Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 305

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,

Шүүгдэгч Д.Мөнхбаяр /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Мөнхбаярт холбогдох эрүүгийн 1811009290311 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Авгууд овогт Даваадоржийн Мөнхбаяр, 1987 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “Тавин ус” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 17-р байр 43 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ХГ87030811/

 

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

2018 оны 03 сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 17 дугаар байрны 43 тоотод эхнэр Ц.Саранчимэгтэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Мөнхбаяр 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Ц.Саранчимэгтэй үл ялих зүйлээс болж маргалдаж, зурагтын удирдлага нүүр лүү нь авч шидэн, хоолойноос нь боож газар тархиар нь савж унагаан түүний биед зүүн талын хацар, шанаа, зүүн тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Саранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-12-13/: “..2018 оны 03 сарын 13-ны өдөр 12 цагийн үед би нөхөр Мөнхбаяртай гэр бүлийн жижиг харилцаанаас болж маргалдсан. Тэгсэн манай нөхөр уурлаад намайг “яв зайл өөр өрөөнд орж унт” гээд намайг дэргэдээсээ хөөсөн. Тэгэхэд Мөнхбаяр надруу зурагтын удирдлага авч шидсэн ба тэр удирдлага нь миний зүүн талын шанаа хэсэгт оносон. Нийслэл пиво ууж байсан, пиво хийсэн байсан стаканаа манай гэрийн хананд өлгөөтэй байсан миний гэр бүлийн зураг руу шидэж хагалчихаад “энэ зургаа дахиж битгий өлгөөрэй” гээд уурласан. Тэгтэл Мөнхбаяр босч ирээд намайг хоолойноос боогоод газар тархиар савж унагаагаад намайг өрөөндөө орж унт яв гэж хэлсэн. Хамт амьдраад 2 жил болж байна. Хэрүүл маргаан бол намайг том хүүхдээ гаргаснаас хойш буюу 2 жилийн өмнөөс эхлэж үүссэн. Тохой өвдөг хэсэгт мөн зүүн талын шанаа толгойны ард дагз хэсэгт шилэн хүзүү хэсэгт гэмтэл учирсан. Намайг багалзуурдаад над руу удирдлага шидсэн. Багалзуурдахдаа миний толгой газар савсан..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Мөнхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-15-17, 25-26/ “..2018 оны 03 сарын 13-ны өдөр гэртээ эхнэр Саранчимэгтэй маргалдаад түүний нүүрлүү удирдлага шидсэн. Тэгээд манай эхнэр цагдаад өргөдөл гаргасан байсан. Эхнэртэйгээ маргалдсан асуудал нь манай эхнэр гар утсан дээрээ байгаа нэг бичгийг намайг унш гэж шахаж шаардаад байсан ба би үгүй гээд хэрүүл маргаан эхэлсэн. Ер нь бол гэр бүлийн жижиг, сажиг маргаан л болсон. Тэгээд би тухайн үед зурагт үзээд зурагтны гэрэлд харанхуйд сууж байсан чинь эхнэр намайг унш гэсэн юм уншаагүйгээс болж загнаж, харааж ерөөгөөд доромжилоод байсан ба би тэрийг нь тоохгүй зурагтаа үзээд суугаад байсан чинь Саранчимэг зурагтны залгуур цаагуур нь салгачихсан тэгээд харанхуй болохоор нь би уур хүрээд тэсэлгүй удирдлага аваад зүглүүлээд шидсэн чинь хацар дээр нь оносон байсан..” гэсэн мэдүүлэг, мөн шүүгдэгч Д.Мөнхбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 сарын 21-ний өдрийн №3801 дугаар дүгнэлтэнд: “..1. Ц.Саранчимэгийн биед зүүн талын хацар, шанаа, зүүн тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч Д.Мөнхбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-28/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-39/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 сарын 21-ний өдрийн ¹3801 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Саранчимэгт учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Мөнхбаярын дээрх байдлаар эхнэр Ц.Саранчимэгийг зодсон нь санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Мөнхбаярыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Мөнхбаяраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Мөнхбаярыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Саранчимэг нь шүүгдэгч Д.Мөнхбаяраас нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Авгууд овогт Даваадоржийн Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхбаярыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаярт оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мөнхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР