| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2316001970063 |
| Дугаар | 2024/ДШМ/35 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ДШМ/35
2024 10 29 2024/ДШМ/35
Ж.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Д.Г,
Шүүгдэгч Ж.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, О.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Ж.Б-д холбогдох эрүүгийн 2316001970063 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:
С овогт Ж.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Говь-Алтай аймгийн ............... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., эх, дүү, ачийн хамт Говь-Алтай аймгийн ............... сумын ............ баг ... - ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Д............... регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б-ийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ........... сумын ........... багийн ... -... тоотод байрлах Д.С-ын гэрт хаалганы цоожийг нь эвдлэн орж том тасдагч 1 ширхэг, жижиг тасдагч 1 ширхэг, уран хөрөө 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, призер 1 ширхэг, призерын ком ир, хадаасны буу 1 ширхгийг нууцаар, хууль бусаар авч, нийт 580,000 (таван зуун наян мянга) төгрөгийн хохирол, мөн Д.М-ын гэрийн тооноор нь орж 32 инчийн зурагт 1 ширхэг, гахайтай бэлэн мөнгө, арьсан хар өнгийн түрийвч дотроо 100,000 (нэг зуун мянга) төгрөгтэй, том шар түрийвч, бэлэн 500,000 (таван зуун мянга) төгрөг, дунд гарын цагаан зэс аяга 2 ширхэг, эрэгтэй эмэгтэй хос мөнгөн бөгж, эмэгтэй мөнгөн гинж, мөнгөн бугуйвч, бугуйн цаг 2 ширхгийг нууцаар, хууль бусаар авч, нийт 4,240,000 (дөрвөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүгдэгч С овогт Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-д 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн цагдан хоригдсон 86 (наян зургаа) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ж.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ж.Б-ээс 580,000 (таван зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.С-д, 4,240,000 (дөрвөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-т тус тус олгож, энэ хэрэгт шүүгдэгч 86 (наян зургаа) хоног цагдан хоригдсон, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тасдагч 2 ширхэг, хадаасны хийн буу 1 ширхэг, призер 1 ширхэг, дрилл 1 ширхгийг хууль ёсны эзэмшигч А.С-д буцаан олгож ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн талаараа бичээгүй, хэргийн бодит байдлыг гэрчилсэн цагаатгах талын гэрч нарын мэдүүлгийг үнэлэхдээ тухайн гэрч нар нь Ж.Б-тэй садан төрөл, найз нөхөдийн холбоотой мэтээр дүгнэж няцаасан нь үндэслэлгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж Ж.Б-ийн гэрч шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг удаа дараа хангаагүй. Хэргийг анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжаар буцаасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэж байгаа нь урьдчилсан байдлаар Ж.Б-г гэм буруутайд тооцох шийдвэр дүгнэлтийг гаргасан байсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, Ж.Б-д холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:
4.1. Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ............. сумын ............. баг ... - ... тоотод байрлах хохирогч Д.С-ын гэрийн хаалганы цоожийг нь эвдлэн орж том тасдагч 1 ширхэг, жижиг тасдагч 1 ширхэг, уран хөрөө 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, призер түүний ирний иж бүрдэл, хадаасны хийн буу 1 ширхгийг авч бусдад худалдан 580,000 (таван зуун наян мянга) төгрөгийн хохирол, мөн хохирогч Д.М-ын гэрийн тооноор нь орж 32 инчийн зурагт 1 ширхэг, гахайтай бэлэн мөнгө, арьсан хар өнгийн түрийвчтэй 100,000 (нэг зуун мянга) төгрөг, том шар түрийвчтэй 500,000 (таван зуун мянга) төгрөг, дунд гарын цагаан зэс аяга 2 ширхэг, эрэгтэй эмэгтэй хос мөнгөн бөгж, эмэгтэй мөнгөн гинж, мөнгөн бугуйвч, бугуйн цаг 2 ширхгийг авч 4,240,000 (дөрвөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн хохирол учруулсан байна.
5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:
5.1. Дээр дурдсан үйл баримтууд нь хохирогч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хадам ах Ц 9948...... дугаараас 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед хадам ээж рүү залгаад хашаанд гэрт хулгай орсон байж магадгүй байна гэж залгасан... Очиход манай гэрийн /голын гэр/ цоожийг цүү цуургатай нь мушгисан, тоононы гялгар цаас урагдсан байдалтай байсан. Зүүн талын хадам ах Ц-ийн гэрийн хаалганы цоожийг мөн адил мушгисан, баруун талын гэр /Р/-н тооны гялгар уут урагдсан, амбаарны хаалга онгорхой байсан. Тэгээд цагдаа дуудсан ... Би өөрөө мужаан хийдэг. Улаанбаатар хотод байх хугацаандаа гэртээ том жижиг 2 тасдагч, уран хөрөө, цахилгаан дрилл, призер, призерийн ком ир гэсэн эд зүйлс байсан... Тухайн эд зүйлсийг хараад бүгдийг нь танина...” гэх мэдүүлэг. (1-р хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас)
5.2. Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цагдаа ирэхэд ээж үүдний амбаарын хаалга онгорхой дотор гэрийн хаалга цоожтой байна гэж хэлээд хаалга онгойлгож ороод надтай видео дуудлага хийгээд гэрийн эргэн тойрныг харуулсан ... Хойморт байсан 32 инчийн телевизор, хуучны бавай толгойтой хөөрөг /бөөрөн дээрээ “Р” үсэг шиг тэмдэгтэй/, гахайтай мөнгө /2-3 сая төгрөг/, арьсан хүрэн түрийвч дотор байсан 100,000 төгрөг, хар өнгөтэй түрийвч 40,000 төгрөг, шар том түрийвч 20,000 төгрөг, бичиг баримттай төмөр лаазан дотор 500,000 төгрөг, цагаан зэсэн аяга 2 ширхэг, бөгжний саванд байсан эрэгтэй эмэгтэй мөнгөн бөгж, эмэгтэй мөнгөн гинж бугуйвч, хар өнгөтэй эрэгтэй, цагаан өнгөтэй эмэгтэй бугуйн цаг зэрэг зүйлүүд алга болсон байна...” гэх мэдүүлэг. (1-р хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас),
5.3. Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..............- ..... тоот хашаанд манай зун бариад өвөлдөө хураадаг гэр байдаг юм. Өчигдөр буюу 10 дугаар сарын 07-нд 5 цагийн үед хашаанд очин гэрт түлээ оруулж гэрээ цэвэрлээд хашаагаа эргэх гээд очиход манай гэрийн цоожийг нь мулталсан, дунд гэрийн тооны гялгар цаас нь урагдсан, цоожийг нь мушгисан, баруун талын гэр тооны гялгар цаас нь урагдсан, үүдний амбаар нь онгорхой байсан. Тэгээд би эхлээд ээж болон охин дүүдээ хашаанд хулгай орсон байна гэж хэлэхэд хүргэн С эхнэрийн хамт, ээж, аав 4 ирсэн ... С гэрээ онгойлгоод гэрт байсан ор хайрцагийг сөхөж үзэхэд дотор нь байсан багажнууд алга гэсэн… 09 дүгээр сарын 30-нд очиж боорцог хайрч, толгой сүүл хуйхалсан. Тэрнээс хойш би очоогүй байж байгаад өчигдөр очсон. Тэр үед зүгээр байсан… Манай гэрээс алдсан зүйлс байхгүй. Дунд гэр болох С-ын гэрээс мужааны багажууд дрилл, том жижиг тасдагч, призер, уран хөрөө, баруун талын гэр буюу Р-ын гэрээс телевизор байхгүй байсан...” гэх мэдүүлэг. (1-р хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас)
5.4. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6 цаг болж байсан байх. Мужааны багажнууд байсан. 1 том, 1 жижиг тасдагч, модон дээр хээ зурдаг бололтой нэг багаж, миний мэдэхгүй багаж бас байсан. Зарсан хүн надад зээл төлөх гэсэн юм мөнгөний хэрэг гараад байна 160,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь 90,000 төгрөгт өгчих, ямар нэгэн асуудал байхгүй юм байгаа биз дээ гэхэд миний өөрийн багажнууд байгаа юм гэсэн... Зүс харвал муухан таних байх... Би 53............... дугаарын дансанд 90,000 төгрөг “1” гэсэн гүйлгээний утгатай хийсэн. Данс эзэмшигч нь Ж******* Б гэсэн байсан...” гэх мэдүүлэг. (1-р хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас)
5.5. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б манай хүү Б руу залгаад “... таксинд яваад өгөөч ...” гээд хэлэхэд манай хүү Б, эхнэр Б, бид 3 /хаягийг нь мэдэхгүй блокон хашаа байсан дотор нь 1 гэр байсан/ тэнд хашааны ар талд зогсож байхад Б тэр айлаас ганцаараа цагаан ууттай багажнууд аваад гараад ирсэн. Тэгснээ “... намайг авах уу...” гэсэн “... ахад нь мөнгө төгрөг алга байна авахгүй...” гэсэн. Доошоо “И” гэх дэлгүүрт очоод ууттай багажаа аваад дэлгүүр рүү ороод удалгүй гарч ирээд саарал өнгийн Приус-20 машинтай залуутай уулзаад багажнуудаа тэр залууд өгсөн...” гэх мэдүүлэг. (1-р хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас)
5.6. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Б нь цагаан ууттай юм аваад миний багажнууд байгаа юм гээд суусан. Тэндээс “И” гэх дэлгүүрт очоод ууттай багажаа аваад дэлгүүр рүү орсон удалгүй гарч ирээд Приустэй залууд өгөөд манай машинд суугаад манайд буучихаад ээж рүүгээ яриад гараад явсан...” гэх мэдүүлэг. (1-р хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас)
5.7. Гэрч А.С-аас хулгайд алдагдсан гэх эд зүйлс болох том шар тасдагч 1 ширхэг, жижиг улаан тасдагч 1 ширхэг, хийн хадаасны буу 1 ширхэг, призер 1 ширхэг, жижиг улаан дрилл 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. (1-р хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас)
5.8. Гэрч Б.Б-аар шүүгдэгч Ж.Б-г таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. (1-р хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас)
5.9. Шүүгдэгч Ж.Б-ийн эзэмшлийн ХААН банк дахь 53............... дугаартай дансанд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 53............. дугаарын данснаас “1” гэсэн гүйлгээний утгаар 90,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн дансны дэлгэрэнгүй хуулга. (1-р хавтаст хэргийн 67 дугаар хуудас)
5.10. Гэрч А.С-ын эзэмшлийн ХААН банк дахь 53................... дугаартай данснаас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 53............... дугаарын данс руу “1” гэсэн гүйлгээний утгаар 90,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн дансны дэлгэрэнгүй хуулга. (1-р хавтаст хэргийн 73 дугаар хуудас)
5.11. Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “И” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийн шүүгдэгч Ж.Б хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг бусдад худалдсан үйл явдлыг бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт. (1-р хавтаст хэргийн 85-89 дүгээр хуудас)
5.12. Хохирогч Д.М-ын хулгайд алдсан гэх 32 инчийн телевизор, бэлэн мөнгө, зэс аяга, хос мөнгөн бөгж, мөнгөн гинж, мөнгөн бугуйвч, бугуйн цаг гэсэн эд зүйлсийг 4,240,000 (дөрвөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгөөр үнэлсэн “А” ХХК-н 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-921/4722 дугаартай шинжээчийн дүгнэлт. (1-р хавтаст хэргийн 167-169 дүгээр хуудас)
5.13. Хохирогч Д.С-ын хулгайд алдсан гэх тасдагч 2 ширхэг, уран хөрөө 1 ширхэг, призер /ком ирний хамт/ 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, хадаасны буу 1 ширхэг гэсэн эд зүйлсийг 580,000 (таван зуун наян мянга) төгрөгөөр үнэлсэн “А” ХХК-н 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-921/70 дугаартай шинжээчийн дүгнэлт. (1-р хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас)
5.14. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан том тасдагч 1 ширхэг, жижиг тасдагч 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, призер 1 ширхэг, хадаасны буу 1 ширхэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
6.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, Ж.Б-д холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргажээ.
6.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “...бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
6.3. Хүн байнга амьдрах орон байр гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд үүнийгээ мэдсээр байж зөрчин хулгайлах гэмт хэрэг үйлдвэл дээрх хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ.
6.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд “орон байр” гэх ойлголтод хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж тодорхой тайлбарлажээ.
6.5. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6.6. Шүүгдэгч Ж.Б нь 10 дугаар сарын 03-ны өдөр би тэр айлд очход Б, А нар намайг тэр багажийг зараад өгөөч, хүүхдэд идэж уух юм байхгүй хоосон байна гэхээр нь би зарж борлуулж өгөөд мөнгийг нь өөрийнхөө данс руу хийлгэж авсан байсан гэж мэдүүлжээ.
6.7. Гэтэл гэрч М.Б (1-р хх-ийн 156-158 хуудас), гэрч М.А (1-р хх-ийн 161-162 хуудас) нар тухайн эд зүйлсийг Ж.Б-д өгч заруулсан тухай мэдүүлэг өгөөгүй байна.
6.8. Мөн шүүгдэгч Ж.Б-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 73 хуудас)-т 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тухайн эд зүйлсийг худалдан борлуулсны үнэ 90,000 төгрөгийг М.А, М.Б нарт шилжүүлээгүй, шүүгдэгч тухайн эд зүйлсийн үнэлгээг хямдруулан тогтоож өөрийн өмчийн адил захиран зарцуулж, үнийг нь өөртөө зарцуулсан нь шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдээгүй гэдгийг үгүйсгэж байна.
6.9. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.10. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Б
ШҮҮГЧИД Ч.Э
Ц.О