Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 337

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Шүүгдэгч С.Хажидмаа, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн С.Хажидмаад холбогдох эрүүгийн 1811006520222 дугаартай хэргийг 2018 оны 4 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Соронзонболдын Хажидмаа, 1995 оны 02 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн менежмент мэргэжилтэй, “Elegance plaza” төвд менежер ажилтай, ам бүл 4, эмээ, өвөө, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 35-31 тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:УП95021624/.

 

Шүүгдэгч С.Хажидмаа нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 7-62 тоотод “Чех улсын визний ярилцлагын цаг авч өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” иргэн Б.Билгүүний 5500 евро буюу 16.332.140 төгрөгийг нь залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хажидмаагаасы мэдүүлэхдээ: “..Хохирогч Б.Билгүүн Вьетнамын хоёр залуутай хамтарч Чехийн элчин сайдын ярилцлагын цагийг хакердаж авч өгдөг байсан. Тухайн үед элчингийн цагийг системээр авдаг байсан. Надаас болон өөр хүмүүсээс хүн байна уу гээд нилээн хэдэн хүн авч байсан. Тэгээд ашигаараа 3 өрөө байр, машин, компьютер, тоног төхөөрөмж гэх зэрэг нилээн хэдэн зүйл авсан. Тэр үед би дүүтэй нь хамт 20 орчим хүн өгч байсан. Б.Билгүүн нэг хүнийг 550 еврогоор гаргаад өөрөө 300 евро, Вьетнамдаа 200 евро, дүү бид хоёр нь 50 ервог хувааж авдаг байсан. Б.Билгүүн систем хаагдахад нь надад юу ч хэлээгүй, би асуухад систем хэзээ ч хаагдахгүй, чи хүн байвал авчих гэхээр нь цаг гаргаж болж байгаа бол би танд хэдэн хүн олж өгнө гэж хэлж байсан. 2017 оны 8 дугаар сарын 25-наас эхлээд “виза пойнт” систем хаагдана гээд яриа хүмүүсийн дунд гарсан байсан. Тэр үед асуухад зүгээрээ хаагдахгүй гэж хэлэхээр нь надад 10 хүн авах уу гэхэд авна гээд материалыг нь аваад очиж байхад аваагүй буцаасан. Тэгээд би буцааж өгөх гээд явж байтал эхнэр нь залгаад яг одоо миний хаан банкны дансруу 4.000.000 төгрөг шилжүүлээдэх гээд залгасан. Тэр үед би Билэгтийн ээжийн дүүтэй хамт явж байсан. Тэгээд би хэлсэн мөнгийг нь шилжүүлсэн. 4 хүнийх нь цагийг Б.Билгүүнээр гаргуулаад нэгийг нь буцаагаад 5 хүнийх нь мөнгийг байлгаж бай гэхээр нь байлгаж байгаад тухайн үед Батцэнгэл гэх эгч гэрээ гаргадаг байсан. Приус 20 маркийн 32-16 УНО улсын дугаартай автомашиныг би авсан. Яагаад гэхээр Б.Билгүүн ахаар тэр хүмүүсийн цагийг гаргуулсан бол ашиг нь болж үлдэх байсан. Гаргаж өгнө гэж хэлсэн болохоор би машин авчихсан. Тэгээд цаг нь гаргаагүй учраас тухайн хэмжээний мөнгөний өрөнд ороод Батцэнгэл гэх гэрээний эгчид өрөө барагдуулая гэж хэлээд 2 сарын хугацаа өнгөрсөн. Тэгээд Б.Билгүүн ахтай хэсэг холбоогүй байж байтал 2017 оны 10 сарын 1-нээс элчингийн ярилцлагын цагийн утсаар авдаг болсон. Тухайн үед залгахад холбогдож үзэхэд цаг авч болж байсан учраас Батцэнгэл эгчид өгөх өрөө өгөхийн тулд Батцэнгэл эгчийн гэрээний хүмүүст цаг авч өгч болох болов уу гээд залгахад болж байсан. Уг нь хүн авъя гэж бодоогүй байсан. 2018 оны 01 сарын 16-нд Б.Билгүүн ахаас 10 хүн авахаас өмнө Батцэнгэл эгч надруу залгаад утсаар цаг авч болж байгаа бол миний дүү хэдэн гэрээний хүн аваад цаг авч өгөөд эгчийнхээ мөнгийг өгчих гэхээр нь за гэж хэлсэн. Тухайн үед манай хүүхдийн аав болох Баяржаргалын эгч нь Чехийн элчингийн консулд ажилладаг болохыг мэдээд гуйж үзэхэд болно ч гэж хэлээгүй, болохгүй ч гэж хэлээгүй. Өөр цаг гаргадаг хэдэн хүн Билэгт бид хоёр хамт явж хайж, очиж уулзтал цаг гаргана гэж хэлсэн. Тэгээд Б.Билгүүн 10 хүн байна авах уу гэхээр нь өртэй байсан учраас авсан. Тухайн үед цаг гаргаж өгнө гэсэн хүнээс асуухад 10 хүний цаг 5.000.000 төгрөгөөр гарах байсан. Билэгт бид 2 цаг гаргаж өгдөг хүмүүс дээр очоод мөнгийг аваачиж өгсөн. Тэр үед цаг гаргаж өгч байсан хүмүүс дараа 7 хоногийн 5 дахь өдөр гэхэд таны хүмүүсийн цаг гараад ярилцлагандаа ороод дуусна гэж хэлэхээр нь л би итгээд Б.Билгүүн ахад таны хүмүүсийн цаг дараа 7 хоногт гараад дуусчих юм байна гэж хэлсэн. Тэрнээс би хуурах зорилгоор хэлээгүй. Санаатай мөнгө аваагүй. Ашиг болж ирэх мөнгө нь байсан учраас би Батцэнгэл эгчид өрөө дарсан байсан. Дүү Билэгт нь өдөр болгон надтай хамт байдаг байсан. Ээж аав нь байнга залгадаг байсан. Хохирогч Б.Билгүүнээ ахаас би зугтаагүй. Зугтсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Б.Билгүүнээ ах цаг нь яаж байна ахын дүү гэхэд болчих байх л гэдэг байсан. Тэрнээс би гарч байгаа гэж худлаа хэлээгүй. Б.Билгүүн ах худлаа юм байна, чи мөнгө аваад ир гэж нэг ч удаа надад хэлж байгаагүй. Он сарыг нь сайн санахгүй байна. Нэг өдөр оройтчихоод гэрийнхээ гадаа таксинаас буутал Билэгт, Билгүүн ах, эхнэртэйгээ манай гэрийн гадаа зогсож байсан. Тэгээд намайг машиндаа суулгаад хоёр өдөр хорьсон. Цаг гаргаж өгөх хүнийх нь утас холбогдхоо байгаад тэдгээр хүмүүст би мөнгийг нь өгөөгүй байсан. Очсон өдрийнхөө орой нь хоёр хүнийх нь мөнгө болох 1100 еврог би өгсөн. Маргааш өглөө нь Б.Билгүүн ахын эхнэр нь уурлаад байхаар нь би айгаад худлаа ярьчихсан юм гэв..” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Б.Билгүүнээс Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-7-9, 18-21/, С.Хажидмаагийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-10-12, 37-41/, гэрч Б.Жамбалсанжидийн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Б.Билэгтийн мэдүүлэг /хх-24-25/, гэрч О.Баяржаргалын мэдүүлэг /хх-26-27/, гэрч Т.Цэндийн мэдүүлэг /хх-28-29/, гэрч Б.Цогбадрахын мэдүүлэг /хх-30-32/,  С.Хажидмаагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-51/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, хохирлын мөнгө 1100 евро буюу 3.348.400 төгрөгийг төлсөн баримт /хх-58/, валютын ханшийн лавлагаа /хх-75/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч С.Хажидмаа нь 2017 оны 11 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 7-62 тоотод “манай эгч БНЧУ-ын элчин сайдын яаманд ажилладаг, хүмүүст Чех улсын визний ярилцлагын цаг гаргаж өгнө” гэж хуурч, хохирогч Б.Билгүүний 5500 евро буюу 16.332.140 төгрөгийг авсан болох нь:

Хохирогч Б.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-18/: “..2018 оны 01 сарын 15-ны өдөр С.Хажидмаа нь манай гэрт амьдарч байх хугацаандаа, "манай эгч БНЧУ-ын элчин сайдын яаманд ажилладаг, хүмүүст Чех улсын визний ярилцлагын цаг гаргаж өгдөг гэж хэлж байсан, мөн утсаар хүмүүстэй визний цагийн хуваарийн талаар яриад байдаг болохоор нь С.Хажидмааг визний цагийн хуваарь гаргаж өгч байгаа юм байна гэж итгэсэн. Тэгээд миний таньдаг хүн Чех улсын 10 хүний визний ярилцлагын цаг гаргаж өгөх боломж байна уу гэхээр нь “боломж байхгүй” гэж явуулаад С.Хажидмаагаас өөрийнх нь яриагаар найдвартай юм шиг яриад байхаар нь итгээд “чи надад 10 хүний визний ярилцлагын цаг гаргаад өгч чадах уу” гэхэд Хажидмаа болно, манай эгч Чехийн элчин сайдын яаманд ажиллаж байгаа, тэр эгчээрээ дамжуулаад гаргаад өгнө, тооцоог бэлнээр авна шүү гэж хэлсэн. Тэгээд 10 хүний материалыг өгөөд нэг хүний 550 евро нийтдээ 5500 еврог аваад Хажидмаад өгсөн юм. Хажидмаа хэлэхдээ “би визний цагийн хуваарь гаргаж өгөх үйлчилгээний хөлс мөнгийг бэлнээр авах шаардлагатай” гэж манай гэрт бэлнээр авсан. Тэр 7 хоногийн дараа албан ёсны тамга тэмдэгтэй найдвартай бичиг баримт гаргаж өгнө гэсэн юм. Тэгээд манай гэрт огт ирэхээ болиод амьдрахаа больсон. Өөрийнх нь 95290506 гэсэн дугаараар удаа дараа холбогдоод асуухаар одоо гарах гэж байна, материал нь орсон таны 10 хүнээс 5-ынх нь миний 2 хүнийх гарсан гэж хэлдэг байсан. Тэгээд таг болсон. Араас нь хөөцөлдөж байгаад 1100 еврог монгол төгрөгөөр тооцоод шилжүүлэн авсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Билэгтээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-25/ “..Манай найз охин Хажидмаа нь визний цаг гаргана гээд хүмүүстэй утсаар яриад байдаг байсан, мөн хүмүүстэй нотариатаар ороод мөнгө авсан баримт байдаг байсан ба намайг асуухад "манай эгч Чехийн элчинд ажилладаг, цаг гаргаж өгч байгаа” гэж хэлээд байсан. Тэгэхэд нь би нэг их тоогоогүй, манай аав, ээж 2 мэдээд, манай гэрт амьдарч байсан болохоор ахын 10 хүний визний хуваарийн асуудлыг сонсоод “бэр болох гэж байгаа хүн юу гэж хульхидах вэ” гэж байсан юм. Тэгээд найз охин Хажидмаа 10 хүний визний цагийн хуваарь гаргаж өгнө гээд ах Билгүүнээс 5500 евро аваад, тэрийгээ гаргаж өгөлгүй удаа дараа худлаа яриад олон хоног өнгөрсөн. Судлаад яваад байсан чинь эгч нь элчинд ажилладаг нь худлаа болж таарсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Жамбалсанжидаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22-23/ “..Би өөрийн дүү С.Хажидмааг өөрийн хамтран амьдраад гэр бүл болох гэж байсан Б.Билэгт гэх залуугийн ахаас нь Чех улсын визний ярилцлагын цагийн хуваарь гаргаж өгнө гэж хэлээд 5500 еврог авсан гэж хэлж байсан, тэгээд анх эх үүсвэрийг нь Б.Билгүүн гэх залуу  нь өөрөө цагийн хуваарь гаргаж өгч байсан, тэгээд олох хүнийг нь С.Хажидмаа найз залуутайгаа олж өгөөд урамшуулал авдаг байсан гэж сонсогдож байсан, тэгээд гэрт 14 хоног орчим хүүхдээ аваад тэдний гэрт нь амьдрахаар яваад гэнэт нэг өдөр над руу залгаад намайг дуудаад яваад очиход ийм асуудал болсон гэж тэр өдөр мэдсэн..” гэсэн мэдүүлэг /хх-22-23/,

 

Гэрч О.Баяржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-26-27/ “..манай эгч Үүрийнтуяа над руу залгаад “С.Хажидмааг залгаад цагийн хуваарь гаргаад өг” гэж хэлсэн гэсэн, тэгэхээр нь манай эгч боломжгүй би тийм ажил хийдэггүй гэж хэлсэн байсан..” гэсэн мэдүүлэг,

 

С.Хажидмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-112/ “..Билгүүн ах надаас “10 хүний цагийн хуваарь гаргаж өгөх боломж байна уу” гэхээр нь би 2, 3 долоо хоногийн дараа бол гаргаж өгч болно гэж хэлээд маргааш нь 10 хүний бичиг баримт, мөнгөний хамт аваад, би цаашаа хуучин нөхөр О.Баяржаргалын бэр эгч нь Чехийн элчин сайдын яаманд ажилладаг болохоор нь түүнээс асуухад “эгч нь цагийн хуваарь дээр суудаггүй болохоор чадахгүй, чи дүрэм журмынх нь дагуу гаргуул” гэж хэлсэн. Тэгээд би Билгүүн ахын өгсөн мөнгөнөөс нь өртэй байсан Батцэнгэл эгчийн 4400 еврог алдангитай нь өгч барагдуулсан. Тэгээд Билгүүн ахын 10 хүний цагийн хуваарийг нь гаргаж өгч чадаагүй. Өөрт байсан 1100 еврог 3.348.400 төгрөгт тооцон шилжүүлсэн байгаа..” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Билгүүн “С.Хажидмаа нь өмнө нь цагийн хуваарь гаргуулах хүн олж өгч дундаас нь 50 евро ашиг авдаг байсан, хэсэг хугацааны дараа визний цагийн хуваарь гаргадаг хүнтэй холбоогүй болсон, тэгтэл манай дүү Б.Билэгттэй гэр бүл болохоор хамт амьдарч байсан С.Хажидмаа нь “манай эгч БНЧУ-ын элчин сайдын яаманд ажилладаг, хүмүүст Чех улсын визний ярилцлагын цаг гаргаж өгдөг гэж хэлж байсан, мөн утсаар хүмүүстэй визний цагийн хуваарийн талаар яриад байдаг болохоор нь итгээд 5500 евро өгсөн” талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн, шүүгдэгч С.Хажидмаа нь “Визний цаг нь гаргаагүй учраас тухайн хэмжээний мөнгөний өрөнд ороод Батцэнгэл эгчид өртэй байсан тэр өрөө хохирогч Б.Билгүүнээс авсан мөнгөөрөө дарсан” талаараа мэдүүлснийг хэрэгт хамааралтай хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Хажидмаагийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлэлийг урвуулан ашиглаж, хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүний гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Хажидмаа нь хохирогч Б.Билгүүнд 7.500.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан, үлдэгдэл 5.500.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Хажидмаа нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлын үлдэгдэл мөнгө болох 5.500.000 төгрөгийг төлөөгүй, хохирогч Б.Билгүүнээс дээрхи мөнгийг нэхэмжилж байгаа нь бичгийг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс уг мөнгийн гаргуулж, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 7-62 тоотод оршин суух Боржигон овогт Баярмагнайгийн Билгүүнд /РД:УХ89110771/ олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Хажидмаа нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Соронзонболдын Хажидмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Хажидмааг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хажидмаад оногдуулсан  500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Хажидмаа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хажидмаагаас 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 7-62 тоотод оршин суух Боржигон овогт Баярмагнайгийн Билгүүнд /РД:УХ89110771/ олгосугай.

 

6. Шүүгдэгч С.Хажидмаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Хажидмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хажидмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР