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э , Э.Н , Б.М нараас 276,623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.Э , Э.Н , Б.М нараас нийт 23,734,658.26 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХК-нд олгосугай.
2. Хариуцагч Н.Э , Э.Н , Б.М нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 276,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э , Э.Н , Б.М нараас 276,623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б