| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2329002200015 |
| Дугаар | 2024/ДШМ/57 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/57
Б.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Т.Солонго /цахим/,
Шүүгдэгч: Б.******* /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхбат,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнхийн даргалж 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******д холбогдох 2329002200015 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумаас зүүн хойд зүгт 60 км-т байрлах ******* 1-р багийн төвөөс ертөнцийн зүгээр хойд талд 10 км-т байрлах Цагаан тойром гэх нэртэй газар хээрийн шороон замаар ******* УНЛ улсын дугаартай колут /мицүбиши/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтыг зөрчиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Дамчаа овогтой *******ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Ямаан Ойдов овогт Бунъяагийн *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй /эмэгтэй/ хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******д 28 000 000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно”. гэжээ.
Хууль тогтоогчийн зүгээс согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоогүй. Харин амьсгал дахь спиртийн агууламж 0.20-оос дээш промиль агууламжтай үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хатуу хориглосон. Энэ нь хүний бие удирдан чиглүүлэх, эрсдэлтэй нөхцөл байдалд хариу үйлдэл хийх хурдан нөлөөлөх хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгасан тоон үзүүлэлт юм.
Согтууруулах ундаа хэрэглэх ба согтуурах нь эрх зүйн үр дагавар, агуулгын хувьд харилцан адилгүй ойлголт байдаг.
Гэтэл Шийтгэх тогтоолын 1.4 Эрх зүйн дүгнэлт хэсэгт хэсэгтээ "... Б.******* нь тээврийн хэрэгслийг жолоодохдоо архи согтууруулах ундааны зүйл хэсэглэсэн байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******, гэрч Т.Өлзийжаргал, Ч.Нэргүй, М.Доржсүрэн, О.Мөнхбат, шүүгдэгч Б.******* нарын мэдүүлэг болон жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.” гэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д “согтуурсан үедээ” гэж бичсэн нь агуулгын хувьд ойлгомжгүй. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “согтуурсан” гэх агуулгыг буруугаар тайлбарласан хэрэглэсэн байна.
Шийтгэх тогтоолд иш татсан жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа” гэх баримтад шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 хүрэхгүй байгааг анхаарч үзээгүй, энэ талаар ямар нэгэн тайлбар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны байх зарчим”- г ноцтой зөрчсөн байна.
2. Шийтгэх тогтоолын 2.2 Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялын хэмжээг бууруулах боломжгүй гэх дүгнэлт хийсэн байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зүйлчлэлийн урьдчилсан нөхцөлийн хувьд тухайн ослын улмаас хүний амь хохирсон байхыг шаарддаг. Мөн хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ял шийтгэл нь мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан журамд хамаарах боломжтой байдлаар тогтоосон байдаг.
Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээр шийдвэрлэхэд хүрвэл Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр ял шийтгэлийг бууруулах боломжгүй нөхцөл байдал үүснэ. Үүнээс үүдэн хууль тогтоогчийн зүгээс гэмт хэрэгт холбогдсон этгээдийг хор уршгийг нөхөн төлөх сэдлийг нь идэвхжүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хэрэгжих боломжгүй болно. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг ба мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн явдал юм.
3. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хүний амь нас хохирсон бол” гэж заасан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын явцад бичигдсэн баримтууд, яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд “хүний амь насыг хохироосон” гэж буруугаар бичиж тэмдэглэж ирсэн нь мөн л хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 сарын 23-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.*******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ үү. Миний үйлчлүүлэгч Б.******* нь өөрийн үйлдэлдээ маш их харамсаж үйлдлийнхээ үр дагаврыг бүрэн ухамсарлаж байгаа. Гэр бүлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран халамжилж байдаг байдлыг харгалзан үзнэ үү.
Мөн 2024 оны 08 сарын 23-ны өдөр болсон шүүх хуралдаанд хохирогчийн М.******* “...талийгаач маань машины урдуур гүйгээд орчихсон, би араас нь хөөж барих гээд амжаагүй, ...маш хурдан болж өнгөрсөн” гэх агуулгатай мэдүүлэг, тайлбар өгсөн Бид дээрх мэдүүлэг, тайлбарт агуулагдаж байгаа үйл баримтыг анхааралгүй орхиж болохгүй. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд обьектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой. Хэргийн тохиолдолд Б.******* нь хохирогч Д.*******ыг автомашины өмнүүр хурдтайгаар гүйж гарч ирэхийг урьдчилан харсан, эсхүл харах боломжтой байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримтаар баттай нотолж тогтоосон зүйлгүй. Б.******* нь зохих зөвшөөрөлгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх нь хор уршигтай шууд шалтгаант холбоотой эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.
Шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдээлэлд агуулагдаж байгаа үйл баримтад дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байгааг анхаарч үзнэ үү.
Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өөрийнх нь мэдүүлгээр өөрийг нь гэм буруутай тооцож, гэм буруугийн талаар маргаагүй гэж анхан шатны шүүх үзсэн гэж хэлж байна. Анхан шатны шүүхээс ийм дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг үйл баримт нь хэргийг хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******, шүүгдэгч Б.******* нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэн. 4-5 хундага уусан нь үнэн. Шүүх шийтгэх тогтоолынхоо 10 дугаар талд дүгнэлтийг маш тодорхой бичиж дүгнэсэн байгаа. Үүнд өмгөөлөгчийн яриад байгаа 0,17 хувийн согтолттой байсан, шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй учраас нотлох баримтаас хасаж өгнө үү гэх саналыг гаргасан. Үүнийг шийдвэрийнхээ үндэслэл болголгүйгээр бусад үйл баримтаар тогтоогдож байгаа хэсгээр 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн. Мэдээж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээнд тохируулан эрүүгийн хариуцлагыг тухайн үйлдсэн хэргийн хамгийн бага ялыг оногдуулсан. Үүнийг анхаарч үзэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангасан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа. Уг гэмт хэрэгт миний буруу байгаа намайг уучилж өршөөгөөрэй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолын 9, 10 дугаар талд өгөгдсөн мэдээллүүдээс би гомдолдоо иш татсан байгаа. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа Б.******* нь тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэх дүгнэлтээ гэрчийн мэдүүлэг болон магадалгаагаар тогтоогдож байна гэсэн байдлаар бичсэн байдаг. Шийтгэх тогтоолын 9 дүгээр нүүрт гэрчүүдийн мэдүүлэг болон согтуурлын зэргийг шалгасан магадалгаагаар хөтөлбөргүй тогтоогдож байна гэсэн. Уг нотлох баримтаар юу нотлогдох вэ гэхээр ямар ч байсан энэ хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдэг тогтоогдож байна гэж бичсэн байгаа. Үүнтэй маргахгүй. Гэтэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь нотлогдож байна гэдгээ шийтгэх тогтоолд дурдахдаа шууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болгож дүгнэсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тээврийн хэрэгсэл жолоодох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хоёр агуулгын хувьд мөн эрх зүйн үр дагаврын хувьд тэс өөр зүйл байгаа. Энэ хооронд нэг зүйл байдаг нь Б.******* нь гэм буруугийн талаар ямар нэгэн байдлаар маргаагүй гэсэн шүүхийн дүгнэлт бичээд байдаг. Үүнээс үзэхэд шүүгчийн зүгээс Б.******* гэдэг хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Магадалгаагаар 0,17 хувь буюу согтууруулах ундааны агууламжаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдож байна. Мөн өөрөө маргахгүй байгаа учраас согтуу гэж үзлээ гэдэг байдлаар дүгнээд байдаг. Хэрвээ нотлох баримтыг шинжлэн судлахад аливаа нэгэн үйл баримтыг тогтооход эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна. Шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлгээр өөрийг нь яллаж байгаа.
Мөн гомдол дээрээ нэг ноцтой зүйл авч үзсэн нь анхан шатны шүүхэд гэм буруугийн талаар маргаж оролцоогүй ч гэсэн анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* мөн энэ хэргийг гол гэрчийн хувьд нэг зүйл ярьсан байдаг.
2 дугаар хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд байх шүүх хуралдааны тэмдэглэл дээр М.*******гийн өгсөн мэдүүлэг байна. Үүнд талийгаач хөдөлж байсан машины урдуур өөрөө гүйгээд орчихсон. Би араас нь болиулах гээд амжаагүй гэж мэдүүлдэг. Б.******* талийгаачийг машиных нь урдуур гүйж орж байгааг мэдэх боломжтой байсан юм уу, боломжгүй байсан юм уу Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмын талаар анхаарч үзэх ёстой байсан юм байна гэх бодол төрсөн. Энэ талаараа гомдол дээрээ бичсэн байгаа. Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлд гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршгийг гэм буруугаар учруулсан гэж үзнэ гэж тайлбарласан байдаг. Мөн Монгол Улсад Эрүүгийн хуулийг тайлбарласан цөөхөн хэдэн сурах бичгүүдийн нэг Эрүүгийн хуулийн ерөнхий анги гэх *******, *******, *******, , нарын сурах бичигт Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйл гэм буруугийн зарчмын талаар тайлбарлахдаа гэм буруугүйгээр хохирол учруулсан нь гол төлөв авто тээврийн элдэв ослын үед элбэг тохиолддог бөгөөд хохирол учруулсан бол заавал хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн үзэл давамгайлж гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлж ирсэн бодит байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт энэ зохицуулалтыг оруулж ирсэн гэсэн байдлаар тайлбарласан байгаа. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр гэм буруутай эсэх, самбаачлах боломжтой байсан эсэх, Б.*******ы ял шийтгэл хөнгөрүүлэх согтуурсан эсэхээс үл хамаараад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит байдлыг хөтөлбөргүй тогтоох зарчмыг баримтлаад үзэх хэрэгтэй зүйл юм байна гэж үзэж гомдолдоо тусгасан байгаа. Эдгээр хүсэлтүүд болон нотлох баримтыг маш сайн хянаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Б.*******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд хандан “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 сарын 23-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.*******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай.” гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй байна гэж дүгнэв.
Хэрэгт 2023 оны 7-р сарын 26-ны өдрийн 08.30 минутад жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа авагдсан ба хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмын дагуу жолоочийн согтуурлыг шалгаж, 0,17 хувийн согтолттой болох талаар тэмдэглэл үйлдэж хэрэгт нотлох баримтаар хавсаргажээ. /ХХ-ийн 28-р тал/
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж тайлбарласан ба шүүгдэгч Б.*******ыг тусгай багажаар шалгахад түүний амьсгал дахь спирт агууламжийн хэмжээ 0,17 хувь буюу хуульд заасан согтуурсан гэж үзэх хэмжээнд хүрээгүй байсан болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн 2023 оны 7-р сарын 26-ны өдөр ******* сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн өрөөнд 08 цаг 23 минутад эхлүүлсэн Б.*******ы биеэс биологийн дээж авсан талаарх тэмдэглэл авагдсан ба /ХХ-ийн 76-р хуудас/ 08 цаг 28 минутад дуусгасан байна.
Хэрэгт “...2023 оны 8-р сарын 15-ны өдрийн 3453 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан ба шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээ хийлгэх тогтоолтой тохирохгүй байна. Шинжилгээнд Б. КЕ78113009 гэж хаягласан хуруу шилтэй 4 мл орчим цусны дээж ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн Б. КЕ7813009 гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.0 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.
3453 тоот дүгнэлтийн шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт дээр Б. гэх иргэний цусны дээжид шинжилгээ хийж байгаа талаар үзүүлсэн байна.
Шинжээч дүгнэлтээ гаргахдаа “...шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээ хийлгэх тогтоолтой тохирохгүй байна...” гэх тайлбарыг бичиж гэрэл зургаар бэхжүүлсэн ба шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсон, цусны дээж гэх хуруу шилэн дээр шүүгдэгч Б.*******ы нэрээс өөр нэр бичигдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон, шинжээч эмч ч энэ талаар дүгнэлтдээ дурджээ.
Иймд шүүх 3453 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны журмыг зөрчсөн нотлох баримтыг үнэлсэн гэж үндэслэл тогтоогдож байна.
Иймд дээрхтэй нэг цаг хугацаанд хуульд заасан арга журмын дагуу, зөвшөөрөгдсөн техник хэрэгслээр жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан магадлагааг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл болон оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгчийг анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, тайлбар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******д оногдуулсан ялыг хөнгөрүүлж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэсжээ авсантай холбогдуулан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсон байгааг дурдав..
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтын “мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй ” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй /эмэгтэй/ хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй” гэж,
4 дэх заалтын “...шүүгдэгч Б.*******ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.******* нь 62 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА