Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/34

 


2024         10             29                               2024/ДШМ/34


                                            Ж.Г-д холбогдох
                                               эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ө.М,
Хохирогч Н.Д, 
Шүүгдэгч Ж.Г, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, М.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Ж.Г-д холбогдох эрүүгийн 2416000000083 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: 

Х ургийн овгийн Ж.Г нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн .............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., Говь-Алтай аймгийн .......... сумын, ............... багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д.................. регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ж.Г нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13-14 цагийн үед Говь-Алтай аймгийн ............ сумын .............. багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.Д-ын өмчлөлийн ГА3 ... - ... улсын дугаартай мустанг- ... маркийн мотоциклийг замын хажууд байхад нь өөрийн өмчлөлийн ... - ... ГАҮ улсын дугаартай ....... маркийн автомашинд ачиж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүгдэгч Х овгийн Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.Г-д 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,299,200 (Таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуу) төгрөгийн үнэ бүхий ... - ... ГАҮ улсын дугаартай ............. тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн мотор 1 ширхэг, хөл тавиур, ричак, димократ, свече, LXYPCKL01F0......... арлын дугаартай мотоциклийн рам, урд 2 амартизатор, карлан, хянах самбар, урд 2 гэрлэн дохио, урд их гэрэл, толгойны хамгаалалт, руль, аккумлятор, хойд ачаа, хойд 2 гэрлэн дохио, бөгсний гэрэл, хойд 2 амартизатор, тоормозны пидаль 1, мотоциклийн яндан 1, мотоциклийн гинж 1, өвдөгний хамгаалалт 1, XY150 гэсэн бичиглэлтэй улаан өнгийн хажуугийн таг 1, мотоциклийн суудал 1, улаан өнгийн банк 1 ширхгийг хохирогч Ж.Д-д олгох, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ... - ... ГАҮ улсын дугаартай .............. маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийг биет байдлаар Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 460,000 (Дөрвөн зуун жаран мянга) төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Ж.Г нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ........ сум руу явж байх зам буюу ............ сумын .............. багийн нутаг дэвсгэрт замын хажууд 2 дугуй байхгүй мотоциклны арам төмөр байхаар нь хаягдал мотоциклны рам байна гэж бодон авч явсан байдаг бөгөөд тус үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн үйлдлийг бусдын мотоциклийг хууль бусаар нууц далд аргаар хулгайлсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй. Учир нь 2 дугуй байхгүй явах боломжгүй мотоциклны эд ангийг мотоцикл гэж дүгнэн, мөн нууцаар хууль бусаар авсан үйлдэл гэм буруугийн сэдэлт тогтоогдохгүй байхад тухайн зүйл ангиар зүйлчилж шийтгэсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан.
Ж.Г нь замын хажууд хаягдсан байсан мотоциклны рам төмөрийг авч явсан үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг, хохирогчид төлөх төлбөргүй хохирлоо бүрэн төлсөн хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй анх удаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон байх тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ашигтай хувилбараар шийдвэрлэж хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Үйл баримтын тухайд:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Г-ийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13-14 цагийн үед Говь-Алтай аймгийн .......... сумын ........... багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.Д-ын өмчлөлийн ГА3 ... - ... улсын дугаартай мустанг- ... маркийн мотоциклийг замын хажууд байхад нь өөрийн өмчлөлийн ... - ... ГАҮ улсын дугаартай ........ маркийн автомашинд ачиж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э: “...Ж.Г нь замын хажууд хаягдсан байсан мотоциклны рам төмөрийг авч явсан үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг, хохирогчид төлөх төлбөргүй хохирлоо бүрэн төлсөн хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй анх удаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон байх тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ашигтай хувилбараар шийдвэрлэж хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэж давж заалдах журмаар гомдол гаргажээ.

4. Давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт:

4.1. Гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Г .......... сумын .......... багт манай гэрт эхнэр, ... хүүхдийн хамт ирсэн. Хэдэн сарын хэдний өдөр ирснийг санахгүй байна. Цагаан сараас хойш манайд ирээгүй байсан. Манайд золгох гээд аймгаас эхнэр, хүүхдүүдийн хамт өөрийн цагаан өнгийн ........ маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг санахгүй байна. Ж.Г манайд тухайн өдөр аймгаас эртхэн ирсэн. Өглөө 08 цагийн орчим танайх руу очих гэж байна, аймгаас захих юм байна уу, гэж утсаар ярьсан. Манайд ирэхдээ зам дээр байхад нь аваад ирлээ гэж улаан өнгийн Мустанг- ... маркийн мотоцикл ачиж ирсэн. Манай гэрийн гадаа ирж машинаас буулгаж мотоциклоо задлаад мотороо аваад, рамыг үлдээчхээд явсан. Дараа нь хэд хоногийн дараа би гэртээ байхгүй үед рамын ирж аваад явсан байна.” гэх мэдүүлгээр (хх-ийн 92-93 дугаар тал) нууц далд аргаар авсан гэх нь үгүйсгэгдэж байна. 

4.2. Шүүгдэгч Ж.Г нь “...улаан өнгийн Мустанг- ... маркийн мотоциклийг зам дээр байхад нь ачиж аваад ирлээ...” гэж гэрч Ж.Г-д хэлсэн байна. (хх-ийн 92-93 дугаар тал)

4.3. Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан (хх-ийн 92-93 дугаар тал) гэрч Ж.Г-ын мэдүүлэг, шүүгдэгч Ж.Г-ийн замын хажууд 2 дугуйгүй мотоцикль байхаар нь хэрэгцээтэй зүйлээ эзэн нь аваад хэрэггүй зүйлээ орхиод явсан гэж ойлгосон гэх шүүгдэгчийн мэдүүлэг, Ж.Г-ын “...Манайд ирэхдээ зам дээр байхад нь аваад ирлээ гэж улаан өнгийн Мустанг-... маркийн мотоцикл ачиж ирсэн. Мотоцикль нь 2 дугуйгүй, бусад нь байсан...” гэх мэдүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Ж.Г болон гэрч Ж.Г-ын мэдүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг... бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэлээ. 

4.4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

4.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг... бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Үүнийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс хаягдаж орхигдох эсвэл хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүйгээс, мөн хөндлөнгийн хүчин зүйлээс хамааралтайгаар эд зүйл энэхүү хяналт, хамгаалалтаас гадуур байсан үед эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх ба уг зүйл, хэсэгт тодорхойлсон “гээгдэл” гэх нэр томъёо нь цогцоороо хууль ёсны эзэмшигч тодорхой нөхцөл байдлын улмаас эд хөрөнгөдөө хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүй байсан үед нь шүүгдэгч хөрөнгийг өөрт шилжүүлэн авсан бөгөөд харин эд хөрөнгийн хяналт, хамгаалалтыг няцаах, алдагдуулах ноцтой, идэвхтэй үйлдэл хийгээгүй байхыг ойлгоно.

Тодруулбал, бусдын хаяж гээгдүүлсэн эд зүйлсийг олох нь хууль бус үйлдэл биш харин тухайн эд зүйлсийг олсон бол хууль ёсоор эзэмшигчид хүлээлгэн өгөх, эсвэл цагдаагийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгч бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлэлгүйгээр өөрөө ашиглах, бусдад худалдах, шилжүүлэхийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон болно.

Иймд шүүгдэгч Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө, завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байсныг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж, 
 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгосугай гэж, 
шийтгэх тогтоолын 3, 5 дугаар заалтыг хүчингүй болгож, 4 дүгээр заалтын дугаарыг 3 болгож, “шүүгдэгч Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг “шүүгдэгч Ж.Г-ийн цагдан хоригдсон 74 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй дүйцүүлж нийт 1,110,000 төгрөгийг торгох ялын 1,500,000 төгрөгнөөс хасаж, үлдэх 390,000 төгрөгийг төлүүлэхээр тогтоосугай” гэж, 
шийтгэх тогтоолын 6 дугаар заалтын дугаарыг 4 болгож, уг заалтын “биет байдлаар” гэсний дараа “ Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэснийг “шүүгдэгч Ж.Г-д” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 7, 8, 9 дүгээр заалтыг 5, 6, 7 болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ийг шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                 ШҮҮГЧИД                             Ч.Э

                                                                Ц.О