Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

гэрч Ц.Бадрал,

шүүгдэгч, хохирогч Т.У, түүний өмгөөлөгч А.Отгонбаяр,

шүүгдэгч, хохирогч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.У, Н.Э нарт холбогдох эрүүгийн 1806017540358 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, Т.У,

 

2. Монгол Улсын иргэн, Н.Э.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.У нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эхийн автобусны буудал орчим нөхрийн хөлийг дайрсан гэх шалтгааны улмаас Н.Этэй маргалдан цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эхийн автобусны буудал орчим гарсан зам тээврийн ослын улмаас Т.Утай маргалдан, түүний цээжинд цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Эийн: “...2018 оны 2 сарын 23-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11-р хороолол хөгжим бүжгийн коллежийн урд талаас үл таних согтуу эрэгтэй хүн такси бариад БЗД-ийн 2-р хороо Дарь Эхийн эхний буудлын тэнд явж байхад “ингэсгээд зогс” гээд хэлэхээр нь би зогсоод “1000 төгрөг гарлаа” гэж хэлтэл нөгөө согтуу залуу “1500 төгрөг өгье цаашаа 300 метр яваадах гөлөг минь” гэж хэлээд миний толгойны араас татаад малгай унагаасан. Тэгэхээр нь би “буучих би таньд үйлчлэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл “чи намайг мэдэхгүй байна, би бол бөө хүн түргэн ууртай чамайг би дүү нараараа зодуулна” гэж хэлсэн. ...Нөгөө залуу өөрөө машинаас буугаад машины хаалга хаагаагүй. Тэгэхээр нь би өөрөө хойшоо хараад хаалгаа хаагаад хөдлөх гэтэл миний машины хойд талын гупер лүү өшиглөсөн, гараараа машины цонх хаалга руу цохисон. Тэгэхээр нь би машинаасаа бууж очоод нөгөө залуугийн ханцуйнаас нь барьж зогсоод цагдаа дуудсан. Тэгтэл нөгөө залуу утсаараа хүмүүс дуудсан. Удаагүй эхнэр нь гэх эмэгтэй ирж үгийн зөрүүгүй миний нүүрлүү нулимж, нүүр лүү мөргөж, хуруу гар мушгиж, маажиж, салтаа руу өшиглөсөн. Тэгэхээр нь өөрийгөө хамгаалаад нөгөө хүүхний цээж рүү түлхсэн. Тэгтэл намайг нөгөө хүүхэн хөхөнд хүрлээ гэж хэлсэн. Тэгтэл нөхөр нь гэх согтуу залуу миний нүүрлүү 3 удаа цохисон. Тэгэхээр нь тонгойгоод нүүрээ дараад суутал миний нүүрлүү өшиглөсөн. Хэн өшиглөсөнг хараагүй. Тэгээд би “битгий хүн рүү дайраад бай одоо цагдаа ирнэ цагдаа дээр очоод учраа олъё” гэж эхнэрт нь хэлтэл галзуу хүн шиг над руу орилж хашхирч дайрсан. ...Би баруун хөлний түнхний хиймэл портецтой хүн. Эхнэр нь гэх эмэгтэй миний тийшээ өшиглөсөн. Одоо хөл маань хөндүүрлэж байна... ...Машин өшиглөөд гэмтээсэн. Машины үнэлгээг хийлгэхэд 15000 төгрөг, машинд учирсан дээрх капиталыг засуулахад 100.000 төгрөг болно гэсэн. Мөн гэмтэл дээр түнхний томограф хийлгэхэд 140.000 төгрөг, түнхний рентген зураг авахуулахад 20.000 төгрөг болсон. Шүүх эмнэлгийн 8.000 төгрөг, нийт 283.000 төгрөг болж байна. Гомдолтой байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-14, 16/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Уын: “...2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... гэртээ обой наагаад зогсож байсан чинь манай нөхөр Бадрал утасдаад “такси бариад гэрийн ойролцоо буусан чинь энэ жолооч хөл дээгүүр гарчихлаа, зугтаах гээд байна, яаралтай хүрээд ир, түргэн дууд” гэхээр нь заасан газарт нь очиход М-Ойл ШТС-ын арын авто угаалгын зогсоолын гадна манай нөхөр таксины жолоочийн дэргэд гутал нь сугарчихсан, баруун гутал дээгүүр нь машины дугуйны мөр гарчихсан, өрөөсөн гуталтай доголоод зогсож байсан. Тухайн жолоочтой уулзаад “миний дүү хүний хөл дээгүүр гарчихсан байна” гэхэд “би дайраагүй” гээд “хаанаас ирсэн архичин авгай вэ” гээд доромжилсон. Би шууд 102-т залгаад зам тээврийн ослын дуудлага өгсөн. Энэ үед жолооч залуу дуудлага өгөх гэлээ гээд миний гар хөл рүү гараараа цохиж аваад утас унагаасан. Чих рүү цохиж ээмэг мулталсан. Би тэгэхээр нь “чи яв, би харин машины чинь дугаарыг авъя” гээд гар утсаараа авах гэтэл утас булааж аваад шидээд, баруун шанаа руу гарынхаа араар дэлссэн. Утас шидчихлээ гээд утсаа аваад үзэхэд анивчаад байсан. Тэгэхээр нь би явуулахгүй гээд хаахад 2 гарны хуруунаас атгаад хойш нь үений эсрэг дараад эргүүлээд гар бадайрсан. Тэгээд тэр залуу машиндаа суугаад ухраагаад хөдөлгөөд явах гэхээр нь машиных нь ард манай нөхөр зогсоод, би урд нь гарч зогссон. Гэтэл бууж ирснээ “яагаад байгаа муу өлөгчин бэ” гэж хэлээд 2 гараа зангидаж байгаад мөөм рүү цохьсон. Аймаар өвдөөд доошоо суусан. Энэ хооронд 102 луу 5 удаа залгаж дуудлага өгсөн... ...Дотор муухайраад бөөлжис цутгаад маргааш нөгөөдөр нь хэвтэж өнгөрөөгөөд амралтын өдөр гэж үзээд 24, 25-ндаа шүүх эмнэлэгт очоогүй, амралтын өдөр ажиллахгүй байх гэж бодоод өнгөрсөн. 26-ндаа үзүүлсэн. Шүүх эмнэлгийн эмч хөхний зургаа авахуул гэхээр нь авахуулаад зургаа аваачиж өгөөд дүгнэлтээ гаргуулсан. Маш их гомдолтой байна. Манай нөхөрт үйлчлүүлэх явцдаа хөлийг нь дайрсан, маргаан үүсгэсэн. Намайг хэл амаар доромжилж, зодож гэмтэл учруулсан. Намайг тэр залуу өөрийг нь зодсон гээд байгаа, миний хөх рүү гараараа цохиод байхаар нь би цочсондоо нүүр лүү нь хүрчихсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30-31/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Бадралын: “...2018 оны 02 сарын 23-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол хөгжим бүжгийн коллежийн урд талын автобусны буудлаас такси барьсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо М ойл  колонкийн гадаа авто угаалгын гадаа буулгасан. 1200 төгрөг гарсан гэж хэлсэн. Би 1500 төгрөг өгөөд машинаас нь буусан. Тэгээд уг таксины жолооч ухрахдаа миний баруун хөл дээгүүр гарсан. Тэгэхээр нь би машиныг нь өшиглөсөн. Тэгтэл нөгөө залуу машинаасаа бууж ирсэн. Тэгэхээр нь “чи миний хөл дээгүүр гарчихлаа” гэж хэлтэл “чам шиг юмны хөл дээгүүр би яахаараа  гардаг юм” гээд хэл амаар доромжилсон. Тэгээд нөгөө залуу зугтах гээд байхаар нь би эхнэрээ дуудсан. Манай эхнэр ирээд нөгөө залуутай маргалдсан. Таксины жолооч манай эхнэрийг согтуу энэ тэр гэж доромжлоод маргалдсан. Мөн манай эхнэрийг зодсон. ...Би эхнэр, таксины жолооч хоёрыг салгах гэж таксины жолоочийг түлхсэн, тэгээд салгасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-46/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Саруул-Одын: “...2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус цагдаагийн хэлтэст эргүүлийн офицероор чиглэл 114-т үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. 23 цагийн үед 102-оос Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо М-Ойл ШТС-ын ард байх авто угаалгын үүдэнд хэрүүл маргаан болоод байна гэсэн дуудлага ирүүлсэн ба энэ дуудлагын дагуу дээрх газарт очиход 74-50 УНА гэсэн машин байсан. ...Юу болсон талаар тодруулахад жолооч 2000 төгрөг гарсан газарт 1000 төгрөгөөр үйлчлүүлсэн, тэгээд мөнгөө өгөхгүй байж эхнэрээ дуудаад байхаар нь буулгаад явах гэтэл баруун хөлөө дайруулсан гэж яриад байна. Эхнэр нь ирээд намайг өшиглөж, зодсон гэж хэлсэн. Согтуу эрэгтэй мөн хөлөө дайруулсан тухайгаа хэлдэг ба түүний эхнэр гэх У нь таксины жолоочийг энэ байдлаас нь болж цавь руу нь өшиглөсөн гэж хэлж байсан. Мөн самардсан гэж хэлж байсан. Маргалдах явцдаа Э дээрх эмэгтэйг алгадсан, түлхсэн гэж ярьж байсан ба энэ түлхүүлсэн байдлаасаа үүдээд У гэгч түүний цавь руу өшиглөж авсан гэж ярьсан. Эдгээр хүмүүсийг цагдаагийн хэлтэс дээр авч ирэх үед  Эийн гарын ар хэсэг сарвуунаас зулгарсан, шинж шархтай байдал харагдаж байсан. Хэлтэс дээр ирсэн хойноо Э өргөдөл гаргаж байсан... Нөхөр нь гэх согтуу залуу... гутлаа тайлж харуулахад шалбарсан, гэмтсэн зүйл ажиглагдаагүй... Эхнэр нь “мөөм рүү жолооч залуу гараа атгаад цохисон, мөөм өвдөж байна, гомдолтой байна, чи новширвол би бас новширно, миний цээж рүү түлхээд байсан” гэж байсан. Жолооч залуу “У над руу дайрч давшлаад салтаа руу өшиглөсөн, Уын гутлын мөр миний өмдний салтааны хэсэгт байна, өшиглөөд байхаар нь цээж рүү нь түлхэж холдуулсан” гэж байсан. Би харахад жолооч залуугийн салтааны орчимд гутлын мөр гарсан, шороо болсон байдалтай харагдаж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-55-56/,

 

Мөрдөн байцаалтад Т.Уын яллагдагчаар: “...Тэр жолоочийг хөх рүү цохихоор нь зөрүүлээд нүүр лүү нь цохисон гэдгээ хэлсэн. Гэхдээ би хүнийг гэмтэхээр цохиогүй, хальт мульт цохисон. Энэ сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрмөөргүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-87/,

 

Мөрдөн байцаалтад Н.Эийн яллагдагчаар: “...2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Хөгжим бүжгийн орчмоос согтуу хүнийг машинаараа аваад явсан. Явж байхад арын суудал дээрээс хашхираад “чиний эцэг чинь амьд уу, яахаараа ийм эрт сахал ургуулсан юм, гэрлээ асаа” гэж хэлээд байн байн сахалнаас татаад малгайнаас татаад явуулахгүй байсан. Би хэсэг дуугүй явж байгаад “одоо таны ирэх газар ирсэн байна, цаашаа явж чадахгүй, одоо буу” гэж хэлэхэд “буухгүй, би чамайг дүү нараараа зодуулна, хүлээж бай” гэж хэлээд хэд хэдэн хүн рүү утсаар яриад дуудаад байсан. Тэгснээ жолооч талын арын хаалгаар бууснаа хаалгаа хаахгүй, хаалгаа бариад зогсоод байсан. Тэгэхээр нь би суудал дээрээсээ гараа арагш нь болгоод арын хаалгаа татаад хаасан. Хөдлөх гэтэл араас машины арын гупер  луу 2 өшиглөөд, цонх руу балбаад “чи муу байж бай” гээд байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад цагдаа дуудсан. ...Энэ үед эхнэр нь ирээд мэндийн зөрүүгүй шууд нулимаад өшиглөөд, би нүүрээ арчмаар болоход шууд нүүр лүү маажаад авсан. Би 2 гарыг нь бариад авахад шууд мөргөсөн. Би өөрөөсөө холдуулаад түлхсэн. ...Би хүн гэмтэхээр хөхөнд нь хүрээгүй, харин тэр эмэгтэй галзуу согтуу хүн шиг дайраад байсан. Би цээж рүү нь түлхснээ хүлээн зөвшөөрч байна... Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-89-90/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №2918 тоот:

  1. Н.Эийн биед баруун хацар, баруун, зүүн сарвуунд зулгаралт, доод уруулд шарх, баруун сарвууны 4-р хуруу, зүүн сарвууны 4-р хурууны үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт /хх-36/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №3006 тоот:

  1. Т.Уын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт /хх-39/,

 

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57-58/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Э: “...Би 2018 оны 2 дугаар сарын 23-ны орой ажлаа тараад явж байтал нэг согтуу хүн гар өргөхөөр нь аваад гэрт нь хүргэж өгөхөөр явж байтал замдаа явж байснаа “би бол бөө, гэрлээ асаа наашаа хар” гээд байсан. Тэгээд миний малгай цохиод унагаачихаар нь би уурлаад “энэнээс цааш явах боломжгүй байна” гэж хэлтэл намайг “чи яасан даварсан юм бэ би одоо чамайг дүүгээрээ зодуулна” гээд байсан. Тэгээд буухдаа машины хаалгыг бариад байхаар нь боль гээд явах гэтэл түлхээд, цохиод байхаар нь шууд би цагдаа дуудсан. Удалгүй эхнэр нь ирээд шууд нүүр лүү нулимаад шүд рүү мөргөөд, маажаад зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би 5 удаа цагдаад дуудлага өгсөн. Нөхөр нь цагдааг ирэхийн өмнө цохиод байсан. Тэгээд одоо тэр хүнийг яагаад гэрч гэж үзээд байгаа юм бэ, энэ эмэгтэй бол байдлыг их дэвэргэсэн. Намайг одоо хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.У: “...Би 2018 оны 2 дугаар сарын 23-ны орой гэртээ байж байтал манай нөхөр над руу нилээн сандарсан байдалтай “миний хөл дээгүүр таксины жолооч гарчихаад зугтаах гээд байна” гэхээр нь би хурдан очоод тэр залууг шууд “замын цагдаа руу явъя” гэж хэлтэл намайг доромжлоод явах гээд байхаар нь “чи явах гээд байгаа бол би машины чинь зургийг аваад явууллаа” гээд зургийг нь утсаа гаргаж ирээд авахад миний утсыг шууд шидтэл миний утас эвдэрсэн. Би тухайн үед нөхрийнхөө хөлийг хараад нилээн их цочирдсон байсан. Би энэ хүнийг мөргөөгүй, цохиогүй. Яагаад гэвэл манай нөхрийг дайрсан байсан. Манай нөхөр бол энэ хүнийг бас зодох шаардлага байхгүй байсан. Энэ залуу анхнаасаа шударга байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Энэ залуу миний толгой, бас шанаа руу цохисон. Өөр хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүх хуралдаанд гэрч Ц.Бадрал: “...Би Уын гэр бүлийн хүн. Харин Эийг бол танихгүй. 2 дугаар сарын 23-нд гэрлүүгээ такси бариад  хүргүүлэх гэхэд “2500 гарч байна” гэхээр нь би “1200 төгрөг гардаг юм, гэхдээ би 1500 төгрөг өгье” гэхэд миний хөл дээгүүр гараад явчихсан. Тэгэхээр нь би машиныг зогсоогоод эхнэрээ дуудтал манай эхнэр ирээд “хөл дээгүүр дайрчихлаа” гэхэд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэгээд маргаан үүссэн. Тухайн үед миний хөл бүр их өвдөөд байсан. Эхнэр энэ хүнтэй маргалдаад байсан. Манай эхнэрийн гарыг нь мушгичихсан байхаар нь би салгасан. Би зодоонд оролцоогүй. Цагдаа удалгүй ирсэн. Би тухайн үед машиных нь баруун хойд хаалганы тэнд багаж дээр нь гараараа цохисон. Машинд ямар нэгэн гэмтэл учраагүй. Би тухайн үед зуны элгэн гуталтай байсан. Би Эрдэнбилэгийн биед огт гар хүрээгүй. Тухайн үед үзэгдэх орчны хувьд авто угаалгын, мөн машины гэрэл туссан байсан. Машины цаана удаан барьцалдаж аваагүй. Миний хөл их өвдөөд янгинаад байсан. Би замын цагдаа дуудаад шүүх эмнэлэгт үзүүлэхэд эмч нь зөөлөн эдийн няцрал, хөлөө сойх хэрэгтэй гэсэн. Би машинд жолоочийн хойд талд нь сууж байсан. Таксин дотор бол маргаан гараагүй. Буух үед хөл дээгүүр дайрснаас болсон. Хойд дугуй нь миний хөлөн дээгүүр гарсан. Тухайн үед энэ хүн явах гээд байсан учраас эхнэрээ дуудсан. Миний гуталны өсгий нь сугарсан байсан. Би эхнэрээсээ туслалцаа авах гээд дуудсан. Миний хөлийг дайраагүй гээд гүрийгээд байсан. Манай эхнэр ирэхэд жолооч залуу явна гээд байхаар нь “машины чинь зургийг авчихья” гэхэд энэ залуу “би хүний хөл дайраагүй” гээд гүрийгээд байсан. Эхнэр бид хоёрыг цагдаа өөр дуудлагууд руу хамт дагуулж яваад 1 цагийн дараа цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Энэ залуу бол тухайн үед цагдаа дээр ирчихсэн байсан. Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэс дээр таксины жолооч ирэхдээ гар нь маажуулсан цус болсон ирсэн. Гэтэл тухайн үеийн хэрэг болдог газар тийм гар нь цус болсон маажсан зүйл огт байгаагүй” гэж тус тус мэдүүлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.У нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эхийн автобусны буудал орчим нөхрийн хөлийг дайрсан гэх шалтгааны улмаас Н.Этэй маргалдан цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Эийн: “...Удаагүй эхнэр нь гэх эмэгтэй ирж үгийн зөрүүгүй миний нүүрлүү нулимж, нүүр лүү мөргөж, хуруу гар мушгиж, маажиж, салтаа руу өшиглөсөн. Тэгэхээр нь өөрийгөө хамгаалаад нөгөө хүүхний цээж рүү түлхсэн. Тэгтэл намайг нөгөө хүүхэн “хөхөнд хүрлээ” гэж хэлсэн. ...Тэгээд би “битгий хүн рүү дайраад бай одоо цагдаа ирнэ цагдаа дээр очоод учраа олъё” гэж эхнэрт нь хэлтэл галзуу хүн шиг над руу орилж хашхирч дайрсан. ...Би баруун хөлний түнхний хиймэл портецтой хүн. Эхнэр нь гэх эмэгтэй миний тийшээ өшиглөсөн. Одоо хөл маань хөндүүрлэж байна... ...Машин өшиглөөд гэмтээсэн. Машин үнэлгээг хийлгэхэд 15.000 төгрөг, машинд учирсан дээрх капиталыг засуулахад 100.000 төгрөг болно гэсэн. Мөн гэмтэл дээр түнхний томограф хийлгэхэд 140.000 төгрөг, түнхний рентген зураг авахуулахад 20.000 төгрөг болсон. Шүүх эмнэлгийн 8.000 төгрөг, нийт 283.000 төгрөг болж байна. Гомдолтой байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-14, 16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Саруул-Одын: “...2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус цагдаагийн хэлтэст эргүүлийн офицероор чиглэл 114-т үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. 23 цагийн үед 102-оос Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо М- Ойл ШТС-ын ард байх авто угаалгын үүдэнд хэрүүл маргаан болоод байна гэсэн дуудлага ирүүлсэн ба энэ дуудлагын дагуу дээрх газарт очиход 74-50 УНА гэсэн машин байсан. ...Юу болсон талаар тодруулахад жолооч 2000 төгрөг гарсан газарт 1000 төгрөгөөр үйлчлүүлсэн, тэгээд мөнгөө өгөхгүй байж эхнэрээ дуудаад байхаар нь буулгаад явах гэтэл баруун хөлөө дайруулсан гэж яриад байна. Эхнэр нь ирээд намайг өшиглөж, зодсон гэж хэлсэн. Согтуу эрэгтэй мөн хөлөө дайруулсан тухайгаа хэлдэг ба түүний эхнэр гэх У нь таксины жолоочийг энэ байдлаас нь болж цавь руу нь өшиглөсөн гэж хэлж байсан. Мөн самардсан гэж хэлж байсан. Маргалдах явцдаа Э дээрх эмэгтэйг алгадсан, түлхсэн гэж ярьж байсан ба энэ түлхүүлсэн байдлаасаа үүдээд У гэгч түүний цавь руу өшиглөж авсан гэж ярьсан. Эдгээр хүмүүсийг цагдаагийн хэлтэс дээр авч ирэх үед  Эийн гарын ар хэсэг сарвуунаас зулгарсан, шинж шархтай байдал харагдаж байсан. Хэлтэс дээр ирсэн хойноо Э өргөдөл гаргаж байсан... Нөхөр нь гэх согтуу залуу... гутлаа тайлж харуулахад шалбарсан, гэмтсэн зүйл ажиглагдаагүй... Эхнэр нь “мөөм рүү жолооч залуу гараа атгаад цохисон, мөөм өвдөж байна, гомдолтой байна, чи новширвол би бас новширно, миний цээж рүү түлхээд байсан” гэж байсан. Жолооч залуу “У над руу дайрч давшлаад салтаа руу өшиглөсөн, Уын гутлын мөр миний өмдний салтааны хэсэгт байна, өшиглөөд байхаар нь цээж рүү нь түлхэж холдуулсан” гэж байсан. Би харахад жолооч залуугийн салтааны орчимд гутлын мөр гарсан, шороо болсон байдалтай харагдаж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-55-56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №2918 тоот: Н.Эийн биед баруун хацар, баруун, зүүн сарвуунд зулгаралт, доод уруулд шарх, баруун сарвууны 4-р хуруу, зүүн сарвууны 4-р хурууны үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-36/ зэргээр,

 

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эхийн автобусны буудал орчим гарсан зам тээврийн ослын улмаас Т.Утай маргалдан, түүний цээжинд цохиж, биед хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Уын: “...М-Ойл ШТС-ын арын авто угаалгын зогсоолын гадна манай нөхөр таксины жолоочийн дэргэд гутал нь сугарчихсан, баруун гутлан дээгүүр нь машины дугуйны мөр гарчихсан, өрөөсөн гуталтай доголоод зогсож байсан. Тухайн жолоочтой уулзаад “миний дүү хүний хөл дээгүүр гарчихсан байна” гэхэд “би дайраагүй” гээд “хаанаас ирсэн архичин авгай вэ” гээд доромжилсон. Би шууд 102-т залгаад зам тээврийн ослын дуудлага өгсөн. Энэ үед жолооч залуу дуудлага өгөх гэлээ гээд миний гар хөл рүү гараараа цохиж аваад утас унагаасан. Чих рүү цохиж ээмэг мулталсан. Би тэгэхээр нь “чи яв, би харин машины чинь дугаарыг авъя” гээд гар утсаараа авах гэтэл утас булааж аваад шидээд, баруун шанаа руу гарынхаа араар дэлссэн. Утас шидчихлээ гээд утсаа аваад үзэхэд анивчаад байсан. Тэгэхээр нь би явуулахгүй гээд хаахад 2 гарны хуруунаас атгаад хойш нь үений эсрэг дараад эргүүлээд гар бадайрсан. Тэгээд тэр залуу машиндаа суугаад ухраагаад хөдөлгөөд явах гэхээр нь машиных нь ард манай нөхөр зогсоод, би урд нь гарч зогссон. Гэтэл бууж ирснээ “яагаад байгаа муу өлөгчин бэ” гэж хэлээд 2 гараа зангидаж байгаад мөөм рүү цохьсон. Аймаар өвдөөд доошоо суусан. ...Намайг тэр залуу өөрийг нь зодсон гээд байгаа, миний хөх рүү гараараа цохиод байхаар нь би цочсондоо нүүр лүү нь хүрчихсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30-31/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Бадралын: “...2018 оны 02 сарын 23-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол хөгжим бүжгийн коллежийн урд талын автобусны буудлаас такси барьсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо М ойл  колонкийн гадаа авто угаалгын гадаа буулгасан. 1200 төгрөг гарсан гэж хэлсэн би 1500 төгрөг өгөөд машинаас нь буусан. Тэгээд уг таксины жолооч ухрахдаа миний баруун хөл дээгүүр гарсан. Тэгэхээр нь би машиныг нь өшиглөсөн. Тэгтэл нөгөө залуу машинаасаа бууж ирсэн. Тэгэхээр нь “чи миний хөл дээгүүр гарчихлаа” гэж хэлтэл “чам шиг юмны хөл дээгүүр би яахаараа  гардаг юм” гээд хэл амаар доромжилсон. Тэгээд нөгөө залуу зугтах гээд байхаар нь би эхнэрээ дуудсан. Манай эхнэр ирээд нөгөө залуутай маргалдсан. Таксины жолооч манай эхнэрийг согтуу энэ тэр гэж доромжлоод маргалдсан. Мөн манай эхнэрийг зодсон. ...Би эхнэр, таксины жолооч хоёрыг салгах гэж таксины жолоочийг түлхсэн, тэгээд салгасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-46/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №3006 тоот: Т.Уын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-39/ зэргээр тус тус тогтоогдон нотлогдож байна.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Т.У, Н.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.У, Н.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч А.Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авахуулах гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.У, Н.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Т.У, Н.Э нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин Т.У, Н.Э нарын хэн алиных нь хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан уг гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Т.У, Н.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806017540358 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг Си Диг хэрэгт хавсарган үлдээв. Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Уаас рентгенд аарцагны зураг авахуулсан гэх 140.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх 8.000 төгрөг, нийт 148.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Эт, шүүгдэгч Н.Эээс бариа заслын сэтгэшгүй эмнэлгийн төлбөрт өгсөн гэх 130.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх 8.000 төгрөг, нийт 138.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Уд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Т.У нь гар утас засуулсан гэх төлбөрт 70.000 төгрөг нэхэмжилсэн боловч гаргаж өгсөн баримт нь “баталгааны хуудас” гэх тамга, тэмдэггүй баримт байгаа болно. Түүнчлэн хос мөнгөн ээмэг 70.000 төгрөгөөр худалдан авсан гэх баримтыг шинжлэн судлахад байгууллагын нэр нь Эрдэнэс дэлгүүр гэсэн атлаа тамга, тэмдэг өөр байгууллагынх байх ба худалдан авсан, өгсөн хүний гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд дээрх нэхэмжилсэн 140.000 төгрөгний хохирлыг энэ хуралдаанаар ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

Хохирогч Н.Э нь автомашинд учирсан гэмтлийн үнэлгээ хийлгэхэд 15.000 төгрөг, капитал засуулахад 100.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч Н.Эийн автомашинд Т.У болон түүний нөхөр Ц.Бадрал нар нь гэмтэл учруулаагүй болох нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй юм. Мөн хохирогч Н.Э нь түнхний рентген зураг авахуулахад 20.000 төгрөг зарцуулсан гэх боловч уг баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Хохирогч Т.У, Н.Э нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад эд хөрөнгийн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Т.У, Н.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.У, Н.Э нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.У, Н.Э нарт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Т.У, Н.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.Уаас 148.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эт олгож, Н.Эээс 138.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Уд олгож, Т.У, Н.Э нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад эд хөрөнгийн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Т.У, Н.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцгийг /Си Ди/ уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.У, Н.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЛЗОД