Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/32

 


2024         10             28                               2024/ДШМ/32


      З.Х-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ц.О, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Д.Г,
Яллагдагчийн өмгөөлөгч Д.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/278 дугаар шүүгчийн захирамжийг прокурор Б.Т эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр З.Х-т холбогдох эрүүгийн 2316001010004 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн хувийн мэдээлэл: М овгийн З.Х нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ..... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ................. сум .............. баг ... - ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д................ регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч З.Х нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Д.Э-тай Х-ын эхнэр Н-ыг пизда гэж хэлснээ өөрийн зөв гэх байдлаар шалтаглан маргалдаж улмаар Х-ын гэрээс гарч Д.Э-ыг газарт унаган дээрээс нь дэвсэж, цохиж түүний биед зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далны доод хэсэг, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
 
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч З.Х-т холбогдох 2316001010004 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, яллагдагч З.Х-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: 
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Б.Т би шүүгдэгч З.Х-т холбогдох эрүүгийн 2316001010004 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй танилцлаа.
Яллагдагч З.Х нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Д.Э-тай Х-ын эхнэр Н-ыг пизда гэж хэлснээ өөрийн зөв гэх байдлаар шалтаглан маргалдаж улмаар Х-ын гэрээс гарч Д.Э-ыг газарт унаган дээрээс нь дэвсэж, цохиж түүний биед зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далны доод хэсэг, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/278 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлүүдээр прокурорт буцаан шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжийг хүлээн авч дараах эсэргүүцлийг гаргаж байна.
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Гэтэл Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчиж байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг бол прокуророос шилжиж ирсэн хэргийг шүүх хүлээж аваад яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй байхад 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэг зарладаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаана гэсэн эрх хэмжээ байхгүй.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин хэлэлцээд шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж болохгүй ямар ажиллагаа хийх талаар дурдсан шүүгчийн захирамжийг прокурорт хүргүүлэн уг ажиллагааг хийлгэхээр хуульчилжээ.
Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/278 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. 

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаар магадлалаар З.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг эргэлзээгүй тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн хэргийг тухайн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

3. Давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлал нь хүчин төгөлдөр болсон байх бөгөөд анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, тухайн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударга ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүргийг хэрэгжүүлдэг. 
 
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх аливаа ажиллагаа нь талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагддаг бөгөөд шүүхийн аливаа хэлэлцүүлэгт ч энэ зарчим нэгэн адил үйлчилдэг. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлэхээр заасан.

6. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь талуудын оролцоотойгоор үндсэн шүүх хуралдааны бэлтгэл хангах замаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх нотолгооны стандартыг хангасан эсэх талаар мэтгэлцэх эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг олгох ач холбогдолтой ажиллагаа юм. 

7. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж болохоор зохицуулсан байна. 

8. Мөн анхан шатны шүүхийн тухайн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж хийлгэх үндэслэлд хамаарахгүй байх бөгөөд талуудын оролцоотойгоор явуулсан урьдчилан хэлэлцүүлгээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

9. Түүнчлэн хууль тогтоогч анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн зэрэг алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт тус тус хүчингүй болгосон, энэ талаар прокурор эсэргүүцэлдээ тусгасан нь үндэслэлтэй ч энэ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөхгүй байх хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

10. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч  биелүүлэх үүрэгтэй болно.

11. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

12. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
      
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/278 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                  ШҮҮГЧИД                             Ц.О

                                                                Ч.Э