| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2429001680119 |
| Дугаар | 2024/ДШМ/56 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/56
М.*******од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Г.Цогтмагнай /цахим/,
Шүүгдэгч: М.******* /цахим/,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.*******од холбогдох 2429001680119 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.******* нь цахим буюу олон нийтийн сүлжээнд мал зарах утга агуулга бүхий зар байршуулсны дагуу иргэн З.******* утсаар холбогдож 3 хонь худалдан авахаар тохиролцсоноор хонины мөнгө болох 740.000 төгрөгийг Хаан банкны 5064753454 тоот дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан "ашиглаж, залилсан,
Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* нэртэй хүнсний дэлгүүрээс 2022 оны 12 дугаар сард адууны мах манай дүү зарж байгаа зарчхаад мөнгөө төлье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 316.900 төгрөгийн үнэ бүхий бараа материалын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилсан,
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ханбогд сумын зарын нэгдсэн группэд “Амьд хонь зарах хүн байна уу?” гэсэн зар байршуулан зарын дагуу Ж.******* утсаар холбогдож 3 хонь худалдахаар тохиролцож, хонины мөнгө болох 180.000 төгрөгийг Хаан банкны ******* тоот дансаар эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилсан,
2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* сумын зарын нэгдсэн группэд “Тэмээ зарна” гэсэн зар байршуулан зарын дагуу Г.******* мессенжер чатаар холбогдоход 2 тэмээ худалдахаар тохиролцож, тэмээний урьдчилгаа мөнгө болох 200 000 төгрөгийг Хаан банкны ******* тоот дансаар эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилсан,
2023 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах хуучин Соёлын төвийн байранд иргэн Н.гоос “гар утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлэн гар утсаар нь ярьж байхдаа түүний гар утасны интернет банкийг ашиглаж Хаан банк дахь дугаартай данснаас нь 2 удаагийн гүйлгээгээр нийт 500.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн ******* дугаартай данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч “Хулгайлах”,
2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өгөөмөр караоке бааранд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Т.г 100.000 төгрөг зээлээч гэж хууран мэхэлж, 100.000 төгрөгийг нь авч “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу нийт 2.036.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь М.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Мэргэн соосог овогт Мөнхтогтоолын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******од оногдуулсан 2 жилийн хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******од оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын сэжигтнээр баривчлагдсан 1 хоног, цагдан хоригдсон 49 хоног нийт 50 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож хасаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******оос 740,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.*******д, 180,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.*******т, 316,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.д, 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.д, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.д, 200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******д нарт тус тус олгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2429000000120, 2429000000121, 2429000000126, 2429000000127 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.*******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Мөнхтогтоол овогтой ******* нь эрүүгийн хэргийн 2429001680119 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-д заасны дагуу 3 жил хорих ялаар шийтгүүлсэн тул гомдолтой байна. Хохирол гомдлоо барагдуулах хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгөхийг хүсэж байна гэв.
Хяналтын прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч М.*******ын давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа гомдлыг дэмжихгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэвээр үлдээх саналтай байна. М.*******ын үйлдсэн гэмт хэргийн тухайд залилах 5 үйлдэл, хулгайлах 1 үйлдэл байна. Нийт 6 үйлдлээр ял шийтгүүлсэн байна. 2022 оны 12 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг үргэлжилсэн байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ял нь үйлдсэн гэмт хэргийн тоо, нийгмийн аюулын зэргийг хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 06 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн үед шөнө Эрдэнэ-Очир, Дөлгөөн цагдаа нар надаас юм асууя гэж хэлээд авч явсан. Дөлгөөн цагдаа намайг өрөөндөө оруулаад зодсон. Миний хавирга хугарсан, нуруу гэмтээсэн. Айлд аваачиж гавалж хонуулаад маргааш энд авч ирээд хийчихсэн. Намайг давж заалдаад хэрэггүй, их мөнгө орно гэж манай ээж аавд хэлсэн байсан. Би 3 жилийн хорих ял авсандаа гомдолтой байна. Миний 3 жилийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь М.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.******* нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч 3 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна, хохирол төлбөр барагдуулах боломж олгож өгөөч” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.
Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд шүүгдэгчийг 2 удаагийн ял шийтгэлтэй гэх товч мэдээлэл бичигдсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан ба шүүгдэгч нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна.
Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүгдэгч биелүүлсэн эсэхтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар тогтоох ажиллагаа хийгээгүй орхигдуулсны улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуульд заасан үндэслэл бий эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.
Цаашид прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу яллах дүгнэлтээ үйлдэх, шүүх мөн хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан шаардлагын дагуу шийдвэрээ бичих нь зүйтэй.
Түүнчлэн прокурор шүүгдэгчийг нэг удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг, 5 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн талаар яллах дүгнэлт үйлдэж “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэх заалтыг журамлан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй энэхүү үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байгааг дурдаж зөвтгүүлэхээр шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч М.*******ын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч М.*******од холбогдох 2429001680119 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.*******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА