| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/01522/И |
| Дугаар | 191/ШШ2025/03028 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/03028
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******, өөрийн байранд оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,****** тоотод бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы ******* /рд:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 52,755,201.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******ы ******* нь *******тай 2019 оны 12-р сарын 12-ний өдөр NoЗГ/ВСС191129063-3 тоот “Зээлийн гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”, “Баталгааны гэрээ”-г байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 20,40 хувийн хүүтэй, жилийн 4,08 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр үндсэн болон болон хэтэрсэн хугацааны хүү жилийн 25,20 хувь, жилийн 5,04 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны үндэслэн банкны зүгээс энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Зээлдэгч нь 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээл: 28,376,962.07 төгрөг;
Зээлийн үндсэн хүү: 21,695,008.77 төгрөг;
Нэмэгдүүлсэн хүү: 2,665,231.13 төгрөг;
Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 18,000.00 төгрөг;
Нэхэмжлэлийн шаардлага:
Талуудын хооронд байгуулагдсан тоот No3Г/ВСС191129063-3 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 52,755,201.97 (тавин хоёр сая долоон зуун тавин таван мянга хоёр зуун нэгэн төгрөг ерэн долоон мөнгө) төгрөгийг гаргуулж, *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* (Регистерийн дугаар: *******), Худалдаа Хөгжлийн Банктай 2019 оны 12-р сарын 12-ны 12-ны өдөр байгуулсан ЗГ/ВСС191129063-3 тоот бизнесийн бичил зээлийн гэрээний дагуу 28,376,962.07 төгрөгийн зээл авсан билээ. Уг зээлийн төлбөрийг төлж чадаагүйтэй холбогдуулан Худалдаа Хөгжлийн Банкнаас миний эсрэг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 52,755,201.97 төрөгийн дүнтэй нэхэмжлэл гаргасныг би хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: 2019.12.12-ны өдрийн ЗГ/ВСС191129063-3 дугаар зээлийн гэрээний хуулбар /хх8-10/, мөн өдрийн ЗБ/ВСС191129063-3-3 дугаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хх11-12/, мөн өдрийн БГ/ВСС191129063-3 дугаар баталгааны гэрээний хуулбар /хх13/, 2021.12.24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээний хуулбар /хх14/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх15/, нотариатын зардал төлсөн баримт /хх6/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 52,755,201.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.*******д холбогдуулан гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь “*******” ХК-ийн нэхэмжилсэн 52,755,201.97 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн. /хх28/
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,726.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гоос тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.******* нь “*******” ХК-ийн нэхэмжилсэн 52,755,201.97 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,726.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .*******гоос 210,863 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 210,863 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК /рд:*******/-д буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД