Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/68

 

 

 

 

 

 

 

 2024       11         06                                           2024/ДШМ/68

 

 

Ц.Уд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.О

Хохирогчийн өмгөөлөгч                            А.Т

Нарийн бичгийн дарга                               Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Уд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н овогт Ц-н У, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Ц.У нь Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг    тоотод оршин суух хохирогч Ж.Э-н гэрт очиж “хүүхэдтэй болох боломжгүй болсон тул үр шилжүүлэн суулгуулахад шаардлагатай мөнгө зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3.200.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 800.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 200.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгийг өөрийн нөхөр Г.Бадарчийн эзэмшлийн Хаан банкинд дахь тоот дансаар шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт,

 

  мөн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Ука спиннинг спортын хамтран ажиллах гэрээ”-г  хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөгчид гаргаж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Шүүгдэгч Н овогт Ц-н Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шүүгдэгч Ц.Уг тус тус шийтгэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Ц.Уд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялаас тусад нь эдлүүлж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уд оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.У шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц арван хоёр сарын хугацаанд буюу 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ц.Уд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Угаас 4.200.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Э-д олгож,             Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.У шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“... Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие хүнд өвчний учир байнгын эмчийн хяналтад байдаг. Энэ өвчний улмаас би ухаан санаа тогтворгүй ойлгоц удаан нөхцөл байдлыг эргэцүүлэн бодох чадвар сул болсон. Тухайн өдөр би үнэхээр ухаан санаа тогтворгүй байсан тул хийсэн үйлдэл болон шүүхээс гаргаж буй шийдвэр, тогтоол, өмгөөлөгчийн үг зөвлөгөө болон шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар намайг гэм буруутайд тооцсон зэргийг тухайн үед огт ойлгоогүй юм.

Харин цагдан хорих байранд хорих боллоо гэх үед үнэхээр их гайхсан. Энэ бүх зүйлийг би шийтгэх тогтоолыг гардаж авч уншиж үзээд ойлгож байна. Би одоо хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулж өгөхийг хүсэж байна ... би эрүүл мэндийн хувьд эрүүл саруул хүн биш сахар буурдаг, нойргүйдлээс болж эрүү мултрах эмгэгтэй, эмэгтэйчүүдийн хагалгаанд удаа дараа орсон. Хавдрын хагалгаанд орж химийн эмчилгээ хийлгэж байгаа. Хавдар судлалын төвд эмчийн хяналтад байдаг. Үүнээсээ болж унаж татдаг болсон. Би өвчтэй болохоор цагдан хорих байранд ороод эм тариа байхгүй өвчин маань сэдрээд эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай байна. Анхан шатны шүүхээс хохирогч Ж.Э-д төлбөл зохих хохиролд 4,200,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул надад оногдуулсан ялыг бие эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү...” гэжээ. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн нөхцөл байдлыг ойлгосон. Хохирол төлбөрөө төлсөн. Биеийн байдлыг харгалзан торгуулийн ялыг оногдуулж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа: ... нэмэлт саналгүй байна. Хохирогч санал гомдолгүй байгаа гэв.

             Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төгөлдөр дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Угийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

   Шүүгдэгч Ц.У нь ... үр шилжүүлэн суулгуулахад шаардлагатай ...” гэж хохирогч Ж.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүнээс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 4.200.000 төгрөгийг өөрийн нөхөр Г.Б-н эзэмшлийн Хаан банкин дахь  тоот дансаар шилжүүлэн авсан залилсан,

 

   мөн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Ука спиннинг спортын хамтран ажиллах гэрээ”-г  хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөгчид гаргаж өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Угийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах”, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

            Тухайн хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

 

            Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүйгээс гадна

           шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцжээ.

 

            Ийм анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Угийн “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Угийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                            С.УРАНЧИМЭГ