Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 348

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч С.Ариунболд /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Ариунболдод холбогдох эрүүгийн 1711012420322 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Чулуунтайхан овогт Содномбалжирын Ариунболд, 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Өндөрт гэрэлтэх цамхаг” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эх, эхнэрийн хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 13-488б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:УЗ89081694/.

 

Шүүгдэгч С.Ариунболд нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-11б тоотод хардалтаас үүдэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Б.Гэрэлтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ариунболд нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-11б тоотод үл ялих зүйлээр шалтаглан галын дэгээ төмрөөр хамтран амьдрагч Б.Гэрэлтуяагийн зүүн талын мөрний орчмоос хөл хүртэл, мөн баруун гарын бугалга орчимд хэд хэдэн удаа цохиж түүний биед зүүн хацар, баруун бугалга, хуруу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хураөлт, зөөлөн эдийн няцрал, уруул, баруун алга, зүүн гуя, зүүн өвдөг зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Гэрэлтуяагийн /хх-17-18/: “..Би Ариунболдтой 2017 оны 07 сараас хойш хамтран амьдарч эхэлсэн бөгөөд албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ариунболд бид 2 Хайлаастын дунд буудлын гэрт байж байхад манай найз хүүхэн Өэлүн-Үжин ирсэн бөгөөд Ариунболд бид гурав хамт 0.75 литрийн архи 2 том пиво хувааж уусан юм. Тэгээд Өэлүн-Үжин, Ариунболд 2 архинд яваад нилээн удсан бөгөөд Ариунболдыг хүрээд ирэхээр нь яасан удаан явдаг юм гэсэн чинь “чи намайг хардлаа” гэж уурлаад бид хоёрын дунд маргаан үүссэн. Маргаан болох үер Өэлүн-Үжин зугтаагаад явчихсан. Тухайн үед цаг нилээд орой болсон байсан бөгөөд 22 цаг өнгөрч байсан. Тэгээд Ариунболд галын дэгээ төмөр аваад миний зүүн талын мөрний орчмоос хөл хүртэл цохьсон. Мөн баруун гарын бугалга орчимд хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд тэр төмрөөрөө тахийтал намайг зодчихоод гэрээс гаргаад хаячихсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Үржин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-20/ “..Ариунболд алхаар цохьсон гэх асуудлыг би мэдэхгүй. Ариунболд энэ 2 хоорондоо хэрэлдэж муудалцдаг. Би ямар сайндаа энэ хоёрыг хамт архи уугаад хэрүүл хийгээд байхаар нь залхаад гэрт нь үлдээгээд хэдэн сар тусдаа байсан. Уг нь тэгж зодолдож, цохилцоод байдаг асуудал байхгүй. Хамт архи ууснаас л хамаг юм болж байгаа юм..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №14044 дугаар дүгнэлтэнд: “..1.Б.Гэрэлтуяагийн биед зүүн хацар, баруун алга, хуруу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, баруун алга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч С.Ариунболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-22, 29/ “..Би Гэрэлтуяатай 2017 оны 09 дүгээр сараас хойш хамт амьдарч эхэлсэн. 2017 оны 11 сарын эхээр Гэрэлтуяа 2-3 хоног гадуур яваад алга болчихоод ирсэн юм. Тэр орой нь найзтайгаа намайг хардаад байхаар нь  би Гэрэлтуяатай муудалцаад галын дэгээ төмрөөр зодсон..” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч С.Ариунболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-48/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14044 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Гэрэлтуяагийн учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч С.Ариунболдын дээрх байдлаар хамтран амьдрагч Б.Гэрэлтуяаг зодсон нь санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.Ариунболдыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ариунболдоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч С.Ариунболдыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Гэрэлтуяа шүүгдэгч С.Ариунболдоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Ариунболд нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чулуунтайхан овогт Содномбалжирын Ариунболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Ариунболдыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ариунболдод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ариунболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч С.Ариунболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ариунболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ариунболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР