2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/02961

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.******* би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,****** тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,

 

30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* би хариуцагч Д.*******той өөрийн танил Г.*******эгээр дамжуулан танилцсан. 2024.06.14 өдөр Г.******* нь "миний танил Д.******* гэж хүн бий. Бид хоёр тал талаасаа хөрөнгө гаргаж нийлүүлээд нэг биенес эхэлж байгаа юм. Д.******* ахын мөнгө нь бүрдэхгүй удаашраад байна, түүнд мөнгө зээлээч. Найдвартай хүн байгаа" гэж хүсэлт гаргасан. Д.******* нь өөрөө ч мөнгөний чухал хэрэгтэй байгаа талаараа тайлбарласан учир би итгэж дараах байдлаар мөнгө зээлдүүлсэн.

2024.06.14 өдрөөс 2024.08.09 өдрийн хооронд нийт 48,500,000 төгрөг зээлдүүлсэн. Д.******* нь “зээлсэн мөнгөө удаахгүй буцаан төлнө" гэж байсан боловч төлөхгүй байсан учир 2024.11.29 өдөр нотариатын байгууллага дээр уулзаж 10,000,000 төгрөгийг авсан. Улмаар "Үлдэгдэл 38,500,000 төгрөгөөс 8,500,000 төгрөгийг ******* төлнө, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 4 хувааж төлнө" гэсэн агуулгаар баталгаа бичиж өгсөн. Гэвч Д.******* нь баталгаанд дурдсан хугацаандаа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “...шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан үүргээ биелүүлээгүй учир Н.******* би түүнээс зээлийн төлбөрөө шаардах эрхтэй гэж үзэн шүүхийн журмаар гаргуулахаар шаардаж байна. Иймд хариуцагч Д.*******оос 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.                  Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.*******ийн надад холбогдуулан гаргасан 30 сая төгрөгийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.            Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: 2024.11.29-ний өдрийн огноо бүхий мөнгө төлөх баталгаа /хх4/, дансны хуулга /хх5/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Н.******* нь зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******од холбогдуулан гаргажээ.

 

3.            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь Н.*******ийн нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн. /хх48/

 

            4.         Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хариуцагч Д.******* нь Н.*******ийн нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос  153,975 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 153,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.******* /рд:*******/-т буцаан олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/11279 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус шүүгчийн захирамж албажиж гарснаар дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД