Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 318

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч П.Нямцэцэг,

Хохирогч Б.Бямбадаш,

Шүүгдэгч Ц.Мөнхболд, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ц.Мөнхболдод холбогдох эрүүгийн 201725030453 дугаартай хэргийг 2018 оны 4 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Зээ овогт Цолмонгийн Мөнхболд, 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол ҮЭ гудамж 7В байр 9 тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ШУ95112216/.

 

Шүүгдэгч Ц.Мөнхболд нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүр дотор Б.Баярсайханаас гар утас худалдаж авна, гар утсыг засч өгнө гэж хуурч “самсунг нөүт-4”, “ай фоне-5” загварын гар утсыг залилан авч 420,000 төгрегийн,

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кинотеатрын урд С.Үнэнбатаас “утсаар чинь яриад өгье” гэж хуурч “самсунг эс 6” загварын гар утсыг залилан авч 520,000 төгрөгийн,

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо АНУ карокеод Х.Хулангийн “ай фоне 6” загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч аваад 420,000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кинотеатрын орчим Б.Бямбадашийг хуурч сургалтын төлбөрийг нь өөрийн мобайл банкаар шилжүүлж өгнө гэж 1,800,000 төгрөгийг,

2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны хойт талд С.Тэмүүлэнг “дүүгээс утас түлхүүр цамц аваад ир” гэж хуурч орц луу орсон араар ай фоне эс загварын гар утас, зөөврийн компьютер зэргийг залилж 472.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мөнхболд мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бямбадаш мэдүүлэхдээ: “..Архангай аймгийн цэцэрлэг суманд байдаг “Мухар хужиртын рашаан” гэх амралтын газар гар бөмбөг тоглож байгаад танилцсан. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Тэнгис кино театр руу миний картыг авч ороод картнаас мөнгө авсан байсан. 8 дугаар сарын 22-ны өдөр миний даснруу 2.300.000 төгрөг орж ирсэн. Тэгээд 8 дугаар сарын 23-нд 800.000 төгрөгөөр 2 удаа 200.000 төгрөгөөр 1 удаа нийт 1.800.000 төгрөг авсан байсан. Би бүх мөнгөө авмаар байна гэв.

 

Хохирогч Б.Баярсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-17/, хохирогч С.Үнэнбатын мэдүүлэг /хх-38-39/, хохирогч Х.Хулангийн мэдүүлэг /хх-117-119/, хохирогч Б.Бямбадашийн мэдүүлэг /хх-152-154/, хохирогч Б.Бямбадашийн ХААН банкны дансны хуулга, насанд хүрээгүй хохирогч С.Тэмүүлэнгийн мэдүүлэг /хх-210/, гэрч П.Мөнгөнтуяагийн мэдүүлэг /хх-40/, гэрч Н.Нанжидноровын мэдүүлэг /хх-120-121/, гэрч А.Мөнх-Одын мэдүүлэг /хх-122-123/, гэрч С.Ганжигүүрийн мэдүүлэг/хх-158/, эд зүйлийн үнэлгээ /хх-36/, эд зүйлийн үнэлгээ /хх-131/,  Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-211-212/, шүүгдэгч Ц.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Ц.Мөнхболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-104,/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-188, 189,/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.Мөнхболд нь бусдыг хуурч, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүр дотор Б.Баярсайханаас “гар утас худалдаж авна, гар утсыг засч өгнө” гэж хуурч “самсунг нөүт-4”, “ай поне-5” загварын гар утсыг залилан авч 420,000 төгрегийн, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кинотеатрын урд С.Үнэнбатаас “утсаар чинь яриад өгье” гэж хуурч “самсунг эс 6” загварын гар утсыг залилан авч 520,000 төгрөгийн, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо АНУ карокеод Х.Хулангийн ай фоне 6 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч аваад 420,000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кинотеатрын орчим Б.Бямбадашийг хуурч сургалтын төлбөрийг нь өөрийн мобайл банкаар шилжүүлж өгнө гэж 1,800,000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны хойт талд С.Тэмүүлэнг “дүүгээс утас түлхүүр цамц аваад ир” гэж хуурч орц луу орсон араар ай фонеб эс загварын гар утас, зөөврийн компьютер зэргийг залилж 472,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Баярсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-17/: “..Миний ажилладаг Сүхбаатар дүүргийн 9 хороо “Идэр” авто угаалгын газар 2016 оны 12 дугаар сарын 29-нд өөрийгөө Мөнхболд гэх залуу ажилд орсон. Надад мөнгөний хэрэгцээ гарсан тул хэрэглэж байсан “Нөт-4” загварын гар утас болон “ай поне 5” загварын гар утсаа зарах гэж байтал Мөнхболд манай таньдаг ах хүү нөүт 4-г 350,000 төгрөгөөр худалдаж авна гэж байна гэж хэлсэн. Бид 2 ажлаасаа цалингаа аваад байж байтал Мөнхболд нөгөө ах Улсын их дэлгүүрт байна тийшээ очиж уулзъя гэсэн. Мөнхболд бид 2 хамтдаа Улсын их дэлгүүрт очиход 5 давхарт кинотеатрын үүдэнд намайг хүлээж бай гэж үлдээгээд миний нөүт 4 маркийн гар утсыг худалдан авна, ай поне 5 загварын гар утсыг засуулаад өгье гэж хэлээд аваад явсан. Би хүлээгээд ирэхгүй болохоор нь өөрийнхөө дугаарт залгахад холбогдох боломжгүй байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-13/ “..хийх эрх бүхий байгууллагаас “Ай поне-5” загварын гар утсыг 120,000 төгрөгөөр, “Самсунг нөүт-4” загварын гар утсыг 300,000 төгрөгөөр бүгд 420,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ.

 

Хохирогч С.Үнэнбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-39/ “..Би 2017 оны 04 сарын орчим фейсбүүкээр вагон буулгана гэсэн зар тавихад над руу Болдоо гэх залуу яриад вагон буулгаж өгч байсан. Түүнээс хойш янз бүрийн дугаараас над руу яриад Болдоо байна ажил төрөл байгаа юу гэх мэтээр байн байн ярьдаг байсан. 2017 оны 06 сарын 04-ний орой..Тэнгис кинотеатрын замын урд талд ирээд уулзахад миний утсыг гуйж аваад ганц яриадахъя гээд аваад машинаас буугаад ярьж байгаад эргээд өгсөн. Дараа нь дахиад нэг яриадахъя гэхээр нь би дахин утсаа өгсөн. Би замаараа уулзаад явах гэтэл дүү нь энд нэг хүнтэй уулзаж мөнгө авах гэсэн юм гээд байж байсан. Дараа нь миний утсыг дахин аваад гадаа гараад ярьж байснаа нэг харахад алга болчихсон байсан. Тэгэхээр нь тэндээ хүлээж байгаад ирэхгүй болохоор нь хүний утас гуйгаад өөрийнхөө утас руу залгахад удахгүй очлоо ахаа гэхээр нь дахин хүлээгээд байтал ирэхгүй байсан. Хүлээж байгаад дахиад залгасан чинь чи чаддаг юм бол олоод аваарай гөлөг минь гээд тасалчихсан..миний утас “самсунг эс 6” загварын шаргал өнгийн 2017 оны 03 сард Солонгос улсаас 620.000 төгрөгөөр худалдаж авсан гар утас байса..” гэсэн мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх-36/ “..хийх эрх бүхий байгууллагаас самсунг эс 6 эджи загварын гар утсыг 520,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ..”,

Хохирогч Х.Хулангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-119/ “..2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай найз болох Алтанзул манай нэг найзын төрсөн өдөр болж байгаа юм хамт очих уу гэхээр нь би хамт явсан. Тэр өдөр Мөнхболдын төрсөн өдөр болж байсан. Төрсөн өдөр нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Ану” караокед болсон. Мөнхболдтой энэ өдөр танилцсан. Мөнхболдын төрсөн өдөрт манай найз Алтанзул, Мөнхболд, Мөнхболдын найз өөрийгөө Нааяа гэж байсан нэг ах бид 4 байсан..тэгээд байж байгаад миний толгой өвдөөд байна, би харимаар байна би найз Алтанзулд хэлтэл Мөнхболд би гараад эм аваад ирье гэж хэлээд миний гар утсыг аваад гарсан. Гарч яваад тэр чигтээ алга болсон. Орж ирэхгүй болохоор нь утас руу нь залгаж хаана явааг асуутал Мөнхболд Зайсанд явж байна одоо ингэсгээд очлоо гэж хэлээд алга болсон. Бид нар Мөнхболдыг 00 цаг хүртэл хүлээсэн. Маргааш нь дахиад холбогдтол би хүн мөргөчихсөн оройхон очоод утсыг чинь өгчихнө гэж хэлээд алга болсон” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Нанжидноровоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-121/ “..намайг эгчийн паб дээр яваад очтол Болдоо 2 охины хамт ирчихсэн караокены өрөөнд сууж байсан. Тэнд дуулаад сууж байтал нэг охиных нь толгой өвдөөд байна гэсэн чинь Болдоо би эмэнд гарчихаад ирье гэж хэлээд гараад орж ирсэн. Ирэхдээ эм аваагүй байсан эмийн сан олддоггүй ээ гэж орж ирээд хамт ирсэн нэг охиныхоо гар утсыг оролдоод би чамд код тайлдаг арга зааж өгье гэж хэлээд “ай фоне 6” утасных нь кодыг тайлуулаад утасных нь кодонд өөрийнхөө хурууны хээгээ тааруулаад өө миний утас унтарчихлаа би чиний утсанд симээ хийчихье одоо хүмүүс ирэх ёстой гэж хэлээд тэр охины утсанд симээ хийсэн. Тэр охин нь толгой өвдөөд байна гээд суугаад байсан. Тэгсэн Болдоо би дахиад гарчихаад ирье чи надаа эмийн сан заагаад өг гээд надаар эмийн сан заалгуулаад гарсан. Болдоо гараад 2-3 цаг болоод байхаар нь бид нар залгаж эхэлсэн залгахад утасаа авахгүй байсан. Мессеж бичихээр одоо очиж байна гзэд гэж хэлээд байсан ч ирээгүй гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Мөнх-Одоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-123/ “..2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нутгийн найз болох Ариунболд гэдэг залуутай уулзахад түүний найз Болдоо гэдэг залуу цуг явж байсан. Би Мөнхболдтой тухайн өдөр танилцаад Ариунболд бид 3 цугтаа кино үзсэн. Маргааш нь над руу 85052700 дугаараас мессеж бичээд байсан. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр над руу мессеж бичээд би Булган явж байна гэж байсан. 2 хоногийн дараа Улаанбаатарт ирсэн гэж байсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа шөнө над руу нэг эрэгтэй хүн яриад чи Болдоогийн найз охин уу гэж асуухаар нь бишээ гэж хэлэхзд танай гэр чинь хаана байдгийн очиж уулзмаар байна гэж хэлэхээр юу яриад байгаа гэж хэлээд утсаа тасалахад над руу ахиж залгаад цагдаад мэдэгдэнэ шүү Мөнхболдын найз охин мөн биз дээ Мөнхболд утас аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд байж байгаад ахиад залгаад цагдаа байна гэж зэргээр надаас Мөнхболдын талаар асуухаар нь би огт мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд цагийн дараа дахиад нэг эмэгтэй хүн залгаад Мөнхболд миний утсыг аваад явчихлаа хаана байдгийг нь хэлээд өгөөч гэж хэлсэн. Одоогоос 2 долоо хоногийн өмнө над руу залгахаар нь би чамайг хүмүүс асуугаад байна нэг охин яриад утас аваад алга болчихлоо гээд байна гэж хэлэхэд би согтуудаа тэр охины утсыг аваад гарчихсан байна лээ чамд огт хамаагүй би өөрөө шийднэ гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх-131/ “..хийх эрх бүхий байгууллагаас ай фоне 6 загварын гар утсыг 420,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ..”,

            Хохирогч Б.Бямбадашаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-154/ “..2017 оны 8 сарын орчим Мухар хужиртын рашаан дээр өөрийгөө Мөнхболд гэж танилцуулсан 23 настай гэх эрэгтэй хүнтэй танилцсан. Тэрнээс хойш Мөнхболд над руу хааяа утсаар ярьдаг байсан. 2017 оны 8 сарын сүүлээр сургуульдаа явах гэж Улаанбаатар хотод ирсэн. 2017 оны 08 сарын 23-ны өдөр сургууль дээрээ байж байхад Мөнхболд нь өөрийнхөө Кастро фейсбүүк хаягаар миний Б.Бямбка гэсэн хаяг руу чат бичсэн ба хаана байна уулзах уу гэхээр нь би тэгье би сургууль дээр байна гэж хэлсэн. Удаагүй байж байхад Мөнхболд нь ганцаараа над дээр ирсэн. Надаас юу хийж байгааг асуухад би төлбөрөө төлөх гэж байгаагаа хэлсэн. Тэгэхэд Мөнхболд надад хандан мобайлаар хийчих надад 2 сая төгрөг байгаа би хийгээд өгье гэж хэлсэн. Тухайн үед манай сургуулийн ойр орчмын АТМ-үүд мөнгөгүй болсон байсан болохоор би тэгье гээд Мөнхболдод сургуулийнхаа дансыг өгөөд мобайлдуулсан. Тухайн үед Мөнхболд надад мөнгө орсон гэж хэлсэн. Гэхдээ надад мөнгө орсон талаар утаснаасаа үзүүлээгүй. Тэгээд бид 2 сургуулиас гараад СУИС хүртэл алхаж явсан ба тухайн үед Мөнхболд миний хажууд байнга утсаар яриад яваад байсан. Би хэнтэй ярьж байгааг нь мэдээгүй. Бид 2 СУИС-н хажуу талын “Зи За” нэртэй пабад орж хоол идсэн. Хоол идэж байхад Мөнхболдын дүү гэх Лхагваа гэх залуу ирсэн. Бид нар тэндээсээ гараад Тэнгис кинотеатрын хойно байх Хаан банкинд очсон ба Мөнхболд надаас таксины мөнгө байна уу гэж асуусан би байхгүй гэж хэлэхэд надад картаа өгч бай би чамаас мөнгө авах юм чинь тэндээсээ аваад өгчихье гэж хэлээд миний картыг аваад буусан. ХААН банк руу ороод 20 орчим минут болсон ба гарч ирзэд караоке оръё гэхээр нь би за гээд бид нар СУИС-н орчим “Нобле” нэртэй караокед орсон. Караокед дөнгөж оронгуут Лхагваа гэгч нь би явлаа гээд яваад өгсөн. Би уух юм захиалчихаад байж байхад Мөнхболд гэнэт гараад явсан ба бие засах гэж байгаа юм байх гэж бодсон. 10-аад минутын дараа би гараад караокены хүнээс асуухад гараад явсан гэж хэлсэн. Би ирэхгүй болохоор нь картаа шалгахад 1.800.000 төгрөг авсан байсан. Маргааш нь сургууль дээр очоод мөнгө орсон талаар лавлахад мөнгө ороогүй байсан..” гэсэн мэдүүлэг,

 

               Насанд хүрээгүй хохирогч С.Тэмүүлэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-210/ “..2017- оны 08 дугаар сарыэ 26-ны өдөр миний ажилладаг Сибирийн эрүүл мэнд сүлжээний бизнест хамтран ажиллахаар фейсбүүк зараар холбогдон танилцсан өөрийгөө Мөнхболд гэж танилцуулсан залуутай хамт түүний гэрт очихоор 10 хороололоос гар өргөн такси бариад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар  хороо 11 дүгээр байрны үүдэнд такситай ирээд намайг 1 орцны 7 давхарт гараад манай дүүгээс утас түлхүүр цамц аваад ир гээд буулгасан. Би тэр давхарт нь гараад зааж өгсөн хаалгыг нь нүдтэл онгойлгоогүй болохоор буцаад гараад очтол такситай хамт Мөнхболд хөдлөөд явсан байсан. Тэр таксинд миний гар утсаар ярьж байгаад аваад үлдсэн. Мөн миний нөүтбүүк тэр таксинд аваад явсан байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-212/ “..хийх эрх бүхий байгууллага Дамно ХХК-ны Hasee брэндийн зөөврийн компьютер 220,000 төгрөг, ай фоне 5 эс загварын гар утас 252,000 төгрөгийг нийт 472,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ..”,

 

Ц.Мөнхболдын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-26-27, 56, 126, 172/ “..Баярсайхантай хамт ажлын байрнаасаа гараад явж байтал Баярсайхан нь “айфоне-5, самсунг нөт-4,” загварын гар утаснуудыг засуулаад зармаар байна гэж хэлсэн. Би уг утаснуудыг авахын тулд Улсын их дэлгүүрт миний таньдаг ах гар утас засдаг юм гэж хэлээд дагуулан явсан. Баярсайханыг суулгаж үлдээгээд утаснуудыг ахдаа үзүүлнэ гээд урсдаг шатаар доош буусан. Теди төвийн ченжид 80.000 төгрөгөөр зарсан..Би 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 00 цагийн үед Үнэнбаттай утсаар ярьж Тэнгис кинотеатрын урд уулзаж, Үнэнбатын машинд суугаад утсаар чинь нэг ярьчихаад өгье гээд “Эс-6” маркийн гар утсаар Амартүвшин ахтай ярьж байгаад буцааж өгчихөөд дахиад нэг хүн рүү ярьчихаад өгье гэж дахин аваад машинаас нь утсыг нь аваад  буугаад явчихсан. Тэгээд такси бариад 100 айл руу явж миний танил ах Амартүвшинтэй уулзаад 100.000 төгрөгний өртэй байсан учраас нөгөө Үнэнбатаас авсан утсаа өгсөн, ..”, 2017 оны 11 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Ану караокед үйлчлүүлж байхдаа Х.Хулангийн айфоне-6 маркийн гар утсыг залилж авсанаа хүлээн зөвшөөрч байна..”, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кинотеатрын орчим иргэн Б.Бямбадашийг хуурч Хаан банкны виза картнаас 1.800.000 төгрөг заилж авсанаа хүлээн зөвшөөрч байна..”, Таксинд Тэмүүлэнгийн хар өнгийн Notebook залгууртайгаа бас хар өнгийн цүнхтэйгээ, айфоне 5 гар утас үлдсэн. Би утсаар нь ярьж байсан юм. 160.000 төгрөгөөр барьцаанд тавиад архи авч уугаад такси бариад буудалд хонохдоо 30.000 төгрөгийг төлөөд дуусгасан..” гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлснийг хэрэгт хамааралтай хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Мөнхболд түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нараас үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар болон хэргийн бусад байдлын талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Ц.Мөнхболдын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүний гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Мөнхболд нь үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баярсайханд 420.000 төгрөгийг, хохирогч С.Үнэнбатад 520.000 төгрөгийг, хохирогч Х.Хуланд 420.000 төгрөгийг, хохирогч Б.Бямбадашид 1.800.000 төгрөгийг, хохирогч С.Тэмүүлэнд 472.000 төгрөгийг тус тус хохирол учруулсан бөгөөд үүнийг төлж багагдуулаагүй, мөн тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзээд түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Мөнхболдын цагдан хоригдсон 130 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнээс нийт 3.632.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баярсайханд 420.000 төгрөгийг, хохирогч С.Үнэнбатад 520.000 төгрөгийг, хохирогч Х.Хуланд 420.000 төгрөгийг, хохирогч Б.Бямбадашид 1.800.000 төгрөгийг, хохирогч С.Тэмүүлэнд 472.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэж, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зээ овогт Цолмонгийн Мөнхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхболдыг 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхболдод оногдуулсан 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Мөнхболдын цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхболдоос нийт 3.632.000 төгрөгийг гаргуулж, 420.000 төгрөгийг хохирогч Баянзүрх дүүргийн 6-р хороо 22б-161 тоотод оршин суух Боржигон овгийн Батцэнгэлийн Баярсайханд /РД:ТЯ92122511/, 520.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 27-16 тоотод оршин суух Боржигон овгийн Саранцэцэгийн Үнэнбатад /РД:УК89120931/, 420.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Даланзадгад 8-р баг Цагаан булаг нанзад 2 гудамж 6 тоотод оршин суух Боржгон овогт Хосбаярын Хуланд /РД:КЮ98030806/, 1.800.000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо 71а байрны 24 тоотод оршин суух Жанд овгийн Батбаярын Бямбадашид /РД:АН97082909/, 472.000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 7-1-76 тоотод оршин суух Илжгэн овгийн Сонирхолын Тэмүүлэнд /РД:УШ00290757/ тус тус олгосугай.

 

6. Шүүгдэгч Ц.Мөнхболдын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөөлөгч, хохирогч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнхболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР