| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 124/2026/0015/з |
| Дугаар | 124/ШШ2026/0018 |
| Огноо | 2026-05-20 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 124/ШШ2026/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................................. оршин суух, Б овогт Б-ийн Г,
Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нарын хооронд үүссэн төрийн албанаас хууль бус халсан гэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа, нэхэмжлэгч Б.Г, өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч М.О, өмгөөлөгч Г.Алтанлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б.Г тус шүүхэд “Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг гаргажээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай “Төрийн албанаас халах тухай” захирамжаар нэхэмжлэгч Б.Г-ийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэн төрийн албанаас халах шийдвэр гаргажээ.
2.2. Нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 533 дугаартай магадлалаар Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Б.Г-ийг төрийн албанаас халах тухай” Б/02 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөлт оруулсан.
2.3. Улмаар, хариуцагч Өндөрхангай сумын Засаг дарга дахин шинээр 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.Г-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
2.4. Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/01 дугаартай захирамжийг эс зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий актын талаар гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд: “...Би 1992-1994 онд улсын худалдаанд картын бараа түгээгч, 1994 оноос мал маллан амьдарч байгаад 2004 оны 10 сараас 2007 оны 01 сар хүртэл Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд албан бус боловсролын аргазүйчээр тус тус ажиллаж байсан, 2005 оны 06 сарын 29-ны өдөр Цагаанхайрхан сумын ИТХ-ын ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн төрийн захиргааны албан хаагчийн нөөцөд бүртгэгдэж байсан. Улмаар 2008 оны 1 сард Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газрын даргын сонгон шалгаруулалтад орж тэнцэн Өндөрхангай сумын Засаг даргын 2008 оны 3 сарын 3-ны өдрийн өдрийн 21 дугаар захирамжаар тус ЗДТГ-ын даргаар томилогдсон. Б.Г би Өндөрхангай сумын ЗДТГ-ын даргаар 17 жил ажилласан байх ба төрийн албыг шударгаар биелүүлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан. Үүний баталгаа нь манай сум ажлын үзүүлэлтээр аймагтаа 2008 онд 3 дугаар байр, 2010 онд 3 дугаар байр, 2013 онд 3 дугаар байр, 2014 онд 5 дугаар байр, 2016 онд 4 дүгээр байр, 2018 онд 4 дүгээр байр, 2019 онд “Аймгийн шилдэг сум” 2022 онд 2 дугаар байр, 2023 онд “Тэргүүн байр” тус тус эзэлж байсан. Гэтэл Өндөрхангай сумын Засаг дарга М.О нь намайг 2026 оны 01 сарын 29-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж төрийн албанаас халах шийдвэр гаргасан. Сумын Засаг дарга М.О нь намайг төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа надад сонсгох ажиллагаа явуулаагүй, тухайн асуудлаар тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй. Ингэхдээ 2026 оны 01 сарын 05-ны өдрийн А/03 дугаар захирамжаар Дотоод хяналт, шалгалтын нэгж байгуулах тухай захирамж гаргасан байх ба энэхүү нэгж нь нэг удаагийн шинжтэй зөвхөн Б.Г надад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох чиг үүрэг бүхий байгуулагджээ. Миний бие Дотоод хяналт шалгалтын нэгж байгуулагдсан талаар мэдээгүй ба тухайн нэгж нь “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заагдсан ажиллагаа явуулж байгаа талаар надад мэдэгдээгүй. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол таргах журмын 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-т “заасан гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах”, 2.4.2-т “шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах ажиллагааг хийгээгүй” зэрэг ажиллагааг хийгээгүй байж сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2022 онд сумын нөөцийн өвснөөс 13 сая төгрөг дутжээ гээд төсвийн шууд захирагчийн хувьд хууль журмын хүрээнд төрийг хохиролгүй болгох тал дээр арга хэмжээ авч ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, нярвын тушаасан өвс тэжээлийн орлогын жагсаалтыг хавсаргав гэж тайлбар гаргасан байна. 2022 оны өвс тэжээлийн нөөцийн өвс тэжээл дутаж байгаа нь Тамгын газрын даргатай ямар холбоотой вэ, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 1 дүгээр гарын үсгийн сумын Засаг дарга зурж, 2 дугаар гарын үсгийн санхүүгийн албаны дарга зураад ингээд явдаг. Тамгын газрын нярав дээр хүлээлгээд өгчихсөн өвс тэжээлийг Тамгын газрын дарга авсан гээд дансны хуулга өгдөг. Би бас дансныхаа хуулгыг бүгдийг нь өгсөн байгаа 2023 оны өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбоотой бид нар өвс тэжээлийг татаж ирж иргэдэд тараасан. Энэ ажил бол маш тодорхой бүх багийн Засаг дарга гар хөл оролцож маш олон хүмүүс энэ дээр ажиллаад өвс тэжээлийг буцааж тараагаад өвс тэжээлийн падааныг нь би бүгдийг нь шүүхэд гаргаад өгчихсөн. Буцаагаад цаад газруудтайгаа тооцоогоо нийлээд өр төлбөргүй энэ асуудал дууссан. 2022 оны аудитын дүгнэлт, оны эцсийн хөрөнгийн тооллогыг авч үзэхэд над дээр өр төлбөр тавигдсан ямар нэгэн акт байдаггүй. Миний дансны хуулгыг тулгаж үзэхэд 2023 оны Ч.Б-ын миний дансанд хийсэн мөнгийг буцаагаад хийсэн зарлага 2 балансаа барьж байгаа. Миний зарлагууд яг дансныхаа хуулгаар нэр нэрээрээ байж байгаа. Ч.Б-ын тушаасан мөнгөний хуулга өөрийнх нь гаргаад өгсөн миний данстай бас яг тулж байгаа. Ч.Боос миний дансанд 14 удаагийн гүйлгээгээр 35,870,000 төгрөгийг хийсэн, багийн Засаг дарга нараас миний дансанд 46,464,100 төгрөгийг тушаасан байдаг. Нийт 86,622,300 төгрөгийн орлого ороод буцаагаад бүх зарлагууд нь баримттайгаа тээврийн зардалд шилжүүлсэн дансныхаа хуулгатай 86,226,100 төгрөг байж байгаа юм. Энэ орлого зарлага яаж ингэж гарсан юм бэ гэхээр 2023 оны өвөлжилтийн байдалтай холбоотойгоор орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөс болон сумын Засаг дарга Тамгын газрын ердөө мөнгө гараагүй. Бид нар эхлээд 50 тонн тэжээлийг зээлж ирээд түүнээс хойших тэжээлүүдийг иргэдэд зээлээр тарааж өгсөн бөгөөд тэжээл ховор байсан учраас маш амархан борлодог байсан. Тэгээд борлуулаад буцаагаад мөнгөнүүдийг нь хийж байсан. Тэгэхээр энийг бас тэр дансны хуулга, санхүүгийн баримтаар нь тулгаад үзчихэж болох байх. Би 2023-2025 оны санхүүгийн аудит хийсэн тайлангуудыг авч үзсэн. Уг тайланд Г-тэй холбоотой 13 сая төгрөг дутаасан гэсэн зүйл байдаггүй. Мөн сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлээгүй тухай 2024 оны 12 сарын 09-ний өдрийн А/135 дугаар захирамжийг биелүүлээгүй гэдэг. Одоо бол сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр ИТХ-аар батлагдаад хэрэгжиж байгаа. Үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг бол нэг ёсондоо мөрөөдөл, бид мөрөөдлийг боловсруулсан. Энэ ажлын хэсэгт би ганцаараа байгаагүй. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг ажлын хэсэг боловсруулаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүлээлгэж өгөх үүрэгтэй. Хурлын урд өдөр хэвлэж бичиг хэргийн ажилтнаар оруулж өгсөн. Би өөрөө хурлын дарга Ж.Б даргад өгсөн. Ж.Б дарга тус үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс нэг хувийг илүү өөрөө авч, бусдыг нь төлөөлөгч нарын тоогоор хэвлүүлж авсан. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бол мөрөөдөл учраас мэдээж хурал хэлэлцээд төлөөлөгч нарын саналаар батлагдах, буцаагдах эсэх нь шийдэгддэг. Төсөв санхүүгийн асуудал дээр бас 2-3 удаа буцсан байна. Би тэр тэмдэглэлийг үзсэн. Төсөв дээр бол тоогоо орон андуурч бичсэн байсан. Би бол сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсруулах ажлыг хийсэн. Аймгийн Засаг даргын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн Б.Г-т хариуцлага тооцох тухай албан бичиг ирүүлсэн. Прокурор, Авлигатай тэмцэх газар намайг их удаан шалгаж тэр тогтоол гарсан. Уг тогтоол дээр Б.Г энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдлоо гэсэн зүйл байхгүй. Би “Р С” ХХК-ийн Б.А-тай урьд нь гэрээ байгуулж ажиллаж байсан үнэн. Тэгэхдээ би ашиг сонирхлын мэдүүлгийг бөглөөд өгсөн нь сүүлд Хөдөө аж ахуйн газрын архиваас гарч ирсэн. Прокурорын 2024 оны 129 дүгээр тогтоол дээр намайг ямар нэгэн буруутайгаар байдлыг тогтоогоогүй учраас би энэ асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй. Нягтлан бодогч Б.О-ыг 2023 оны 05 сарын 15-ны өдрийн тушаалаар ажилд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулиар 64.2, 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн байсан. Би сайн ойлгохгүй байна. Нягтлан бодогч Б.О түр томилгоотой байсан байх. Тэгэхээр Ч.О-ын хөдөлмөрлөх эрх зөрчигдчихсөн зүйл байхгүй, хөдөлмөрийн харилцаа нь хэвийн үргэлжлээд, үндсэн орон тоон дээр шатлалынхаа цалинг л аваад явж байсан. Мөн би Л.Э-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаад хууль ёсны, тамга тэмдэгтэй албан бланк дээр тушаалаа гаргаад авсан. Л.Э-ын өөрийнх нь гаргасан өргөдөл хүсэлт нь байдаг. Л.Э-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тохирсон. Яагаад гэвэл Л.Э хэвтрийн өвчтэй хүүхэдтэй учраас сумын төв дээр байгаад явж ажлаа эргээд бид нарыг дуудсан цагт ирээд хийгээрэй гэсэн ажлыг хийгээд цалингаа авахаар гэрээт ажилтнаар томилсон. Тэгэхээр энэ хүн байгуулсан гэрээнийхээ дагуу ажлаа хийсэн. Түүнийг дайчилгаанд дайчилж ажиллуулж байсан сумын Засаг даргын захирамж ч байдаг, түүнийхээ төлөө илүү цагийн хөлс авсан баримт, ажлын тайлангууд, фото зургууд нь байдаг. Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Ч-ийг 2018 оны 02 сарын 6-ны өдөр 2 тушаал гаргаж томилсон гэсэн байна. Яагаад 2 тушаал гарах болсон юм бэ гэхээр 2018 оны 02 сарын 06-ны өдөр Б.Ч-ийг томилсон. Тэр үед заавал тушаал авч байж цалин боддог байсан тул санхүүгийн албанд тушаалыг эх хувиар нь өгчихсөн байтал архивын улсын үзлэг ирэх гэж байна гээд архивын хүмүүс шалгалтаар ирж манай сумын бүх байгууллагууд тушаал шийдвэрээ сольсон. Тэгэхэд заавал Б-ийн Ч-ийг гэж бичих ёстой гэдэг зөвлөгөө өгсөн учраас Ч-ийн тушаалыг солих шаардлага үүссэн, сольсон тушаалаа архивд үдээд санхүүгийн баримт эх баримт дээрээ үлдсэн учраас энэ 2 тушаал гарсан. Дараа нь 2019 оны Засгийн газрын тогтоолоор албан тушаал нь төрийн захиргаа албан тушаал болсон тул 2020 онд уг ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаад энэ хүн тус шалгалтад очиж ороход ажлаас чөлөөлсөн. Шалгалтдаа унаад ирэхээр нь хүний хөдөлмөрлөх эрхийг дордуулаад яах вэ дээ гэрээгээр ажиллуулж байгаад тэгээд Б.Ч 2021 оны 10 сард ахиж төрийн захиргааны албан тушаалд шалгалтаа өгч тэнцсэн тул 2021 оны 10 сард Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслээд уг албан тушаалд томилсон. 2018 оны 02 сарын 06-ны өдрийн тушаалаас хойш Б.Ч-т ахиад ч 3 тушаал байгаа. Жолооч Т.Ц-ыг 2022 оны 01 сарын 03-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар томилсон гэсэн байна. 2022 оны төсөв дээр гэрээт болоод хүрээд ирсэн байхаар нь энэ байдлаараа хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад явж байя, төсөв нэмэгдвэл үндсэн болгохоор түр гэрээ байгуулаад тушаал гаргаж байсан, энэ бүх хугацаанд үндсэн орон тоондоо буюу жолоочийн ажлаа хийж л байсан” гэж маргажээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/01 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэвэл энэ акт нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр анх Б.Г-ийг Б/02 дугаартай захирамжаар төрийн албанаас халах шийдвэрийг гаргасан. Улмаар захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаад 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар захиргааны акт дахин гаргахыг даалгасан. Магадлалын 7 дахь хэсэгт “энэ тохиолдолд захиргааны акт хуульд нийцээгүй болох нь тогтоогдож байгаа” гэдэг асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүх дүгнэсэн. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай албанаас халах захирамжид ямар зөрчил гаргасан, ямар зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулаад байгаа юм бэ гэдэг үндэслэл тодорхойгүй байна гэдэг асуудлаар нэхэмжлэгч тал маргасан. Энэ үйл баримтыг Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүх дүгнээд энэ акт бол хуульд нийцээгүй байна гэдэг дүгнэлтийг хийж, дахин захиргааны акт гаргахыг даалгаж шийдсэн. Дахин 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/01 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захиргааны актыг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасныг үндэслэж төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Ингэхдээ мөн Төрийн албаны тухайн хуулийн ерөнхий заалтыг үндэслэсэн. Гаргасан зөрчил, хууль зүйн үндэслэл 2 хоорондоо тохирч байх ёстой. Энэ захирамжийг харахад Төрийн албаны тухай хуульд заасан ямар үүргээ зөрчсөн юм, ямар зөрчлийг нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.2, 37.1.13-т заасан үүргээ зөрчсөн гэж дүгнээд байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 39.1.1, 39.1.4-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзээд байгаа юм. Аль зөрчил юм гэдгийг мэдэж мэтгэлцэх боломжгүйгээр ийм ерөнхий байдлаар гардаг. Ийм зөрчил гаргасан учраас гэдгээ захиргааны актадаа дурдаж өгөх ёстой байсан. Хариуцагч тал 2026 оны 01 сарын 19-ний өдөр ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэсэн гэж хэдийгээр тайлбарлаад байгаа боловч энэ маргаан бүхий захиргааны актад нь тухайн тэр үндэслэл нь байхгүй. Байгуулсан ажлын хэсэг нь нэг удаагийн шинжтэй, зөвхөн Б.Г-т үйлчлэх зорилготой ажлын хэсгийн нэгж байгуулсан. Ажлын хэсэг байгуулсан үндэслэлийг нь аваад үзэхээр Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргах” зохицуулалт байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т заасныг аваад үзэхээр сумын Засаг дарга, дотоод хяналт шалгалтын нэгж байгуулж болох эрх олгосон зохицуулалт биш. Харин төрийн албаны төв байгууллага болон Төрийн албаны зөвлөлд сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг боловсруулж батлах эрх олгосон ийм зохицуулалт байгаад байгаа юм. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.10-т заасныг үндэслэн дотоод хяналт шалгалтын нэгжийг байгуулсан нь Өндөрхангай сумын Засаг даргын бүрэн эрхэд олгогдоогүй. Иймд хууль бус нэгжийг байгуулаад, энэ нэгж байгуулагдсан талаараа Б.Г-т мэдэгддэггүй, сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоох энэ үйл ажиллагаандаа Б.Гийг оруулаагүй. Энэ нь Б.Г “надад тайлбар хүсэлт гаргах боломжийг олгоно уу” гэдэг байдлаар хүсэлт гаргахад 2026 оны 01 сарын 17-ны өдөр “иргэн Г-т танаа хариу хүргүүлье” гээд таны хүсэлтийг хүлээн авлаа. “Засаг даргын захирамжийг хууль журмын хүрээнд үндэслэлтэй эсэхэд дүгнэлт гаргахдаа шаардлагатай нотлох баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан тул нэмэлт тайлбар авах шаардлагагүй гэж үзлээ” гэдэг ийм хариу ирүүлснээс харагддаг. Одоо Б.Г-ийг өвсний үнийг дутаасан гэдэг асуудлыг яриад байна. Шүүхэд гаргаж өгсөн баримтыг нь харахад, Ч.Б-ын дансны хуулгыг хэсэгчлээд хэсэгчлээд авчихсан. Ч.Б-ын дансны хуулгаар зөвхөн Б.Гийн дансанд зарлага хэсгийг таслаад авчихсан. Харин Б.Г-ийн хувьд бол тухайн цаг хугацааг хамарсан нийт дансны хуулгаа гаргаж өгсөн. Ч.Б-ын данснаас Б.Г-ийн дансанд ороогүй гүйлгээг орсон мэтээр тэмдэглэсэн ийм асуудал бас байна. Зөвхөн нэг талаас мэдээллийг аваад “чи 13 сая төгрөгийг дутаачихсан” гэдэг ийм асуудлыг Б.Г-т холбогдуулаад сахилгын шийтгэл ногдуулж байгаа асуудал нь үндэслэлгүй гэж ингэж үзэж байна. Мөн ажлын хэсгийг нь аваад үзье. Ажлын хэсэг нийтдээ 7 асуудлыг хэлдэг. Б.Г энэ 7 асуудал өөртэй нь холбоо хамааралгүй гэдэг тайлбарыг дэлгэрэнгүй гаргасан учраас давтаж ярихыг хүсэхгүй байна. Энэ ажлын хэсэг буюу дотоод хяналт шалгалтын нэгж нь яг ямар хуульд нь заагдсан эрх үүргийг хэрэгжүүлдэг вэ гэдэг нь тодорхойгүй хурлын тэмдэглэл гэж байгаа. Хурлын тэмдэглэл шийдвэрлэсэн нь гээд ажлын хэсгийн ахлагч гишүүд гарын үсэг зурчихсан. Хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулъя гэдэг байдлаар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа этгээд сахилгын шийтгэл ногдуулах талаар Засаг даргад чиглэл өгөөд байгаа гэдэг ч юм уу, дүгнэлт гаргаад байгаа эрхтэй этгээд юм уу гэхээр дотоод хяналт шалгалтын нэгж байгуулаад байгаа юм. Нэгжийнх нь шийдвэрийг аваад үзэхээр хурлын тэмдэглэл гээд гаргаад өгсөн байна. Хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах асуудлаар нэг эрх ашиг нь хөндөгдөөд байгаа этгээд маргах гэхээр нөгөө хурлын тэмдэглэлийн акт биш болгоод байдаг. Тэгсэн хэр нь шийдвэр гаргаад байдаг. Тэгээд энэ ямар эрх үүрэгтэй этгээд ямар бүрэн эрх олгогдсон, хуульд заасан ямар бүрэн эрхийг хэрэгжүүлдэг этгээд вэ гэдгийг нь дүгнэх боломжгүй чиг үүрэг нь тодорхойгүй ийм асуудал байгаад байгаа юм. Нэг удаагийн шинжтэй, зөвхөн нэг хүнд зориулсан ийм нэгж байгуулаад Б. Г-ийг шалгаад ингээд яваад байх боломж нь байдаг юм уу. Сумын Засаг дарга ийм нэгжийг 1 хүнд зориулаад байгуулах эрхтэй этгээд мөн үү, биш үү гэдэг асуудал бас давхар хөндөгдөж яригдах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр анхнаасаа энэ дотоод хяналт шалгалтын нэгж байгуулагдах процесс чинь өөрөө хууль бус болоод явчихсан. Мөн сонсох ажиллагаа явуулсан гэдэг боловч нэхэмжлэгч сонсох ажиллагаа явуулаагүй гэж гомдоод байгаа. Өмнөх 2025 оны захиргааны акт гаргахдаа 2026 онд захиргааны акт гаргахдаа ч тэр энэ хүнээсээ баримтаа авдаггүй, тэгээд энэ хүнийг сонсох ажиллагаандаа оруулдаггүй, тайлбар гаргах эрхийг нь эдлүүлдэггүй. Нэхэмжлэгчийн “Надад тайлбар гаргах боломж олгож, 4 хоногийн хугацаа өгөөч” гээд хүсэлт өгсөн чинь “Боломжгүй” гээд хариуг нь өгчихсөн ийм асуудал байсан. Тэгвэл журмаараа 14 хоногийн дотор шалгаад тайлбарыг нь аваад шаардлагатай баримт материалыг нь цуглуулах ёстой гэж заасан. Цаг хугацааны хувьд давчуу байсан байж магадгүй гэдэг байдлаар хариуцагч сая тайлбартаа дурдсан. Мөн Б.Г-ийн хөдөлмөрлөх эрхийн харилцаа хэзээ дуусгавар болсон юм бэ гэдэг асуудал байгаад байна. Хариуцагчийн зүгээс 2026 оны 01 сарын 29-ний өдрөөр хөдөлмөрийн харилцааг би дуусгавар болгосон гэдгээ тайлбар дээрээ ч хэлдэг, захирамжийн 2 дахь заалтад Б.Г-ийн ажлыг 2026 оны 01 сарын 29-ний өдрөөр тасалбар болгон хууль тогтоомжийн дагуу хүлээлцэхийг хавсралт ёсоор байгуулсугай гэсэн. Тэгэхээр энэ хугацааны 2026 оны 01 сарын 29-ний өдөр хүртэл Б.Г-ийн хөдөлмөрлөх эрхийн харилцаанд халдаагүй, энэнээс хойшоо халдаж байгаа асуудал юм байна гэж ойлгогдохоор байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал байдаг. Б.Гийн өвс тэжээлийн асуудал дээр аваад үзэхэд Ч.Б-ын дансанд тооцоо 2023 оны 01 сарын 16-ны өдрөөс эхлээд 2 сарын хугацаанд мөнгө шилжүүлсэн. Тооцоо нийлчихсэн, ийм нэг хүснэгтлээд гаргаад өгчихсөн баримтууд байсан. Б.Г гэдэг хүн сахилгын зөрчлийг хэзээ гаргасан юм бэ, энэ зөрчлийг хэзээ илрүүлсэн юм бэ. Төрийн албаны тухай хуулийн 48.5-д заасны дагуу сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж зохицуулсан. Энэ зөрчлийг хэзээ илрүүлээд байгаа юм гэдэг асуудал тодорхой биш. Энэ ажиллагаа чинь өөрөө шалган тогтоогдоогүй байх нөхцөл байдал чинь энэ бүгдээс харагдаж байна. Жишээ нь, 2022 оны өвс тэжээл, тэр нь орон нутгийн сангийн мөнгө юм уу, 2023 оноос хувь хүмүүсээс мөнгө байхгүй байсан учраас хувь хүмүүсээс хувийн журмаар зээлдэж авсан өрөө буцаагаад төлөөд байсан. Энэ нь тэр зарлагын баримтаараа харагдана гэдэг зүйлийг яриад байна. Энэ нь тайлбараар нотлогдоод байна гэж ингэж хараад байгаа юм. Тэгэхээр энэ зөрчил гаргасан юм уу, үгүй юм уу гэдгийг шалган тогтоохоосоо илүү Б.Г-ийг буруутгах ийм субьектив байдлаар энэ ажиллагаа чинь явагдсан байгаа учраас сахилгын зөрчлийн бодит байдал тогтоогдохгүй ийм асуудал байна. Нэрлэн заасан 7 зөрчлүүдийнх нь хөөн хэлэлцэх хугацаа нь хэзээнээс яаж үйлчлээд байгаа юм, Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахтай холбоотой “Б.Г-ийг боловсруулаагүй, би өөрөө боловсруулаад ингээд бичиг хэргээрээ шивүүлсэн юм” гэдэг асуудал байдаг. Гэтэл тэр 2026 оны 3 сарын 18-ны өдрийн 04 дугаартай Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2025-2028 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан асуудлыг 2024 оны 12 сарын 17-ны өдөр 20 хувь хэвлэж, Б.Г авчирч өгсөн” гэх албан бичгийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Гаргаад байгаа тайлбар хэрэгт баримттайгаа хоорондоо ийм зөрчилдөөд байгаа учраас Б.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
3.3. Хариуцагч Өндөрхангай сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд: “...Би анх сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байхдаа ажлын хэсэг байгуулаад уг ажлын хэсэг шалгах явцад өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхтэй холбоотой асуудалд өвс тэжээлийн нөөц бүрдүүлсэн мөнгө дутагдсантай холбоотой асуудал үүссэн. Тэр асуудлыг сонсох ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулаад ажлын хэсэг ажилласан байгаа. Ажлын хэсэг нь тайлан дүгнэлт дээр зөрчилтэй холбоотой тодорхой үндэслэлүүд гаргаж өгсөн. Дараа нь “Р С” ХХК манай суманд хэдхэн хоногийн өмнө ирээд зээл аваад явсан, одоо хүртэл зээлээ төлөөгүй төр 50 сая төгрөгөөрөө хохирчихсон байгаа. Дараагийн зөрчлүүд бол төрийн албан хаагчийн ёс зүй болон ажлын байран дээр гаргаж байгаа алдаанууд нь маш ихээр байсан. Тэгээд тэр зөрчлүүдтэй холбоотой өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй ч юм уу тэр зөрчлүүдтэй холбоотойгоор энэ сахилгын шийтгэлийг үндэслэлтэйгээр ногдуулсан. Сонсох ажиллагааг явуулсан ба гэхдээ цаг хугацааны хувьд шахамдуу явуулсан алдаа дутагдлууд гарсан байхыг үгүйсгэхгүй. Б.Г-т төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг яагаад ногдуулсан бэ гэвэл Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс хамтран гаргасан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг үндэслэж сахилгын шийтгэлийг ногдуулсан. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг Тамгын газрын ажлын албаны даргаар ахлуулаад ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ажиллаагүй, үйл ажиллагааны хөтөлбөрийг би өмнөх орой нь өөрөө хийгээд бичиг хэргийн ажилтан руу явуулаад хэвлүүлсэн. Энд Б.Г огт оролцоогүй. Хэрэгт авагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын протоколд төлөөлөгч нарын хэлсэн үгс байгаа, “Ажлын албаны даргаа ажиллуулахгүй байна, ажиллуулж чадахгүй байна, энэ хүндээ арга хэмжээ ав” гэж маш их шүүмжлэлтэй хандсан. Хурал дээр ажлын албаны даргыг дуудах гэхээр ажил дээрээ байхгүй. Тэгснээ завсарлагаагаар орж ирчхээд 2, 3 төлөөлөгчийг загначхаад гараад явчихна. Тэр үйлдлүүдийг манай төлөөлөгч нар ч гэсэн мэдэж байгаа. Үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг чинь сумыг хөгжүүлэх үндсэн бичиг баримт болохоос мөрөөдөл биш. Гэтэл үүнийг нэг Засаг дарга орж ирээд өөрийнхөө бодож байсан юмыг хийх гэж байгаа мөрөөдөл маягаар тайлбарлаад үл ойшоосон байдалтай байгаа хүн ажил дээрээ яг л иймэрхүү хандлагаар хандана. Мөн өвс тэжээлийн мөнгө Засаг даргын Тамгын газрын даргатай хамааралгүй байсан юм бол яагаад бүх мөнгө Засаг даргын Тамгын газрын даргын данс руу орсон юм. Төрийн жинхэнэ албан хаагч, удирдах албан тушаалтай хүний данс руу 80 гаруй сая төгрөг орох ёстой юм уу, Төрийн албаны тухай хууль, ёс зүй хэм хэмжээ гэдэг юм чинь энэ дээр чинь алдагдаад зөрчигдөөд байгаа юм биш үү. 86 сая төгрөгийн 36 сая төгрөг нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө байсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд тендер зарлах гэтэл дансанд нь мөнгө байгаагүй. Нярав “...бүх багийн Засаг дарга нар өвс тэжээлийн мөнгөө Б.Гийн данс руу хийсэн” гэж тайлбарласан. Тендер зарлах гэсэн чинь мөнгө байхгүй гээд Санхүү албаны дарга хэлсэн учраас ажлын хэсэг байгуулаад энэ дээр сонсох ажиллагаа явуулъя гэсэн шийдвэр гараад явсан. Бүтэн жилийн хугацаанд энэ мөнгө Тамгын газрын нэмэлт дансанд орж ирээгүй, орон нутгийн хөгжлийн санд буцааж төвлөрүүлээгүй, Б.Г гэдэг хүний дансанд байсан. Тэр жил маш их хүндрэлтэй жил байсан, тусламжийн өвс тэжээлүүд маш их ирж байсан. Тэр тусламжийн өвс тэжээлийг бид нар яг онцгой байдлын комиссын шийдвэр гараад зөвхөн тээвэрлэж ирсэн зардлыг шингээгээд иргэддээ тараая гээд маш хурдан хугацааны эргэлтүүд үүссэн. Гэхдээ тэр мөнгө бас л энэ хүний данс руу орсон. Л.Э-ын асуудал дээр сахилгын шийтгэл ногдуулсан. Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын нийт 32 албан хаагч Л.Э-ыг ажиллаагүй гэдгийг нь мэдэж байгаа. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс түр хугацаагаар ажиллаж байгаад гарсан хүмүүсээс голдуу байна. Тэр фото зургийн хувьд хэзээ ч, ямар ч тохиолдолд манаач, үйлчилгээний албан хаагчид тийм тайлан гаргаж өгдөггүй, зөвхөн шүүхэд зориулж л энэ тайлангуудыг гаргаж өгсөн гэж харж байгаа. Б.Г-тэй холбоотой тушаал захирамжуудыг би ухаж гаргаж ирж үзээгүй, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2025 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хугацаанд Увс аймагт ирж ажиллахдаа Төрийн албаны зөвлөлийн гишүүн ирж сумуудад ажилласан тэр хүмүүс ийм зөрчлүүд байна танай Тамгын газар дээр чинь гэж гаргаж өгсөн гэсэн. Тэрийг нэмэлтээр сүүлийн захирамжид оруулсан. Би 10 хэдэн жилд төрийн албан хаагч хийж байхдаа би тэр үйлчилгээний албан хаагчид ийм тайлан гаргаж өгч байсныг ёстой санахгүй байна. Түүнээс би энэ хүнийг ажиллаж байх хугацаандаа Тамгын газар ирж суугаад бид нарын үйл ажиллагаанд ороод оролцоод явж байсныг санахгүй юм байна” гэж тайлбарлаж байна.
3.4. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалд маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсныг давахын шүүх хүлээн зөвшөөрсөн гэдэг агуулгаар тайлбарлаад байна. Энэхүү тохиолдолд маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн хэдий ч хуульд нийцээгүй гэдэг нь хууль зөрчсөн гэдгээс өөр ойлголт юм. Давж заалдах шатын шүүхийн магадлалын 5, 6 дугаарт “прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Л.Э-ыг багийн төвийн манаачаар ажиллуулахдаа онцын ажил хийлгэхгүйгээр сул цалин өгөөд яваад байсан зэрэг энэ зөрчлүүдтэй холбоотой бас нотлох баримтуудыг өгсөн. Мөн тамгын газрын мэргэжилтнийг нэг өдөр 2 өөр тушаал гаргасан асуудлуудтай холбоотойгоор гомдлыг шууд үгүйсгэх үндэслэл, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэдэг дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийсэн. Зөвхөн өвс тэжээлийн асуудлаас өөр бас олон асуудал, гомдол, зөрчлүүд байгааг бүгдийг нь шалгаж тогтоогоод дахиад нэг захиргааны актаа гаргах ёстой түүний дараа дахиад шүүхээр хянуулаарай гэдэг агуулгаар давж заалдах шатын шүүх шинээр захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Шинээр захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн учраас 2026 оны 01 сараас эхлэн Өндөрхангай сумын Засаг дарга М.О Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн шийдвэрийг нэг талаар биелүүлж шинээр захиргааны акт гаргасан. Тухайн актыг гаргахын тулд мэдээж хууль, журам болон төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатын албан тушаалтан нь эс үгүй тухайн албан байгууллага нь дотоод хяналт шалгалтын нэгж албан тушаалтан нь цаашид шалгагч гэж явах, энэ хүн шалган тогтооно” гэж заасан. Нэг хүн шалган тогтоосон ч болох асуудал. Б.Г-ийн хувьд Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга, албан тушаалтай бөгөөд дээд албан тушаалтан нь сумын Засаг дарга байдаг. Тэгэхээр сумын Засаг дарга өмнө нь энэ актыг гаргаад бас сахилгын шийтгэл ногдуулаад шүүхээр явчихсан. Дахиад өөрөө шалгаж тогтооно гэхээс илүүтэйгээр хувийн субьектив байдлаар бас хандахгүйгээр, харин ч Тамгын газрын ажлын албанаасаа яг холбогдох мэргэжилтнүүдийг томилоод ажлын хэсэг байгуулсан нь буруутгах үндэслэл биш юм. Яагаад гэвэл энэ 2.2-т зааснаар байгууллага өөрөө дотоод хяналт шалгалтын нэгжгүй байсан. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор энэ зөрчлийг шалгахаар тухайн нэгжийг байгуулсан. Энэ нь гадагш чиглэсэн үү, дотогш чиглэсэн үү гэдэг хамаагүй. Үүнээс гарсан дүгнэлтийг л үндэслэж гадагш чиглэсэн захиргааны акт гарч байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 3 сарын хугацаа гэсэн нь энэ оны 1 сард дуусаж байсан. Энэ хугацаанд тодорхой процесс ажиллагаануудаа хийгээд ажлын хэсгээ байгуулаад ажлын хэсгүүд нь хуралдсан бөгөөд 2 удаагийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалд авагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг олж хараагүй гэж би ойлголоо. Ажлын хэсгийн дүгнэлт бас байгаа. Дүгнэлт гаргах нь гээд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна гэдэг дүгнэлт авагдсан байгаа. Тухайн дүгнэлтийг заавал захирамжид тусгах ёстой байсан уу, үгүй юү гэдэг асуудлыг бас л нэхэмжлэгчийн өмнөөс ярьж байна. Дүгнэлтэд дурдагдсан тухайн зөрчлүүд маань Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан төрийн албаны жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох хэм хэмжээ, нийтлэг зохицуулалтуудыг л зөрчсөн тохиолдолд төрийн албан хаагч сахилгын шийтгэл ногдуулахаар Төрийн албаны тухай хуульд заасан байдаг. Яг л хариуцагчийн зүгээс тэр хууль журамд заасан зохицуулалтынхаа хүрээнд тухайн захирамжийг гаргасан гэж үзэж байгаа юм. Хариуцагч нэмэлт тайлбар дээрээ 2026 оны 01 сарын 29-ний өдөр гарсан захирамж нь 2025 оны 01 сарын 30-ны өдрөөр тасалбар болгох гэдэг байдлаар гарах байжээ. Энэ нь техникийн хувьд алдаа гарсан байна. Энэ алдаа бол өөрчилж болох асуудал. Хамгийн гол нь бид нар энэ хөдөлмөрийн харилцааг цуцлах, цаашлаад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход чиглэгдсэн сахилгын шийтгэлийн асуудлыг л ярьж байгаа. Түүнээс биш тэр цалин хөлсний асуудал бол дараагийн асуудал. Энэ асуудал эхлээд шийдэгдэж байж дараагийн яг хэднээс тасалбар болсон эсэх асуудал яригдана. Тийм учраас тухайн захирамж бол үндэслэлтэй гарсан. Тухайн захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох сахилгын шийтгэл ногдуулахад яг ямар ямар зүйл заалт бусад хууль болон энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд хэргийн үйл баримтын талаар бид нар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хангалттай ярилаа, мэтгэлцлээ тайлбарлалаа. Ер нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлж төрийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа хүн өөрийн хувийн дансаар тэр их хэмжээний наян хэдэн сая төгрөг их хэмжээний мөнгө шүү дээ. Ингэж авч эргэж зарцуулж байгаа гэдэг нь өөрөө Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйл 39-д заасан хувийн ашиг сонирхлыг нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль холбогдох Авлигын эсрэг хууль ч гэдэг юм уу эдгээр байдлуудыг мөн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа асуудал гэж харж байгаа. Гаргасан зөрчлүүдийн хувьд ярихад өвс тэжээл дутагдуулсан, мөнгийг хувийн дансаар авсан, мөн өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй гэдэг бас үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, хурлын тэмдэглэл дээр бичигдсэн байгаа. Хариуцагчийн зүгээс “ганц өвс тэжээлээс гадна бид нарын зүгээс маш олон олон зөрчлүүдийг гаргасан учраас дээрх энэ шийдвэрийг гаргасан” гэдгээ хэлдэг. Захиргааны байгууллага тодорхой шийдвэр гаргахдаа эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг хэрэглэдэг. Дээд шатны захиргааны байгууллага эсвэл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гомдлыг шалгахдаа захиргааны байгууллага сонгох боломжоо хууль болон зорилгодоо нийцүүлэн хэрэглэсэн байдлыг шалгах ба шүүх зөвхөн хуульд заасан тохиолдол буюу захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсвэл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгах эрх зүйн зохицуулалттай байна. Тэгэхээр бид нарын зүгээс 4 төрлийн сахилгын арга хэмжээнээс яагаад заавал төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан бэ гэхээр урьд ярьсан сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасан нь хөнгөрүүлэн үзэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг бас харгалзаж үзсэн. Энд хүндрүүлэн үзэх ямар нөхцөл байдал байсан бэ гэвэл зориуд санаатайгаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөрчил гаргасан, санаатай зөрчил гаргасан гэсэн үг. Тухайн зөрчил нь байгууллагын гадаад болон дотоод үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэхээр хэмжээний зөрчил байсан. Мөн хэд хэдэн зөрчил байсан ба жишээ нь багийн төвийн манаачийн албан тушаалын тодорхойлолт нь бүтэц орон тоо нь байхгүй хүнийг томилоод, тэр хүн нь яг байрлаж ажилладаггүй. Гэрч Г.Б-ын мэдүүлэгт өвчтэй хүүхдээ хараад суманд байдаг, хүн өрөвдөж болно оо, сумынхаа нэг иргэнийг цалинтай, орлоготой байлгая гэж бодсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн хүн нь яг төрийн албанаас цалин авч байгаа тохиолдолд чиг үүргээ гүйцэтгэх ёстой, тухайн албан тушаал, орон тоо нь бүтэц орон тоонд байх ёстой гэж үзэж байгаа. Ганц Э-ын асуудал биш. өмнөх хавтаст хэрэгтэй танилцахад н.П гэдэг сахиулыг бас ингэж ажиллуулж, сул цалин өгөөд яваад байсан гэдэг асуудал байсан. Тэгээд л янз бүрийн нөгөө хувийн ажил, байшин сав барих мод зөөх ажилд нөгөө хүмүүсээ дайчлаад яваад байдаг гэдэг зүйлийг хариуцагч хэлдэг, нотлох баримтаар тогтоогдоогүй. Хэдийгээр нотлох баримтуудаар тогтоогдоогүй ч гэсэн одоогийн байдлаар тус зөрчлүүдийг гаргасан байдаг. Ч гэдэг хүнийг Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчаар томилсон хэр нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Төрийн захиргааны албан хаагч нь төрийн тусгай шалгалт, төрийн албаны шалгалтыг өгсний үндсэн дээрээс шууд томилогддог ийм субъект байгаа. Гэтэл 2008 оноос хойш Өндөрхангай сумын Засаг даргын тамгын даргаар ажилласан Сумын Засаг даргын тамгын газрын дарга Г нь ийм ийм тушаал шийдвэрүүдийг гаргаад санаатай санаагүй, болгоомжгүй нь мэдэгдэхгүй маш олон алдаа зөрчлүүдийг гаргаад яваад байсан байсан нь энэ хүнд бас энэ төрлийн сахилгын зөрчил шийтгэл ногдуулах үндэслэл болжээ гэдэг агуулгаар дүгнэлтээ гаргаж байна. Иймд Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 1 сарын 29-ний өдрийн Б/02 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч талаас “...Засаг дарга М.О нь намайг төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа надад тухайн асуудлаар тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй, дотоод хяналт шалгалтын нэгж “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасан холбогдох ажиллагаа явуулаагүй. ...2022 онд сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох хуралдааны үед би төслийг сонгон шалгаруулж, эрэмбэлэхэд саналаа өгөөгүй, ...сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгаж бүрэн тогтоогоогүй. Төрийн албаны тухай хуулийн 48.5-д заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан” гэж маргаж байна.
3. Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга “...Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг үндэслэж сахилгын шийтгэлийг ногдуулсан. Ажлын хэсгээс зөрчилтэй холбоотой тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт гаргасан. Увс аймгийн Засаг даргаас Б.Г-т Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар албан бичиг ирүүлсэн бөгөөд “Р С” ХХК нь одоо хүртэл зээлээ төлөөгүй. Эдгээр зөрчлүүд болоод ажилдаа гаргаж байгаа алдаанууд маш их байсан учир ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлтэй” гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/01 дугаартай захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.3, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3, 1.3.1, 1.3.2, 1.5.3, 3.1, 3.1.1, 3.2, 3.3, 3.4.1, 3.4.2, 3.4.3, 3.4.5, 6.1-д заасныг тус тус үндэслэн Б.Г-ийг Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халахаар шийдвэрлэжээ.
5. Уг захирамжид дурдсан хуулийн заалтуудыг тодруулж үзвэл;
5.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-т “сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гээд 48.1.4-т “төрийн албанаас халах”, 48.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан байна.
5.2. Мөн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна”, гээд 1.3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн”, 1.3.2-т “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн”, 1.5.3-т “төрийн албанаас халах”, 3.1-д “Шалгагч албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалыг Төрийн албаны тухай хуулийн 48.3-т заасан томилсон эрх бүхий албан тушаалтан /цаашид "эрх бүхий албан тушаалтан" гэх/-д танилцуулах бөгөөд эрх бүхий албан тушаалтан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 3.1.1-д “энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах”, 3.2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 3.3-т “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ”, 3.4.1-д “зориуд санаатайгаар зөрчил гаргасан”, 3.4.2-т “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөрчил гаргасан”, 3.4.3-т “зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн”, 3.4.5-д “хэд хэдэн зөрчил гаргасан”, 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” заасныг удирдлага болгосон байна.
6. Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахаар байх ба мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг журмаар нарийвчлан зохицуулахаар тусгасан.
6.1. Тодруулбал, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36, 32 дугаартай тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталжээ.
6.2. Тус журмын 6.1-д “албан хаагч удаа дараа сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж заасан.
7. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Б.Г-ийг удаа дараа сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн гэх үндэслэлээр төрийн албанаас халах шийтгэл ногдуулаагүй ба хариуцагчаас тайлбарлаж буйгаар “ажлаас халах үндэслэлүүд нь дээрх журмын 6.1-д заасан “төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүйд тооцох үндэслэл”-д хамаарч буй эсэх талаар шүүх дүгнэж хэргийг шийдвэрлэхээр байна.
8. Энэхүү журмын 2.2-т “албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж ,албан тушаалтан шалган тогтооно”, 2.4-т “Шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ” гээд 2.4.1-д “гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар гаргуулах”, 2.4.2-т “шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах”, 2.4.3-т “шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах”, 2.4.4-т “гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох”, 2.4.5-д “цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах”-аар, мөн журмын 2.6-д “шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна” гэж тус тус заажээ.
9. Дээрх зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл, хариуцагч нь хууль, журмаар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалтыг зөрчиж, Б.Г-ийг Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр халсан байна.
9.1. Учир нь, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 533 дугаартай магадлалаар Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Б.Г-ийг төрийн албанаас халах тухай” Б/02 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснээр хариуцагч Өндөрхангай сумын Засаг дарга М.О 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/03 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Г-т сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох зорилгоор 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр дотоод хяналт шалгалтын нэгж байгуулжээ.
9.2. Уг ажлын хэсэг нэхэмжлэгч Б.Г-т сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэх талаар 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус хуралдаж Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-т сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй талаар дүгнэлтийг гаргасан.
9.2. Гэтэл уг дотоод хяналт шалгалтын нэгж буюу ажлын хэсэг 2 удаа хуралдахдаа нэхэмжлэгч Б.Г-т огт мэдэгдээгүйгээс гадна түүний буруутгаж байгаа сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийн талаар түүнээс бичгээр тайлбар гаргуулах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон 7 төрлийн зөрчил тогтоогдсон гэж ажлын хэсгээс үзсэн үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулаагүй болох нь хэрэгт авагдсан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл болон гэрч Б.Ч, Б.Н нарын мэдүүлэг, хэргийн оролцогч нарын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
9.3. Өөрөөр хэлбэл, дотоод хяналт шалгалтын нэгж буюу ажлын хэсэг дээрх журамд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүйгээс гадна нэхэмжлэгч Б.Г-ийн гаргасан гэх сахилгын зөрчлүүдийг нэг бүрчлэн бүрэн дүүрэн шалгаж баримтаар тогтоолгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байна.
10. Хариуцагч Өндөрхангай сумын Засаг дарга М.О нь нэхэмжлэгч Б.Г-т сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, уулзалт хийснийг “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д нийцсэн ажиллагаа гэж үзэх боломжгүй.
11. Түүнчлэн, төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагддаг тул хэн нэгэн төрийн албан хаагчийг албан тушаалаас нь түр болон бүр чөлөөлөх, халах зэрэг тохиолдолд хуульд заасан урьдчилсан нөхцөл нь бодит байдалд бүрэн дүүрэн тогтоогдсон байх учиртай, ингэснээр төрийн жинхэнэ албан хаагчийг өөр бусад субьектив шалтгаанаар /улс төрийн, хувийн гэх мэт/ төрийн албанаас халахгүй байх бодит баталгаа хэрэгжих юм.
11.1. Тухайлбал, аливаа захиргааны байгууллага нь хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар, санал гаргах боломжийг хангах зэрэг ажиллагааг хэлбэрийн төдий хийх бус, харин өөрийн шийдвэрээ үндэслэлтэй, хууль ёсны гаргахын тулд бодитойгоор, үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлэх учиртай, үүнд ч уг журмын зорилго оршино.
12. Нөгөөтээгүүр, хариуцагчаас дурдсан зөрчил нэг бүрийн талаар авч үзэж дүгнэж үзвэл;
13. 2022 онд нийт 36,985,000 төгрөгийн сумын нөөцийн өвс, тэжээлийг ажлын хэсэг няравт хүлээлгэн өгсөн боловч мөнгийг нэхэмжлэгч Б.Гийн дансанд шилжүүлсэн үлдэгдэл төлбөр болох 13,071,000 төгрөгийг дутаасан гэх үндэслэлийн тухайд:
13.1. Хариуцагч “...2022 онд сумын нөөцөд 28,985,000 төгрөгийн 1870 боодол өвс, 8,000,000 төгрөгийн 400 шуудай тэжээлийг ажлын хэсгээс няравт хүлээлгэн өгсөн боловч тооллого хийхэд 20,700,000 төгрөгийн төлбөр дутсан бөгөөд нярав Ч.Б “Тамгын газрын дарга Б.Г-ийн дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр 13,071,000 төгрөгийг дутаасан” энэхүү үйлдэл нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлж ажиллаагүй гэж буруутгасан.
13.2. Нэхэмжлэгчийн зүгээс “...Ч.Б-оос миний дансанд 14 удаагийн гүйлгээгээр 35,870,000 төгрөгийг хийсэн, багийн Засаг дарга нараас миний дансанд 46,464,100 төгрөгийг тушаасан ба нийт 86,622,300 төгрөгийн орлого ороод буцаагаад бүх зарлагууд нь баримттайгаа тээврийн зардалд 86,226,100 төгрөг шилжүүлсэн болох нь дансныхаа хуулгаар нотлогдож байгаа” гэж маргаж байна.
13.3. 2022 онд сумын нөөцөд 28,985,000 төгрөгийн 1870 боодол өвс, 8,000,000 төгрөгийн 400 шуудай тэжээлийг ажлын хэсгээс няравт хүлээлгэн өгсөн ба дээрх өвс, тэжээлийг сумын малчин иргэдэд хөнгөлөлтэй үнээр худалдан борлуулж, төлбөрийг Тамгын газрын дарга Б.Г, нярав Ч.Б нар нь өөрсдийн хувийн харилцах дансаар шилжүүлэн авч байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар оролцогчид маргаагүй.
13.4. Хариуцагчийн зүгээс дээрх өвс, тэжээлийн үлдэгдэл төлбөр 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 13,071,000 төгрөг гэж тогтоож нэхэмжлэгчийн буруутгаж байгаа боловч зөрчлийг шалган тогтоох ажлын хэсгийн зүгээс түүний буруутгаж байгаа сахилгын шийтгэл ногдуулах энэхүү үндэслэлийн талаар мэдэгдээгүй, түүнээс бичгээр тайлбар гаргуулан аваагүйгээс гадна өвс, тэжээлийн үлдэгдэл төлбөрийг талаарх тооцоог гаргахдаа нэхэмжлэгч Б.Г-ийг оролцуулж тооцоо нийлээгүй бөгөөд энэхүү үлдэгдэл төлбөрийг бүгдийг нэхэмжлэгч Б.Г үрэгдүүлж төрд хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс гагцхүү нэхэмжлэгч буруутай гэх хангалттай үндэслэл бүрдсэн эсэхийг бүрэн дүүрэн, бодит байдал дээр эргэлзээгүйгээр шалгаж тогтоогдоогүйгээр түүнд төрийн албанаас халах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
13.6. Нөгөө талаас, энэхүү үйл баримтын талаар хариуцагч “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байхдаа ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг шалгах явцад өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхтэй холбоотой асуудалд өвс тэжээлийн нөөц бүрдүүлсэн мөнгө дутагдсантай холбоотой асуудал үүссэн” гэж тайлбарласан, энэхүү зөрчлийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын А/02 дугаар захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил болон хоршоо жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн зээлийн олголт, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагдаж, тус ажлын хэсэг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж 2022, 2023 оны өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх санхүүжилтийн гүйцэтгэлд хяналт хийж дутаасан талаарх зөрчлийг илрүүлсэн болох нь хэрэгт авагдсан Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамж, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, ажлын хэсгийн тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна.
13.6.1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан ба Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.9-д “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/...” гэж сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох талаар тухайлан зохицуулсан.
13.6.2. Гэтэл 2022, 2023 оны өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх санхүүжилтийн гүйцэтгэлд хяналт хийж өвс тэжээлийн мөнгөн хөрөнгө дутаасан талаарх зөрчлийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил болон хоршоо жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн зээлийн олголт, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг”-ийн тайлангаар илрүүлсэн атлаа нэхэмжлэгч Б.Г-т 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа нь Төрийн албаны тухай хуульд заасан “...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэх хориглосон хэм хэмжээг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
14. Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахтай холбогдуулан ажлын хэсэгт томилогдсон ч хариуг хугацаанд нь тайлагнаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэх тухайд:
14.1. Хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/135 дугаартай захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанд Засаг даргын 2025-2028 оны бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Б.Г-ээр ахлуулан 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсэгт 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор боловсруулж тайлагнахыг үүрэг болгожээ.
14.2. Хариуцагчаас Б.Г-ийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэх зөрчил буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар Засаг даргын 2025-2028 оны бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах үүргийг хугацаанд нь биелүүлээгүй гэж буруутгаж байгаа боловч хэрэгт авагдсан 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “...сумын Засаг даргын 2025-2028 оны бүрэн эрхийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 22 хувь хэвлэн ирүүлсэн үнэн” гэх 04 дугаартай албан бичгээр үгүйсгэгдэж байна.
14.3. Нөгөөтээгүүр, хариуцагчаас “...2024 оны 12 сард болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар асуудал хэлэлцэгдэхэд баримт бичиг дахин засагдсан, тус хөтөлбөрийг би өрөө боловсруулсан” гэж тайлбарлаж байгаа боловч энэ тохиолдолд Б.Г-ийг Засаг даргын 2025-2028 оны бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах үүргийг хугацаанд нь хэрхэн биелүүлээгүй талаар буруутгаж буй үндэслэлээ холбогдох баримтаар нотолж чадаагүй, тушаалын үндэслэлд холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй.
14.4. Өөрөөр хэлбэл, дээрх сахилгын зөрчлийн хувьд ямар бичиг баримтууд Б.Г-ийн буруугаас олон удаа засагдсан, ямар үр дагавар үүссэн талаарх нөхцөл байдал тодорхойгүй, энэ талаар холбогдох баримтыг цуглуулж зөрчлийг нотолж тогтоогоогүй байх тул энэхүү зөрчил нь түүнийг төрийн албанаас халах хэмжээний ноцтой зөрчил гэж үзэх эсэх нь эргэлзээтэй байна.
15. “Р С” ХХК-ийн төслийг сонгон шалгаруулахад албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэл үндэслэлийн тухайд:
15.1. Хэрэгт авагдсан баримтаар, Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 129 дугаартай тогтоолоор Өндөрхангай сумын хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр төслийг сонгон шалгаруулах хороо нь 2023 оны 6 сард хуралдахдаа тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан сумын хөгжлийн тэргүүлэх салбар, чиглэлд байхгүй цэвэрлэх байгууламжийн төслийг хүлээн авч хэлэлцэж, оноо өгч эрэмбэлсэн, уг төсөлд сумын Засаг дарга 50,000,000 төгрөгийн зээлийг олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Р С” ХХК-д давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Өндөрхангай сумын Засаг дарга, төслийг сонгон шалгаруулах хорооны гишүүдийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.
15.1.1. Улмаар, Увс аймгийн Засаг дарга 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “...Увс аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 129 дугаартай тогтоолд заасан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд хяналт шалгалтын ажил явуулж, төрд учирсан хохирлыг буцаан төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд албан бичгээр хандсан. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Г-т Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцох” талаарх 1/2179 дугаартай албан бичгийг Өндөрхангай сумын Засаг даргад ирүүлсэн байна.
15.1.2. Сумын хоршоо хөгжүүлэх сангийн төслийг сонгон шалгаруулах хорооны даргаар Б.Г ажилласан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Өндөрхангай сумын төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын 01 дугаартай тэмдэглэлд хорооны дарга Б.Г гэж тэмдэглэгдсэн.
15.1.3. Мөн Б.Гийн хувьд хорооны хуралдаанд ирүүлсэн төслүүдийг танилцуулж “Р С” ХХК-ийн ирүүлсэн төсөлд өмнө нь сумын Засаг даргын Тамгын газрын ариун цэврийн байгууламжийг хийх ажлыг гүйцэтгүүлэхээр байгууллагыг төлөөлж гэрээ байгуулан ажилласан үндэслэлээр төсөлд санал өгөхөөс татгалзаж, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэлд гарын үсгээ зуржээ.
15.2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дугаартай тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 6.6-д “Төсөл сонгон шалгаруулах хороо нь энэ журмын 6.3, 6.4-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, 6.4-т заасан шалгуураар хорооны гишүүн тус бүр оноогоор дүгнэн, дундаж оноогоор эрэмбэлэн жагсаалт батална. Энэхүү шийдвэрээ ажлын 3 хоногийн дотор тухайн сумын Засаг даргад хүргүүлнэ”, 6.7-д “Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрийг тухайн сумын Засаг дарга хүлээн авч баталгаажуулан, эрэмбэлсэн жагсаалтын дагуу санхүүжүүлнэ”, 6.8-д “Сумын Засаг дарга төсөл хэрэгжүүлэгч хоршоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулна. Гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор зээлийн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгч хоршооны дансанд шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
15.3. Гэвч хариуцагч сумын Засаг даргаас Увс аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичгийг шууд үндэслэн нэхэмжлэгч Б.Г-ийг “Р С” ХХК-ийн төслийг сонгон шалгаруулахад албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
15.3.1. Өөрөөр хэлбэл, Б.Г нь “Р С” ХХК-ийн төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд оролцож санал өгөөгүй нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, хорооны гишүүдэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нөлөөлсөн гэх үйл баримтыг нотолж тогтоохгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.
15.4. Тодруулбал, Өндөрхангай сумын төсөл сонгон шалгаруулах дээрх хороо нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд тус журмын 6.3, 6.4-т заасан шалгуур үзүүлэлтээр хорооны гишүүн тус бүр оноогоор дүгнэн, гишүүдийн өгсөн дундаж оноогоор эрэмбэлэгдсэн буюу хорооны гишүүдийн онооны нийлбэрээр шалгаруулсан, энэхүү хамтын шийдвэр гаргах үйл ажиллагаанд нэхэмжлэгч ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдүүлэг хөтлөн оролцоогүй.
15.5. Нөгөөтээгүүр, Өндөрхангай сумын хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр төслийг сонгон шалгаруулах хороо 2023 оны 6 сард хуралдахдаа тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан сумын хөгжлийн тэргүүлэх салбар, чиглэлд байхгүй цэвэрлэх байгууламжийн төслийг хүлээн авч хэлэлцэж, оноо өгч эрэмбэлсэн асуудлыг сумын Засаг даргын зүгээс өөрөө дээрх журамд заасны дагуу зээл олгох шийдвэрийг баталгаажуулахгүй байх, мөн төслийг хэрэгжүүлэх этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, төслийн явц, үр дүнд байнгын хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлээгүй атлаа зөвхөн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмын агуулгад нийцээгүй байна.
16. Өндөрхангай сумын Батсайхан, Цалуу багийн сахиулаар Л.Э-ыг томилж цалин олгож байсан боловч тухайн албан хаагч тус ажлыг хийгээгүй гэх үндэслэлийн тухайд:
16.1. Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Л.Э-ыг Батсайхан багийн сахиулын ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар түүний Цалуу багийн сахиулаар сэлгэн томилсон бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
16.2. Нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.15-д “...сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн” гэж заасан төсвийн шууд захирагчийн хувьд энэ хуулийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.1-д “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасны дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй.
16.3. Энэ хүрээнд Л.Э-ыг сахиулын албан тушаалд томилсон дээрх тушаалууд нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан төсвийн шууд захирагчийн хувьд бүтэц, орон тоо, цалингийн сангийн хүрээнд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан тушаал байх бөгөөд шүүхээс хийсэн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын архивын баримтад үзлэг хийхэд Л.Э нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2023 оны ажлын тайлангаа тамгын газарт бичиж өгсөн, мөн Өндөрхангай сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжаар “Шуурхай штабын хариуцлагатай жижүүрээр томилж байсан” гэх үйл баримт тогтоогдож байхаас гадна гэрч Л.Э “...би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй учраас Б.Г даргаас гуйгаад 6 сарын хугацаанд багийн төвд гэрээрээ очиж ажиллаж байгаагүй ба сумын төвөөс 7 хоногт 2-3 удаа очиж ажилладаг байсан”, гэрч Г.Б “...Цалуу багийн Засаг даргаар ажиллах хугацаанд сахиулаар Л.Э-ыг томилсон тушаалыг би мэдээгүй. Миний хувьд Л.Э-ыг гэрээр бууж ажиллаагүй гэдгийг тодорхойлсон болохоос багийн сахиулаар ажиллаж байгаагүй гэдгийг тодорхойлоогүй” гэх мэдүүлгүүдээр хариуцагчийн “...Өндөрхангай сумын Батсайхан, Цалуу багийн сахиулаар ажиллаагүй Л.Э-д цалин олгож байсан” гэх тайлбар үгүйсгэгдэж байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.
17. Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудын хүний нөөцийн талаарх тушаал гаргахдаа холбогдох хууль зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
17.1. Хариуцагчийн зүгээс “...Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Б.О-ыг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн тухай 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64 дахь заалтын дагуу туршилтын хугацаагаа томилсон ч туршилтын хугацаа дууссаны дараа жинхлэн томилоогүй, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Ч-ийг 2018 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан ажилтнаар томилсон боловч дахин мөн өдрийн гаргаж уг ажлын байранд “Гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай” гэж Б/02 дугаартай тушаал 2 тушаалыг давхардуулан” гаргасан.
17.2. Мөн “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан жолооч Т.Ц-ыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар чөлөөлсөн боловч хөдөлмөрийн гэрээг түр хугацаатай байгуулах тушаал гаргасан боловч үндсэн ажилтнаар томилсон шийдвэрийг гаргаагүй байсан” гэх зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчийг буруутгаж бөгөөд хариуцагч маргаан бүхий захирамжийн үндэслэл болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
17.3. Учир нь, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж болох хугацааг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж хуульчилсан.
17.3.1. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил хэзээ илэрснээс үл хамаарч Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудын хүний нөөцийн талаар тушаал гаргахдаа холбогдох хууль зөрчсөн гэх зөрчил гаргасан өдрөөс хойш аль хэдийн 12 сараас илүү хугацаа өнгөрсөн байх тул дээрх зөрчилд холбогдуулж сахилгын арга хэмжээ авах боломжгүй байсан, энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлтэй.
18. Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь хууль, журмаар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалтыг зөрчиж, нэхэмжлэгч Б.Гийг Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр халсан байна.
18.1. Тодруулбал, шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд хариуцагчаас зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэж байгаа ажилтныг халах хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлж холбогдох шийдвэрийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд холбогдох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн эсэх, ажлаас халах болсонтой холбогдуулан тайлбар, санал гаргах боломжийг олгосон эсэх, мөн шийдвэрийн үндэслэлийг нэг бүрчлэн тогтоох хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлсэн эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй.
19. Ийнхүү хариуцагч маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй байх баталгааг зөрчсөн бөгөөд маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой, шаардлагатай ажиллагаа хийгээгүй, нотлох баримтыг цуглуулж үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа зөрчсөнөөс энэхүү шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тусгай зарчим алдагдсан байх тул Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.Гийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
20. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын тухайд:
20.1. Маргаан бүхий Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 01 дугаар сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь дээрх дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
20.2. Хэдийгээр, шүүхээс маргаан бүхий Өндөрхангай сумын Засаг даргын дахин шинээр гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж байгаа боловч нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хариуцагч анх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Б.Г-ийг төрийн албанаас халах тухай” Б/02 дугаар захирамжаар дуусгавар болсон, уг хугацаанд тухайн албан тушаалд эгүүлэн томилогдоогүй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох буюу шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдох өдрийг хүртэл хугацаагаар тооцож урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж шийдвэрлэх нь зүйтэй дүгнэв.
20.3. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах”, 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус заасан.
20.3.1. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан төрийн албан хаагчийн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор байх бөгөөд цалин хөлсөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байна.
21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.5, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Г-ийг урьд эрхэлж байсан Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдох өдрийг хүртэл хугацаагаар тооцож урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ