Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/00591

 

 

 

 

 

 

 

Р.Х , “Э.Б.Т ” ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02767 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Х , “Э.Б.Т ” ХХК нарын хариуцагч “Х.Б ” ХХК-д холбогдуулан гаргасан барьцаалагчийн зөвшөөрөл болон Ү-2203034557, Ү-2203034561, Ү-2203034558, Ү-2203034564, Ү-2203034559, Ү-2203034560, Ү-2203034562 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг даалгах, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ЗГ/20184126647 тоот зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгон цуцалсныг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 1,164,287,691.09 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Алтан-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Р.Х  болон “Э.Б.Т ” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Р.Х  миний 100 хувь хувьцаа эзэмшдэг, өөрөө захирлаар нь ажилладаг “Э.Б.Т ” ХХК нь “Х.Б ” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/201844126647 тоот зээлийн гэрээ, БГҮ/201844126647 тоот барьцааны гэрээг байгуулж 1,800,000,000 төгрөгийн зээл авсан. 2020 оны эхээр дэлхий дахинд дэгдсэн ковид-19 цар тахлын сөрөг нөлөөнөөс шалтгаалж Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хил хаагдаж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан аялал жуулчлал, нийтийн хоолны салбар хамгийн түрүүнд зогсонги байдалд орж, үүний улмаас зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э.Б.Т ” ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогсож санхүүгийн хямралд орсон. Энэ нөхцөл байдлын улмаас “Э.Б.Т ” ХХК гэрээ цуцлах тухай хүсэлт, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах тухай саналыг “Х.Б ” ХХК-д хүргүүлсэн боловч банк зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг нь сунгаж өгснөөс өөр арга хэмжээ аваагүй. “Э.Б.Т ” ХХК-ийн зүгээс Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авч, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т заасныг үндэслэл болгон “Х.Б ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцлах тухай хүсэлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Үүнд “Х.Б ” ХХК боломжит хугацаанд хариу өгөөгүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар гэрээ цуцлах хүсэлтийг хүлээн авсан гэж үзсэн. Мөн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр барьцааны зүйлийг тохиролцож худалдан борлуулах талаар хүсэлт хүргүүлсэн. Ингээд бид нэгэнт гэрээ цуцлах хүсэлтийг хүлээн авсан гэж ойлгосон учир 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэгдүгээрт, барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулж худалдсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх, хоёрдугаарт, эсхүл тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээд зээлийг хаах гэсэн саналыг тавьсан боловч мөн л хариу өгөөгүй. Үүний дараа “Х.Б ” ХХК-ийн төлөөлөгч Халиун, эдийн засагч Бямбадорж гэх хүмүүс “Э.Б.Т ” ХХК-ийн ажлын байранд хүрч ирж үйл ажиллагаа зогссонтой танилцаж, барьцаа хөрөнгийн чанар байдлыг шалгаад явсан тул гэрээ цуцлах саналыг хүлээн авсан байна, тодорхой арга хэмжээ авах байх гэсэн хүлээлттэй байсан. Гэвч “Х.Б ” ХХК-ийн хувьд ямар нэгэн арга хэмжээ аваагүй учир бид 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээгээ цуцлаад энэ талаараа мэдэгдсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь “Х.Б ” ХХК гэрээнд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхгүй хугацаа хожимдуулснаас үүссэн тул зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэм буруугүй гэж үзэж байна. Мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар барьцаа хөрөнгийг худалдах эсэх талаар эс үйлдэл гаргаж зээлдэгч төлбөр төлөх нөхцлийг “Х.Б ” ХХК-ийн зүгээс бүрдүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу 2020 оны 3 дугаар сараас хойш зээлийн гэрээний дагуу хүү авах эрхээ алдсан. Дээрх зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан барьцаа хөрөнгүүдийг худалдах, тодорхой хөрөнгийг шилжүүлэх саналд дурдсан хөрөнгүүдийг худалдах үйл ажиллагаанд “Х.Б ” ХХК оролцсон. Улмаар 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Р.Х  болон “Э.Б.Т ” ХХК нь “Ремакс” компанитай гэрээ байгуулж, Р.Х ын өмчлөлийн Сити тауэр барилгын 2 давхрын 211 тоот зочид буудлын хоолны залны зориулалтаар ашиглаж байсан талбайг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр худалдаж, үүнээс орж ирсэн 775,000,000 төгрөгийг банкны үндсэн зээлийн төлбөрт төлүүлэхээр өгсөн ч барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй. Нэгэнт “Э.Б.Т ” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон, санхүүгийн чадваргүй болсон байхад Х.Б  нь барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар ямар нэг бодит арга хэмжээ авахгүй байгаа тул өөрийн санхүүгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Андууд финанс ББСБ” ХХК болон бусад хувь хүмүүстэй харилцан тохиролцож барьцаа хөрөнгүүдийг давхар барьцаалах, зарим хөрөнгүүдийг хэсэгчлэн бусдын өмчлөлд шилжүүлэх замаар тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхээр “Э.Б.Т ” ХХК болон “Х.Б ” ХХК-ий хооронд байгуулагдсан барьцааны гэрээний (№БГҮ/201844126647) 2.8-д заасан барьцаалагчийн зөвшөөрлийг, барьцаа хөрөнгүүдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийн хамт гаргаж өгөхийг хүссэн. Гэтэл энэхүү хүсэлтэд Х.Б  мөн л татгалзаж, өмчлөгчийн эрхийг хязгаарлаж, миний эрхийг зөрчөөд байна. Иймд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгож гэрээ цуцалсан болохыг тогтоож, өмчлөх эрхээ бүхэлд нь буюу хэсэгчлэн бусдад шилжүүлэх барьцаалагчийн зөвшөөрөл болон улсын бүртгэлийн Ү-2203034557, Ү-2203034561, Ү-2203034558, Ү-2203034564, Ү-2203034559, Ү-2203034560, Ү-2203034562 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг “Х.Б ” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, 1,800,000,000 төгрөгийн зээл авсан талаар маргахгүй. Нэхэмжлэгч Х.Б ХХК-аас авсан мөнгөн хөрөнгийг ашигласан, үйл ажиллагаандаа захиран зарцуулсан гэдэг нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс тодорхой харагдаж байна. Барьцааны гэрээ Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу бичгээр байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангасан. Нэгэнт хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр барьцаалагдсан хөрөнгүүдийн барьцааны эрх хууль болон гэрээнд зааснаар зээлийг барагдуулсан тохиолдолд дуусгавар болдог. Дээрх зээлийн тодорхой хэсгийг төлж барагдуулсан талаар маргахгүй. Харин үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хугацааг сунгуулах, эргэн төлөлтийн хуваарийг өөрчлүүлөх хүсэлт гаргасныг банк хүлээн аваад 2020 оны  3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Сити тауэр хотел ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс хассан. Мөн Э.Б.Т ХХК-ийн захирал Р.Х  барьцаа хөрөнгөө чөлөөлүүлөх хүсэлт гаргасан боловч зээлийн гэрээний үүрэг бүрэн биелсэн тохиолдолд барьцааг чөлөөлөх боломжтой талаар 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.  Мөн 5 дугаар сарын 25-ны өдөр гаргасан саналд “...таны гаргасан хүсэлтийг шийдэх боломж байхгүй байна. Үүнийг журмын дагуу хороогоор шийдвэрлүүлээд тухайн хариуг хүргүүлэх болно” гэдэг байдлаар хариу мэдэгдсэн байдаг. Мөн гэрээнээс татгалзах саналыг хүлээн авах боломжгүй талаарх хариу албан бичгийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 20 минутад нарийн бичгийн дарга М.Сүглэгмаад хүлээлгэн өгсөн. Иймд банк нэхэмжлэгч Р.Х ын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч “Х.Б ” ХХК-ий сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч “Э.Б.Т ” ХХК, “Сити таувер хотел” ХХК, Р.Х  нар нь “Х.Б ” ХХК-ийн Ард төвлөрсөн тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 1,800,000,000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын 2101 тоот хаягт байршилтай 203.79 м.кв талбайтай, 2102 тоот хаягт байршилтай 126.39 м.кв талбайтай, 2103 тоот хаягт байршилтай 204.13 м.кв талбайтай, 2104 тоот хаягт байршилтай 124.79 м.кв талбайтай, 2001 тоот хаягт байршилтай 203.68 м.кв талбайтай, 2002 тоот хаягт байршилтай 125.97 м.кв талбайтай, 2003 тоот хаягт байршилтай 203.85 м.кв талбайтай, 2004 тоот хаягт байршилтай 124.92 м.кв талбайтай нийт 8 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй хугацаа хэтрүүлээд байна. Нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөр дээр маргахгүй байна. Гэрээнээс татгалзах саналаа 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гэдэг. Гэтэл 2020 оны 3 дугаар сараас хойш банк хүү нэхэмжлэх эрхгүй гэсэн зөрүүтэй тайлбарыг мөн гаргаж байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээний нэг тал гэрээнээс татгалзах боломжтой, харин татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтоохоор хуульчилсан байгаа. Тэгэхээр “Х.Б ” ХХК гэрээнээс татгалзах хүсэлтийг хүлээн авч хариу өгсөн зүйл байхгүй, зөвшөөрөх боломжгүй гэдгийг албан бичгээр хүргүүлж байсан тул 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 790,694,737.32 төгрөг, хүүгийн төлбөр 373,592,953.77 төгрөг, нийт 1,164,287,691.09 төгрөгийг хариуцагч Р.Х  болон “Э.Б.Т ” ХХК-аас гаргуулж, дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ

 

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: “Э.Б.Т ” ХХК төлбөрийн чадваргүй болсон тул зээлийн гэрээг талуудын эрх ашиг сонирхолд нийцүүлэн хэн алинд нь хохирол багатайгаар цуцлах асуудлыг судлахад гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д “Дараах тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана”, 6.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй”, 6.1.8-д “Зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон” гэж зөвхөн зээлдүүлэгч гэрээг цуцлах асуудлыг зохицуулсан байсан. Гэтэл “Х.Б ” ХХК нь тайлбартаа зээлдэгч нар төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлж өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, сөрөг нэхэмжлэлдээ зээлдэгч нар зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй хугацаа хэтрүүлээд байна гэх мэт үндэслэл дурдаад байгаа нь ойлгомжгүй, бодит байдалд нийцэхгүй байна. 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт хүргүүлсэн. Х.Б  нэхэмжлэгчтэй тохиролцоод үл хөдлөх хөрөнгүүдийг нь зараад яваад байсан. Нэг ёсондоо зээлийг барагдуулах ажиллагаа хийгдэж байна гэдэг чинь “Х.Б ” ХХК үйлдлээрээ гэрээнээс татгалзаад төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулах ажиллагаанд орчихсон байна гэсэн үг. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 790,694,373 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин 3 сараас хойш хүү тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 160 дугаар зүйлийн 160.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х.Б ” ХХК-д холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн Ү-2203034557, Ү-2203034561, Ү-2203034558, Ү-2203034564, Ү-2203034559, Ү-2203034560, Ү-2203034562 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг даалгах, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ЗГ/20184126647 тоот зээлийн гэрээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр цуцлагдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Р.Х , “Э.Б.Т ” ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Х , ”Э.Б.Т ” ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 1,111,880,877.16 төгрөг гаргуулан “Х.Б ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,406,813.93 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,055,047 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 5,787,554 төгрөг гаргуулан хариуцагч “Х.Б ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлыг зөвхөн талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 30-нд байгуулагдсан үндсэн зээлийн төлбөрийг 6 сараар хойшлуулсан гэрээтэй холбон тайлбарлаж байгаа нь хэргийн бодит үйл баримтад бүрэн дүгнэлт хийхгүй байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 30-нд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулагдснаас хойш “Э.Б.Т ” ХХК-ий үйл ажиллагаа нь аргагүй байдлын улмаас бүрэн зогссон бөгөөд энэхүү гэрээ байгуулагдсанаараа манай компаний үйл ажиллагаа хэвийн болж, төлбөрийн чадвар сайжраагүй, цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, цааш үргэлжилсээр л байсан. Ийм бодит нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох гол шалтгаан нь болсон. “Х.Б ” ХХК нь зээлийн хамтран хариуцагч, барьцаалуулагч Р.Х ын барьцаа хөрөнгүүдийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, ийнхүү татгалзахдаа талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг үндэслэл болгож байгаа нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу тухайн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болох нөхцлийг бүрдүүлээд байгаад шүүх дүгнэлт өгөх ёстой. “Э.Б.Т ” ХХК болон Р.Х  нарын зээлийн гэрээг цуцлах санал хүсэлт, барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулах саналууд бол давагдашгүй хүчин зүйлийн улмаас хийж буй үйлдэл бөгөөд харин шүүх энэ нөхцөл байдалд нөгөө тал хугацаа тогтоох шаардлагатай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаад цуцлах, татгалзах санал тавьсан бол шүүхийн энэ дүгнэлтийг ойлгож болно. Гэтэл “Э.Б.Т ” ХХК нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон, ингэхгүй бол хоног тутам алдагдал хүлээж дампуурах шатанд шилжих байсан. Харин “Х.Б ” ХХК нь энэ нөхцөл байдалд зөв дүгнэлт өгөөгүй, хугацаа хожимдуулалгүй гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг барагдуулах “Э.Б.Т ” ХХК болон Р.Х  нарын саналыг хүлээж авах байтал эсрэгээрээ татгалзсан. Иймд дээрх үндэслэлүүдээс харахад анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тал бүрээс нь бодит дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Х , “Э.Б.Т ” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн бөгөөд нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Р.Х  хариуцагч “Х.Б ” ХХК-д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандаж, барьцаалагчийн зөвшөөрөл болон Ү-2203034557, Ү-2203034561, Ү-2203034558, Ү-2203034564, Ү-2203034559, Ү-2203034560, Ү-2203034562 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Х.Б ” ХХК эс зөвшөөрч, Р.Х  болон “Э.Б.Т ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,164,287,691.09 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Х  хамтран нэхэмжлэгчээр “Э.Б.Т ” ХХК-ийг оролцуулж, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ЗГ/20184126647 тоот зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгон цуцалсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.    

3. Нэхэмжлэгч Р.Х , “Э.Б.Т ” ХХК болон хариуцагч “Х.Б ” ХХК-ийн хоорондын зээлийн гэрээ цуцлагдсан эсэх, үүнтэй холбоотой нэхэмжлэгч барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг, хариуцагч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг тус тус шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болж, зохигчид энэ хүрээнд мэтгэлцэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

4. Анхан шатны шүүх хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь Р.Х , “Сити Тоувер хотел” ХХК, “Э.Б.Т ” ХХК болон “Х.Б ” ХХК-ий хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ЗГ/201844126647 тоот зээлийн гэрээнээс татгалзах саналыг хариуцагчид гаргасан боловч “Х.Б ” ХХК нь мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах хугацааг тогтоож өгөөгүй тул гэрээ цуцлагдаагүй гэж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

4.а. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээг талууд харилцан тохиролцож цуцлах журмыг тогтоосон бөгөөд нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлд шууд хамааралгүй юм.

4.б. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, 221.2 дахь хэсэгт “гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэх” талаар заасан.

4.в. Нэхэмжлэгч “Э.Б.Т ” ХХК нь аялал жуулчлал, зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэг ба коронавирусын халдварт өвчний хорио цээрийн улмаас тус компаний үйл ажиллагаа бүрэн зогсож зээлээ төлөх боломжгүй болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02/283 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр  тогтоогджээ. /хх 79/

4.г. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх үндэслэлээр гэрээ цуцлах саналыг “Х.Б ” ХХК-д удаа дараа гаргасан, /хх 15-16, 18-19, 21, 82-83/ уг саналыг “Х.Б ” ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №05176/01/492 дугаар Саналд хариу хүргүүлэх тухай албан бичгээр саналыг хүлээн авахаас татгалзсан болох нь тогтоогдсон байна. /хх 43/ Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, гэрээг цуцлах үндэслэл биш гэж үзсэн нь зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно. 

Хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцлах нь нэг тал дангаар гэрээг цуцлах үндэслэлд хамаарах тул зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлах үндэслэлийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээг талууд тохиролцох журмаар цуцлах нөхцөлд хамаарна гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журам нь гэрээг талууд тохиролцох журмаар цуцлах нөхцөлд хамааралтай болохоос нэг тал дангаар гэрээг цуцлах нөхцөлд хамаарахгүй.

5. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч “Х.Б ” ХХК нь зээлийн гэрээний биелэлтийг шаардах эрхтэй.

5.а. Р.Х , “Сити Тоувер хотел” ХХК, “Э.Б.Т ” ХХК болон “Х.Б ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр тус банк нэхэмжлэгч нарт 1,800,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар олгож, зээл эргэн төлөх хуваарийг гэрээний  хавсралтаар тогтоож, хугацаандаа буюу сар бүр төлөлт хийх үүргээ зээлдэгч зөрчвөл үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцжээ.

5.б. Хариуцагч зээлийн мөнгийг “Э.Б.Т ” ХХК-ий дансанд шилжүүлсэн ба нэхэмжлэгч нар 2019-2021 онуудад үндсэн зээл болон хүүд 1,352,086,272.29 төгрөг төлж, бусад үүргээ хугацаанд нь төлөөгүй тул хариуцагч “Х.Б ” ХХК нь нэхэмжлэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардан шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээг цуцлахаар шаардлагаа хүргүүлсний дагуу түүний эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаанд Х.Б ны зүгээс оролцсон болох нь Р.Х ын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний үүрэг гүйцэтгэх санал гэх баримтаар тогтоогдсон. /хх 80-81/ Иймд хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл зээлийн үүргийг тооцон шаардсан нь үндэслэлгүй тул гэрээ цуцалсанаас хойших хугацааны зээлийн хүү гаргуулахаар шаардах эрхгүй юм. Иймд гэрээ цуцалсан өдрөөр үндсэн зээл 790,694,737.32 төгрөг төлүүлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

6.а. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байхад энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй нь буруу байна  

Иймд хариуцагч зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээгээр хангуулахаар шаардах эрхтэй гэж үзэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцнэ.

6.б. Р.Х  болон “Х.Б ” ХХК-ий хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БГҮ/201844126647 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын 2001, 2002, 2003, 2004, 2101, 2102, 2103, 2104 тоот хаягт байршилтай 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, хүчин төгөлдөр гэрээгээр барьцаалсан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй гэж үзэн барьцаалагчийн зөвшөөрөл болон дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээр дурдсан үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02767 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 160 дугаар зүйлийн 160.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч “Х.Б ” ХХК-д холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн Ү-2203034557, Ү-2203034561, Ү-2203034558, Ү-2203034564, Ү-2203034559, Ү-2203034560, Ү-2203034562 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг даалгах, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ЗГ/20184126647 тоот зээлийн гэрээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр цуцлагдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Р.Х , “Э.Б.Т ” ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/201844126647 тоот зээлийн гэрээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цуцлагдсан болохыг тогтоож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагчийн зөвшөөрөл болон Ү-2203034557, Ү-2203034561, Ү-2203034558, Ү-2203034564, Ү-2203034559, Ү-2203034560, Ү-2203034562 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “205 дугаар зүйлийн 205.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1” гэснийг хасч, “1,111,880,877.16” гэснийг “790,694,737.32” гэж, “52,406,813.93” гэснийг “373,592,953.77” гэж, 3 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “5,787,554” гэснийг “4,041,224” гэж тус тус өөрчилж, “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БГҮ/201844126647 тоот барьцааны гэрээнд тусгасан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилгын 2001, 2002, 2003, 2004, 2101, 2102, 2103, 2104 тоот хаягт байршилтай 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж 4 дэх заалт болгон нэмж, “4” гэснийг “5” гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                          

                ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН