| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00492/и |
| Дугаар | 301/ШШ2025/00498 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 301/ШШ2025/00498
|
301/ШШ2025/00498 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын ...... дүгээр баг, Т гэх газар оршин суух Н.Өын хүсэлттэй
Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов. Хүсэлт гаргагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрөө шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өмгөөлөгчөө оролцуулах гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Ө нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлов.
1.1 Хүсэлт гаргагч Н.Ө шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...би өндөр настаны тэтгэвэр тогтоолгох зорилготой 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Н.Ө миний А аймгийн Ө сумын Т багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....” гэжээ.
1.2. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Н.Өын хүсэлтийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Н.Ө нь 1972 онд төрсөн. 1994 он хүртэл аав ээжтэйгээ амьдарч байсан. Түүнээс хойш Ө сумын Т мал маллаж амьдарсан. Одоог хүртэл Т багтаа малаа маллаж амьдарч байгаа. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны малынх нь А дансны хуулбар олдохгүй байгаа шалтгаанаас болж мал мал маллаж байсан байдал нь тогтоогдохгүйд хүрсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хүсэлтийг нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Хууль зүйн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд 1994 оноос эхлээд Өгийнуур сумын Тоглох багт тусдаа гэр бүл болж очиж айл гэр болж амьдраад, тухайн багтаа одоог хүртэл мал маллаж амьдарч байгаа үйл явдал бол тогтоогдож байна гэж харж байна гэв.
2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
- А аймгийн .......... газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 515 тоот “тус архивын сан хөмрөгт Т сумын Б багийн малын А дансны 1995-1997 онуудын баримт шилжиж ирээгүй тул Д Нд холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт,
-А аймгийн Т сумын ...багийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 176 тоот “тус багийн иргэн Н.Ө нь 1990 оноос 1999 он хүртэл аав Д.Н ээж Ө.С хамт амьдарч байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн CVL......... дугаартай эцгийн нэр Д, өөрийн нэр Н гэх төрөл садангийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн CVL............ дугаартай Д овогт Н 1997 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нас барсны бүртгэлийн лавлагаа,
-А аймгийн Н газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/08 тоот “Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай” тогтоол,
-Н газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32/05 тоот шийдвэр хүргүүлэх тухай албан тоот зэрэг баримтуудыг өгсөн болно.
2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд
-Гэрч Х.Д шүүхэд өгсөн “Би А аймгийн Ө сумын Тбагт 1994 оноос мал маллаж амьдарч байсан. Н.Ө нь намайг 1994 онд мал маллаж байх үед Ө.........гэх залуутай гэр бүл болж ирсэн. Энэ үеэс Н.Ө гэх хүнийг тандаг болсон. Бид 1994 оноос эхлэн айл саахалт амьдардаг байсан. Н.Ө нь 1994 онд айлын бэр болж очоод л мал дээр мал малладаг байсан. Нөхөр нь Н.Өтай гэр бүл болохоосоо ч өмнө хөдөө мал малладаг байсан. Э.Ө нь 1994 оноос эхлэн нөхрийгөө нас барах хүртэл мал маллаж байсан. Түүний дараагаас хүүхдүүд нь сургуульд ороод сумын төв рүү орсон. Үүнээс хойш би юу хийж байсныг нь мэдэхгүй. Одоо хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг хараад Хот хөдөө хоёрын хооронд байдаг болсон. Би 1994 оноос хойш Н.Өтай айл аймаг байсан учраас түүний мал маллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Д шүүхэд өгсөн “Би 1995 онд А аймгийн Ө сумын Тбагт малын эмч хийж байсан. Намайг малын эмчээр ажиллаж байх үед буюу 1994 оноос Н.Ө нь Ө.Ал гэх хүнтэй гэр бүл болж байсан. Би малын эмчээр ажиллаж байх үедээ айлуудаар малын тарилга хийж явлаг байсан. Тэр үед Ө.Алтай, Н.Ө нар нь гэр бүл болоод мал маллаж амьдардаг байсан. Би Ө.А малд тарилга хийдэг байсан. Ө.А бог бод нийлсэн 100 гаран тооны малтай байсан. Би тухайн Тоглох багийн малын эмчээр ажиллаж малчин айл өрх бүрд тарилга туулга хийж явдаг байсан учраас багийн айлуудаа сайн мэднэ Ө.Алтай, Н.Ө нарын Тоглох багт хувийн малаа маллан одоог хүртэл амьдарч байгаа. Н.Өын нөхөр нь 2009 оны үед нар барсан санагдаж байна” гэх мэдүүлгүүд авагджээ.
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Н газрын 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/327 дугаар албан бичигт: “тус газрын архивт Нгийн Ө нь 1992 оноос 2000 он дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан болно” гэх лавлагаа,
-А аймгийн Н хэлтсийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/1222 тоот архивын лавлагаанд “тус аймгийн Төвшрүүлэх суманд үйл ажиллагаа явуулж байсан Д ББХК нь 1993 онд нийгмийн даатгалын байгууллагад 13,5 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлж харьцаж ирсэн баримт нь аймгийн Н хэлтсийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно” гэх лавлагааны хуулбар,
-Ө сумын Н тасагт Н.Өын “1994-2000 он дуусах хугацааны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж өгнө үү” гэх өргөдлийн хуулбар хувь,
-А аймгийн У хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 11/507 дугаартай “иргэн Н.Ө /аи........./-ын ХААТР-15 маягтыг хуулбарлан хүргүүлэв” гэх албан тоот,
-Гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 маягтад “........ регистрийн дугаартай Ө А .......регистрийн дугаартай Нгийн Ө, байнга оршин суугаа хаяг Архангай аймгийн Өгийнуур сум” гэсэн бичилттэй,
-А аймгийн Ө сумын Т засаг даргын 358 тоот “тус сумын Тоглох багийн иргэн Н овогтой Ө нь 1972 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, 1994 оноос хойш өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлээгүй тус суманд байнга оршин сууж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт,
-А аймгийн Ө сумын Т багийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 69 тоот “тус багийн иргэн Н овогтой Ө нь нөхөр 2 хүүхдийн хамт 1995-1997 онд шар булаг гэх газар мал маллан амьдарч байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,
-А аймгийн Т сумын ...багийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 127 тоот “Д овогтой Н нь РД:........., Нгийн Ө РД:......./ нарын 1995-1997 оны хүн амын бүртгэл сумын архивт байхгүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,
-Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02/815 дугаар албан бичгээр ирүүлсэн: 1989, 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа,
- А аймгийн А тасгийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 56 тоот “тус архивын сан хөмрөгт Ө сумын Т багийн 1995-1997 онуудын малын А дансны баримт шилжиж ирээгүй тул Нгийн Ө /РД:......./, Ө /РД:......./ нарт лавлагаа гаргах боломжгүй байна” гэх албан бичиг,
-А аймгийн Т газрын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/389 тоот “иргэн Нгийн Ө /РД:......./ нь 1995-1998 онуудад мал бүхий иргэний орлогын албан татвар төлсөн мэдээлэл татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байхгүй байна” гэх албан бичиг гэсэн лавлагаа зэрэг баримтууд цугларсан.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Өын А аймгийн Ө сумын Т багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.
Хэрэгт авагдсан дараах баримтууд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Үүнд:
- А аймгийн ...... тасгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 515 тоот тодорхойлолт,
-А аймгийн Т сумын ...багийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 176 тоот тодорхойлолт,
-Төрөл садангийн лавлагаа,
- Нас барсны бүртгэлийн лавлагаа,
-А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/08 тоот тогтоол,
-Н .... газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32/05 тоот албан бичиг,
- А аймгийн ......... газрын 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/327 дугаар лавлагаа,
-А аймгийн ......... хэлтсийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/1222 тоот архивын лавлагаа,
-А аймгийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 11/507 дугаартай албан тоот,
-Гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 маягт,
-А аймгийн Ө сумын Т засаг даргын 358 тоот тодорхойлолт,
-А аймгийн Ө сумын Тбагийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 69 тоот тодорхойлолт,
-А аймгийн Т сумын ...багийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 127 тоот тодорхойлолт,
-Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02/815 дугаар албан бичгээр ирүүлсэн: 1989, 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа,
- А аймгийн ... тасгийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 56 тоот албан бичиг,
-А аймгийн Т газрын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/389 тоот бичиг, гэрч Х.Д, Д.Д нарын мэдүүлэг зэрэг болно.
3. Шүүх хүсэлт гаргагч Н.Өыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг сэргээн тогтоолгох буюу А аймгийн Ө сумын Тбагт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь:
Хүсэлт гаргагч Н.Өыг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нөхрийн хамт А аймгийн Ө суманд мал маллаж байсан гэж түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан, А аймгийн Ө сумын Т багийн Засаг даргын 69 дугаартай тодорхойлолтод Н.Ө нь 1995-1997 онд Шар булаг гэх газар мал маллаж байсан нь үнэн гэж тодорхойлсон, гэрч Х.Д, Д.Д нар Н.Өыг мал маллаж байсан гэж тус тус мэдүүлдэг боловч
энэ байдал нь Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 03-02/5313 дугаар 2000 оны хүн ам орон сууцны тооллогын баримтад А аймаг, Т суманд бүртгэгдсэн талаар лавлагаа,
гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 маягтад 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрлэснийг 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн баримт,
Хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллогын маягт ХАОСТ-1 дүгээр баримтанд Нгийн Өыг А аймгийн Т суманд эрхэлдэг ажлыг малчин, мал аж ахуй гэж бүртгэгдсэн,
А аймгийн ......... газарт ажилласан жил, тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцуулахтай холбоотой өгсөн баримтанд А аймгийн Ө сумын Т засаг даргын 358 дугаартай тодорхойлолтод “Н.Өыг 1994 оноос хойш өөрөөс үл хамаарах шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй” гэж тодорхойлсон зэрэг баримтуудаар тус тус няцаагдаж, мал маллаж байсан нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
2. Хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Н.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц овгийн Нгийн Өын А аймгийн Ө сумын Тбагт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР