| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00510/И |
| Дугаар | 301/ШШ2025/00477 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 301/ШШ2025/00477
|
|
301/ШШ2025/00477 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн И сумын Т ...т оршин суух хаягтай, Б овогт Мн О /ИБД:.........../-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч М.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.О нь шүүхэд А аймгийн И сумын Х ангид1989 оны 07 сарын 10-ны өдрөөс 1994 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна.
М.О би 1970 оны 04 сарын 22-нд төрсөн, одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болсон. Би 1989 оноос 1994 он хүртэл А аймгийн И сумын Х ангид тогоочоор ажиллаж байсан. Энэ байдлыг нотлох бичиг болох архивын лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй байгаа. Н газраас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу шүүхээр ажилласан жилээ тогтоолгон өндөр насны тэтгэвэр авах зорилгоор хүсэлт гаргаж байна. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс, 1989 оны хөдөлмөрийн дэвтэр, бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Х ангид1989 оны 07 сарын 10-ны өдрөөс 1994 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн А тасгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467 тоот тодорхойлолт,
- 1988 оны М.Огийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
- И сумын Х ангид ажиллаж байх үеийн гэрэл зураг
Шүүхээс Хүсэлт гаргагч М.Огийн хүсэлтээр М.А, Л.Н нараас авсан гэрчийн мэдүүлэг,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- М.Огийн нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй А аймгийн И сумын худалдаа бэлтгэлийн ангийн 1990-1994 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт тус газарт хадгалгдаагүй тул лавлагаа гаргах боломжгүй гэх А аймгийн Н газрын 2025 оны 07 сарын 05-ны өдрийн 01/329 дугаартай албан бичиг,
- Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын ...... сумын бүртгэлээс Мн Од холбогдох хүн ам тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагааг гаргах боломжгүй гэсэн 2025 оны 07 сарын 03-ны өдрийн 02/795 дугаартай албан бичиг,
- А аймгийн У ирүүлсэн Н.А, Б.Б, Б.Б, ХААТР-1 маягт, хаягийн хуудас
- Тус сумын архивт Худалдаа бэлтгэлийн ангийн баримтууд хадгалагдаж үлдээгүй тул М.Од холбогдох гаргаж өгөх боломжгүй байна гэх А аймгийн И сумын засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 07 сарын 30-ны өдрийн 03/194 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Огийн А аймгийн И сумын Х ангид 1989 оны 07 сарын 10-ны өдрөөс 1994 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл тогоочоор хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байна.
Хүсэлт гаргагч М.О нь ажиллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг ханган өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.
М.О нь А аймгийн И сумын Х ангид1989 оны 07 сарын 10-ны өдрөөс 1994 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл тогоочоор хүртэл ажиллаж байсан болох нь “...1988 онд худалдааны техникум ТМС-д тогооч мэргэжлээр элсүүлэн суралцуулав... гэсэн, ...сургуулиа төгссөн учир аймгийн Х ангид хуваарилав, ...Х ангид гуанзанд туслах тогоочоор 1989 оны 07 сарын 10-ны өдрөөс авч ажиллуулав...” гэсэн тэмдэглэл бүхий 1988 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн түүний хөдөлмөрийн дэвтэр, “...М.О 1988 он худалдааны техникум 1 курс... гэж бичигдсэн ХААТР-1 маягт, М О А аймгийн И Т баг... гэж бичигдсэн хаягийн хуудас, гэрч З.Аийн “...Миний бие А аймгийн И сумын уугуул бөгөөд Худалдаа бэлтгэл ангид 1988 онд үйлчлэгчээр ажилд орж, хоршоо тартал буюу 1994 он хүртэл ажилласан. Намайг ажилд ороод нэг жил болж байхад 1989 оны сарыг нь сайн санахгүй байна, хоршооны гуанзанд тогоочоор О нь томилогдон ажиллаж эхэлсэн. Тухайн үед хоршооны даргаар Д, Б, Б гэж дарга удирдлагууд, тогоочоор Д, Д нар байсан санагдаж байна. О нь тухайн үед ажилд орохдоо нөхөр, хүүхэдгүй эцэг эхтэйгээ хамт амьдардаг байсан. Ажилд орсны дараа нөхөр, хүүхэдтэй болсон. О нь хоршоонд байхдаа тогоочоос өөр ажил хийж байгаагүй, А аймгийн И сумын Х ангид Огаас өөр О гэсэн нэртэй тогооч намайг ажиллаж байх үед ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг, Л.Нын “...Би А аймгийн И сумын Х ангид1989 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ном соёлын барааны худалдагчаар анх ажилд орсон. Тухайн Х ангид миний бие ном соёлын барааны худалдагч, тооцооны нягтлан бодогч, худалдагчаар тус тус ажиллаж байсан. О нь 1989 онд Завханы техник мэргэжлийн сургуулийг төгсөөд А аймгийн И сумын Х ангид тогоочоор орж, Х ........тартал ажилласан. Намайг А аймгийн И сумын Х ангид 1989 оны 04 сард ажилд ороход О нь ажиллаж байгаагүй, намайг ажилд орсны дараагаар 4-5 сарын дараа ажилд орсон. Х ........нь 1990 оны үед Тайхар хоршоо нэртэй болж өөрчлөгдөж байсан. Тухайн үед намайг ажилд ороход Д дарга байсан, анги хоршоо болж өөрчлөгдөхөд Б гэж даргатай байсан. О нь тогоочоос өөр ажил хийж байгаагүй. Тухайн үед О нь нөхөр, охины хамт амьдардаг байсан...” гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч М.Ог А аймгийн И сумын Х ангид1989 оны 07 сарын 10-ны өдрөөс 1994 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл тогоочоор хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт М О /ИБД: /-ын А аймгийн И сумын Х ангид 1989 оны 07 сарын 10-ны өдрөөс 1994 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
|
|