Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,  

Өсвөр насны шүүгдэгч Ц.Батбаяр түүний өмгөөлөгч Л.Жавзмаа

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Р.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Савар овогт Цолмонгийн Батбаярт холбогдох эрүүгийн 1809010660370 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 4, эмэг эх, эгч, ахын хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 46-98в тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Савар овогт Цолмонгийн Батбаяр /РД: ОЗ02220111/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч Ц.Батбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордон дотор насанд хүрээгүй хохирогч Г.Зоригтыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.Батбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.

Хууль ёсны төлөөлөгч Р.Цолмон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хүүхдээсээ хол хөдөө амьдарч байгаад, хотруу сая шилжиж ирсэн. Одоо хүүхэддээ хараа хяналт сайн тавина ...” гэв.

Эрүүгийн 1809010660370 дугаартай хэргээс:

Өсвөр насны шүүгдэгч Ц.Батбаяр  нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай анги 10б бүлэгтэй хамт хичээл орсон. Завсарлагаанаар Зоригт манай хамаатан Даваадалайг дээрэлхээд байсан. Тэгээд Зоригт гарч орж ирээд Отгонбилэгээс яасан юу болсон гэснээ наадхаа хогийн саваар цохичих гээд байсан, би урд сууж байсан болохоор сонсож байсан. Тэгснээ 2 шкафны завсар байсан уургыг Зоригт аваад Отгонбилэгт өгсөн, тэгсэн чинь Отгонбилэг Даваадалайг уургалаад байснаа буцаагаад Зоригтод өгсөн. Тэгсэн чинь Зоригт уурганы уяаг Даваадалайд хүргэж аваад уургалаагүй шүү гээд байсан. Тэгэхээр нь би зүгээр бай лдаа гэсэн чинь урдаас хараалын үг хэлэхээр нь би босч очоод заамдаад авсан. Тэгсэн чинь намайг бас заамдаад авахаар нь би хавирч унагаагаад нүүр лүү нь 2 удаа цохисон чинь хамраас нь цус гараад багш ороод ирсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13, 58 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Зоригт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...10А ангийн Батбаяр гэх хүүхэд “чи болиочоо пизда минь” гэсэн тэгэхээр нь би өөдөөс нь “чи өөрөө далдаганаад яагаад байгаа юм бэ” гэсэн чинь “чи чадах юм уу” гэсэн. Тэр үед нь би Даваадалай, Отгонбилэг хоёрыг хараад зогсож байтал Батбаяр гэнэт шууд намайг заамдаж аваад хавираад нүүр рүү цохиод унагаасан тэгээд миний хамар руу хэд хэд цохиод байхаар нь нүүрээ хамгаалаад байж байхад өшиглөөд байсан. Хамраас цус гараад байхаар нь 00-ийн өрөө рүү гүйж очоод цусаа цэвэрлээд байж байтал боксын багш ирээд “чи яачихваа” гээд спорт хариуцсан эмч рүү дагуулж ороод үзүүлсэн чинь хамар чинь хугарсан байна …" гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Ө.Даваадалай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Батбаяр хажуунаас Зоригт "чи зүгээр байлдаа" гэсэн чинь Зоригт "чи юу чаддаг юм далдага пизда" гэхээр нь Батбаяр Зоригтыг барьж аваад хөлөөрөө хавираад газар унгаагаад дээрээс нь 1-2 удаа гараараа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 2577 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Г.Зоригтын биед хамар ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй Г.Зоригтын насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, насанд хүрээгүй Ц.Батбаярын насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,  Ц.Батбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 28 дугаар хуудас/, даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 29 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-51 дүгээр хуудас/, гэрч Р.Цолмонгын мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.Батбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордон дотор насанд хүрээгүй хохирогч Г.Зоригттой хоорондоо зүй бус харьцаж маргалдан улмаар Г.Зоригтыг зодож, түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгч Ц.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.Зоригтын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ө.Даваадалайгийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №2577 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.Батбаяр нь насанд хүрээгүй хохирогч Г.Зоригтийг зодож гараараа нүүрэн тус газар руу нь цохисноо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь Ц.Батбаярт цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон баримтууд цугларчээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ц.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр /хууль ёсны төлөөлөгчийн хамт/ өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

          Шүүх өсвөр насны шүүгдэгч Ц.Батбаярыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нар нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.    

Өсвөр насны шүүгдэгч Ц.Батбаяр нь 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн ба гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Батбаярт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Насанд хүрээгүй хохирогч Г.Зоригт түүний хууль ёсны төлөөлөгч нараас “…Бид сайн дураар эвлэрсэн, асуудлаа шийдэж хохирлоо барагдуулж нийт 130.000 төгрөг авсан тул цаашид гомдол санал үгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү..” /хх-52/ гэсэн хүсэлт гаргасан байх тул өсвөр насны шүүгдэгч Ц.Батбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Батбаяр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна