МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*” ЗБНөхөрлөл,
Хариуцагч: аймгийн Засаг дарга /Д.*-*/,
Хариуцагч: Засаг даргын тамгын газрын дарга /Д.*/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*, Б. нарын хоорондын “Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад шалгарсан "* ЗБН-тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгуулах, мөн аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаартай "Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: “*” ЗБН-ийн дарга Ш., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*, Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч “*” ЗБН нь аймгийн Засаг дарга /Д.*-*/, Засаг даргын тамгын газрын дарга /Д.*/ нарт холбогдуулан “Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад шалгарсан "* ЗБН-тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгуулах, мөн аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан.
- аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/789 дугаартай захирамжаар “ аймгийн * сумын "*” өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны жилийн эцсийн болон 2025 оны 1 дүгээр улирлын гэрээний хэрэгжилт 70.07% буюу "Хангалтгүй” үнэлгээтэй дүгнэгдэж гэрээ цуцалсан” үндэслэлээр өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэж, 9 гишүүний бүрэлдэхүүнтэй “Ажлын хэсэг”-ийг томилжээ.
- Тус “Ажлын хэсэг” нь “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг явуулж, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд “*” ЗБН-д авбал зохих “80” онооноос “74.72” оноог авч сонгон шалгаруулалтад тэнцсэн талаар 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02/152 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.
- Гэтэл аймгийн Засаг дарга нь “...ажлын хэсэг нь эрх зүйн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй болсон” гэх үндэслэлээр 2025 оны А/789 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан сумын 3, 4, 5 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүйд тооцсон А/238 дугаартай захирамжийг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргажээ.
- Нэхэмжлэгч “*” ЗБН-ийн дарга Ш. нь аймгийн Засаг даргын гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй болон түүний 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан А/238 дугаартай захирамжийг тус тус эс зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
- Хуульд зааснаар тендерт шалгарсан нөхөрлөлийг өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа явуулах тухай гэрээг байгуулахгүй эс үйлдэхүй гаргаж, тендерт оролцогч нар гомдол гаргасан гэх илт үндэслэлгүй шалтгаанаар шалтаглан дахин сонгон шалгаруулалт явуулах зохиомол байдлыг бий болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй,
- Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх захирамж хүчингүй болсонтой холбогдуулан 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан сумын 3, 4, 5 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүйд тооцсон нь хуульд нийцэхгүй,
- аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.3 дахь заалтыг зөрчсөн. Учир нь Засаг даргын захирамж хуульд нийцээгүй тохиолдолд өөрөө хүчингүй болгохоор заасан бөгөөд аймгийн Засаг дарга 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" албан бичигтээ "*", "" нөхөрлөлүүд удаа дараа гомдол гаргасан учраас дээрх шийдвэрийг гаргасан талаараа дурдсан байна. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор мөн нэгэнт хэрэгжсэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй,
- "Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам"-ын 9.1-д "Албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас сонгон шалгаруулалтын явц, үр дүнд нөлөөлсөн нь нотлогдсон бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэжээ. Гэтэл уг ажлын хэсгийн ямар буруутай үйлдэл байгаа талаар шалгаж тогтоогоогүй, бид хууль ёсны дагуу шалгаруулалтад орсон тул бидэнд хамааралгүй асуудлаар хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж байна...” гэж тайлбарласан байна.
4.1. Тэрээр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай нөхөрлөл өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн. Манай “*” ЗБН-тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгуулах тухай нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлага нь аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарт хоёуланд нь хамааралтай. Харин аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаартай Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага нь аймгийн Засаг даргад хамааралтай. “*” ЗБН нөхөрлөл нь аймгийн Засаг даргын 2025 оны 789 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан сумын 3, 4, 5 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад оролцож, нийт 80 оноо авахаас 74.72 оноо авч, 93.4 хувиар тэнцэж, хамгийн өндөр оноо авсан тул сонгон шалгаруулалтад шалгарсан бөгөөд 23-ны өдрийн 03/152 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр манай нөхөрлөлийг Эрүүл мэндийн сайдын 2024 оны 321 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх заалтуудыг хангасан болон үнэлгээний хорооны гишүүдийн нэгдсэн дүнгээр авбал зохих 80 онооноос 74.72 оноо авч байгааг үндэслэн сонгон шалгаруулалтад тэнцсэн болохыг албан ёсоор цахимаар мэдэгдсэн. Тус мэдэгдэл ирснээс хойш манай нөхөрлөлд ямар нэгэн байдлаар мэдээлэл өгөөгүй тул 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Тус албан бичгийн хариуг авч чадаагүй 5 хоносон тул дахин 02 дугаар сарын 11-ний өдөр 05 дугаартай Хариу хүсэх тухай албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Ингээд 04 дугаартай албан бичгийн хариуг 02 дугаар сарын 24-ний өдөр авсан. Тус хариу өгсөн албан бичигтээ Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой Амин зангилаа болон “Наруха Энх” нөхөрлөлүүд удаа дараа гомдол гаргасан ба гомдлыг үндэслэлтэй гэж үзэн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгааг үүгээр мэдэгдье гэсэн байсан. Ингээд 03 дугаар сарын 03-ны өдөр миний бие Засаг даргын Тамгын газарт очиж, үнэлгээний хорооны нарийн бичигтэй уулзаж, 05 дугаартай албан бичгийнхээ хариуг авахыг хүссэн ба тус өдөр манай 05 дугаартай албан бичгийн хариуг өгсөн. Тус хариу өгсөн албан бичиг нь өмнөх 02 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөрлөлд өгсөн хариу албан бичигтэй ижил утгатай, ямар нэгэн ялгаагаагүй, үг үсгийн зөрүүгүй байсан. Манай нөхөрлөл 03 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргад дахин хандаж, а. 789 дугаартай захирамжаас хойш 74 хоног өнгөрч байгаа ч асуудал шийдэгдээгүй байна, б. 02 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгийн хариуг ирүүлээгүй байна, в. Дахин сонгон шалгаруулалтыг манай талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй, г. Бид хуулийн байгууллагад хандаж асуудлаа эцэслэн шийдвэрлэнэ гэсэн агуулгатай "Мэдэгдэл хүргүүлэх тухай 07 дугаартай албан бичгийг явуулсан. Аймгийн Засаг дарга 07 дугаартай албан бичгийн хариуг 03 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн ба хариу албан бичигтээ сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/123 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан, ажлын хэсгээс сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн сайдын А/321 дугаар тушаалаар батлагдсан журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд хараат бусаар зохион байгуулах болно гэсэн байсан. Улмаар бид аймгийн Засаг даргад 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай албан бичгээр гомдол гаргасан. Тус гомдолдоо дараах зургаан үндэслэлийн талаар дурдсан. Үүнд: 1.Сонирхогчийн гомдлоор сонгон шалгаруулалтыг удаашруулж байгаад гомдолтой байна. 2.Сонгон шалгаруулалтыг дахин зарлана гэж байгаа нь хууль бус гэж үзэж байна. 3.Аймгийн Засаг даргын дэргэдэх төрийн албан хаагчийн мэдлэг ур чадвар, хандлага, чадамж дутмаг байгаад гомдолтой байна. Аль албан бичгийн хариу болох нь тодорхойгүй ижил утгатай хариу албан бичиг ирүүлсэн байна. 4.Сонгон шалгаруулалтын үйл явц, үр дүн тодорхой байхад өдийг хүртэл төрийн ажлыг гацааж, олон хүнийг хохироож байгаа энэ үйлдлийг хууль бус гэж үзэж, гомдолтой байна. 5. Энэ нөхцөл байдал нь манай нөхөрлөлийн гэрээ байгуулах эрхийг зөрчиж, цаг хугацаа сэтгэл санаа, хөрөнгө зардлаар хохироож байгаад гомдолтой байна. 6.Энэ бүх үйлдлийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж гомдолтой байна гэж тус тус дурдсан. Ингээд аймгийн Засаг даргаас гомдлыг барагдуулах үйл ажиллагаа хийлгүйгээр дахин сонгон шалгаруулалтыг зохион байгуулна гэсэн хариу ирүүлсэн тул 03 дугаар сарын 20-ны өдөр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Сангийн яаманд ханд гэдэг агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар бид Сангийн яаманд хандаж, хариу албан бичгийг хүлээн авч, 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
4.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан байхад гэрээ байгуулахгүй байгаа нь Засаг даргын хууль бус үйлдэл байна гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаартай Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай захирамж нь Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй, хууль зөрчиж гарсан байгаа тул хүчингүй болгуулъя гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хууль, журмын дагуу ажлын хэсэг томилогдож, сонгон шалгаруулалт явагдаж, нөхөрлөл шалгарсан байхад ажлын хэсэг томилсон захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоё гэдэг агуулгаар аймгийн Засаг дарга захирамж гаргаж болохгүй. Засаг даргын А/789 дугаартай ажлын хэсгийг томилсон захирамжийг Засаг дарга өөрөө хууль бус захирамж байна гэж үзсэн. Ажлын хэсгийн захирамж нь дотоод зохион байгуулалтад хамаарах болохоос хэн нэгэн этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй тул илт хууль бусад тооцогдох боломжгүй байна. Гэтэл бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, үндэслэлгүй гэдэг агуулгаар хууль бусад тооцож байгаа. Ямар хуулийн дагуу хууль бусад тооцож байгаа үндэслэл нь тодорхойгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 5.2-т захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна гэж үнэлгээний хорооны эрх зүйн байдлыг тодорхойлсон. Үнэлгээний хорооны гаргасан тэмдэглэл, сонгон шалгаруулалтын үнэлж дүгнэсэн шийдвэр нь захиргааны акт болно. Гэтэл Засаг дарга ажлын хэсэг томилсон захирамжийг хууль бус захиргааны актад тооцож, мөн сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдалд хамаарахаар байна. Мөн Засаг дарга өөрийн гаргасан захирамжийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэдэг агуулгыг үндэслэл болгосон. Баримтаас үзвэл Амин зангилаа нөхөрлөлийн сонгон шалгаруулалтад материалаа хүргүүлэхдээ цаг хугацаа алдсан нөхцөл байдлыг үндэслэн бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзсэн байна. Гэтэл үнэлгээний хорооноос Амин зангилаа нөхөрлөлийн гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэж, зохих хариуг өгсөн байна. Амин зангилаа нөхөрлөлийн зүгээс өрсөлдөөнийг хязгаарласан талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй. Эрүүл мэндийн сайдын А/321 дугаартай тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-д хэрэв оролцогч нар сонгон шалгаруулалтын үйл явцтай холбоотойгоор маргасан тохиолдолд уулзалтад урина гэж заасан байна. Гэтэл Засаг дарга зөрчилдөөнтэй асуудлын талаар нотлох баримтыг яаж шийдсэн, ямар үндэслэлээр Амин зангилаа нөхөрлөлийн гомдол үндэслэлтэй эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй атал Амин зангилаа болон Наруха энх нөхөрлөлүүд удаа дараа гомдол гаргасан тул захирамжийг хүчингүй болгож байна гэх үндэслэлгүй тайлбарыг гаргасан. Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт нь тодорхой, ойлгомжтой байх ёстой. Гэтэл захирамжид ажлын хэсэг эрх зүйн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй болсон тул гэж ойлгомжгүй бичигдсэн байна. Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлтэй байвал захирамжид тодорхой тусгах ёстой ч ямар үндэслэлээр захирамжийг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй байна. Үүнээс үзвэл Засаг даргын захирамж Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хэрэв Засаг даргад үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбоотой нөхцөл байдал хуульд нийцсэн эсэх, зөрчлийг арилгуулах эсэх үндэслэл тогтоогдвол шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дараа энэ талаар үнэлгээний хороонд мэдэгдэх ёстой гэж заасан ч мэдэгдэл явуулаагүй байна. Ямар этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байхад Засаг дарга өөрийн захирамжаар бий болгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, өөрийнхөө ажлыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагч талаас Засаг дарга захиалагч тул өөрөө хүчингүй болгох боломжтой гэдэг тайлбарыг өгсөн. Эрүүл мэндийн сайдын А/321 дугаартай тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 3.1-т аймгийн Засаг дарга сонгон шалгаруулалтын үнэлгээний хороог томилно гэж заасан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5.4-д Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж, 5.5-д Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаартай тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам-д гэрээний захиалагч тал нь аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, гүйцэтгэгч тал нь Өрхийн эрүүл мэндийн төв байх бөгөөд гэрээг аймаг, нийслэлийн Засаг дарга батална гэж заасан. Үүнээс үзвэл Засаг дарга үнэлгээний хороог томилж, үнэлгээний хорооноос гарсан шийдвэрийн дагуу аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт бичиг явуулах эрхтэй байна. Засаг дарга үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүйд тооцож, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эрх хэмжээгүй байна. Үнэлгээний хорооны гаргасан шийдвэртэй холбогдуулан Наруха Энх нөхөрлөл ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй тул үнэлгээний хорооны * ЗБНөхөрлөлийг сонгон шалгаруулсан үр дүн хүчин төгөлдөр болсон байна. Гэтэл Засаг дарга ажлын хэсгийг сонгон шалгаруулсан захирамжийг хүчингүйд тооцсоноор сонгон шалгаруулалт хүчингүй байна гэх үндэслэлгүй байна. Засаг дарга сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон нь сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны гаргасан шийдвэр хүчингүй болох үндэслэл болохгүй. Засаг даргын захирамжид үнэлгээний хорооны гаргасан шийдвэр нь ийм үндэслэлээр явагдсан тул хүчингүй болгож байна, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн байна гэж тайлбарласан зүйл байхгүй. Засаг дарга сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээгүй байна. Мөн “*” ЗБН-тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгуулах тухай нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлага нь аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарт хоёуланд нь хамааралтай байна. Учир нь аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын зүгээс гэрээ байгуулахгүй, үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг шалгаж байна гэж харилцаж байсан. Мөн Засаг даргын зүгээс үнэлгээний сонгон шалгаруулалтыг хууль ёсны дагуу зөв явагдсан талаар шийдвэр гаргаж эрүүл мэндийн газартай шалгарсан нөхөрлөлийг гэрээ байгуулахад батлах үүрэгтэй тул Засаг даргын эрх хэмжээнд хамаарч байна. Мөн нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын тухайд хууль бус захиргааны акт нь Засаг даргын гаргасан захирамж, захиргааны актын 6 шинжийг хангаж байгаа тул гаргасан этгээдэд нь хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд Засаг даргад эрх хэмжээ олгогдоогүй, хууль бусаар акт гаргаж “*” ЗБН нөхөрлөлийн эрх, ашгийг хөндсөн тул эрхийг сэргээж өгнө үү гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон” гэв.
- Хариуцагч аймгийн Засаг даргын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ сумын 3, 4, 5 дугаар багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, тасралтгүй, чанартай хүргэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/321 дугаар тушаалыг баримтлан аймгийн Засаг даргын 2025 оны А/789 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулсан. Мөн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 12-ны А/123 дугаар захирамжаар бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан.
Нэхэмжлэлийн шаардлага болох Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад шалгарсан “*" ЗБН-тэй гэрээ байгуулах болон аймгийн Засаг даргын 2026 оны А/238 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах асуудлууд нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын бүрэн эрхэд хамаарахгүй асуудал болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
6.1. Хариуцагч аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ: “...Тус аймгийн Эрүүл мэндийн газраас сумын 3, 4, 5 дугаар багийн иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байсан “ ” өрхийн эрүүл мэндийн төв нь 2024 оны хагас, бүтэн жил, 2025 оны эхний 3 сарын гэрээний үнэлгээгээр тус тус "хангалтгүй” үнэлэгдсэн нь Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 5.1.1 дэх заалтыг үндэслэн " " өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг цуцлах болсон тул Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/321 дүгээр тушаалыг үндэслэн дараагийн өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог томилж өгөхийг хүссэн.
Уг хүсэлт болон Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/321 дугаар тушаалыг үндэслэн аймгийн Засаг даргын 2025 оны А/789 дүгээр захирамжаар Өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан.
...Аймгийн Засаг даргын 2020 оны А/123 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж сонгон шалгаруулалтын материал болон тендерт оролцогчийн материалд дахин үнэлгээ хийхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдсон.
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан "Захиалагч батлагдсан төсөвт туссан төсөл арга хэмжээ бүрээр худалдан авах ажиллагааг үр ашигтай төлөвлөж батална” гэснийг хэрэгжүүлээгүй,
2. Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг аймгийн Засar даргын 2025 оны А/780 дугаар захирамжаар томилоход Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаал "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 2.2.1, 2.2.2, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/321 дүгээр тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам"-ын 3.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн,
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3.1 дэх хасаг, 18 дугаар зүйлийн 18.1.18.2, 18.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/321 дүгээр тушаал "Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам"-ын 8.1 дэх хэсгийг баримталж сонгон шалгаруулалтын зарыг төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй цахим систем /www.tender gov.mn/-д байршуулаагүй нь ил тод нээлттэй байдлыг хангах, тэгш өрсөлдөх боломжийг хангаагүй,
4. Тендерийн бичиг баримтын боловсруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 д хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын 2.2.3 дахь заалтад тусгагдсанаар журам, аргачлалын дагуу боловсруулаагүй, захиалагч болох аймгийн Засаг даргаар батлуулаагүй нь шаардлагад нийцэхгүй баримт бичиг болсон,
5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан ах тухай хуулийн 23 дугаар зүйлийг 23.1 дэх хасаг, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 4/321 дугаар тушаал "Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам"-ын 3.3.1.4 дэх заалтын дагуу тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг наах заалтыг зөрчсөн,
6. Дээр дурдсанаар тендерийн баримт бичиг боловсруулаагүй байгаа нь Тарийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 26.2, 26.3. 26.4 дэх хэсэг зааснаар баримт бичгийг хянан үзэх, үнэлэх үйл ажиллагаа алдагдсан ажлын хэсгээс аймгийн Засаг даргад саналаа танилцуулан, аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4/238 дугаар “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай" захирамж гаргуулж аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/623 дугаар албан бичгээр "*". "Наруха Энх", "Аминзангилаа" нөхөрлөлүүдэд мэдэгдсэн. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан байна.
6.2. Харин хариуцагч нарын төлөөлөгч Б.* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх сумын 3, 4, 5 дугаар багийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцдаг Өрхийн эрүүл мэндийн төв 2024 оны хагас, бүтэн жил, 2025 оны эхний 3 сарын байдлаар хангалтгүй үнэлгээ авсан тул Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/122 дугаар тушаалын дагуу нөхөрлөлтэй байгуулсан гэрээ дуусгавар болж, дахин сонгон шалгаруулалт явуулах шаардлага үүссэн. Үүний дагуу Эрүүл мэндийн газраас аймгийн Засаг даргад сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргасан. Ингээд аймгийн Засаг даргын 2025 оны А/789 дугаартай Өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай шийдвэр гарсан. Сонгон шалгаруулалтын урилгыг цахим хуудсаар мэдээлж, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг буюу ажлын 5 дахь өдөр сонгон шалгаруулалтын материалыг цахимаар хүлээн авч, журамд нэмэлт өөрчлөлт оруулж дараагийн долоо хоногийн 1 дэх өдрийн 10 цагт цаасаар хүлээж авна гэж хоёр салаа утгатай хугацаа заасан байдаг. Ажлын хэсэг “*” ЗБНөхөрлөл болон Наруха Энх нөхөрлөлийн материалыг хүлээн авч, ажиллагаа хийсэн боловч Амин зангилаа нөхөрлөл материалаа хугацаандаа хүргүүлсэн гэж өөрсдийнхөө мэйл хаягаар явуулсан материал, цагийг нь харуулж, 1 дэх өдрийн өглөө 9 цагт цаасаар материалаа авч очсон байхад ажлын хэсэг хүлээж аваагүй гэдэг гомдлыг гаргасан. Амин зангилаа нөхөрлөл материал хүлээж аваагүй гэдэг агуулгаар, Наруха Энх нөхөрлөл үнэлгээний хороо холбогдох журмыг зөрчиж үнэлгээ гаргасан тул үндэслэлгүй гэдэг агуулгаар тус тус гомдол гаргасан. Улмаар гомдол шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын хэсгийн гишүүн, Эрүүл мэндийн газрын дарга Б.* Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар шилжин ажиллах болсон тул Б.*ийг ажлын хэсгээс чөлөөлж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах захирамжийн төсөл хийгдэж байхад ажлын хэсгийн хэд хэдэн гишүүн өөрсдөө ажлын хэсгээс гарах хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2026 оны А/123 дугаартай захирамжаар дахин ажлын хэсэг байгуулсан. Дахин байгуулсан ажлын хэсэг нь Амин зангилаа болон “Наруха Энх” нөхөрлөлөөс гаргасан гомдлыг хянах, гомдолд хариу өгөх байсан. Аймгийн Засаг даргын 2026 оны А/123 дугаартай захирамжаар байгуулсан ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж, сонгон шалгаруулалтын материал болон тендерт оролцогчдын материалд үнэлэлт хийхэд дараах нөхцөл байдал үүсч байна гэх агуулгаар аймгийн Засаг даргад зөвлөмж ирүүлсэн. Тус зөвлөмжид сонгон шалгаруулалт урилга нийтлэх үе шатнаас эхлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Эрүүл мэндийн сайдын А/321 дугаартай тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалаар баталсан Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журам зэргийг зөрчиж процессын алдаа гаргасан байна, холбогдох дүрэм журмыг зөрчиж үнэлгээг зохион байгуулсан тул “*” ЗБН нөхөрлөлийг шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин А3 гэрчилгээтэй алба хаагчдаас бүртгэсэн үнэлгээний хороог шинээр байгуулж өгнө үү гэсэн байсан тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгож, дахин Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэл өгсөн асуудал байгаа. Мөн Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга энэ хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлгүй байна. Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг хүчингүй болгосон. Захиалагчийн эрх нь аймгийн Засаг даргад байгаа тул энэ хэрэг маргаан аймгийн Засаг даргад хамаарна” гэв.
6.3. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Худалдан авах ажиллагаа, тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, түүнийг дагаж гарсан Сангийн яамнаас гаргасан журмуудын дагуу явагдах ёстой. Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтай холбоотой асуудал нь Эрүүл мэндийн сайдын А/321 дугаартай тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-аар зохицуулагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд үндэслэлээр хуульчлагдсан байдаг. Худалдан авах ажиллагааг улсын хэмжээнд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-ээр явуулдаг. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд тендерт оролцогч жагсаалтад бүртгэлтэй 29887 аж ахуйн нэгж байдаг. Гэвч “*” ЗБН нөхөрлөл тус жагсаалтад бүртгэгдээгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалаар баталсан Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журам-ын 2.3-д Аж ахуй эрхлэгч Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам"-ын дагуу цахим системд бүртгэгдсэнээр тендер шалгаруулалтад дараах байдлаар оролцоно гэж, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар баталсан А/249 дугаартай тушаалаар батлагдсан Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам"-д мэргэжлийн байгууллага, аж ахуй эрхлэгчийг цахим системд бүртгэснээр аж ахуй эрхлэгч нь цахим системд орж, худалдан авах үйл ажиллагаанд оролцох боломжтой болно гэж зохицуулагдсан. Мөн сонгон шалгаруулалттай холбоотой асуудал яригдахаар батлагдсан төсөв, хөрөнгийн хэмжээ яригдах ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-т худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах гэж захиалагчийн эрх үүргийг заасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор худалдан авах ажиллагааны босго үнийг тогтоосон. Босго үнээс хамаарч тендер шалгаруулалтын журмыг сонгох хуулийн зохицуулалттай. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ гэж, Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журам-ын 1.3.3-д захиалагч, аж ахуй эрхлэгч, сонирхогч этгээд, оролцогч болон холбогдох бусад этгээд хууль тогтоомж, түүнд нийцүүлэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан журам, аргачлал, зааварчилгааны дагуу цахим системийг хэрэглэнэ гэж тус тус заасан. Гэвч өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах ажиллагааг анх явуулахдаа tender.gov.mn сайтад төлөвлөгөө оруулаагүй, тендерийн бичиг баримт боловсруулж оруулаагүй, урилга нийтлээгүй, тендерийн зардал боловсруулаагүй байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Захиалагч батлагдсан төсөвт туссан төсөл, арга хэмжээ бүрээр худалдан авах ажиллагааг үр ашигтай төлөвлөж, батална гэж, 44.3-д Захиалагч санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг харьяалах дээд шатны төсвийн захирагчид цахим системээр илгээнэ гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй. Цахим системд худалдан авах үйл ажиллагаа явуулж, төлөвлөгөө үүсгээгүй тул тендерийн дугаар үүсээгүй, төсөвт өртөг нь тодорхой болоогүй, тендерийн нэр үүсээгүй байна. Цахим системд ямар нэгэн байдлаар ажиллагаа явагдаагүй гэдэг нотлох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн худалдан авах ажиллагааны процесс нь худалдан авах ажиллагааг төлөвлөж цахим системд оруулсан байх, үнэлгээний хороог байгуулах, тендерийн бичиг баримт боловсруулах тендерийг хүлээж авч, нээж, үнэлэх, гэрээ байгуулах гэсэн үе шаттайгаар явагддаг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлд 100,000,000 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа ажил үйлчилгээнд 3-аас дээш хүний үнэлгээний хороо байгуулах, үнэлгээний хороонд худалдах авах ажиллагаагаар мэргэшсэн ажилтны эрхтэй албан хаагчдыг оруулах гэж зааснаар А3 гэрчилгээний эрхтэй, tender.gov.mn сайтад бүртгэл хөтлөх журмын дагуу бүртгэгдсэн этгээдийг үнэлгээний хороо сонгож томилохоор байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг сонгоно гэж заасан. Гэвч Засаг дарга 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр захирамж гаргаж ажлын хэсгийг томилохдоо Үнэлгээний хороо-г томилоогүй, Ажлын хэсэг-ийг томилох гэх нэршлээр томилсон. Үүнээс үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 50.5 дахь заалтыг үндэслээгүй. Ажлын хэсэг 9 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон.2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/123 дугаартай захирамжид худалдан авах ажиллагаа зохион байгуулах А3 гэрчилгээтэй албан хаагч 3 байна. Харин Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нарантуяа, *, Ж.Оюунгэрэл, , , Амгаланбаатар нар худалдан авах ажиллагаа зохион байгуулах А3 гэрчилгээгүй албан хаагчид байна. Мөн цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журам-ын 2.2.1-т үнэлгээний хороог цахим систем дэх худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны мэдээллийн санд бүртгэлтэй этгээдээс сонгож байгуулах гэж заасан зөрчигдсөн байна. Мөн Эрүүл мэндийн сайдын А/321 дугаартай тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 3.1-т аймгийн Засаг дарга сонгон шалгаруулалтын үнэлгээний хороог томилно гэж, мөн журмын 3.4-т аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга үнэлгээний хороог томилно гэж хоёрдмол утгатай зохицуулсан байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 18.3-д Тендер шалгаруулалтын зарлалд дараах мэдээллийг тусгана гээд захиалагчийн нэр, хаяг; тендер шалгаруулалтын нэр, дугаар, төсөвт өртөг; тендер шалгаруулалтын арга; тендер хүлээн авах эцсийн хугацаа; тендер нээх хугацаа; тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх; гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх; тендерийн баталгаа шаардах эсэх; тендер шалгаруулалтыг багцад хуваасан бол багцын мэдээлэл зэргийг тусгана гэж, Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журам-ын 2.4-д Тендер шалгаруулалтын зарлал, урилгад заасан тендер хүлээн авах эцсийн хугацаа цахим системийн серверийн цагаар тооцогдох бөгөөд хугацаа хоцорсон тендерийг хүлээж авахгүй гэж, Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 3.3.1.2-д урилгыг нээлттэй байршуулах гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй байна. Эхний үнэлгээний хороо 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн урилга нийтэлсэн боловч урилгад сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй оролцогч нь бүрдүүлэх баримтыг PDF хэлбэрээр 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цаг хүртэл хүлээж авна, буюу албан хаагчийн хувийн мэйл хаягаар хүлээн авна гэж зөрчил гаргасан байна. Мөн урилгад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан ямар ч мэдээллийг тусгаагүй байна. Мөн урилгын нийтэлсэн болон материал хүлээж авах хугацаа нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална гэж заасан. Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/106 дугаар тушаалаар Тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай журам баталсан. Тус журмын 2 дугаар бүлэг буюу өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу боловсруулах байсан боловч тендерийн бичиг баримт боловсруулах шалгуур тавилгүйгээр сонгон шалгаруулалт явуулж “*” ЗБН нөхөрлөлийг шалгаруулсан. Мөн Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журам-ын 2 дугаар хэсэг, Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 3.3.1-т тус тус тендерийн бичиг баримттай холбоотой асуудлыг нарийвчлан тусгасан. Гэвч үнэлгээний хороо ямар нэгэн тендерийн бичиг баримт боловсруулж батлуулаагүйгээр сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Захиалагч сонирхогч этгээдэд тендер бэлтгэж ирүүлэх ижил хугацаа олгож, тендер хүлээн авах эцсийн хугацааг энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт тусгайлан зааснаас багагүй хугацаагаар тогтооно гэж, Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журам-д тендер шалгаруулалтын зарлал урилгад заасан тендер хүлээн авах эцсийн хугацаа нь цахим системийн серверийн цагаар тооцогдоно гэж тус тус заасан. Жишээлбэл: 29-ний өдрийн 09 цаг хүртэл хүлээн авахаар байвал тендерт оролцохыг сонирхож байгаа этгээдүүд 09 цагаас хойш оролцох боломжгүй байдлаар серверийн цагаар хаагдаж, тендер хүлээж авах хугацаа дуусаж нээлт хийхэд системээс код ирж, кодыг хийснээр нэгэн зэрэг оролцогчийн материалыг хүлээж авах ажиллагаа явагддаг. Гэвч цахим системээр урилга нийтлээгүй тул энэ эрх хангагдахгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 3.3.1.3-д сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээдийн баримт бичгийг хүлээж авах талаар заасан. Анхны гаргасан ажлын хэсэг урилгадаа мэйлээр хүлээж авна гэснээ өөрчлөлт оруулж 5 дахь өдрийн 18 цаг хүртэл цахимаар, 1 дэх өдрийн 10 цагт багтаан цаасаар ирүүлэх гэсэн байдаг. Энэ нь оролцогчийг ижил цаг хугацаанд нэгэн зэрэг материал ирүүлэх, тэгш үйлчлэх зарчмыг хангахгүйгээр зохион байгуулагдсан болохыг харуулж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ гэж, 23.2-д Тендерийг нээж, дараах мэдээллийг цахим системээр зарлана гээд оролцогчийн нэр; тендерийн үнэ; санал болгосон үнийн хөнгөлөлт; хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ; тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад тендерийн баталгаа ирүүлсэн эсэх гэж заасан. Гэвч сонгон шалгаруулалтад энэ ажиллагаа хийгдээгүй. Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журам-д цагийн горимоор зохицуулагддаг татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл зэрэг тодорхойлолтуудыг тухайн өдрөөр тасалбар болгон системээр татаж авахаар зохицуулсан байдаг ч энэ ажиллагаа орхигдсон. Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 3.3.1.4-д хуулийн хугацаанд тендерийг нээх гэж заасан заалт хэрэгжээгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ гэж, Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 3.3.1.5-д ирүүлсэн баримт бичгийг хянан үзэж, үнэлэх гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ гэж, 28.3-д Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно гэж, Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журам-ын 2.9-д Захиалагчийн шийдвэр, тендер шалгаруулалтын үр дүнг энэ журмын 2.2.5-д заасны дагуу цахим системээр оролцогчид нэгэн зэрэг мэдэгдсэн өдрөөс эхлэн хуулийн 30.1-д заасан гэрээг байгуулах хугацааг тоолно гэж, Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 3.3.1.5-д Захиалагчид шийдвэр гаргах, зөвлөмж хүргүүлэх гэж тус тус заасан ч сонгон шалгаруулалт цахим системээр зохион байгуулагдаагүй тул энэ зохицуулалт хэрэгжээгүй. Үүнээс үзвэл сонгон шалгаруулалт, үе шат, процесстой холбоотой бүх асуудлууд анхнаасаа хууль зөрчсөн, алдаатай байсан тул “*” ЗБН нөхөрлөлийг сонгон шалгаруулсан үр дүн хууль бус байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэгч тал нь аймгийн Засаг дарга болон тус Засаг даргын тамгын газрын дарга нарыг хариуцагчаар тодорхойлон маргаж байсан ч тэдгээрээс Засаг даргын тамгын газрын даргыг хариуцагчаар татсан хэсгээсээ татгалзаж, “ аймгийн Засаг дарга”-ыг хариуцагчаар үлдээх, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж буй хүсэл зоригоо шүүх хуралдаанд тус тус илэрхийлсэн тул шүүх “ аймгийн Засаг дарга”-д холбогдуулан маргааныг шийдвэрлэв.
- Нэхэмжлэл үндэслэлгүй байна. Учир нь:
- Нэхэмжлэгч “*” ЗБН нөхөрлөл нь аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газар /дарга Д.*/ нарт холбогдуулан “Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад шалгарсан "*” ЗБН-тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгуулах, мөн аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаартай "Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
- “тендерт оролцогч нар гомдол гаргасан” гэх илт үндэслэлгүй шалтгаанаар дахин сонгон шалгаруулалт явуулах зохиомол байдлыг бий болгож, “Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа явуулах тухай” гэрээг байгуулахгүй эс үйлдэхүй гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй,
- Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд захирамжийг хүчингүй болгож, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан сумын 3, 4, 5 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүйд тооцсон нь хуульд нийцэхгүй,
- аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.3 дахь заалтыг зөрчсөн. Нэгэнт хэрэгжсэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй,
- Ажлын хэсгийн ямар буруутай үйлдэл байгаа талаар шалгаж тогтоогоогүй, хууль ёсны дагуу шалгаруулалтад орсон бидэнд хамааралгүй асуудлаар хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж байна” гэж маргав.
- Хэрэгт авагдсан болон эх баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар дараах үйл баримтууд болсон болох нь тогтоогдов. Үүнд:
- “ ” өрхийн эрүүл мэндийн төв нь 2024 оноос 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр[1]-ийг хүртэлх хугацаанд аймгийн сумын 3, 4, 5 дугаар багийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байжээ.
- Гэвч тус төвийн гэрээний хэрэгжилтийг 2024 оны хагас болон бүтэн жилээр, 2025 оны эхний гурван сарын байдлаар тус тус дүгнэхэд тухай бүрт “Хангалтгүй” гэж үнэлэгдсэн тул гэрээг цуцласан бөгөөд дараагийн өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах хүртэлх хугацаанд дээрх багуудын хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байхыг үүрэгжүүлсэн мэдэгдлийг аймгийн Эрүүл мэндийн газар /цаашид “Эрүүл мэндийн газар” гэх/-аас “ ” өрхийн эрүүл мэндийн төвийн даргад хүргүүлсэн байна.
- Улмаар тус Эрүүл мэндийн газар нь “...шинэ өрхийн эмнэлгийг шалгаруулах Үнэлгээний хороог аймгийн Засаг дарга томилох журамтай” бөгөөд “ ” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг цуцласан тул дараагийн өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах 9-өөс доошгүй гишүүнтэй Үнэлгээний хороо[2]-г томилж өгөхийг хүссэн хүсэлтээ 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-2025/339 болон мөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-2025/432 дугаартай албан бичгүүдээр тус аймгийн Засаг дарга, тус Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нарт хаяглан хүргүүлсэн байх ба энэ хүртэлх үйл явдалтай хэргийн оролцогчид маргаагүй. /эх баримт 1-7-р хуудас/
- Хариуцагч аймгийн Засаг дарга нь " ” өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг цуцалсантай холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн
- даргаар аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг,
- гишүүдээр: Эрүүл мэндийн газрын дарга П.*, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б., Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Д.*, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн анхан шатны тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж., аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С., “” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.,
- нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэндийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн М.* нарыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/789 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар томилсон байна.
- Дээрх “Ажлын хэсэг”[3] нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн хуралдааныг танхимаар зохион байгуулсан байх ба
- 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаан[4]-аас
-
-
- “...Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах... зарыг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд аймгийн ЗДТГ..., Эрүүл мэндийн газрын пэйж хуудсууд болон Сайхан Монгол телевизээр нийтлэх”,
- “Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй оролцогч нь бүрдүүлэх материалыг PDF файлаар 2026 оны 01 сарын 16-ны 18 цаг хүртэлх хугацаанд ЭМГ-ын НЭМХ-ийн анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.гийн [email protected] цахим хаягаар ирүүлэх” гэх шийдвэрүүдийг /Сонгон шалгаруулалтын эх нотлох баримтын 9-11 дэх тал/,
-
- 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан[5]-аас “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах үнэлгээний шалгуур үзүүлэлтийг ... баталж, шалгуур үзүүлэлтийг гэрээний захиалагч тал буюу ЭМГ-ын дарга баталгаажуулна” гэх шийдвэрийг /Сонгон шалгаруулалтын эх нотлох баримтын 18-21 дэх тал/,
- 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаан[6]-аас “...сонгон шалгаруулалтад оролцох багуудын материалыг тогтоосон хугацаа, хэлбэрийн дагуу хүлээн авах, материал хүлээн авах, бүртгэх ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж, ил тод байдлыг хангаж ажиллах, ...цахимаар ирүүлсэн багуудын материалыг цаасаар архивлах учраас тавьсан зар дээр цаасаар ирүүлэх талаар нэмэлт өөрчлөлт оруулах, ...сонгон шалгаруулалтад оролцох багууд холбогдох материалыг 2026 оны 01 сарын 12-ноос 16-ны өдрийн 18.00 цаг хүртэлх хугацаанд [email protected] цахим хаягаар, 2026 оны 01 сарын 19-ний өдрийн 09.30-10.00 цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын 107 тоотод цаасан хэлбэрээр нөхөрлөлийн дарга өөрийн биеэр авчирч өгнө” гэх шийдвэрүүдийг /Сонгон шалгаруулалтын эх нотлох баримтын 22-25 дахь тал/,
- 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаан[7]-аас “Амин зангилаа” ЗБН-д албан ёсны хариуг хүргүүлэх, хугацаандаа материалаа ирүүлсэн 2 оролцогчийн материалыг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр танхимаар цуглаж үнэлэх” гэх шийдвэрийг /Сонгон шалгаруулалтын эх нотлох баримтын 29-33 дахь тал/,
- 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаан[8]-аас “Ажлын хэсгийн бүх гишүүдийн гарын үсэгтэй нэгтгэсэн дүнг зөвлөмжийн хамт аймгийн Засаг даргын тамгын газрын даргад өгөх” гэх шийдвэрийг тус тус гаргаж ““*” ЗБН”, “Үнэлгээ: Авбал зохих 80, Авсан 74.72”, ““” ББН” “Үнэлгээ: Авбал зохих 80, Авсан: 55.53” гэх бичвэр бүхий Ажлын хэсгийн дүнг нэгтгэсэн хүснэгтийг хавсаргасан байна. /Сонгон шалгаруулалтын эх нотлох баримтын 44-74 дэх тал/
- Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн аймгийн Засаг даргын тамгын газрын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/152 дугаартай албан бичгээр
- “...авбал зохих 80 онооноос 74.72 оноог авч ...сонгон шалгаруулалтад тэнцсэн...” гэх мэдэгдлийг “*” ЗБН-д /Сонгон шалгаруулалтын эх нотлох баримтын 75 дахь тал/,
- 03/153 дугаартай албан бичгээр “...авбал зохих 80 онооноос 55.53 оноог авч ...сонгон шалгаруулалтад тэнцээгүй...” гэх мэдэгдлийг “Наруха Энх” ББН-д тус тус хүргүүлсэн байна. /Сонгон шалгаруулалтын эх нотлох баримтын 76-77 дахь тал/,
- Гэтэл “Амин зангилаа” нөхөрлөлөөс аймгийн Засаг даргад хаяглан дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, материал хүлээж авах үйл ажиллагаатай холбогдох гомдлыг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр гаргажээ.
- Хариуцагчийн төлөөлөгч Б.*гээс шүүх хуралдаанд гаргасан дээрх “...гомдлыг “Амин зангилаа” нөхөрлөлөөс аймгийн Засаг даргад гаргасан бөгөөд гомдлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргаас Засаг даргын тамгын газрын даргад, Засаг даргын тамгын газрын дарга нь “Ажлын хэсэг”-т тус тус шилжүүлснээр “Ажлын хэсэг” хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн...” гэх тайлбар нь тус 07 дугаартай албан бичгийн баруун болон зүүн доод задгай талбайд гараар бичсэн бичвэрүүдийн агуулгаар нотлогдов.
- Харин Ажлын хэсэг нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 6 дахь удаагаа хуралдаж “Амин зангилаа” нөхөрлөлийн аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тайлбар хүргүүлэх, дахин зарлах асуудал байгаа эсэхийг тодруулах” асуудлыг хэлэлцээд “...сонгон шалгаруулалтын дүнг хэвээр үлдээх, Амин зангилаа нөхөрлөлд хариуг бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж хүргүүлэх” гэх шийдвэрийг гаргасан байна. /Сонгон шалгаруулалтын эх нотлох баримтын 87-90 дэх тал/
- Нэхэмжлэгч “*” ЗБН-өөс 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04, 11-ний өдрийн 05 дугаартай албан бичгүүдээр аймгийн Засаг даргад хандан холбогдох гэрээ байгуулан хамтран ажиллах хүсэлтийг гаргажээ.
- Гэвч хариуцагч аймгийн Засаг дарга нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дугаартай “*жавын *ийг шилжүүлэн ажиллуулах тухай” захирамжийг гарган П.*[9]-ийг Эрүүл мэндийн даатгалын хэлтэст шилжүүлж шийдвэрлэсэн бол мөн сарын 12-ны өдөр буюу маргааш нь А/123 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” захирамжийг гаргаж “Ажлын хэсэг”-ийн даргаар Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.ийг, гишүүдээр: Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нарантуяа, Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Д.*, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Д.*, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн анхан шатны тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж., аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Оюунгэрэл, “” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ц., сумын 3 дугаар багийн иргэн Н.Амгаланбаатар, нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэндийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн М.* нарыг тус тус томилж, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/789 дугаартай захирамж[10]-ийн 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон байна. /Сонгон шалгаруулалтын эх нотлох баримтын 96 дахь тал/,
- Улмаар “*” ЗБН-ийн гэрээ байгуулах хүсэлтүүдэд “...“Амин зангилаа” нөхөрлөл болон “Наруха Энх” ББН-үүд удаа дараа гомдол гаргаж, гомдлыг үндэслэлтэй гэж үзэн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа...” гэх хариуг Засаг даргын тамгын газрын дарга 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/343, аймгийн Засаг дарга мөн оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/386 дугаартай албан бичгүүдээр тус тус өгсөн байх ба “*” ЗБН нь 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаартай албан бичгээр Үнэлгээний хороонд хаяглан шүүхэд маргаан үүсгэж буй талаараа мэдэгджээ.
- Харин хариуцагч аймгийн Засаг даргын 2026 оны А/123 дугаартай захирамжаар байгуулагдсан “Үнэлгээний хороо”-оос 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргад хаяглан сонгон шалгаруулалтад оролцогч, сонирхогч талуудаас гаргасан гомдлуудыг бүрэн шийдвэрлээгүйн улмаас дараагийн тендерийг нээх боломжгүй талаарх зөвлөмжийг хүргүүлсэн байх ба хариуцагчаас 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А/238 дугаартай “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” захирамжийг гаргаж 2025 оны А/789, 2026 оны А/123 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгон, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан сумын 3, 4, 5 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүйд тооцож, энэ талаар 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/623 дугаартай албан бичгээр сонгон шалгаруулалтад оролцогчдод мэдэгдсэн байна. /Сонгон шалгаруулалтын эх нотлох баримтын 103 дахь тал/
- Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрлүүдийг хуульчилсан бөгөөд 15.1.1-д “өрхийн эрүүл мэндийн төв”, 16 дугаар зүйл /Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын чиг үүрэг/-ийн 16.1-д “Энэ хуулийн 15.1.1 …-т заасан байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу зохион байгуулна”, 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна”, 18 дугаар зүйл /Эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх/-ийн 18.2-т “Эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно” гэж,
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг заасан ба 4.1.1-д “өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжлийн анхан шатны тусламж, үйлчилгээг бие дааж, эсхүл багаар үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэсэн бол 5 дугаар зүйл /Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт/-ийн 5.3-т “Өрх... эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд тухайн аймаг...ийн Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, аймаг...ийн Засаг дарга тогтооно”, 5.4-т “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 5.5-д “Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг...ийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
- Харин Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”[11]-ыг баталсан бөгөөд тус журмын 1.1-д “Энэхүү журам нь хот, суурин газрын хүн амд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх Өрхийн эрүүл мэндийн төвийн багийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулна”, 1.2-т “… өмнө үйл ажиллагаа гүйцэтгэж байсан Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээ цуцлагдсан… тохиолдолд багийг сонгон шалгаруулахад оршино” гэж “Сонгон шалгаруулалтын зорилго”-ыг тодорхойлсон бол 1.3-т “Сонгон шалгаруулалт нь Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай…, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай… хууль, энэхүү журам болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулагдана” гэжээ.
- Түүнчлэн Журмын 3.1-т “Өрх…ийн эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд нийцүүлэн хэрэгцээний үнэлгээнд үндэслэн шинээр өрхийн эрүүл мэндийн төв байгуулах шийдвэрийг аймаг…ийн Засаг дарга гарган сонгон шалгаруулалтын үнэлгээний хороог томилно”, 3.2-т “Сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран зохион байгуулж болно”, 3.3-т “Сонгон шалгаруулалтын бэлтгэл хангах, зохион байгуулах, хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн нэгж нь үнэлгээний хороо байна” гээд 5 зохицуулалтаар үнэлгээний хорооны хэрэгжүүлэх чиг үүргийг журмалснаас гадна 3.4-т “Аймаг…ийн Засаг даргын тамгын газар сонгон шалгаруулах үнэлгээний хороог томилно”, 3.5-д “Сонгон шалгаруулалт хийх үнэлгээний хороо нь 9-өөс доошгүй сондгой тооны гишүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнд дараах төлөөллийг заавал оролцуулна” гээд үйлчлэх хүрээний хүн амын төлөөлөл, Эрүүл мэндийн газрын анхан шатны тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан холбогдох албан тушаалтан, өрхийн анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагын төлөөлөл заавал оролцсон байхыг нэрлэн заажээ.
- Үнэлгээний хороонд Журмын 3.6-д тусгасан таван зохицуулалтаар сонгон шалгаруулалттай холбогдох үндсэн чиг үүргээс гадна нэмэлт үүргүүдийг хүлээлгэсний дотор сонгон шалгаруулалтын явц, үр дүнд үүссэн санал, хүсэлт, гомдол, маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхийг үүрэгжүүлсэн байна.
- Журмын 6.1-д сонгон шалгаруулалтын урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, Аймгийн Эрүүл мэндийн газрын цахим хуудаст байршуулахыг үүрэгжүүлсэн байх ба “Долоо” дахь зохицуулалтаар сонгон шалгаруулалтын үе шатыг журмалжээ. Тухайлбал: Сонгон шалгаруулалтад оролцох багийн хүсэлт, баримт бичгийг хүлээн авах болон үнэлгээ гаргах хугацаа, үнэлгээг танхимаар зохион байгуулж, оролцогчдоос ирүүлсэн материалыг холбогдох төрийн байгууллагаас урьдчилан цуглуулсан мэдээлэлтэй харьцуулах замаар гаргах бөгөөд шалгарсан багийн мэдээллийг захиалагчид зөвлөмжөөр хүргүүлж, сонгон шалгаруулалтын эцсийн үр дүнг аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэхээр байна.
- Харин найм дахь зохицуулалтаар сонгон шалгаруулалтад оролцогч нь сонгон шалгаруулалтын мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын тав хоногийн дотор аймгийн Засаг даргын тамгын газарт бичгээр гомдол гаргаж болох бөгөөд тус Тамгын газар нь гомдлыг хүлээж авснаас хойш түүнийг гомдол барагдуулах ажиллагаанд оролцохыг урих, харин гомдол гаргагч уг ажиллагаанд оролцоогүй тохиолдолд цаашид гомдол гаргах эрхгүй байхаар тус тус зохицуулжээ.
- Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дээрх хууль зүйн үндэслэлүүдийн хүрээнд дараах дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
- Өмнө хэсэгт тусгасан холбогдох хууль, журмын зохицуулалтуудаас харахад төр нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд тус байгууллагыг сонгон шалгаруулалтын журмаар сонгохоор зохицуулжээ. Тодруулбал: “Өрхийн эрүүл мэндийн төв” гэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага буюу түүний “БАГ” нь хүн амд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх төрийн үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг бөгөөд уг тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах төр /орон нутаг/-ийн өмчийн хөрөнгийг эзэмшиж, ашиглан, санхүүжилтийг төсвөөс гаргуулан авч захиран зарцуулдаг бол “Сонгон шалгаруулалт” нь хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг “Хамгийн сайн” үзүүлэх “Баг”-ийг сонгох зорилготой байна.
- Хууль тогтоогч нь Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах харилцааг илүү нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг батлан гаргах эрхээ “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Монгол Улсын Эрүүл мэндийн сайдад шилжүүлсэн байх ба тус сайдаас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ыг батлан гаргажээ.
- Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь дээрх журмын дагуу явагдах учиртай бөгөөд уг журам, бусад үйл ажиллагааг аймгийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлэхээс гадна, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг маргаангүйгээр зохион байгуулах үүргийг эрх бүхий этгээдээс томилсон “Үнэлгээний хороо” хүлээнэ.
- Харин “Үнэлгээний хороо” буюу тус Хорооны бүрэлдэхүүнийг томилох эрх бүхий этгээдийг Журмын 3.1-д “аймгийн Засаг дарга” гэсэн бол 3.4-т “аймгийн Засаг даргын тамгын газар” гэжээ.
- аймгийн Засаг даргын 2025 оны А/789 дүгээр захирамжаар томилогдсон Ажлын хэсгээс зохион байгуулж явуулсан сумын 3, 4, 5 дугаар багийн хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг
нэхэмжлэгч тал “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулсан нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нийцсэн” гэж,
хариуцагч тал “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын дагуу явуулаагүйн улмаас тус сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдох маргаан үүсэх шалтгаан нөхцлийг үүсгэсэн” хэмээх агуулгаар тус тус мэтгэлцэв.
-
- Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын “Нэг”-ийн 1.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9.1-д заасны дагуу худалдан авах ажиллагааг цахим системээр зохион байгуулахтай холбоотой нөхцөл, шаардлагыг тодорхойлох, ...тендер шалгаруулалттай холбоотойгоор цахим системд хандах, мэдээлэл авах эрх бүхий этгээдийг тогтооход энэ журмын зорилго оршино”[12], 1.2-т “Цахим систем нь www.tender.gov.mn гэсэн хаягтай байх ба цахим системийн тасралтгүй, аюулгүй ажиллагааг худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хангаж ажиллана”, 1.3-т “Захиалагч, аж ахуй эрхлэгч, сонирхогч этгээд, оролцогч болон холбогдох бусад этгээд хууль тогтоомж, түүнд нийцүүлэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан журам, аргачлал, зааварчилгааны дагуу цахим системийг хэрэглэнэ” гэжээ.
- “Ажлын хэсэг”-ийн эх баримтыг судлан үзэхэд
- аймгийн Засаг дарга нь тус аймгийн Эрүүл мэндийн газрын хүсэлтийг үндэслэн 2025 оны А/789 дугаартай захирамжаар 9 гишүүний бүрэлдэхүүнтэй өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг томилсон бөгөөд Ажлын хэсэг нь аймгийн Засаг даргын тамгын газар болон Эрүүл мэндийн газар, Худалдан авах ажиллагааны газар, “Сайхан Монгол” телевизүүдийн цахим хуудаст тус тус байршуулсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулалтын урилга”-д “...оролцогч нь бүрдүүлэх материалыг PDF файлаар 2026 оны 01 сарын 16-ны 18 цаг хүртэлх хугацаанд ЭМГ-ын НЭМХ-ийн анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.гийн цахим хаягаар ирүүлнэ” гэж тусгасан байсан ч 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар “...2026 оны 01 сарын 19-ний өдрийн 09.30-10.00 цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын 107 тоотод цаасан хэлбэрээр нөхөрлөлийн дарга өөрийн биеэр авчирч өгнө” гэж сонирхогч этгээдээс ирүүлэх хүсэлт, материалыг хүлээж авах газар, хэлбэр болон хугацаанд нэмэлт оруулсан байна.
- Харин 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 3 нөхөрлөл гаргаснаас бүрдүүлэх материалыг урилгад заасан хэлбэрийн шаардлагуудыг хангаж, хугацаанд нь ирүүлсэн гэж “*” ЗБН болон “Наруха Энх” ББН-үүдийг бүртгэж, “Амин зангилаа” нөхөрлөлийг бүрдүүлэх материалыг цаасан хэлбэрээр урилгад заасан хугацаанд ирүүлсэн ч “цахимаар ирүүлэх хугацааг хэтрүүлсэн” үндэслэлээр бүртгэхээс татгалзсанаар “Амин зангилаа” нөхөрлөл гомдол гаргаж тухайн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдох маргаан эхэлжээ.
- Ажлын хэсэг гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус нөхөрлөл нь 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх ба Засаг дарга уг гомдлыг шийдвэрлүүлэхээр Засаг даргын тамгын газрын даргадаа, Засаг даргын тамгын газрын дарга нь Ажлын хэсэгт тус тус шилжүүлснээр Ажлын хэсэг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж мөн гомдлыг хангахаас татгалзаж буй тайлбарыг Засаг даргын тамгын газрын даргад хүргүүлсэн байдаг.
- Харин “Амин зангилаа” нөхөрлөлөөс гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үнэлгээг гаргаж, 74.72 оноогоор тэнцсэн талаар “*” ЗБН-д мэдэгдсэн бөгөөд тус нөхөрлөл нь 2026 оны 02 дугаар сарын 04 болон 11-ний өдрүүдэд аймгийн Засаг даргад гэрээ байгуулах хүсэлтүүдийг хүргүүлжээ.
- Гэвч аймгийн Засаг даргаас сонгон шалгаруулалт явуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилж, 2025 оны А/789 дугаар захирамжийн “2 дахь заалт”[13] буюу өмнөх Ажлын хэсгийг томилсон зохицуулалтыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн А/123 дугаартай захирамжийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гарган, шинээр байгуулагдсан Ажлын хэсэг өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар “Амин зангилаа” нөхөрлөл болон “*” ЗБН-д тус тус мэдэгдсэн үйл баримтаар “Амин зангилаа” нөхөрлөлийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн гэж ойлгогдов.
- “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ын 8.1 болон 8.2 дахь зохицуулалтуудад зааснаар сонгон шалгаруулалтад оролцогч нь сонгон шалгаруулалтын мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын тав хоногийн дотор бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийн нотлох баримтыг хавсаргаж өгөх, харин аймгийн Засаг даргын тамгын газар нь гомдлыг хүлээн авснаас хойш түүнийг гомдол барагдуулах ажиллагаанд оролцохыг урих ба уг ажиллагаанд оролцоогүй гомдол гаргагч нь цаашид гомдол гаргах эрхгүй болохоор байна.
- Гэтэл “Амин зангилаа” нөхөрлөл нь Ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч мөн өдөр нь тус Ажлын хэсэгт гомдол гаргаж, мөн татгалзсан хариуг авсан байдаг.
- Тиймээс Ажлын хэсэг гаргасан шийдвэрээ “Амин зангилаа” нөхөрлөлд мэдэгдсэн өдөр болох 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс тус нөхөрлөлийн аймгийн Засаг даргын тамгын газарт гомдол гаргаж болох ажлын тав хоног дууссаны дараа сонгон шалгаруулалтын үнэлгээг гаргах нь Журмын 8.1-д заасан зохицуулалтад нийцэхээр байна. Өөрөөр хэлбэл: Ажлын хэсэг нь зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан нөхөрлөлийн гомдол гаргах эрхийг хангах үүргийг Журмын 8.1 дэх зохицуулалтаар хүлээнэ.
- Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт зааснаар “Амин зангилаа” нөхөрлөлийн аймгийн Засаг даргын тамгын газарт гомдол гаргах “ажлын тав хоног”-ийн хугацааг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолох бөгөөд уг хугацааны сүүлийн өдөр болох 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус нөхөрлөл нь аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргаснаар Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/123 дугаар захирамж гарч, нэхэмжлэгч “*” ЗБН уг үйл ажиллагааг эс зөвшөөрч 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд хандсанаар сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдох маргаан үргэлжилсэн.
- Харин аймгийн Засаг даргын 2026 оны А/123 дугаар захирамжаар томилогдсон Ажлын хэсэг нь мөн оны 04 дүгээр сарын 02-ны өдөр сонгон шалгаруулалтыг
- “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын холбогдох зохицуулалтуудыг зөрчиж явуулсан,
- сонгон шалгаруулалттай холбогдох гомдол бүрэн шийдвэрлэгдээгүй” гэх үндэслэлүүдээр дараагийн тендерийг нээх боломжгүй хэмээх агуулга бүхий зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд тус Засаг даргаас 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаар захирамжийг гаргаснаар маргааны цар хүрээ тэлсэн үйл баримт болсон нь нотлогдож байна.
- Хариуцагч аймгийн Засаг дарга нь 2026 оны А/238 дугаартай “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” захирамжаараа 2025 оны А/789, 2026 оны А/123 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, 2026 оны 01 дүгээр сарын 22-нд байгуулсан сумын 3, 4, 5 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүйд тооцож шийдвэрлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтуудыг үндэслэжээ.
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсний 60.1.21-д “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, 66 дугаар зүйл /Засаг даргын шийдвэр/-ийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө... хүчингүй болгоно”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гээд 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн ...48.2.2...-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж тус тус хуульчилсан.
- Тиймээс хариуцагч нь өөрийн гаргасан эерэг нөлөөлөл бүхий шийдвэрийг гаргасан өдрөөсөө хойш таван жилийн дотор хүчингүй болгох эрхтэй байх ба хүчингүй болгож буй үндэслэл нь хуульд нийцсэн буюу тусгагдсан байх учиртай.
- Нэхэмжлэгч нь:
- “аймгийн Засаг даргын 2025 оны А/789 дугаар захирамжийг биелүүлж, сумын 3, 4, 5 дугаар багийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх Өрхийн эрүүл мэндийн төвөөр манай багт “тэнцсэн” үнэлгээг өгсөн Үнэлгээний хорооны шийдвэрийг аймгийн Засаг дарга хүчингүй болгох эрхгүй, нэгэнт хэрэгжсэн захиргааны акт, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох ойлголт байхгүй,
- Аймгийн Засаг дарга 2026 оны А/238 дугаартай захирамжийг гаргахдаа манай Өрхийн эрүүл мэндийн төвтэй сонсох ажиллагаа явуулаагүй, уг захирамжийг гаргасан үндэслэл тогтоогдохгүй, тодорхой бус,
- Сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн манай төвтэй гэрээ байгуулах үүргээ гүйцэтгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус хэмээх агуулгаар мэтгэлцэв.
- Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно”, 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно”, 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон бол 24, 25, 26 дугаар зүйлүүдэд захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээх бөгөөд нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах байдлаар цуглуулах, шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохыг үүрэгжүүлсэн байна.
- Харин мөн хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байж болох зургаан үндэслэлийг тодорхойлсны дотор “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэжээ.
- аймгийн Засаг даргын 2025 оны А/789 дүгээр захирамжаар томилогдсон Ажлын хэсэг нь сумын 3, 4, 5 дугаар багийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад оролцогчийг бүртгэх үйл ажиллагаатай холбоотой үүссэн гомдол шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалтыг явуулж, “*” ЗБН-ийг “Тэнцсэн” үнэлгээг гаргасан нь “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журмын 8.1 дэх зохицуулалтыг зөрчсөн талаар өмнө хэсэгт тусгасан бөгөөд хариуцагч нь уг Ажлын хэсгийг томилсон болон Ажлын хэсгээс гаргасан шийдвэр буюу сонгон шалгаруулалтын үнэлгээг хүчингүй болгосон шийдвэрүүдийг 2026 оны А/238 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг.
- Нэхэмжлэгч нь дээрх А/238 дугаартай захирамжийг хүчингүй болгохоор маргасан.
- “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ын 1.2-т сонгон шалгаруулалтыг
- Өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулах болсон,
- өмнө үйл ажиллагаа гүйцэтгэж байсан Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээ цуцлагдсан, гэрээг сунгах эрх үүсээгүй тохиолдлуудад зохион байгуулахаар журмалжээ.
- Харин дээрх Журмын 3.1-т “...хэрэгцээний үнэлгээнд үндэслэн шинээр өрхийн эрүүл мэндийн төв байгуулах шийдвэрийг аймаг...ийн Засаг дарга гарган сонгон шалгаруулалтын үнэлгээний хороог томилно” гэж аймгийн Засаг даргын үнэлгээний хороо томилох сонгон шалгаруулалтын нөхцлийг тухайлан зохицуулсан бол 3.4-т “Аймаг...ийн Засаг даргын тамгын газар сонгон шалгаруулах үнэлгээний хороог томилно” гэж тодорхой нөхцөл заагаагүй эрхийг аймгийн Засаг даргын тамгын газарт олгожээ.
- Тиймээс Журмын 3.4 дэх зохицуулалтыг аймгийн Засаг дарга томилохоор харъяалуулсан /шинээр өрхийн эмнэлэг байгуулах/-аас бусад тохиолдолд буюу гүйцэтгэлийн гэрээ нь цуцлагдсан “Баг”-ийн оронд Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах дараагийн “Баг”-ийг сонгон шалгаруулах “Үнэлгээний хороо”-г аймгийн Засаг даргын тамгын газар томилох тохиолдолд хэрэглэхээр байна.
- Маргааны үйл баримтаас сумын 3, 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт харъяалагдах хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан “ ” нөхөрлөлийн гүйцэтгэлийн гэрээг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс “цуцласан”-ы улмаас тус Төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх дараагийн “Баг”-ийг сонгон шалгаруулах шаардлага бий болсон болох нь тогтоогддог.
- Тиймээс өмнө хэсэгт тайлбарласанчлан Журмын 3.4-т зааснаар уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог аймгийн Засаг даргын тамгын газар томилох бөгөөд захиалагч нь тус аймгийн Эрүүл мэндийн газар[14] байна.
- Гэтэл хариуцагч аймгийн Засаг дарга нь Журмын 3.4 дэх зохицуулалтыг зөрчин өөрт олгогдоогүй эрхийг эдлэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийг 2025 оны А/789 дүгээр захирамжаар томилжээ.
- Улмаар тухайн “Ажлын хэсэг” нь “Амин зангилаа” нөхөрлөлөөс гаргасан гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад “Үнэлгээ” гаргаснаар Журмын 8.1 дэх зохицуулалтыг зөрчсөн байх тул А/789 дугаартай захирамж хэрэгжсэн гэж дүгнэхгүй. Тодруулбал: “Ажлын хэсэг” нь сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд Журмын зохицуулалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй бүр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан ”хууль бус захиргааны акт” гарах сөрөг үр дагаварыг дагуулна.
- аймгийн Засаг даргын 2025 оны А/789 дугаартай захирамж нь “*” ЗБН болон “Наруха Энх” ББН, “Амин зангилаа” нөхөрлөлүүдэд сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалт оролцох боломжийг олгож буйнхаа хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болно.
- Харин 2025 оны А/123 дугаартай захирамж нь “Ажлын хэсэг”-ээс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж явуулсан сонгон шалгаруулалтад “*” ЗБН-д өгсөн “Тэнцсэн” үнэлгээ, түүний захиалагчтай гэрээ байгуулах эрхийг үгүйсгэж буйнхаа тухайд тус нөхөрлөлд сөрөг нөлөөлөл бүхий байгаа бол дахин зохион байгуулагдах сонгон шалгаруулалтад “*” ЗБН болон “Наруха Энх” ББН, “Амин зангилаа” нөхөрлөлүүдийн хэн алиных нь оролцох эрх хязгаарлагдахгүйнхээ тухайд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын шинжийг давхар агуулж байна.
- Хариуцагч нь уг А/123 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” захирамжийг “Амин зангилаа” нөхөрлөлийн гаргасан гомдлыг хангах үүднээс гаргасан байдаг.
- Тухайн захирамжаар А/789 дугаартай захирамжийн 2 дахь заалт буюу өмнөх “Ажлын хэсэг”-ийг томилсон шийдвэрээ хүчингүйд тооцож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч А/123 дугаартай захирамжтай холбогдох маргааныг шүүхэд үүсгээгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа бүхэлд нь шүүх хуралдаанд дэмжиж оролцсон.
- аймгийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны акт болох 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаартай захирамжаараа сумын 3, 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт харъяалагдах хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх багийг сонгон шалгаруулах “Ажлын хэсэг”-үүдийг томилсон 2025 оны А/789 болон 2026 оны А/123 дугаартай захирамжуудын аль алиныг нь хүчингүй болгож, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл: А/238 дугаартай захирамж гарснаар аймгийн Засаг даргаас ““Ажлын хэсэг” томилсон шийдвэр гаргаагүй. Сонгон шалгаруулалт явагдаагүй” үр дагавар үүсчээ.
- Тиймээс аймгийн Засаг даргын “2026 оны А/238 дугаар захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, захирамж хүчингүй болсноор түүний 2026 оны А/123 дугаартай захирамжийн үйлчлэл сэргэхээс биш, 2025 оны А/789 дугаартай захирамжийн үйлчлэл сэргэхээргүй байна. Тодруулбал: А/123 дугаартай захирамжаар өмнөх “Ажлын хэсэг”-ийг томилсон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул сүүлд томилогдсон “Ажлын хэсэг”-т сумын 3, 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт харъяалагдах хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Өрхийн эрүүл мэндийн төвийн багийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг үүснэ.
- Үүнээс улбаалан өмнөх Ажлын хэсгийн үнэлгээнд үндэслэн сумын 3, 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт харъяалагдах хүн амд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төрийн үүргийг гэрээгээр гүйцэтгэхийг хүсч буй нэхэмжлэгчийн хүсэл зориг хангагдахааргүй байна.
- Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол өөрийн гаргасан эерэг нөлөөлөл бүхий захирамжийг хүчингүй болгох эрхтэй.
- Тэрээр 2025 оны А/789 дугаартай захирамжаар “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ын 3.4 дэх хэсэгт заасан этгээдээс гаргах учиртай шийдвэрийг гаргасан, мөн “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ын 8.1 дэх зохицуулалтад сонгон шалгаруулалтад оролцогчийг бүртгэх үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан этгээдийн гомдлыг хариуцагч бус аймгийн Засаг даргын тамгын газар хүлээн авч шийдвэрлэх учиртай атал “Амин зангилаа” нөхөрлөлийн гаргасан гомдлыг хүлээн авч, шийдвэрлэжээ.
- Тиймээс аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаартай маргаан бүхий захирамжийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх хэсэг үндэслэлтэй байна.
- Нөгөө талаар хариуцагчийн 2025 оны А/789 дугаар захирамжаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд “Амин зангилаа” нөхөрлөлийг сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэхээс татгалзаж буй үндэслэлийг хүсэлт, холбогдох материалаа “цахимаар ирүүлэх хугацаа хэтрүүлсэн тул цаасан суурьтайгаар хүлээж авахгүй” гэх агуулгаар тайлбарлаж буйг тусгажээ.
- Гэвч тус “Ажлын хэсэг”-ийн цахим сүлжээнд байршуулсан урилгад оруулсан нэмэлт мэдээлэлд “цахимаар ирүүлсэн материалыг л цаасан суурьтайгаар хүлээж авна” гэж шууд ойлгогдох агуулга тусгагдаагүй байна.
- Түүнчлэн энэхүү маргаан үүссэн шалтгаан нь сонирхогч этгээдийн бүрдүүлсэн материалыг хүлээн авч байсан хугацаанд урилгад нийтэлсэн гэх цахим хаяг нь хэвийн үйл ажиллагаатай байсан эсэх, “Амин зангилаа” нөхөрлөл урилгад заасан хугацаанд багтаан бүрдүүлсэн материалаа илгээсэн байсан эсэхээс үүдэлтэй байдаг.
- “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ын 2.1.5-д Сонгон шалгаруулалтад “...цахим технологид суурилсан... байх” зарчмыг баримтлана гэснээс гадна 6.1-д “Сонгон шалгаруулалтын урилгыг ...Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй цахим хуудас...д байршуулна”, 7.1.3-т “...ирүүлсэн материалыг холбогдох төрийн захиргааны байгууллагаас урьдчилан цуглуулсан мэдээлэлтэй харьцуулах замаар үнэлгээ хийнэ” гэж тус тус зохицуулсан байх тул тухайн сонгон шалгаруулалт, түүний бэлтгэл ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй цахим системийг ашиглан зохион байгуулах боломжтой байна.
- Хариуцагч нь “Амин зангилаа” нөхөрлөлийн гомдлыг хангаж, Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах Ажлын хэсэг томилсон ч уг Ажлын хэсгээс өмнө зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдох маргааныг шийдвэрлэж дуусаагүй гэх үндэслэлээр татгалзсанаас гадна сонгон шалгаруулалтыг “tender.gov.mn” цахим системийг ашиглаж зохион байгуулах талаар хүргүүлсэн зөвлөмжийг хүлээн авч, 2025 оны А/789 болон 2026 оны А/123 дугаар захирамжуудаа хүчингүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь: Тэрээр Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх Багийг сонгон шалгаруулах зорилгоор
- 2025 оны А/789 дугаартай захирамжийн Ажлын хэсэг томилсон зохицуулалтыг 2026 оны А/123 дугаар захирамжаараа хүчингүй болгож шийдвэрлэсэн тул өмнөх Ажлын хэсэг дахин сонгон шалгаруулалт зохион байгуулах эрхгүй болсон,
- 2026 оны А/123 дугаар захирамжаар томилсон Ажлын хэсэг нь уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаас татгалзсан зөвлөмжийг хүргүүлсэн тул тухайн хоёр захиргааны актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
- Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байхаар хуульчилсан.
- аймгийн Засаг дарга нь 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/789 дугаартай захирамжийг Журмын 3.4 дэх зохицуулалтуудыг зөрчиж гаргасан, уг захирамжийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад гаргасан “Амин зангилаа” нөхөрлөлийн гомдлыг 2026 оны А/123 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн нь мөн Журмын 8.1 дэх зохицуулалтыг тус тус зөрчсөн бөгөөд тухайн захирамжуудыг бодит байдалд биелүүлэх боломжгүй болсон байх тул аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж шүүх дүгнэв.
- Түүнчлэн Ажлын хэсэг нь 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн бүртгэлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан “Амин зангилаа” нөхөрлөлийн гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлж "*” ЗБН-д “Тэнцсэн” үнэлгээ өгсөн нь Журмын 8.1 дэх хэсэгт заасан гомдол гаргагчийн эрхийг зөрчсөн байх тул хариуцагчийг уг үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахгүй эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах нь үндэслэлгүй байна.
- Тиймээс шүүх нэхэмжлэлийн тус шаардлагыг хангаж, аймгийн Засаг даргад нэхэмжлэгчтэй холбогдох гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гаргах боломжгүй юм.
- Аймгийн Засаг дарга нь 2026 оны А/238 дугаартай захирамжийг сумын 3, 4, 5 дугаар багийн хүн амд төрөөс өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргийг гэрээгээр гүйцэтгэх Өрхийн эрүүл мэндийн төвийн багийн сонгон шалгаруулалттай холбогдон үүссэн маргааныг шийдвэрлэх явцад гаргасан байх ба түүнийг гаргахаас өмнөх шатанд гомдол гаргагч “Амин зангилаа” нөхөрлөлийн багтай уулзаж ярилцсан талаар албан бичигтээ тусгасан байдаг. Энэ нь хариуцагч Журмын 8.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсэн болох нь нотлогдов.
- Харин “*” ЗБН-д дээрх нөхцөл байдлын талаар 2026 оны 02 дугаар сарын 24 болон 03 дугаар сарын 03-ны өдрүүдийн өөрийн болон Засаг даргын тамгын газрын албан бичгүүдээр мэдэгдэж байсан ч тус нөхөрлөлийн багтай тухайлан уулзаж, ярилцсан үйл баримт тогтоогдсонгүй.
- аймгийн Эрүүл мэндийн газарт сумын 3, 4, 5 дугаар багийн хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх Өрхийн эрүүл мэндийн төвийн багийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан тус Төвийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага хэвээр хадгалагдаж байгаагаас гадна дээрх А/238 дугаартай маргаан бүхий захирамж нь Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах шалтгаан нөхцлийг үгүйсгэсэн агуулгагүй байна.
- аймгийн Засаг даргын 2026 оны А/238 дугаартай захирамж нь “Амин зангилаа” нөхөрлөл болон “Наруха Энх” ББН-үүдийн гаргасан гомдлыг барагдуулах ажиллагааны явцад гаргасан шийдвэрийн үргэлжлэл байх тул гомдол гаргаагүй оролцогчтой сонсох ажиллагаа явуулалгүйгээр гаргасан гэж дүгнэн тус А/238 дугаартай захирамжийг хүчингүй болгох нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгээр хуульчлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчсөн шийдвэр болно.
- Түүнчлэн хариуцагчийн дээрх А/238 дугаар захирамжийг хүчингүй болгосноор Өрхийн эрүүл мэндийн төвийн багийг сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбогдох маргаан эцэслэн шийдвэрлэгдэхгүйгээс гадна нэхэмжлэгчийн сумын 3, 4, 5 дугаар багийн хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх Өрхийн эрүүл мэндийн төвийн багийг сонгон шалгаруулалтад дахин оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий захирамж хөндөхөөргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.2.2, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгч “*” ЗБН-ийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад шалгарсан "* ЗБН-тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах, аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[1] Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05/159 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт тусгасан байна.
[2] аймгийн Эрүүл мэндийн газрын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-2025/432 дугаартай албан бичигт тус хорооны бүрэлдэхүүнд орох найман хүний нэр, албан тушаалыг тусгасан.
[3] Тус “Ажлын хэсэг”-ээс гаргасан баримтуудад “Үнэлгээний хороо”, “Ажлын хэсэг” гэхчилэн өөр өөр нэршлээр тусгагдсан байх тул цаашид “Ажлын хэсэг” гэж бичигдэнэ.
[4] Хуралдааны тэмдэглэл №1.
[5] Хуралдааны тэмдэглэл №2.
[6] Хуралдааны тэмдэглэл №3.
[7] Хуралдааны тэмдэглэл №4.
[8] Хуралдааны тэмдэглэл №5.
[9] Ажлын хэсгийн даргаар томилогдсон байсан.
[10] өмнөх “Ажлын хэсэг”-ийг томилсон хэсгийг хүчингүй болсонд тооцсон.
[12] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ” гэжээ.
[13] аймгийн Засаг даргын 2026 оны А/123 дугаар захирамжид тусгаснаар оруулав.
[14] Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/122 дугаартай тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 1.2 дахь зохицуулалт.