Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 501

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Н.Мөнхтөр, түүний өмгөөлөгч Г.Тулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харз овогт Нансанжавын Мөнхтөрд холбогдох эрүүгийн 1806000940130 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Талх чихэрийн 11 дүгээр байрны 75 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЦВ81062017/ Харз овогт Нансанжавын Мөнхтөр.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Мөнхтөр нь “хямд машин авч өгнө, мөнгөө байршуул” гэж хуурч, иргэн Э.Болормаагаас 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг 5007879316 дугаартай ХААН банкны данс руу авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Болормаагийн: “...Би 2017 оны 06 дугаар сараас автомашин худалдаж авах гэж байгаа талаар өөрийн төрсөн дүү Батзоригт хэлж байсан бөгөөд тухайн үед Батзориг нь “миний таньдаг Мөнхтөр гэх ах Тагнуулын Ерөнхий газраас актлагдаж байгаа автомашинуудаас хямд үнэтэй автомашин худалдаж авч өгч чадна гэж ярьж байсан, та Мөнхтөр ахын дугаарыг аваад яриад асуугаад үз” гэсэн. Тэгээд би 88108455 дугаарын утсаар Мөнхтөр гэх хүнтэй ярьж автомашины талаар асуухад “би тагнуулын ерөнхий газрын сөрөх тагнуулын газарт ажилладаг юм, манай байгууллагаас акталж байгаа эвдрэл гэмтэл байхгүй, он залуу автомашиныг дуудлага худалдаанд оруулж худалдаалдаг бөгөөд би үүнээс нэг автомашин авч өгч болно. 6.900.000 төгрөгөөр хар өнгийн Форд фокус маркийн автомашиныг авах боломжтой, хэрэв авах бол дуудлага худалдаанд оролцож байгаа талаар өргөдөл, мөн дэнчингийн 4 сая төгрөгийг урьдчилж байршуулах шаардлагатай” гэж хэлсэн. Ингээд би 4 сая төгрөгийг гурав хувааж буюу 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус Мөнхтөрийн Хаан банкны 5007879316 дугаарын дансанд шилжүүлсэн. Ингээд Мөнхтөр нь мөнгө авснаас хойш янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд бүр сүүлдээ автомашин худалдаж авах нь бүтэхгүй болохоор нь мөнгөө буцааж авах гэсэн боловч надаас зугтсаар байгаад өдийг хүрсэн юм. ...Мөнхтөр надаас нийт 4 сая төгрөг аваад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1 сая төгрөгийг нь буцааж өгсөн... Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Батзоригийн: “...2017 оны 08 сард байх өдрийг нь санахгүй байна. Манай эгч Э.Болормаа нь автомашин авах гэж байгаа талаараа надад хэлж, хямдхан автомашин зарах хүн байвал хэлээрэй гэсэн. Мөн үүнээс өмнө миний таньдаг ах Н.Мөнхтөр нь хоёр найздаа тагнуулын албанаас актлагдсан автомашиныг хямд үнээр авч өгч байсан гэж ярьж байсан тул би 2017 оны 08 дугаар сард Н.Мөнхтөр ахтай уулзаж “таньд актлагдаж байгаа хямд үнэтэй автомашин байна уу” гэж асуухад “2011 онд үйлдвэрлэгдсэн Форд фокус болон Хьюндай элентра гэсэн хоёр автомашин актанд гарч байгаа бөгөөд эдгээр хоёр автомашиныг тус бүрийг нь 6.500.000 төгрөгөөр худалдан авах боломжтой ба эхний ээлжинд дэнчингийн мөнгө гэж 2.000.000 төгрөг байршуулах шаардлагатай” гэж хэлсэн. Ингээд би эгч Э.Болормаад Н.Мөнхтөрийн ярьсан зүйлийн талаар хэлэхэд эгч Н.Мөнхтөрийн утасны дугаарыг аваад өөрөө ярьсан. Тэгээд Э.Болормаа эгч 2017 оны 08 дугаар сард Н.Мөнхтөрд автомашин худалдаж авна гэж 4.000.000 төгрөг өгсөн байсан ба Н.Мөнхтөр 2017 оны 09 дүгээр сард автомашин өгнө гэж хэлсэн байсан. Тэгтэл 2017 оны 09 дүгээр сар болоход Н.Мөнхтөр нь Э.Болормаа эгчийн утасны дугаарыг блок хийж уулзахгүй зугтах болсон ба Э.Болормаа эгч над руу уурлаж “чиний танилцуулсан хүн чинь худлаа хэлээд 4.000.000 төгрөг аваад алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би Н.Мөнхтөртэй ярих болгонд дансны дуаараа өгчих гэж хэлээд бас алга болчихсон. Мөн Н.Мөнхтөртэй ярих болгонд “дансны дугаараа өгчих, одоо мөнгийг чинь шилжүүлчихье” гэж худлаа хэлдэг байсан. Бүр сүүлдээ “чаддаг юм бол мөнгөө аваарай” гэж хэлээд өгөхгүй зугтаад байхаар нь манай эгч Э.Болормаа аргаа бараад цагдаад хандсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23/,

 

Мөрдөн байцаалтад Н.Мөнхтөрийн яллагдагчаар: “...2017 оны 08 дугаар сард шиг санагдаж байна миний таньдаг дүү болох Батзориг нь хямдхан үнэтэй автомашин авах гэж байгаа талаараа надад хэлж байсан. Би таньдаг хүмүүсээсээ хямд үнэтэй автомашин асууж өгье, 6-7 сая орчим төгрөгөнд суудлын жижиг автомашин олдож магадгүй гэж хэлсэн. ...Ингээд би тухайн үед хөдөө ажлаар явсан ба хөдөө байхдаа Батзоригоос авсан 4 сая төгрөгөө өөр зүйлд зарцуулаад дууссан. ...хөдөө байхад Батзориг над руу утсаар ярьж мөнгөө нэхээд байсан тул 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Батзоригийн эгч Болормаагийн Хаан банкны 5753291495 дугаартай дансанд 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөгийг Болормаагийн Хаан банкны 5753291495 дугаарын дансанд шилжүүлсэн. ...Би 4.000.000 төгрөг аваад бүгдийг буцааж өгч хохирлыг барагдуулсан байгаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-56-57/,

 

Яллагдагч Н.Мөнхтөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/,

Э.Болормаагийн Хаан банкин дахь 5753291495 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-39-42/,

А.Алтанцэцэгийн Хаан банкин дахь 5076303580 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-43/,

Н.Мөнхтөрийн Хаан банкин дахь 5007879316 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-44-47/,

Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-48/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Мөнхтөр нь: “...Болормаа гэдэг хүнтэй уулзаж байгаагүй, нэг ч удаа харж байгаагүй. Батзориг гэдэг дүүтэй нь уулзахад 7 сая төгрөг байна хямд машин олж өгөөч гээд байсан юм. Тэгээд Батзориг над руу 1.500.000 төгрөг шилжүүлэхэд нь би хотод байсан. Дараагийн 1 сая төгрөгийг шилжүүлэхэд нь би Архангай аймгийн Цэнхэр суманд хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалалтанд явсан байсан. Тэгээд ирээд 3 сая төгрөгнийх нь хугацаа нь хэтэрсэн байгаа. Та тэд нараас авчих гээд байсан юм. Тэгэхээр нь би тэр хүмүүсийн утсыг аваад холбогдоход мөнгө өгөхгүй гээд байсан. Тэгээд үндсэндээ 4 сая төгрөг надад байсан ба хувийн хэрэгцээндээ зарцуулсан асуудал бол байхгүй. Би мөрдөн байцаагчид очоод “хэргээ хурдан шийдүүлмээр байна, хөдөө ажил руугаа явах хэрэгтэй байна” гэж хэлтэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болно гэсэн. Тэгэхээр нь би хялбаршуулсан журмаар хүсэлт гаргасан боловч торгуулийн арга хэмжээ гэдэг чинь ял шийтгэлтэй гэж гарч ирдэг, төрийн албанд орох эрхгүй гэхээр нь өмгөөлөгч авсан. Би “Болормаа гэдэг хүнийг ганц ч хараагүй, би мөрдөн байцаалтын шатанд намайг уурхайд ажилласан гэдгийг шалгаад өгөөч, үлдэгдэл 3 сая төгрөгийг яагаад асуухгүй байгаа юм бэ” гэж мөрдөн байцаагчид хэлж байсан...” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Мөнхтөрд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Мөнхтөр нь “хямд машин авч өгнө, мөнгөө байршуул” гэж хуурч, иргэн Э.Болормаагаас 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг 5007879316 дугаартай ХААН банкны данс руу авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Болормаагийн: “...6.900.000 төгрөгөөр хар өнгийн Форд фокус маркийн автомашиныг авах боломжтой, хэрэв авах бол дуудлага худалдаанд оролцож байгаа талаар өргөдөл, мөн дэнчингийн 4 сая төгрөгийг урьдчилж байршуулах шаардлагатай гэж хэлсэн. Ингээд би 4 сая төгрөгийг гурав хувааж буюу 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус Мөнхтөрийн Хаан банкны 5007879316 дугаарын дансанд шилжүүлсэн. Ингээд Мөнхтөр нь мөнгө авснаас хойш янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд бүр сүүлдээ автомашин худалдаж авах нь бүтэхгүй болохоор нь мөнгөө буцааж авах гэсэн боловч надаас зугтсаар байгаад өдийг хүрсэн юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Батзоригийн: “...Тэгээд Э.Болормаа эгч 2017 оны 08 дугаар сард Н.Мөнхтөрд автомашин худалдаж авна гэж 4.000.000 төгрөг өгсөн байсан ба Н.Мөнхтөр 2017 оны 09 дүгээр сард автомашин өгнө гэж хэлсэн байсан. Тэгтэл 2017 оны 09 дүгээр сар болоход Н.Мөнхтөр нь Э.Болормаа эгчийн утасны дугаарыг блок хийж уулзахгүй зугтах болсон ба Э.Болормаа эгч над руу уурлаж “чиний танилцуулсан хүн чинь худлаа хэлээд 4.000.000 төгрөг аваад алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би Н.Мөнхтөртэй ярих болгонд дансны дуаараа өгчих гэж хэлээд бас алга болчихсон. Мөн Н.Мөнхтөртэй ярих болгонд “дансны дугаараа өгчих, одоо мөнгийг чинь шилжүүлчихье” гэж худлаа хэлдэг байсан бүр сүүлдээ “чаддаг юм бол мөнгөө аваарай” гэж хэлээд өгөхгүй зугтаад байхаар нь манай эгч Э.Болормаа аргаа бараад цагдаад хандсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23/,

 

Мөрдөн байцаалтад Н.Мөнхтөрийн яллагдагчаар: “...2017 оны 08 дугаар сард шиг санагдаж байна миний таньдаг дүү болох Батзориг нь хямдхан үнэтэй автомашин авах гэж байгаа талаараа надад хэлж байсан би таньдаг хүмүүсээсээ хямд үнэтэй автомашин асууж өгье, 6-7 сая орчим төгрөгөнд суудлын жижиг автомашин олдож магадгүй гэж хэлсэн. ...Ингээд би тухайн үед хөдөө ажлаар явсан ба хөдөө байхдаа Батзоригоос авсан 4 сая төгрөгөө өөр зүйлд зарцуулаад дууссан. ...хөдөө байхад Батзориг над руу утсаар ярьж мөнгөө нэхээд байсан тул 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Батзоригийн эгч Болормаагийн Хаан банкны 5753291495 дугаартай дансанд 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөгийг Болормаагийн Хаан банкны 5753291495 дугаарын дансанд шилжүүлсэн. ...Би 4.000.000 төгрөг аваад бүгдийг буцааж өгч хохирлыг барагдуулсан байгаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-56-57/,

 

Яллагдагч Н.Мөнхтөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/,

Э.Болормаагийн Хаан банкин дахь 5753291495 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-39-42/,

А.Алтанцэцэгийн Хаан банкин дахь 5076303580 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-43/,

Н.Мөнхтөрийн Хаан банкин дахь 5007879316 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-44-47/,

Хаан банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдсон болно.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Н.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгч Н.Мөнхтөрийг бусдыг хуурч, эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан,

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Мөнхтөр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Э.Болормаа санал, гомдол байхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авч Н.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1806000940130 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.Болормаад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаараа мэдэгдсэн байна. Хохирогчийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэхэд улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нар татгалзах зүйлгүй гэсэн тул Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дагуу хэргийг шийдвэрлэлээ.

 

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нансанжавын Мөнхтөрийг бусдыг хуурч, бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нансанжавын Мөнхтөрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Мөнхтөрд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Н.Мөнхтөр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Н.Мөнхтөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Мөнхтөрд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД