| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2416000840089 |
| Дугаар | 2024/ДШМ/33 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 21.12.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ДШМ/33
2024 10 29 2024/ДШМ/33
Ш.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Д.Г,
Шүүгдэгч Ш.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б (цахимаар), Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б, Ж.Д нар тус тус эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Ш.Б-д холбогдох эрүүгийн 2416000840089 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: Б овгийн Ш.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ................ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ............, ............... мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ................... газрын ................ сумын ...............ажилтай, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ............... сумын ... дугаар багт ............... байранд оршин суудаг, Говь-Алтай аймгийн .................... сумын ... -р баг .......... - ..... тоотод хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д................... регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Б нь Говь-Алтай аймгийн .............. газрын ............. сумын ...............буюу Төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн ............. сумын төв ............ байранд Б.Б-г хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгасан, мөн эрүүдэн шүүж түүний баруун шанаа хэсэгт 2 удаа, цээж рүү 4 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн 2 болон 3 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, зүүн 4-р хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүгдэгч Б овгийн Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төрийн тусгай албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “эрүүдэн шүүж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ш.Б-ийн нийт эдлэх ялыг 8,100,000 (Найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан торгох ялыг 2 (Хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Б-д мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ш.Б-ээс 443,200 (Дөрвөн зуун дөчин гурван мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгчийн карт 11 хуудас, Мөнгөн гүүр эмнэлгийн компьютер томографын оношилгоо 1 хуудас, хатуу диск 1 ширхэг, рентген зураг 3 хуудас, рентген оношилгоо 1 хуудас, багажийн болон лабораторийн шинжилгээнд илгээх хуудас 1 зэргийг хохирогч Б.Б-д буцаан олгох, хэрэгт баримтаар авагдсан 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Хэргийн материалтай танилцахад Ш.Б-д холбогдох хэргийг прокурор 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүхэд шилжүүлсэн шүүх мөн өдөр хэргийг хүлээн аваад 2024/ЕШЗ/183 тоот захирамж гаргаад даргалагч шүүгчээр Ч.М-г томилсон үүний дараа 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүгчдийн зөвлөгөөний 2024/ШЗТ/16 тоот тогтоол гаргаж даргалагч шүүгчийг өөрчлөн А.Э шүүгч хэргийг хувиарлан авч уг хэргийн даргалагч шүүгчээр томилогдсон бөгөөд даргалагч шүүгч 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2024/ШЗ/242 тоот захирамжаар хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг товлон зарласан үйл баримт тогтоогдож байна.
Хэргийг шилжүүлэн авч даргалагч шүүгчээр томилогдсон А.Э шүүгч хэргийг хүлээн аваад 4 хоногийн дараа хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хурлыг товлон зарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авсанаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана...” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл юм.
Дээрх хуулийн зохицуулалтын агуулга нь 15 хоногийн дотор гэж заасан 15 хоногоос хэтрүүлэхгүй гэсэн хуулийн хугацааны хязгаарыг тогтоон өгч байгаа зохицуулалт бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч мэтгэлцээний талууд дээрх хугацаанд урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлт гаргах эрхийг эдлэх гэсэн агуулгатай атал шүүгч хэргийг хүлээн авсанаас хойш 4 хоногийн дотор шүүхэд шилжүүлж захирамж гаргаж байгаа нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн.
Хэргийг мөрдөн шалгасан мөрдөгч, прокурор анх хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж зөвхөн яллах талын нотлох баримтуудыг цуглуулсан байдаг.
Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргах, шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авах, гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээг дахин бүрэлдэхүүнтэй хийлгэх /анхан шатны шинжилгээ хийхдээ шинжилгээний объект дутуу байсан/ камерын бичлэгт шинжилгээ хийлгэх, хохирогчийн маршрутыг нарийвчлан тогтоолгох, хохирогчоос дахин мэдүүлэг авхуулах уг ажиллагаанд өмгөөлөгчийн хувьд оролцох зэрэг ажиллагаануудыг хийж нотлох баримтаар хэрэгт тусгуулсаны үндсэн дээр Ш.Б-ийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг мөн хуулийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан газар цаг хугацаа, гэмт хэргийн сэдэлт зорилго гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан гэм буруугийн хэлбэр, 2.3 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:
4.1. Шүүгдэгч Ш.Б нь Говь-Алтай аймгийн ............... газрын .............. сумын ...............буюу Төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн ............ сумын төв ............... байранд Б.Б-г хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгасан, мөн эрүүдэн шүүж түүний баруун шанаа хэсэгт 2 удаа, цээж рүү 4 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн 2 болон 3 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, зүүн 4-р хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.
5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:
5.1. Дээр дурдсан үйл баримтууд нь хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 01 сарын 31-ний орой ............ сумын төв дээр ирж нүүрс захиалсан айлуудад нүүрс буулгаад 19 цаг 30 минутын үед сумын төвд байрлах “И” дэлгүүр дээр манай хадам ах Т гэдэг хүн ирсэн байна гэхээр нь очиж дэлгүүрийн гадаа өөрийн машинаа тавиад гэр лүү нь орсон. Тэгээд Т ах надад “Аймгийн аварга малчин” болсонд баяр хүргээд 1 шил 0,75 литрийн ногоон экспортын архи задлаад 80 настай Т ах бид хоёр хувааж уусан. Тухайн хөгшин өндөр настай учир нээх их уугаагүй би бараг бүх архийг ганцаараа ууж дуусгасан. Тэгээд би өөрийн бүл дүү М-аас машинаа авах гэж Ө гэдэг хүнээр дуудуулсан. Тэгээд 1 давхарт байрлах дэлгүүрт байхад надтай хамт нүүрс буулгаж байсан Ж орж ирээд цагдаа ирж байна гэсэн бөгөөд удалгүй түүний араас ...............Б, цагдаа Ч-ын хамт дэлгүүрт орж ирсэн. Цагдаа нар орж ирээд дэлгүүрийн гадаа байгаа машины жолооч хаана байна гэхэд би байна гээд хэлсэн чинь ...............надтай гараад уулзана гэсэн. Би дэлгүүрээс гараад машинаас гар утсаа авах гэхэд ...............Б нь та цагдаагийн хэсэг дээр очоод мэдүүлэг өгөх хэрэгтэй гэхээр нь би явганаар ...............Б, цагдаа Ч бид гурав ............. сумын цагдаагийн хэсэг дээр очсон. Цагдаагийн хэсгийн өрөөнд орсон чинь ...............Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан гэж хэлээд намайг согтуурал шалгах багаж үлээ гэхээр нь би согтуурал шалгах багаж үлээхгүй, архи уусан үедээ машин барьж замын хөдөлгөөнд оролцоогүй гэдгээ хэлсэн. Тэгээд ...............Б чи барьж ирсэн биз дээ гэж зүүн гараараа миний баруун шанаа хэсэгт 2 удаа цохиод цээж хэсэгт гараа атгаж байгаад 4 удаа цохисон. Тэгээд цээж рүү цохих үед нь би муужраад амьсгал авч чадахгүй шалан дээр унахад ...............Б нь хажууд байсан цагдаа Ч-т намайг худлаа баашилж байна босго гэж хэлээд согтуурал шалгах багаж үлээлгэ гэхээр нь би гадаа салхинд гараад ирий гэхэд гаргаагүй. Тэгээд намайг согтуурал шалгах багаж үлээлгээд бичвэртэй 2 хуудас бичгийн цаасан дээр ...............Б гарын үсэг зуруулж авсан. Тухайн гарын үсэг зуруулсан 2 цаасыг надад уншуулж танилцуулаагүй. Цагдаа Ч-ыг машин авчирч тавь гэж хэлээд цагдаа Ч машиныг авчирч цагдаагийн хэсгийн байрны хажууд тавиад түлхүүрийг нь аваад маргааш ирж уулзаарай гэж хэлээд намайг явуулсан. Цагдаагийн хэсгээс 22 цаг өнгөрч байхад гарахад үүдэнд У гэж дууддаг /жинхэнэ нэр нь У юм билээ/ залуу байхаар нь түүний утсаар ах Э гэдэг хүн рүү залгасан чинь машины аккумлятор суучихсан асахгүй байна гэхээр нь би явган ганцаараа М гэдэг дүүгийнд очоод гэрт нь ороход М, түүний эхнэр Т, бага насны хүүхдийн хамт байсан бөгөөд М өөрийн машинаар намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ хүргүүлэх замдаа М-д ...............Б намайг зодсон талаар хэлэхэд М нь хэсгийн төлөөлөгчтэй уулзана гээд цагдаагийн хэсгийн гадаа ирэхэд хэсэг дээр ...............Б, цагдаа Ч нар байгаагүй. Гэртээ ирэхэд манай гэрт эхнэр Б ганцаараа байсан бөгөөд миний цээж нэг эвгүй болоод ханиалгаж чадахгүй байсан. Гэртээ ирээд 1 цаг гаран болоход бүр цээжээр өвчин ороод өвдөөд эхэлсэн бөгөөд шөнө 01 цагийн үед багийн эмчид дуудлага өгөөд багийн эмч Ү ирж аваад сумын эмнэлэгт хүргэсэн. Тэгээд сумын их эмч Н ирж үзээд цээжинд гэмтэлтэй байна аймаг явж цээжний зураг авхуулах шаардлагатай гээд надад өвчин намдаах эмчилгээ хийсэн. Эмнэлэг дээр байхад ...............Б-ийг сумын эмч Н, манай дүү З нар дуудахад ...............Б, цагдаа хамт ирэхэд нь та нар хүн зодоод гэмтээсэн байна гэхэд ...............Б та нар юугаар нотлох юм бэ? Би зодоогүй гээд байсан. Маргааш нь буюу 2024.02.01-ний өглөө би аймгийн төв рүү явах гэж байхдаа ...............Б-ийг утсаар дуудаж манай дүү Б-ын гэрт уулзахад ...............Б нь явж үзүүлээд баримтаа бүрдүүл. Бэртэж гэмтээгүй бол би нэр төрөө сэргээлгэнэ шүү гэж хэлээд тоохгүй байсан. Тэгээд би Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирж Б гэдэг эмчид үзүүлж цээжний зураг авхуулахад надад эмч зөөлөн эдийн гэмтэл байна зураг дээр гарахгүй. Өвдөөд байвал 2 хоногийн дараа дахиж үзүүлээрэй гэж хэлсэн. Би аймаг дээр эмчид үзүүлээд өмгөөлөгч А-тэй уулзаж зөвлөгөө авсан бөгөөд гомдол санал яах вэ Улаанбаатар хотод очиж үзүүл гэхээр нь 2024.02.02-ны өдрийн 15 цагийн автобусаар Улаанбаатар хот руу ганцаараа яваад Мөнгөн гүүр эмнэлэг дээр 2024.02.03-ны өдөр очиж үзүүлж зураг авхуулсан. Тэгээд зөөлөн эдийн гэмтэл зураг дээр гарахгүй компьютерт харуул гээд яаралтайгаар үзүүлэхэд зүүн талын 4 дүгээр хавирга зөрүүтэй хугаралтай, 2, 3 дугаар хавирга зөрүүгүй хугаралтай байна гэж гарсан. Тэгээд би витамин, кальци зэрэг эм уусан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй бөгөөд Улаанбаатар хотоос 2024.02.05-ны өдөр хувь машинаар гараад 2024.02.05-аас 06-нд шилжих шөнө аймгийн төвд ирээд 2024.02.07-ны өдөр Говь-Алтай аймгийн Прокурорын газарт өргөдөл гаргаад сум руугаа явсан. Намайг ...............цагдаагийн хэсгийн өрөөнд зодох үед ...............Б, цагдаа Ч хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Миний зүүн талын 2, 3, 4 дүгээр хавирга хугарсан бөгөөд өөр гэмтэл учраагүй. Би сумын эмч Н, аймгийн эмнэлэгт гэмтлийн эмч Б, Улаанбаатар хотод “Мөнгөн гүүр” эмнэлэгт тус тус үзүүлж зураг авхуулсан бөгөөд баримтууд нь байгаа. Тухайн хэрэг болох үед ...............Б, цагдаа Ч нар цагдаагийн албаны дүрэмт хувцастай байсан. Би цээж хэсгээр хүрэн алаг гэрэл ойлгогчтой ажлын куртик, доогуураа хөвөнтэй өмдтэй байсан. Миний хувцас урагдаж цус болсон зүйл байхгүй. Тухайн үед надаас цус гараагүй. Би архи уусан үедээ машин жолоодоогүй. Намайг айлд байхад миний машиныг Ж бариад гэртээ очоод ирсэн байсан. Ж нь өөрөө жолооны үнэмлэхгүй бөгөөд дэлгүүрийн гадаа ирээд зогсож дэлгүүрт орж ирэх үед араас нь цагдаа орж ирсэн байсан. Ж бол архи уугаагүй эрүүл байсан. Намайг согтуу жолоо барьсан гээд эрх хасна гээд байсан учир согтуурал шалгах багаж үлээхгүй шалгуулахгүй гэсэн. Би Говь-Алтай аймгийн Бигэр суманд 2019 оны 07 дугаар сарын 20-ны үед мотоциклийн ард суугаад жолоог О барьж яваад эрэг рүү унаж гэмтэж байсан. Тухайн үед жолоо барьж явсан хүн нас бараад надад баруун талын нүүрний яс цууралттай, баруун талын 10 хавирга хугарсан, уушги гэмтсэн, элэг устсан гэмтлүүд учирч байсан. Тэгээд би 2 жил гаран эмчилгээ хийлгэж гэмтлүүд бүрэн эдгэсэн. Элэг өвчилсөн гэж эмчийн хяналтад байдаг. Надаас ...............Б уучлалт гуйх юм бол гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний зардал болон замын зардалд 700,000 төгрөг гарсан байгаа. Үүнийг би баримтаар гаргаж өгч нэхэмжлэх болно. Мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 16-19, 21-22-р хуудас),
5.2. Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б 2024 оны 01 сарын 31-ний орой 18 цагийн үед намайг гэртээ байхад манай гэрт ирээд нүүрс буулгаж өгсөн. Тэгээд хамт 2 айлд нүүрс буулгаад 19 цаг өнгөрч байхад И дэлгүүрийн гадаа машинтай ирж зогсоод хүнтэй уулзана гээд Б орсон бөгөөд би машинд нь ганцаараа үлдсэн. Тэгээд би машинд нь хүлээгээд сууж байхад 20 цаг өнгөрч байхад манай хүүхдүүд над руу залгаад хоолоо ирж ид гэхээр нь би Б-ийн машиныг бариад гэр рүүгээ явсан. Б намайг машинд үлдээхдээ машинаа асаалттай орхисон байсан. Тэгээд би Б-ийн машиныг барьж гэртээ очоод хоол идчихээд 1 цаг болоод буцаад И дэлгүүрийн үүдэнд ирж зогсоолд хүлээж байхад араас сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр ирээд машины жолооч хаана байна гэхээр нь дэлгүүрт байгаа гэж хэлэхэд цагдаа нар дэлгүүр рүү ороод Б-г аваад гараад ирсэн. Тэгээд цагдаагийн хэсэг рүү авч явсан...Б нүүрс буулгаж байхад ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд нүүрсээ буулгаж дуусаад И дэлгүүрийн гадаа зогсоод айл руу орно гээд орсон. 1-2 цагийн дараа дэлгүүрээс гарч ирэхдээ согтуу байсан. Нүүрс буулгаж байхад Б-ийн биеийн байдал зүгээр, эрүүл байсан. Нүүрс буулгаж байхдаа бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Ямар нэгэн гэмтэл бэртэлтэй зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 53-55-р хуудас),
5.3. Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би Говь-Алтай аймгийн .......... сумын төв дээр хүргэн Г-ийн гэрт хэвтэж байхад орой харанхуй болсон хойно Б над дээр орж ирсэн. Тэгээд над дээр орж ирэхэд нь би хүмүүсийг орж ирэхэд нь өгч байсан архи задлаад түүнээс Б уусан байх. Би өөрөө архи уудаггүй болохоор уугаагүй. Б над дээр орж ирэхдээ архи уусан байсан эсэхийг мэдэхгүй. Түүний биеийн байдал хэвийн байсан зүгээр байсан. Ямар нэгэн зүйл өвдөж гэмтсэн талаар яриагүй. Нээх юм яриагүй зүгээр байж байгаад л гарсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 50-51-р хуудас),
5.4. Гэрч С.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Говь-Алтай аймгийн .............. газрын ............ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ш.Б бид хоёр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой харанхуй болсон хойно сумын төвд эргүүл хяналт шалгалтыг хийсэн бөгөөд эргүүл хийгээд зогсож байхад гудамжнаас Б.Б-ийн жолооддог ягаан өнгийн толгойтой, ачаа нь өндөрлөгөөтэй ........ маркийн машин ирж байснаа замын зохицуулагчийн улаан гэрэл хараад шууд чиглэлээ өөрчлөөд И дэлгүүрийн үүдэнд очиж зогссон. Тэгээд түрүүлээд ...............Б нь дэлгүүрийн үүдэнд зогссон ........ машин луу явсан бөгөөд би араас нь очсон. Тухайн үед гадаа харанхуй болсон учир тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсныг харах боломжгүй байсан. Тэгээд би дэлгүүрийн гадаа очоод машины хажууд зогсож байхад дэлгүүрээс ...............Б, Б хоёр гарч ирсэн бөгөөд машинд нэг эрэгтэй хүн байсан. Би машинд байсан хүнийг мэдэхгүй байна, нүүрс буулгасан бололтой хар хувцастай хүн байсан. Тухайн үед Б нь архи уусан байдалтай, ухаан мэдрэлээ алдаагүй биеэ авч явах чадвартай байсан. Тэгээд ...............Б бид хоёр Б-г дагуулаад цагдаагийн хэсгийн байр луу явсан. Тухайн үед бас нэг мотоцикл жолоодож явсан нэг залуу хамт явж байсан. Тэгээд цагдаагийн хэсгийн байранд очоод хэсгийн төлөөлөгчийн өрөө рүү Б-г дагуулаад ...............Б бид хоёр орсон, хэсгийн төлөөлөгчийн өрөөний үүдэнд мотоциклтой явсан залуу зогсож байсан. Хэсгийн төлөөлөгчийн өрөөнд ороод Б-ийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багажаар шалгах гэхэд шалгуулахгүй эсэргүүцэж үлээхгүй гэсэн. Б нь би машин бариагүй гээд согтуурал шалгах багаж үлээхгүй гэж хэлсэн. Тухайн үед Б нь ...............бид хоёрыг дарамталж оролдох ёсгүй хүнээрээ оролдож байна, сумын Засаг даргыг дуудах уу? Аймгийн Засаг даргыг дуудах уу гээд байсан. Тэгээд би мотоцикл жолоодож явсан хүний бичиг баримтыг шалгаад өрөөнөөс орж гараад явсан. Б-г шалгах үед би түүний машиныг авчирч цагдаагийн хэсгийн хашаанд авчирч тавьсан. Тэгэхэд Б нь машинд гар утсаа үлдээсэн байна гээд өөрөө гарч машинаасаа авч байсан. Тэгээд согтуурал шалгахаас татгалзсан гэж тэмдэглэл үйлдээд явуулсан. Б-г мотоциклтой зөрчил гаргасан гэж саатуулсан хүний ээж нь ирсэн бөгөөд тэр хүнтэй хамт явсан. Б овогтой Б нь машин бариагүй гээд согтуурал шалгах багаж үлээхгүй байсан. Мөн 100,000 төгрөг өгье ахыгаа явуулчих гээд байсан. Өөр бусдаар нээх эсэргүүцсэн зүйл байхгүй. Б.Б-г шалгах үед ...............Б бид хоёр цагдаагийн албаны дүрэмт хувцастай байсан. Б овогтой Б-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж шалгах үед тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсэн зүйл байхгүй. Зүгээр өөрөө хэсгийн байранд орж ирсэн бөгөөд өөрөө согтуудаа жолооны эрх хасах гээд байна. Би машин жолоодоогүй гээд уурлаад байсан. Тэгээд би нэг хэсгийн төлөөлөгчийн өрөөнөөс гараад буцаж орж ирэхэд Б нь өрөөний шалан дээр дөрвөн хөллөж хэвтсэн байдалтай доошоо харсан байсан. Тэгээд намайг орж ирэхэд зүгээр босож ирээд сандал дээр суусан. Б-г яагаад доошоо хараад 2 өвдөг, 2 тохой дээрээ дөрвөн хөллөсөн байдалтай болсныг мэдэхгүй. Тэгээд ах нь бачимдаад байна гээд өрөөнөөс гадагшаа гарч хэсэг сууж байгаад буцаж орж ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 30-34-р хуудас),
5.5. Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Б.Б нь 2024 оны 01 сарын 31-ний орой намайг гэртээ ганцаараа байж байхад орой 23 цагийн үед М гэдэг хамаатны залуугаар хүргүүлж ирсэн. Ирэхдээ бага зэрэг архи үнэртүүлсэн халамцуу байсан бөгөөд гэртээ ирээд надад хэлэхдээ манай авга ах Т дээр орсон чинь аварга малчин болсон гээд архи гаргаж өгөөд уусан гэсэн. Тэгээд тэндээс гараад явах гэсэн чинь Бигэр сумын ...............Б нь согтуу машин барьсан цагдаагийн хэсэг дээр очиж мэдүүлэг өг гээд дагуулж яваад согтуу машин бариагүй гэхэд ...............Б-д зодуулсан гэж хэлсэн. Манай нөхөр Б гэртээ ирэхдээ их зовуурьтай цээжээр хатгаад амьсгаа авч чадахгүй байна гээд ханиалгаад байсан. Тэгээд өвдөлт нь нэмэгдээд байхаар нь багийн эмч дуудаж үзүүлсэн. Тэгээд сумын эмнэлэг дээр ирээд их эмч Н-т үзүүлсэн. Эмч үзээд аймагт үзүүлэх хэрэгтэй энд оношлох боломжгүй гээд өвчин намдаах эм өгсөн. Тэгээд би сумын цагдаа руу залгаад та нарын зодсон хүн чинь эмнэлэгт ирсэн байна ирж хар гээд утсаар дуудсан бөгөөд шөнө ...............Б, цагдаагийн хамт ирээд бид нар зодоогүй гээд байсан. Тэгээд эмнэлэг дээр хоноод маргааш нь аймаг явж дараа нь Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод зураг авхуулахад 3 хавирга хугарсан гэсэн байсан. Манай нөхөр Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын үед хөдөө нүүж явж байгаад шөнө төөрөөд мотоциклтой эрэг рүү унаад баруун талын хэсэг тэр чигтээ гэмтсэн. Баруун талын 12 хавирга хугарсан бөгөөд одоо тэр гэмтэл нь зүгээр болсон. Манайх 2 жил Улаанбаатар хотод байж эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Манай нөхөр Б.Б нь 2024 оны 01 сарын 29-ний өдөр Баянтээгийн нүүрсний уурхай руу машинтайгаа ганцаараа нүүрсэнд яваад 2024 оны 01 сарын 30-ны шөнө гэртээ ирж хоноод 2024 оны 01 сарын 31-ний өглөө нүүрсээ буулгахаар явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 57-59-р хуудас),
5.6. Гэрч Н.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой 23 цаг 42 минутад Эрүүл мэндийн төвд ......... сумын ............ багийн иргэн Б.Б, ... настай, эрэгтэй хүний цээжээр хөндүүрлэж өвдөнө, амьсгалж ханиалгахад хөндүүрлэнэ, амьсгаа авч болохгүй байна гэсэн дуудлагын дагуу би хүний машинаар Говь-Алтай аймгийн ........... сумын .......... баг ............ гэдэг газарт 12 цаг 05 минутад очиж үзэхэд Б.Б нь монгол гэрийн зүүн талд орны өмнө шалан дээр 2 хөлөө жийгээд нуруугаараа ор налаад сууж байсан. Тэгээд би амин үзүүлэлтийг үзээд хэвийн байсан бөгөөд Б.Б өөрөө надад хэлэхдээ амьсгаа авч болохгүй, цээжээр өвдөөд, ханиалгахад зовуурьтай байна гэсэн. Б.Б нь эхлээд дуудлага өгөхдөө хүнд зодуулсан гэж дуудлага өгсөн бөгөөд очиж үзэхэд Б.Б нь өөрөө сумын ...............Б-д цээж хэсэг рүүгээ 2-3 удаа цохиулснаас болоод цээжээр өвдөөд байна гэсэн. Өмнө нь бас мотоциклоос унаж гэмтэл авч хавирга гэмтэж байсан гэж ярьж байсан. Намайг Б.Б-ийн биед үзлэг хийхэд ил харагдах гэмтэл байхгүй, хэвийн байсан. Би цээж хэсгийг нь нүцгэлж биеийн үзлэг хийсэн бөгөөд ямар нэгэн хөхрөлт, няцралт, улайсан зүйл байгаагүй. Мөн зовуурилан өвдөж байгаа газарт гараар тэмтэрч дарж үзэхэд зүүн талын 3-4 дүгээр хавирга орчим дарахад зовуурьтай байсан. Тэгээд анхан шатны тусламж үзүүлж, бэртэл гэмтлийг оношлох боломжгүй учир сумын Эрүүл мэндийн төв рүү авч явсан. Би анхны үзлэгээр цээжний битүү гэмтэл гэж оношилсон бөгөөд ил гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 61-64-р хуудас),
5.7. Гэрч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой Б.Б-ийн биед үзлэг хийсэн. Намайг орой гэртээ амарч байх үед ........... багийн эмч Ү утсаар дуудаад хүн үзээд өгөөч хүнд зодуулсан хүн байна гэсэн. Тэгээд би эмнэлэгт ороход Б нь эмнэлгийн 2 давхарт байсан. Тэгээд би үзлэг хийж амин үзүүлэлтийг шалгаж түүний биед үзлэг хийсэн. Надад Б.Б хэлэхдээ цээжээр өвдөөд байна сумын 2 .......... намайг цохисон гэж байсан. Намайг үзлэг хийхэд ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх, сорви, хаван, хавдар, хөхрөлт, няцралт байгаагүй. Би яг аль талдаа гэдгийг санахгүй байна ямар ч байсан суганы дунд шугамаар хавирга тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй байсан. Тэгээд сумын эмнэлэгт хавирганы хугарал, цуурал зэргийг оношлох боломжгүй учир аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж рентген зураг авхуулах шаардлагатай гэж хэлээд ямар нэгэн эмчилгээ бичиж өгөөгүй үзлэгийн тэмдэглэлийг бичгийн цагаан цаасан дээр үйлдэж аймаг явахдаа авч яваарай гээд өгсөн. Тэгэхэд Б-ийн хамт эхнэр Б, дүү З нар хамт байсан. Тэгээд би үзлэг хийгээд байж байхад цагдаа зодсон гэсэн учир гэмтлийг тогтоох боломжгүй гээд сумын 2 цагдаа ирээд зодоогүй энэ тэр гээд маргалдсан. Тэгээд аймаг руу явахаар болсон бөгөөд би гэр лүүгээ яваад тэр хүмүүс үлдсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 66-68-р хуудас),
5.8. Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой 23 цаг өнгөрч байхад манай бүл ах болох Б гаднаас архи үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Б ахыг гэрт орж ирэхэд би унтаагүй байсан бөгөөд манай эхнэр Л.Т бид 2 байсан. Хүүхдүүд унтсан байсан. Б ах гаднаас ганцаараа орж ирээд намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь би өөрийн эзэмшлийн Тoyota маркийн суудлын машинаар Б ахыг хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед би жолоо бариад Б ах жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж явсан. Түүний гэр лүү явах замд Б ах надад сумын ...............Б, цагдаа Ч хоёр намайг зодсон гэсэн. Зодсон шалтгаан нь намайг согтуу машин барьсан гээд зодсон гэж хэлсэн. З-ийн дэлгүүр буюу И дэлгүүрийн үүдэнд байхад цагдаа ирээд согтуу машин барилаа гэж хэлэхэд би жолоо бариагүй гэж хэлэхэд балай хүн байж байгаа биш пизда минь гээд дэлгүүрийн үүдэнд зодсон гэж хэлсэн. Зодохдоо газар унагааж байгаад хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн бөгөөд зүүн талын цээж хэсгээ дараад өвдөөд байна гэж байсан. Тэгээд би сумын төвөөс 6 км зайтай хөдөө гэрт нь хүргэж өгсөн. Би Б ахыг гэрт нь оруулж өгөөд гарсан. Б ах цай уух гээд зовуурилаад байсан бөгөөд би бол цай уугаагүй идээ амсаад гарсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 70-72-р хуудас),
5.9. Гэрч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой би гэртээ унтах гээд хэвтэж байхад манай Б ахын эхнэр Б над руу утсаар залгаад ахыг чинь ...............Б зодсон гэж байна, одоо хавирга нь өвдөөд амьсгалж чадахгүй байна, эмч аваад хүрээд ирээч гэсэн. Би багийн эмч Ү-ыг аваад гэрт нь очиход манай ах Б гэртээ орон дээрээ амьсгалж чадахгүй байна гээд хэвтэж байсан. Ах Б-г эхнэрийн хамт аваад сумын Эрүүл мэндийн төвд авч ирж их эмч Н-т үзүүлсэн. Н эмч ахыг үзээд битүү гэмтэл байна, 1-2 хавирга гэмтсэн юм шиг байна, аймагт очиж зураг авхуулах шаардлагатай гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 78-80-р хуудас),
5.10. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.А-ын 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “...Б.Б-ийн биед зүүн 2 болон 3 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, зүүн 4-р хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Б.Б-ийн биед ил харагдах шарх, цус хуралт зулгаралт гэмтэлгүй байна. 6. Б.Б-ийн биед учирсан гэмтэл нь хэвтээ болон босоо барилалд цээж хэсэгт цохих, өшиглөх, бусад хүч үйлчлэх үед үүсэх боломжтой...” гэх 103 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 100-101-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
6.1. Нэгдсэн үндэстний байгууллагын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенци, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Ромын дүрэм, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүдэн шүүх гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо төрийн албан хаагч, тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах зорилгоор бусдын бие махбодийг шаналган зовоосон үйлдлийг эрүүдэн шүүх гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна.
6.2. Шүүгдэгч Ш.Б нь Говь-Алтай аймаг дахь ............ газрын .......... сум дахь ............-өөр ажиллаж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13.1.6-д заасан төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байсан төрийн тусгай албан тушаалтан байна.
Түүнчлэн шүүгдэгч Ш.Б нь зөрчил үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байсан Б.Б-г автомашин жолоодож явсанаа үнэнээр хэлсэнгүй гэж гараараа цээжинд нь цохиж 3 хавиргыг нь хугалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор өөрөө бусдын бие махбодийг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
6.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий субъект нь хуулийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээд ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... мөрдөгч ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хуульчилжээ.
Б.Б-г 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үедээ цагдаагийн алба хаагч Ш.Б Говь-Алтай аймгийн ............. сумын төвд байрлах ............ оруулан чи автомашин жолоодож явсан биз дээ гэж баруун шанаа зүүн хавирганд нь гараараа цохиж зодсон байна.
6.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ийн даргалагч шүүгчээр томилогдсон А.Э шүүгч хэргийг хүлээн аваад 4 хоногийн дараа хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хурлыг товлон зарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авсанаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана...” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл юм гэсэн гомдол нь үндэслэлгүй байна.
Дээрх хуулийн зохицуулалтад 15 хоногийн дотор гэж заасан нь 15 хоногоос хэтрүүлэхгүй гэсэн хуулийн хугацааны дээд хязгаарыг тогтоож өгсөн байгаа бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгч, мөрдөгч, прокурор хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хязгаарласан үйлдэл гаргаагүй байна.
6.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг мөн хуулийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан газар цаг хугацаа, гэмт хэргийн сэдэлт зорилго гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан гэм буруугийн хэлбэр, 2.3 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй гэж гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотолсон өмгөөлөгчийн гаргасан ямар баримт үндэслэлийг шүүх дүгнээгүй талаар гомдолдоо тодорхой дурдаагүй байна.
6.6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1-д заасан төрийн тусгай албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүдэн шүүж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8,100,000 (Найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6.7. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.8. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б, Ж.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б, Ж.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.О
ШҮҮГЧИД Ч.Э
Ш.Б