Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/54    

 

 

С.*******эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Гантулга /цахим/,

Шүүгдэгч: С.*******

Нарийн бичгийн дарга: Б.Хулан нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Э.Дөлгөөний гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.*******эд холбогдох 2429000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Галба караокены өрөөнд Э.*******ын эрүүл мэндэд нь халдсаны улмаас тархины доргилт, баруун ухархай, хоншоорын дотор ханын хугарал, баруун нүдний доод зовхины язарсан шарх, дээд болон доод зовхи, хацрын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч С.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

          Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж,

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ээс 467 556 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.*******т олгож,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******эд авсан урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Э.Дөлгөөн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас С.*******ийг “...2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Галба караокены өрөөнд Э.*******ын эрүүл мэндэд халдсаны улмаас тархины доргилт, баруун ухархай, хоншоорын дотор ханын хугарал, баруун нүдний доод зовхины язарсан шарх, дээд болон доод зовхи, хацрын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, прокурор нь хэргийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд улсын яллагчаар оролцохдоо хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэн, мөн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар санал, дүгнэлтийг гаргаж оролцсон.

Шүүх улсын яллагчийн саналын дагуу шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж үзлээ” гэж дүгнэжээ. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилсэн зүйлчлэл хэргийн үйл баримттай тохироогүй, хэргийн нотлогдсон байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна.

Тодруулбал: Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудаст Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дугаартай дүгнэлт авагдсан бөгөөд тус дүгнэлтэд:

1 .Э.*******ын биед тархины доргилт, баруун ухархай, хоншоорын дотор ханын хугарал, баруун нүдний доод зовхины язарсан шарх, дээд болон доод зовхи, хацрын цус хуралт гэмтэл үүсжээ.

 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой,

З. Баруун хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна" гэж дүгнэснээр хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл, хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Энэ нь хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйл /11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байхад прокуророос хэргийг буруу зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, улмаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял оногдуулж шийдвэрлэснээр шүүхийн дүгнэлт нь “шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн” гэж дүгнэх үндэслэл болж байна. Прокурорын үндэслэлгүй шийдвэр, шүүхийн гаргасан алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6- д заасныг зөрчсөн ноцтой зөрчил бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

          Прокурор Э.Гантулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Манай прокурорын байгууллагын зүгээс зүйчлэлийн алдаатай хэргийг шилжүүлсэн. Мөн шүүхээс прокурорын дээрх алдаатай зүйчлэлийг засуулахгүйгээр хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.  Дээрх учирсан гэмтэл баруун хоншоор ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоосноороо хүндэвтэр зэрэгт хамаарахаар байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах эсэргүүцэл бичсэн байгаа. янаХяналтын прокурор Э.Дөлгөөн нь тухайн үед сум дундын Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан учраас дээд шатны прокурорын эсэргүүцлийг бичсэн байна. Тухайн прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

          Шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн хүнийг мохоо зүйлээр цохисон зүйл байхгүй. Ганц удаа гараараа цохисон. Тиймээс прокурорын эсэргүүцлийг эсэргүүцэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдов. Үүнд : 

Прокуророос шүүгдэгч С.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч С.*******эд холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, анхан шатны шүүхийн “прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж үзлээ” гэж хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Учир нь, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дугаартай дүгнэлтэнд:  

1 .Э.*******ын биед тархины доргилт, баруун ухархай, хоншоорын дотор ханын хугарал, баруун нүдний доод зовхины язарсан шарх, дээд болон доод зовхи, хацрын цус хуралт гэмтэл үүсчээ.

 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой,

З. Баруун хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна" /хх24-25/ гэжээ.

Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд хамаарах бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, хянан шалгах нь мөрдөгч, прокурорын чиг үүрэгт хамааралтай бөгөөд тус үндэслэл, журам зөрчигдсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ байх ба прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн зэрэгтэй тохирч байгаа эсэхийг харгалзалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалт, зарчимд нийцээгүй гэж дүгнэв. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхад анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцохдоо “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн мэтээр гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох шаардлагад нийцүүлэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.  

Дээрх үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэл, журам зэрэгт нийцээгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.    

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :   

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор Э.Дөлгөөний 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бичсэн 13 дугаартай эсэргүүцлийг хангасугай.

2. Шүүгдэгч С.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ГЭРЭЛМАА          

                            ШҮҮГЧИД                                    Т.ДЭЛГЭРМАА

                                                                                                  Л.УГТАХБАЯР