| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2026/0014/З |
| Дугаар | 112/ШШ2026/0022 |
| Огноо | 2026-05-28 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 112/ШШ2026/0022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: “М М” ХХК-ийн захирал Б.Б
Хариуцагч: Татварын газрын хяналтын улсын байцаагч А.А-т холбогдох зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нар /цахимаар/, хариуцагч А.А, гэрч Д.Т, Б.Ө, М.Д, Ч.Б, Б.Л нар танхимаар, Э.Я /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр, нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.А-ийн “М М” ХХК-д оногдуулсан 2026 оны 03 дугаар 10-ны өдрийн 0043917 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.А нь 2026 оны 03 дугаар 10-ны өдрийн 0043917 дугаартай шийтгэлийн хуудсаар “М М” ХХК-д онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулж байсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 10000 мянган нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.2. Нэхэмжлэгч нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн байна.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. “М М” ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манай байгууллага нь 1996 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж тасралтгүй 30 жил хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Манай байгууллага сүүлийн 15 жилийн байдлаар орон нутгийн эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулан тогтмол 15-20 хүнийг ажлын байраар ханган Завхан нутгийн брэнд бүтээгдэхүүнээ баруун бүсийн үйлдвэрлэгч болтол хөгжүүлэн ажилласан.
Ерөнхий зөвлөх, захирал Б.Б миний бие төрийн байгууллагад 17 жил, хувийн байгууллагад 19 жил ажиллаж байгаа “Биохимич эсгэлтийн инженер, химич” мэргэжилтэй. Мөн 4 төрлийн жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс, 4 төрлийн цай, монголын уламжлалт шимийн архи үйлдвэрлэж Завхан нутгийн брэнд бүтээгдэхүүнээ Монгол үндэстний өвөрмөц өв соёл, уламжлалт хэрэглээг сэргээн дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлж, орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн органик эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээх нь бидний үнэт зүйлс юм.
Манай үйлдвэрийн дарсан цех нь өдөрт 400-500литр дарс жилдээ 150-180 тн дарс үйлдвэрлэх хүчин чадалтай одоогийн байдлаар 20-30 тн дарс үйлдвэрлэж байна. Дарс тус бүр дээр татварын дахин давтагдашгүй дугаартай онцгой албан татварын тэмдэгтийг тухай бүрд татварын албанаас авч нааж татварын нэгдсэн системд холбогдсон төлбөрийн баримтыг хэрэглэгчдэд олгож тайлан тооцоогоо сар бүр тайлагнаж ирсэн.
Завхан аймгийн Стандарт хэмжилзүйн газрын итгэмжлэгдсэн лабораторитой жил бүр гэрээ байгуулж бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд материалууддаа улирал бүр шинжилгээнд өгч чанарын үзүүлэлтийг шинжлүүлдэг. Үйлдвэрийн байр цэвэр усаар хангагдсан бохир зайлуулах төвлөрсөн шугамд холбогдсон, дарс үйлдвэрлэх үйл ажиллагааны түүхий эд материалыг хүлээн авах, хадгалах, жимс шахах, ариутгах, исгэх, барих савлах гэсэн үндсэн дамжлагуудтай.
Манай байгууллага Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Онцгой албан татварын хууль, ММ8 5074-2011 стандарт болон холбогдох дүрэм, журмыг даган мөрдөж хэрэгжүүлэн ажиллаж байна. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.А-ийн “М М”ХХК-д оногдуулсан 2026 оны 03 сарын 10-ны өдрийн 0043917 тоот шийтгэлийн хуудсыг 2026 оны 03 сарын 13-ны баасан гарагт шуудангаар хүлээн авч эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.
“М М”ХХК нь Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Говь-Алтай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын санаачилгаар Алтай хотод 2026 оны 02 сарын 10,11,12-нд болсон Цагаан сарын Үзэсгэлэн худалдаа мэдээллийг анх 2026 оны 02 сарын 09-нд аваад Завхан аймгийн Улиастай сумаас Говь-Алтай “М М” ХХК-г төлөөлж анх удаа Цехийн нормчин буюу туслах ажилтан С.Б, Э.Я даалгаж тус үзэсгэлэн худалдаанд анх удаагаа бие даан явуулсан.
Ингэж үзэсгэлэн худалдаанд явахдаа худалдан авалт муу байсан учраас Говь-Алтай аймаг руу “М М” ХХК зарлагын баримт үйлдүүлэн нийт 7,980,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг авч явсан. Мөн үйлдвэрээс гарч байгаа шилэн дарс болон монгол архи, виски зэрэг нь үйлдвэрээс гарахаасаа маш олон шат дамжлагаар явж хайрцаглаж савлагддаг.
Ингэж олон шат дамжлаг савлагдахдаа өрөөгөөр дамжин нийлүүлэх цэг, агуулах, склад, тэдгээрээс шилжүүлэн зөөх, ачих, үйлдвэрээс зөөж, холын тээврийн машинд ачих, олон арван километрт (Завхан, Говь-Алтай чиглэлийн дэржигнүүртэй 200км шороон замтай) ачиж тээвэрлэх, мөн хол замд тээвэрлэж очсон газраасаа хот дотор тээвэрлэгдэх, худалдаанд гарахдаа тээврийн машинаас дахин ачиж буулгах, худалдааны объект руу оруулж зөөвөрлөх, талбайд байршуулан зөөвөрлөх гэх мэт үйлдвэрээс хэрэглэгчийн гарч очих хүртэл маш олон дамжлаг, савлалт, хайрцаглалт, уутлалт, ачилт, буулгалт, тээвэрлэлтийн явцад бүтээгдэхүүн хоорондоо шүргэлцэх, доргих, сэгсрэгдэх үйлчлэлийн улмаас бүтээгдэхүүний хайрцаг, хаяг шошго эвдрэх, урагдах, алга болох, норох, хадгалах явцад чийг авах, дэвтэх үйл явц байнга гардагтай адил бүтээгдэхүүний акц нь ховхрох, норох, урагдах, илэгдэх, үрчийх, салж унах, наалдахгүй байх болон хагарч асгарах тохиолдол маш их гардаг.
Анх удаагаа бие даагаад өөр орон нутагт үзэсгэлэн худалдаанд явуулсан Цехийн ажилчид С.Б, Э.Я гарах эрсдэлийг тооцож компанийн зүгээс хэрэв акцны элэгдэл, хорогдол гарвал виноны акцыг хүлээлгэн өгч Говь-Алтай аймгийн үзэсгэлэн худалдаанд явуулсан байдаг.
Ингээд “М М”ХХК-н ажилчид С.Б, Э.Я нар нь 2026 оны 02 сарын 10-ны өдрөөс эхлэн Алтай хотноо болсон үзэсгэлэн худалдаанд оролцсон байна.
Маргааш нь буюу 2026 оны 02 сарын 11-ний өдөр үзэсгэлэн худалдаа үргэлжилсэн явж байхад Алтай хотын цагдаа нар ирж шалган бараа бүтээгдэхүүнүүдийг шалгасан. Ингэж шалгаж байх үедээ хэрэглэгчид зарж борлуулах зориулалттай лангуун дээр тавиагүй, байгаагүй (лангуун дээр зарагдаж байсан бүтээгдэхүүнүуд акцтай байсан) зарж борлуулаагүй байсан бүтээгдэхүүн буюу зарагдаагүй үйлдвэрлэлийн шугамаар зөөвөрлөгдөж очсон байсан винонуудаас 2 хайрцаг өөр нэр төрөлтэй виноноос 1, 1 ширхэг акцгүй вино гарч ирсэн бөгөөд ажилчид маань өөрсдийн биед авч явж байсан виноны акцыг монгол архины хамт хураан авч Зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр Говь-Алтай аймгийн Алтай хотын Татварын газарт хүргүүлсэн байсан. Шимийн архи бол акцгүй байдаг. Тийм дүрэм журамтай, манай нягтлан акцгүй байдаг гэж бид нарт хэлсэн гэтэл лангууных нь ард байсан юмнуудыг задлан үзэхэд 2 акцгүй дарс гарч ирсэн юм байна лээ. Тэгээд 2 дарс акцгүй гарч ирлээ гээд тэд нар маш хурдтай хурааж авсан процесс явагдсан байна. Тэгэхээр манай компанийн зүгээс 2 акцаас болоод 10 сая төгрөгөөр торгуулна гэхэд бид нарын жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд маш том сөргөөр нөлөөлөх ийм үйл ажиллагаа болж байгаа. Заримдаа 20-30 ч юм уу, 200, 300 дарс аваад явж байсан бол би 20 жил энэ компанийн үйл ажиллагааг явуулж байгаа. Ингээд явж байхад дээрээс нь юм унах ч байдаг юм уу, хүйтэнд ачаад явж байхад тэр нь дардайж унах ч юм уу уналтын процесс амьдрал баян учраас унах зүйл байдаг. Тэгэхээр манайх байнгын үзэсгэлэн худалдаанд явж байгаа хүмүүстэй акцаа 1 юм уу 2 хавтгайг өгөөд хэрвээ унасан байвал энийгээ наагаарай гээд хажууд нь бэлэн байлгаад явуулдаг. Ямар нэгэн хэрэг төвөгт холбогдохгүйгээр компаниа авч явъя гээд хичээгээд нийгэмдээ зүтгэж байгаа 65, 66 хүрсэн хөгшин хүн байна. Тэгээд төр засагтаа найдаад энэний үнэн мөнийг тогтоогоод өгнө гэдэг маш их итгэж байна. Тэр шимийн архийг бид нар Завханы 100 жилээр гаргасан, Хунчирын хандтай монгол шимийн архи байгаа юм. Тэр шимийн архинаас 1-ийг хурааж аваад араас нь 2 дарс хурааж авсан байгаа юм. Тэгээд бусад бүх юм нь акцтай ямар ч асуудалгүй байсан. Ийм л процесс явагдсан юм гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Завхан аймгийн 10 жилийн ойгоор нэг брэнд гаргая гээд монгол архиа 2 усаар нэрж монгол шимийн архи гаргаад хунчирыг 3-4 сар тодорхой саванд дарж хандлаад хунчирын бүх элементүүдийг агуулсан бүтээгдэхүүн гаргасан юм. Энийг хүмүүс виски гэж нэрлэсэн. Бид нар тухайн бүтээгдэхүүнийг л тэгж нэрлэж байгаа болохоос 100 хувь монгол шимийн архи. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүн буюу монгол шимийн архины стандарт эхлээд 18 градус гэж батлагдаж байгаад 32-40 градустай байхыг Монгол Улсын стандарт хүлээн зөвшөөрчихсөн. Ийм стандартаар явж байгаа. Манай бүх юм тохирлын гэрчилгээтэй, Завхан аймгийнхаа Мэргэжлийн хяналтын албатай гэрээгээ байгуулчихсан. Бүтээгдэхүүндээ байнгын шинжилгээгээ хийлгэдэг. Виски, дарс тэнд байгаа бүх юманд шинжилгээний бичигтэй бид нар авч явдаг. Манайд виски гэж ерөөсөө тийм юм байхгүй. 100 жилээрээ гаргасан бүтээгдэхүүн, та нар амсаж үзэхэд монгол шимийн архи нь амтагдаад хунчир амтагдсан ийм юм байдаг. Тэгэхээр манайх барааг ачааны машинаар ачсан нөгөө 2 хүн нь жижиг машинаар дайгдаж явсан. Тэр нь төөрөгдөөд байгаа юм байна. Түүнээс акц яг явдаг журмаараа явсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар явагдаж байгаа асуудлыг бол хураан авсантай холбоотой нөхцөл байдал нь хууль журмын дагуу хийгдээгүй байна гэж миний зүгээс үзэж байна. Мөн үзлэгийг хууль журмын дагуу хийгдээгүй. Нэгжлэгийг мөн хууль журмын дагуу хийгдээгүй. Яг энэ зүгээр л татварын албанаас бол зөвхөн дүгнэлт л хийсэн юм байна. Татварын албанаас яг энэ зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой ийм ажиллагаанууд бол огт хийгдээгүй асуудал яригдаж байна. Тийм учраас энэ чинь өөрөө зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар бол зөрчлөө нотлох ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дээр зөрчлийг нотлох гэж байгаа. Эрх бүхий албан тушаалтнаас гарах шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гээд 4.15 дугаар зүйлийн 5-д Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт, нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн ийм хориглосон заалт байгаа. Тэгэхээр энэ чинь үзлэг хийсэн нь хаана байгаа юм, үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл нь байхгүй болчихоод байна. Одоо яг энэ бодит байдал дээр тэр цагдаа нар сая юу гэж ярьсан гэхээр яг тэр үйл явдлаа бүгдийг нь үзлэгт оруулсан гэсэн үзлэгийн тэмдэглэл байхгүй учраас шүүх хуралдаан дээр ярьж байна шүү дээ. Тэр цаашаагаа хайрцгуудыг үзсэн, тэгэхдээ дутуу үзсэн. Бид нар дотор акц үлдсэн үлдээгүйг шалгаагүй. Тэгэхдээ ямар ч байсан шалгалт хийгээд явчихсан гээд байна. Хэргийн материал дээр тэр цагдаа бол бид нар үзлэг хийгээгүй, зөвхөн лангуун дээрхийг үзчихээд лангуун дээрхээс нь аваад явчихсан гэсэн ийм мэдүүлэг өгсөн байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр бол хойд талыг нь үзсэн болж таарлаа. Хойд тал дээр нь нэгжлэг хийсэн, одоо нууц далд байгаа юмнуудыг нь нээж онгойлгож нэгжлэг хийгээд явчихсан ийм асуудал байна. Одоо хамгийн гол юман дээр энэ эд мөрийн баримт гэдэг асуудал чинь энэ хэрэгт бол ач холбогдолтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эд мөрийн баримт бол нотолгооны хэрэгсэл болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дээр мөн эд мөрийн баримтыг аль ч эрүүгийн процесс болон зөрчлийн процессын хууль дээр эд мөрийн баримтыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол, эсвэл давж заалдах шатны гомдол гаргах хугацаа дуусах хүртэл хэргийн материалтай хавсаргаж явна. Тэр үүргийг бол прокурор, мөрдөгч хүлээнэ гэсэн ийм прокурор, мөрдөгч буюу эрх бүхий албан тушаалтан нь хүлээнэ гэсэн ийм зохицуулалттай. Тэгээд өнөөдрийн шүүх хуралдаан дээр энэ эд мөрийн баримттай холбоотой цаашаагаа мэтгэлцэх ямар ч боломжгүй нөхцөл үүсчихсэн. Устгах ажиллагаа явагдсан байна. Эд мөрийн баримтыг устгасан асуудал байна, устгах ажиллагаа дээр ямар нэгэн шийдвэр байхгүй. Ийм, ийм шалтгааны улмаас устгахаар шийдвэрлэе гэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байна. Ийм олон хуульд заасан журам зөрчиж цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь өөрөө нотлох чадвараа алдана гээд үндсэн ийм хориглолтын заалтыг шийдвэрийнхээ энэ шийтгэлийн үндэслэл болохгүй гэсэн ийм нөхцөл байдлууд бүрэн тогтоогдож байна. Тэгээд өнөөдөр зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд хууль сануулж гэрчийн мэдүүлэг авлаа. Тэгэхээр яг энэ лангуун дээрээс авсан юм бол лангуун дээр хэдэн ширхэгтэй дарс байсан юм бэ, хэдэн төрлийн дарс байсан юм, хэдэн төрлийн шимийн архи байсан юм, хэдэн ширхэг шимийн архи байсан юм гэдгээр хариулж чадахгүй байна. Тэгээд энийг одоо яаж лангуун дээрээс авсан гэж хэлэх боломжтой юм бэ гэдэг асуудлыг хэлчихье. Дараачийнх дээр нь нэг ийм андуурлын асуудал яригдаж байна. Энэ үйлдвэрээс бол 5 төрлийн шимийн архи гардаг юм байна. Ийм 5 төрлийн шимийн архи байсан. Яагаад тэгвэл үнэхээр тэр шимийн архи гээд саяынх шиг ийм бусдууд нь бүгд л ийм хандалсан байсан юм байна. Нэг алтан гагнууртай, бүүр самартай хүртэл байгаа юм байна. Бүгдээрээ ийм хандалчихсан буюу ийм шар өнгөтэй, тэгээд яагаад тэр хэрвээ акцгүй байх юм бол тэр шинээр гарах юмнуудыг хурааж авах ёстой шүү дээ. Тэгээд ганцхан яагаад энэ Завхан 100-г ингээд авчихсан юм бэ гэхээр би энийг нөгөө андуурчихсан юм болов уу?. Энэ чинь виски гээд нэр өгчихсөн чинь ингээд л виски гээд л шууд дайраад байгаа юм байна гээд сая өөрөө надад тэгж хэлж байна л даа. Тэгэхээр ингээд хойд талын орцыг нь харахаар энэ чинь монгол үнээний сүүгээр нэрсэн сахилаг, хунчир, алтан гагнуураар хандалсан гэсэн ийм орцтой ийм монгол архийг виски гэдэг нэртэй болохоор нь л хураагаад авчихсан юм байна. Тэгээд л лангуун дээрээс нь хураагаад авчихсан юм байна. Тэд нар бол манайх ямар нэгэн маргаан байхгүй. Лангуун дээрээс л нэг виски буюу монгол архийг хурааж авсан юм байна. Тэгээд Э.Я, С.Б нарын мэдүүлэг дээр тэр цаашаагаа цагдаа нар нэгжлэг хийгээд ухаад явсан байна. Тэрийг сая цагдаа нар бас өөрөө хэллээ. Тэнд байсан цагдаа нарын М.Д нь бол нэгжлэг хийснээ хүлээн зөвшөөрсөн. Нэгжлэг хийхэд 2 дарс гарч ирсэн. Тэр 2 дарс нь бол нийтэд худалдаанд борлуулагдаж байсан юм уу гэдэг асуудал яригдаж байгаа. Ухаж байгаад цаанаас нь авч байгаа тохиолдолд тэрийг яг худалдан борлуулж байсан уу гэдэг асуудал яригдаж байна. Тэгэхээр зэрэг худалдан борлуулсан асуудал бол байхгүй байна гэж үзэж байна. Дараагийн нөхцөл байдал бол бас яг энэ хураан авах болон үзлэг хийх, эрүүгийн болон зөрчлийн процессын ажиллагаа, үзлэг хийх, нэхэмжлэлийг хийх, хураан авах энэ ажиллагаанууд дээр хэн хийсэн юм бэ гэдэг нь тодорхойгүй болчихоод байна. Яг өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд бол мэдээж өнөөдөр төлөөлөгчөөр орж байгаа улсын байцаагч маань хийгээгүй юм байна. Энэ эрх бүхий албан тушаалтан гээд энэ хэргийг боогоод ирчихсэн байгаа шүү дээ. Энэ хүн хийгээгүй байна. Тэгээд би энэ хэргийг нь уншаад М.Д гэдэг хүн нь ЭБАТ буюу эрх бүхий албан тушаалтан юм байна гэж ойлгоод яваад байсан чинь өнөөдрийн шүүх хуралдаан дээр бол өөр зүйл тогтоогдлоо. Хяналт шалгалт хийгээд цуг явж байсан албан хаагч гэсэн ийм баримт байна. Тэгээд ЭБАТ нь хэн байсан юм бэ гэхээр тэр Д.Т гэдэг хүн байсан гэдэг. Өнөөдөр шүүх хуралдаан дээр Д.Т-ийг асуулаа. Та ЭБАТ-ын хувьд ямар ямар ажиллагаа хийсэн бэ гэхээр тэр саяын яригдсан энэ зөрчлийн процессын тухай үзлэг хийгээгүй юм байна, нэгжлэг хийгээгүй юм байна, хураан авах ажиллагаа хийгдээгүй юм байна. Тэгээд энэ ажиллагаа чинь ямар эрх бүхий субъектээр хийгдчихэв ээ гэдэг нь тогтоогдох боломжгүй болчихоод байна. Энэ нь өөрөө хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт болж байна. Тэгээд нотлох баримт боллоо гэж явахаар нотлох баримт нь энэ хэрэгт байхгүй байхгүй юу. Өөрөөр хэлбэл эд мөрийн баримт нь байхгүй. Хэрвээ энийгээ бол саяын энэ процессын ажиллагаануудыг бүгдийг нь хууль журмын дагуу хийгдсэн. Одоо өнөөдөр шүүх хуралдааны шатад хэлэлцүүлэх шатад эд мөрийн баримт шинжлэн судлах үе шаттай байгаа. Энэ үе шат бол хийгдэх ямар ч боломжгүй болчихоод байгаа. Одоо өнөөдөр эд мөрийн баримт нь байсан бол тэр нь үнэхээр акцтай, акцгүй байсан уу? Үйлдвэрээсээ бол гэрчийн мэдүүлгүүдээр акцтай гарсан гэсэн мэдүүлгүүд авагдсан байгаа. Тэгээд тэнд очоод акцгүй болчихсон юм бол яагаад хаанаасаа яаж акц нь хууларчихдаг юм уу, хуулаагүй юм уу, тэр акц нь одоо яг бодит байдал дээр бол ингэж тайлбарлаад байна л даа. Хүний нүдээр хараад тайлбарлаад байна л даа. Энэ бол шинжээчээр томилогдох шинжээч томилогдож байж хийгдэх асуудал, акц нь наагдаагүй байсан гээд бид нар одоо энгийн хүмүүс бол тэрийг чинь мэдэх боломжгүй шүү дээ. Ялангуяа өмгөөлөгч миний зүгээс, мөн төлөөлөгчийн зүгээс цагдаа нар ингээд энгийн нүдээр хараад энэ акц наагаагүй байсан байна гээд хэлэх ямар ч боломжгүй. Энэ бол шинжээчийн дүгнэлтээр нотлогддог асуудал. Тэгээд манайх эндээс шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаад хүсэлтийг шүүхэд хүргүүлээд явсны дараа юу болсон гэхээр нөгөө эд мөрийн баримт нь устгачихсан гэсэн ийм албан бичиг ирсэн. Тэгэхээр энэ чинь өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн жилийн хорогдол гэдэг асуудал яригдаж байгаа. Акцны хорогдол гэдэг асуудал яригдаж байна. Одоо тэр борлуулаагүй бүтээгдэхүүн буюу тэр газарт хайрцаг дотор байсан зүйлээс авсан гэдэг нь бол хангалттай нотлогдож байгаа учраас энэ нь өөрөө үйлдвэрлэлийн жилийн хорогдол байна уу үгүй юү гэдгийг нь нотлох гэхээр энэ чинь бол нотолгооны хэрэгслүүд нь байхгүй, ямар ч хийгдэх боломжгүй, шинжээч томилох боломжгүй нөхцөл байдал үүсчихсэн. Эд мөрийн баримтыг устгасан асуудал нь бол энэ эрүүгийн процессоор ч, Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулиар ч гэсэн ноцтой зөрчилтэй орно. Яг үнэнээ хэлэхэд ийм нөхцөл байдал байгаа учраас шийтгэврийг бол хүчингүй болгож өгнө үү гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч ээ гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
3.3. Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас 2026 оны 02 дугаар сарын 11 -ний өдөр Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийхэд ‘...........” регистрийн дугаартай Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг “М М” ХХК-ийн Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл илэрсэн манай газарт харьяаллын дагуу шилжин ирсэн.
Нэхэмжлэлийн тухайд “М М” ХХК-д оногдуулсан 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0043917 тоот дугаарыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан байна. Холбогдогч “М М” ХХК-ийн ажилтан С.Б нь мэдүүлэгтээ баглах явцад онцгой албан татварын тэмдэгтийг наалгүй, анзааралгүй явуулсан талаар тайлбарласан байдаг. Харин тус компанийн захирал Б.Б нь нотлох баримт болгон үйлдвэрээс гарсан дарсны зураг болон зарагдаагүй очсон дарсны зураг ирүүлсэн боловч уг зураг нь хэзээ авсан нь тодорхойгүй, хэрэгт ач холбогдол бүхий байдлаар нотлогдох боломжгүй байна.
Дарс тус бүр дээр дахин давтагдашгүй дугаартай онцгой тэмдэгтийг тухай бүрд татварын албанаас авч нааж татварын нэгдсэн системд холбогдсон төлбөрийн баримтыг хэрэглэгчдэд олгож тайлан тооцоогоо сар бүр тайлагнаж ирсэн.
Онцгой албан татварын тэмдэгтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байна” гэж заасан байдаг. Иймд онцгой албан татварын тэмдэгт нь аж ахуйн нэгж дотооддоо дур мэдэн тушаал гарган, гадуур авч явдаг мөн дур мэдэн наадаг энгийн тэмдэг биш бөгөөд зөвхөн эрх бүхий байгууллагаас олгогдож, хуульд заасан журмын дагуу ашиглагддаг хяналттай тэмдэгт юм. Мөн анх удаагаа бие даагаад өөр орон нутагт үзэсгэлэн худалдаанд явуулсан цехийн ажилчид С.Б, Э.Я гарах эрсдэлийг тооцож компанийн зүгээс хэрэв акцын элэгдэл хорогдол гарвал виноны акцыг хүлээлгэн өгч Говь-Алтай аймгийн үзэсгэлэн худалдаанд явуулсан байна. Онцгой албан татварын тэмдэгтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтойгоор бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салгахгүйгээр нааж бэхэлсэн байна” гэж заасан байдаг. Гэтэл дээрх хуулийн дагуу согтууруулах ундааны савлагаанд урьдчилан нааж, бэхлэгдсэн байх ёстой онцгой албан татварын тэмдэгтийг тусад нь 100 ширхгээр авч явсан нь уг тэмдэгтийг хуульд заасан зориулалт, журмын дагуу хэрэглээгүй нь харагдаж байна.
Хэргийн явцад хураан авсан Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын шүүхийн харуулын цагдаа М.Д-аас гэрчийн мэдүүлэг авахад зөвхөн лангуун дээр байсан дарс вискийг хураан авсан гэдэг мэдүүлгийг өгсөн. Мөн манай үйлдвэрээс акцгүй нэг ч ширхэг бүтээгдэхүүн гардаггүй бөгөөд цехээс гараад нярав, мастерууд нь акцаа наагаад дараа дараагийн шат дамжлагаар савлагдаж үйлдвэрээс гаргадаг.
Тус хураагдан ирсэн 1 шил виски, 1 шил wine. 1 шил ликёр дээр онцгой албан татварын ул мөр ч байхгүй байсан бөгөөд хэргийн явцад авагдсан мэдүүлгүүд болон бусад баримт бичгээр онцгой албан татварын тэмдэггүй байсан нотлогдож байгаа тул “0043917” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй. Тэмдэг олгох нь Сангийн сайдын 2023 оны 01 сарын 17-ны А/12 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар Онцгой албан татварын тэмдэг олгох журам байгаа. 6 дугаар зүйлд нь Тэмдэг наах үүрэг бүхий этгээд нь тэмдгийг согтууруулах ундаа, тамхи тус бүрийн савлагаанд дараах шаардлагын дагуу салахгүй нааж бэхэлсэн байна. Ерөөсөө салахгүй нааж гэсэн байгаа. Тэгэхээр үйлдвэрлэлээсээ салаад байна. Хэн дуртай нь наагаад байна гэсэн юм ерөөсөө байхгүй. Үйлдвэрээсээ гарахдаа тэрийг салахгүй нааж бэхэлсэн байх ёстой. 6.1.1-д согтууруулах ундаа, тамхины нэр төрөл, савлагааны хэмжээ болон холбогдох бусад мэдээллийг тэмдгийн цахим өгөгдөл бүхий кодын агуулсан мэдээлэлтэй тохируулж наах, 6.1.2-т согтууруулах ундааны лонхны таг болон хоолой, тамхины хайрцагт салахгүй тогтохоор, лонх, хайрцгийг онгойлгох үед тэмдэг гэмтэж, дахин ашиглах боломжгүй болохоор наах, 6.1.3-т тэмдгийн цахим өгөгдөл бүхий кодыг согтууруулах ундааны лонхны тагны төв хэсэгт тааруулж, лонхны хоолойг дагуулан салахгүй нааж бэхлэх, 7.1-д Тэмдгийг дараах тохиолдолд буцаана. 7.1.1-д алдаатай хэвлэгдсэн, 7.1.2.наах явцад гэмтсэн, 7.1.3.хагарсан согтууруулах ундааны савлагаанд наагдсан, 7.1.4.тухайн нэр төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл зогссон гээд хуульчлаад өгсөн байхад энэ тэмдэг нь уначихдаг юм гээд наагаад байгаа процесс харагдаад байна. Энэ нь хууль зөрчиж байгаа асуудал. Тэмдэгийг хадгалах гэж 8.1.1-д шалнаас 20 сантиметрээс доошгүй өндөрт байрлах тавиуртай; 8.1.2.цонхтой бол төмөр хаалттай байх; 8.1.3.албаны бусад өрөөнүүдээс тусгаарлагдсан; 8.1.4.харуул хамгаалалттай, хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмжөөр тоноглогдсон барааны тэмдэгийг зориулалтын өрөөнд хадгална гэж зааж өгсөн. Тэгэхэд тусдаа нууцлалтай өрөөнд хадгалж байгаа юмыг хэн дуртайд нь унавал наагаарай гээд өгч байдаг тэмдэг биш гэжээ.
3.4. Гэрч М.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Тухайн дарс ширээн дээр байсан. Тэр үед цахим архи худалдаа гээд манай нэгдсэн арга хэмжээ болж байсан. Цогцолборт үзэсгэлэн худалдаа болж байсан. Тэгээд хяналт шалгалт хийж яваад очиход лангуун дээрээ акцгүй архинууд өрчихсөн. Акцтай архи нь цаанаа хураалттай, тэнд нь ерөөсөө ойртоогүй. Тэгээд акцгүй архинуудыг л авсан. Цагдаагийн алба хаагч тухайн зөрчлийг илрүүлээд хүний гар дээрээс түр хураан авч байгаа юм чинь би түр хураан авсан тэмдэглэл бичээд зөрчлийн байцаагчид нь хүлээлгэж өгсөн.
3.5. Гэрч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Эргүүлийн 2-3 албан хаагч байсан. Би тухайн өдрийн зөрчлийн хэрэг бүртгэгч байцаагч байсан. Манайхаас явагдаж байсан арга хэмжээ нь цахим архи худалдааны хяналт шалгалтын үеэр явж байсан. Эргүүлийн албан хаагч нарын илрүүлсэн зөрчил дээр тухайн өдрийн бүрэлдэхүүн би ажиллаж байсан. Зөрчлийн хэрэг бүртгэгчээр тухайн өдрийн үзэсгэлэн худалдаан дээр манай алба хаагч нар хяналт шалгалтаар явж байгаад Татварын акцын зөрчилтэй буюу татварын акцгүй архи, согтууруулах ундааны зөрчилтэй зүйл илэрлээ гэсэн мэдээлэл ирсэн. Тухайн алба хаагч нарыг дуудсаны дагуу би бүрэлдэхүүнээр очиж үзсэн байгаа. Тухайн худалдаа үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж маань лангуун дээрээ тухайн согтууруулах ундааны зүйлүүдийг гаргаад худалдан борлуулах гэж байсан.
3.6. Гэрч Б.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: 02 сарын 11-ний оройны 19 цагт өнгөрч байсан. Манайх цагдаатай хамтраад гадуур шалгалтаар явж байгаад ажил тараад гэртээ харьсан байсан чинь цагдаагийн газраас утасдаад 2 шил дарс, нэг шил виски ирлээ. Энийг ирээд шалгаадхаач гээд ярьсан. Энэ акцгүй архи хурааж авлаа хүрээд ир, акц нь хажууд нь дэвтрээр явж байна. Энэ ер нь болох юм уу гэж дуудсан. Тэгээд тухайн өдөр яваад очиход 2 шил дарс, нэг шил виски байсан. Тэр дээр акц наагдаагүй байсан. Тэгээд наадах чинь бол ерөөсөө акц наагдаагүй юм байна гэж хэлээд 3 архийг нь авч очингуутаа архи, дарсан дээр нь акц наагдаагүй байна гэж үзээд нөгөө дэвтрээрээ байгаа онцгой албан татварын тэмдгүүдийг яг үнэн тэмдэг байна уу, хуурамч байна уу гэдгийг нь шалгаад наадах чинь хуурамч тэмдэг бол биш байна гэж хэлээд явсан. Энэ дардсууд нь Татварын газар дээрээс олгогддог. Олгохдоо тэр компани дээр тэдээс тэдэн ширхэг, дугаараар нь хөөгөөд тэдээс тэдэн ширхэг, тэдэн мянган хуудас гэдгээр нь өгдөг гэсэн үг. Тэр барааг үйлдвэрлээд гаргахдаа онцгой албан татварын тэмдгээ нааж гаргаад тэмдэг нь нэг ёсондаа нэг ширхэг бараан дээр нөгөө онцгой албан татварын татвар ноогдол явагддаг гэжээ.
3.7. Гэрч Б.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: 3 бүтээгдэхүүнд химийн шинжилгээ хийгээд өгөөч ээ гэсэн хүсэлт явуулсан байгаа. Энэ дээж яг хийгээд л үлдэгдэлгүй болсон. Шинжилгээнд дарсны төрлийн бүтээгдэхүүн бол 2 шил 0,75-д байх шаардлагатай байдаг. Миний хувьд шинжилгээг дээж хүлээж аваад, программ дээрээ шивээд, шинжээч нартаа хуваарилаад, гарсан үр дүнг нь баталгаажуулаад гаргадаг. Энэ шинжилгээнд гар бие оролцоогүй баталгаажуулж гаргадаг.
3.8. Гэрч Ч.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Шимийн архи бол виски, шаргал өнгөтэй, алтан гагнуурын хольцтой гээд бөөрөнхий шар шилтэй байсан. Яг шимийн архины бол хольцтой хольцгүйг нарийн тодорхойлох боломжгүй. Манай зүгээс болохоор зөвхөн хатуулгийн хэмжээ, хүчиллэгийн хэмжээ, хуурай бодисын хэмжээ, метилийн спиртийн хэмжээ гэсэн 4 үзүүлэлт л үзсэн. Манайх зөвхөн дарс, вискин дээрээ өөрийнхөө итгэмжлэгдсэн үзүүлэлтийн хүрээнд үзэх боломжтой гэсэн үзүүлэлттэй үзсэн. 35-57% байж вискиний ерөнхий хатуулаг буюу этилийн спирт нь тийм байна гэж үздэг. Тэгэхээр энэ виски маань 26%-тай байгаа. Тэгэхээр одоо энийг үйлдвэрлэлийнхээ явцад спиртийнхээ агууламжийг нэмээд өгөх юм бол болно гэсэн үг гэжээ.
3.9. Гэрч Э.Я шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Том жижиг нийлсэн 42 дарстай ирсэн. Хийсэн хойно байсан цаасан, хайрцагтай юмнуудыг хараад цаасан хайрцаг онгойлгож хараад монгол архи акцгүй байна гэдгийг харчхаад хойд талын цаасан хайрцгуудыг ухаж, скочидсон хайрцгийг онгойлгож дарсан дотроос 2 акцгүй дарс гарч ирсэн. Монгол архи нь ширээн дээр байсан. Акцгүй 2 дарс нь хайрцаг дотор байсан. Баглаж байх явцдаа дарсыг хайрцаглаад, тэгээд дээр нь цаас тавиад скочдоод задлаад авахад акц унах бүрэн боломж байдаг. Цагдаа нар ширээн дээрээс акцгүй монгол архийг харчхаад хойшоо гараад хайрцаг юмнууд задлаад харахад 2 акцгүй дарс гарч ирсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4. Говь-Алтай аймгийн Татварын газрын дарга Н.Э-д тус аймгийн Цагдаагийн газрын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 35/04-780 дугаар албан бичгээр “Цагдаагийн газраас Цахим-Архи худалдаа” арга хэмжээний хүрээнд энэ оны 02 дугаар сарын 11-ний өдөр Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийхэд Говь-Алтай Баялаг Бүтээгчид-2026 цагаан сарын үзэсгэлэн худалдаан дээр онцгой албан татварын тэмдэггүй Завхан нэртэй 1 шил Виски, Seabuckthqrn нэртэй 1 шил Wine, Fruit нэртэй 1 ширхэг ликёр, худалдан борлуулж байсныг мөн онцгой албан татварын тэмдэг 200 ширхэгийг тус тус хураан авч Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дэх хэсэгт зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг танай байгууллагаар хийлгэх шаардлагатай байх тул хураан авсан эд зүйл, хураан авсан тэмдэглэл, зөрчил илрүүлсэн алба хаагчийн илтгэх хуудасны хамт хүргүүлэв” гэсэн албан бичгийг “Түр хураан авсан тэмдэглэл”-ийн хамт хүргүүлсэн байна.
5. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн шүүхийн харуулын цагдаа, дэд ахлагч М.Д нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Оргил багийн Спорт цогцолборт Говь-Алтайн үзэсгэлэн худалдаа 2026 хүрээнд цахим архи худалдаа хяналт шалгалт хийх явцдаа “М М” ХХК-ийн С овогтой Б-г шалгахад татварын акцгүй согтууруулах ундаа худалдан борлуулж эд мөрийн баримтаар дараах эд зүйлсийг түр хураан авав үүнд Fruit Lequor 1 шил, Seabuck Thorn wine 1 шил, Zavkhan-100 1 шил тус тус хураан авсан гэсэн тэмдэглэл, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн холбогдогч С.Б-д хуульд заасан эрх, үүргийг танилцуулан авсан мэдүүлэгт “архи 2 хайрцаг 42 архи, виски 10 ширхэгтэй ирсэн ...баглах явцад наагаагүйг харалгүй явуулсан байна. Дотор нь хайрцгандаа унасан гэж бодсон, ...Б дарга зарж байх явцад акц гэмтсэн, норсон, унасан тохиолдолд авч явж байгаа акцаа сольж нааж өгөөрэй гэж тушаал гаргасан” гэсэн тайлбар өгсөн. Мөн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр холбогдогч “М М” ХХК-ийн захирал Б.Б гаас мэдүүлэг авсан байна.
6. Эрх бүхий албан тушаалтан буюу Говь-Алтай аймгийн Татварын газрын захиргаа хуулийн тасгийн хуулийн асуудал хариуцсан Татварын улсын байцаагч А.А “М М” ХХК-нд 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0043917 дугаар зөрчилд шийтгэл оногдуулахдаа “Цахим-Архи” арга хэмжээний хүрээнд Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан “Баялаг бүтээгчид 2026 цагаан сар үзэсгэлэн худалдаан дээр онцгой албан татварын тэмдэггүй Завхан нэртэй 1 шил Виски, 1 шил wine, 1 шил ликёр худалдан борлуулж байсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар 10,000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Тодруулбал: Онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулсан бус өөрийн үйлдвэрлэсэн согтууруулах ундаа буюу бараанд тэмдэг нааж борлуулах үүргээ биелүүлээгүй гэж “М М” ХХК-ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
7. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байна”, 4 дүгээр зүйлийн 4.5-т “Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна”, 5 дугаар зүйлийн 5.1-т “Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэгтэй” гээд 5.1.1-т “өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах” гэж заасан.
8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж зааснаар хавтаст хэргийн материал авагдсан нотлох баримтаас үзэхэд 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Биеийн тамир спортын газарт зохион байгуулагдсан “Баялаг бүтээгчид-2026 цагаан сар” үзэсгэлэн худалдаанд “М М” ХХК-ийн Seabuck Thorn wine /чацарганы дарс/, Fruit Lequor /нэрсний дарс/, Zavkhan Mongolian milk whiskey гэсэн 3 бүтээгдэхүүнийг онцгой албан татварын тэмдэггүй гэж хураан авсан энэ байдал нь тогтоогдож байх боловч “М М”ХХК нь тухайн 3 согтууруулах ундаа буюу өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах үүргээ биелүүлээгүй гэсэн нөхцөл байдал хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
9. Тодруулбал: Тухайн 3 бүтээгдэхүүнд дээр онцгой албан татварын тэмдэг огт наагаагүй эсхүл наасан боловч хуурч унасан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, 3 шил согтууруулах ундааг дахин үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн мөн онцгой албан татварын тэмдэг буюу дарс нь өвлийн улиралд хэрхэн наалддаг, Завхан аймгаас Говь-Алтай аймаг хооронд 200 км шороон замаар тээвэрлэгдэж ирэхэд хууларч унах боломжтой эсэх, тухайн согтууруулах ундааг савлаж боосон цаасан хайрцагт наалдан үлдсэн эсхүл тухайн онцгой албан татварын тэмдэг буюу дарс нь нэг наавал огт салахгүй наалддаг эсэх нь тодорхой бус байгаа энэ нөхцөл “М М” ХХК-ийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
10. Харин үйлдвэрээс хэрэглэгчийн гарт очих хүртэл маш олон дамжлага, савлалт, хайрцаглалт, уутлалт, ачилт, буулгалт, тээвэрлэлтийн явцад бүтээгдэхүүний хооронд шүргэлцэх, доргих, сэгсрэгдэх үйлчлэлийн улмаас онцгой албан татварын тэмдэг буюу дарс нь урагдах, алга болох, норох, чийг авах, дэвтэх, үрчийх, хууларч унах зэрэг эрсдэлийг тооцож компаний зүгээс 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаалаар “Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4.5-д зааснаар тэмдэгтийг салахгүйгээр наадаг боловч хол замд гэмтэх, хагарах, цантсанаас болж тэмдэг салах унах зэрэг асуудал гардаг тул Говь-Алтай явах борлуулагч С.Бд 0,75 болон 0,5 дарсны тэмдэгтээс тус бүрээс 100, 100 ширхэгийг хариуцуулан өгч явуулан хэрэглээгүй нөхцөлд гэмтээж, дутаалгүй буцааж өгөхийг даалгасугай” гэсэн дарсны тэмдэг өгч явуулсан байгаа зэргээс үзэхэд “М М”ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах үүргээ биелүүлээгүй буюу үүргээ гүйцэтгэхээс зайлс хийсэн гэж үзэхгүй юм.
9. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасныг зөрчсөн Говь-Алтай аймгийн Татварын газрын захиргаа хуулийн тасгийн хуулийн асуудал хариуцсан Татварын улсын байцаагч А.А-ийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0043917 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
10. “М М” ХХК-ийн Zavkhan-100 нэртэй бүтээгдэхүүн нь Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 4 дэх заалт, 6.1 1 дэх хэсэгт заасан согтууруулах ундаа гэдэгт орох эсэх шимийн архи мөн эсэхийг гэрч нарын мэдүүлэг, шинжилгээний хариуд тулгуурлан шүүхээс тогтоох боломжгүй байх бөгөөд энэ тусгай мэдлэг шаардагдах мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарахаар байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “М М”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч А.А-ийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0043917 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-д заасныг баримтлан “М М”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ