Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00609

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00609

 

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/02202 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Оийн хариуцагч “Ш.Г.Т” ХХК-д холбогдуулан гаргасан нэг өрөө орон сууцыг өмчлөлдөө олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Алтансүх,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.О би 1994 онд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байрны 25 тоот нэг өрөө байрыг худалдан авч, төрсөн ах Бямбацогтыг айл болгон өөрийн худалдан авсан байрандаа оруулсан. Түүнээс хойш 1997 онд төрөөс уг байрыг хувьчилж Оюунцэцэг би нөхөр Магсаржавын хамтаар өөрийн нэр дээрээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан хууль ёсны өмчлөгч болсон. Одоо ч уг байр нь миний өмчлөлд байгаа. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 696 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байрны 25 тоот хаягтай миний хууль ёсны өмчлөлийн энэ байрыг “Ш.Г.Т” ХХК нь өмчлөгч надтай огт гэрээ хийхгүйгээр миний зөвшөөрөлгүй нураасан. Би “Ш.Г.Т” ХХК-д болон Нийслэлийн дахин төлөвлөлтийн газарт гомдол гаргасан боловч тэд хүлээж аваагүй. Миний хууль ёсны өмчлөл болох үл хөдлөх хөрөнгийг миний зөвшөөрөлгүй нурааж Үндсэн хууль болон Иргэний хууль зөрчин намайг орон гэргүй болгон маш ихээр хохироож байна. Иймд “Ш.Г.Т” ХХК-аас миний байрыг нөхөн олгуулж, манай байрны суурин дээр баригдаж байгаа “Ш.Г.Т” ХХК-ийн Цагаан орд хотхоноос 1 өрөө байрыг миний өмчлөлд олгуулахыг “Ш.Г.Т” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ш.Г.Т ХХК нь хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинэ орон сууцаар хангах гурван талт төслийг хэрэгжүүлдэг. Тус төслийн дагуу Ш.Г.Т ХХК нь оршин суугч нартай гурван талт гэрээ байгуулахад нэхэмжлэлд дурдагдаж буй БҮК-ын 54 дүгээр байрны 25 тоот нь улсын бүртгэлийн 0114279 дугаар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний Ү2206020931 дугаартай Зэнэмэдэрийн Гончигсүрэн гэх хүний өмч байсан. Ингээд талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 068/18-3 дугаар хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ байгуулагдсан. Тус гурван талт гэрээний дагуу 2020 оны 4 дүгээр сард Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ын 54 дүгээр байрны оршин суугч нарт шинэ орон сууцыг хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Анх Хан-Уул дүүргийн 2-р хороо, БҮК 54 дүгээр байрны 25 тоот 1 өрөө байрыг З.Гончигсүрэнгийн аав “Хархорин” ХХК-аас 2002 оны 09 дүгээр сард худалдан авч, өөрийн төрсөн хүү З.Гончигсүрэнгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байдаг. З.Гончигсүрэнгийн оршин суух бүртгэл нь дээрх хаягаар явдаг бөгөөд 2002 оноос өнөөдрийг хүртэл тус байранд амьдарсаар ирсэн. “Ш.Г.Т” ХХК-ийн төслийн ажил хийхтэй холбогдуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хураан авч хуучин байрыг нурааж шинэ байр барьж ашиглалтад оруулж оршин суугчдад өмчлөх эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргах явцад Б.О гэж хүн гэнэт гарч ирэн маргаан үүсгэснээр З.Гончигсүрэн шинэчилсэн гэрчилгээгээ гаргуулж чадахгүй хохирч байна. Иймд Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Оийн “Ш.Г.Т” ХХК-ийн барьсан Цагаан орд хотхоноос 1 өрөө орон сууцыг миний өмчлөлд олгохыг хариуцагч “Ш.Г.Т” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

5.   Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5а. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн тухайд:

Уг байрны харъяалагдах Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн албан тоотдоо “Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 35 дугаар тогтоолоор хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо нь 20 дугаар хороо болж хуваагдсан. Тус хороонд 54 дүгээр байр, ХД 54 дүгээр байр гэж байхгүй болно” гэсэн байхад анхан шатны шүүх Б.Оийн 54 дүгээр байрны 25 тоот хаягтай байр энэ хороонд байгаа гэж үндэслэлгүйгээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг.

5б. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг зөрчсөн тухайд:

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга дээрх агуулгатай албан тоотыг өгсөн байхад тус дүүргийн Улсын бүртгэлийн газар 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд өгсөн албан тоотдоо “... Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байр, ХД 54 дүгээр байр, БҮК 54 дүгээр байр нь тус тусдаа үл хөдлөх хөрөнгө болно” гэсэн. Иймээс төрийн эрх бүхий дээрх хоёр байгууллага илт өөр агуулгатай албан тоот өгсөн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхийн тулд маргаж буй Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн 54 дүгээр байр, БҮК 54 дүгээр байр хоёр хоёулаа байдаг эсэхэд шүүхийн үзлэг хийлгэх, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газар болон 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтуудын аль нь зөв болохыг Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа иргэний шүүхэд хэргийг хэлэлцэх хүсэлтээ гаргахад анхан шатны шүүх татгалзсан болно.

5в. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 96.3 дахь хэсгийг зөрчсөн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлт, зохигчдын мэдүүлэг, бусад ач холбогдолтой зүйлийг тусгасан эсэхийг шалгах, тусгаагүй бол зөрүүтэй зүйлд засвар хийх гэж шүүх хуралдааны тэмдэглэлийг унших шаардлагатайгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс удаа дараа шүүхэд илэрхийлсэн боловч хуралдааны тэмдэглэлтэй танилцуулаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийг гардаж авсан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ч шүүх хуралдааны тэмдэглэл бэлэн болоогүй гээд танилцуулаагүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргасан боловч албажаагүй байна гэсэн албан тоотыг өгсөн болно гэжээ.

 

6.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагч нь дахин төлөвлөлтийн хүрээнд 3 талт гэрээ байгуулсан учраас дахин төлөвлөлтийн ажиллагаа явагдсан. Маргаан бүхий байрыг дахин төлөвлөлтийн хүрээнд нурааж оршин суугчиддаа Улсын бүртгэлээс ирсэн мэдээллийн дагуу бүгдэнтэй нь гэрээ байгуулж, гэрээний дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж шинэ орон сууцандаа бүх айлуудаа оруулсан. Энэхүү үйл баримтууд нь нотлох баримтуудаар харагддаг. Манайх Улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн оршин суугч нартай гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч тийм зүйл байхгүй гээд манай талыг буруутгаад байдаг. Давж заалдах гомдолд дурдсан асуудлууд нь үндэслэлгүй. Улсын бүртгэл болон хорооны Засаг даргаас ирсэн баримт нь нэг л баримт ирдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            2. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Ш.Г.Т” ХХК-ийг өөрийнх нь өмчлөлийн орон сууцыг буулган шинээр барьсан гэж үзэн 1 өрөө орон сууц хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг орон сууц З.Гончигсүрэнгийн өмчлөлийн орон сууц тул шинээр ашиглалтад оруулсан орон сууцыг түүнд хүлээлгэн өгсөн гэх үндэслэл заан маргажээ.

 

            3. Нэхэмжлэгч 1995 онд Г.Алтангэрэлээс Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байр, 25 тоот, 15 м.кв, 1 өрөө орон сууцыг худалдан авч, 1997 онд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгджээ. Хариуцагч “Ш.Г.Т” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БҮК 54 дүгээр байрны 25 тоот орон сууцыг өмчлөгч З.Гончигсүрэнтэй байгуулж, улмаар “Ш.Г.Т” ХХК нь З.Гончигсүрэнд гэрээний дагуу шинэ орон сууцыг хүлээлгэн өгчээ.

 

            4.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2021/08746 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга болон тус дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн лавлагаа мэдээлэл хүргүүлэх тухай 1078 дугаар албан бичигт “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байр, 25 тоот орон сууц нь иргэн Б.О, Д.Магсаржав нарын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ын 54 дүгээр байрны 25 тоот орон сууц нь иргэн З.Гончигсүрэнгийн өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байр, БҮК-ын 54 дүгээр байр тус тусдаа үл хөдлөх эд хөрөнгө болно” гэж заасан байна.

 

            4.б. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 232 дугаар албан бичгээр “БҮК-ын 54 дүгээр байр нь дахин төлөвлөлтөд орж, Цагаан орд 92а, б байр гэсэн бүртгэлтэй болсон, тус хороонд 54 дүгээр байр гэж байхгүй болно” гэж заажээ.

 

            5.а. Хэдийгээр Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгээр “54 дүгээр байр”, “БҮК-ын 54 дүгээр байр” нь хоёр өөр байр гэсэн байх боловч, Засаг даргын албан бичигт тус хороонд орших “БҮК-ын 54 дүгээр байр” нь дахин төлөвлөлтөд орж шинэ байр баригдсан, харин “54 дүгээр байр байхгүй” гэж тодорхойлсон байна.

 

5.б. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Ш.Г.Т” ХХК-ийн буулгасан “БҮК-ын 54 дүгээр байр”-ыг өөрийн өмчлөлийн орон сууц байрлаж байсан “54 дүгээр байр” гэж маргаж байна. Эдгээр байр хоёр өөрөөр нэрлэгдсэн нэг байр, эсхүл өөр өөр байр гэдэг нь тодорхой болсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.

 

            Дээрх байдлаар хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар дүгнэх боломжгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/02202 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                          

                ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН