| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2411000000390 |
| Дугаар | 2024/ДШМ/1205 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ДШМ/1205
2024 10 31 2024/ДШМ/1205
Г.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Гармаа,
шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ууганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/596 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Г.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Ад холбогдох эрүүгийн 2411000000390 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 05 цагийн орчимд ... оршин суух Д.Уын хашааны гадна Э.Стэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, хэвлий хэсэг рүү нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нарийн гэдэс, хэвлий хөндий рүү нэвтэрч гэмтээн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлий хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Аыг “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Аыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 550.000 төгрөгийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногт дүйцүүлэн сольж нийт 36 хоног хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Аын биелэн эдлэх ялын хэмжээг 5 жил, 7 сар, 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 5 жил, 7 сар, 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аын урьд цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар алаг өнгийн ажлын хэсэг нь 14 см хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон маарл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалан үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ааас 6.014.776 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Сд 2.956.776 төгрөгийг, 3.058.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Э.С нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Г.Ааас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Г.Өсөхбаяр давж заалдах гомдолдоо: “…Миний үйлчлүүлэгч Г.А нь уг гэмт хэргийг үйлдсэн буруугаа сайн дурын үндсэн дээр мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй болно. Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өөрийн боломжийн хэмжээнд бүрэн төлж, хохирогч Э.Сд 2.956.776 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 3.058.000 төгрөгийг бүрэн төлж, хохирогчоос уучлалт хүсэж, гомдол саналгүй болгосон.
Түүнчлэн шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ 20 настай, эхнэр, охины хамт амьдардаг байсан бөгөөд одоо түүний охин нь 4 сартай, ... оршин суудаг зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан шүүх эрх хэмжээний хүрээнд миний үйлчлүүлэгч Г.Ад оногдуулсан 5 жил, 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хорих ялыг тодорхой хэмжээгээр багасгаж, хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. …” гэв.
Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.
Прокурор Г.Гармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.А нь мөн өмнө нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж уг ялыг буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг биелээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд дахин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн байна. Анхан шатны шүүхээс шүүгндэгчид оногдуулсан ял нь тухайн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний өмгөөлөгч Г.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 05 цагийн орчимд ... тоотод оршин суух Д.Уын хашааны гадна Э.Стэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, хэвлий хэсэг рүү нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нарийн гэдэс, хэвлий хөндий рүү нэвтэрч гэмтээн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлий хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Э.С “...Тэгээд нөгөө хоёр залуу гарч ирээд арай өндөр, хар бараан хувцастай залуу нь миний өөдөөс ойртоод хүрээд ирсэн. Тэгсэн миний гэдэс хэсгээр халуун оргиод явчихсан. Гараа хийгээд үзэхэд нойтон оргиод явчихсан. Тэр үед би машины жолоочийн хажуу талын сандал дээр суугаад Т машин бариад шууд зугтсан. Тэгээд баруун талд байсан худгийн хажууд очиж зогсоод үзэхэд хэвлий хэсэгт хутгалчихсан дотроос нь юм гарчихсан байсан. Тэр үед хутгалсан байна гэдгийг мэдээд цагдаа дуудуулж 103-ын түргэний машинаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн. ...” /хх 13-15/,
гэрч Б.Б “...Удалгүй нөгөө 2 залуу гарч ирээд түрүүлж гарч ирсэн өндөр хар цамцтай нь гартаа нэг юм барьчихсан С рүү дайрсан. Нөгөө залуу нь над руу дайрсан. Би хойшоо зай бариад зугтсан. Тэгээд С, Т 2 машиндаа суугаад баруун тийшээ зугтсан. ...Тэгээд Т худгийн хажууд зогсоод намайг араас нь очиход С гэдэснээс цус гарчихсан “намайг хутгалчихлаа” гээд би цагдаад дуудлага өгсөн. Нөгөө залуучууд араас ирээгүй. ...” /хх 19/,
насанд хүрээгүй гэрч Б.Т “...Удалгүй хашаан дотроос нөгөө 2 залуугийн өндөр хар цамцтай залуу нь гарч ирээд С ах руу дайрсан тэр үед хальт харахад гартаа нэг юм барьчихсан бололтой байсан. Тэр үед яг юу байсныг нь хараагүй юм. Нөгөө залуу нь араас нь гарч ирээд бөөрөнхий мод барьчихсан Б ах руу дайрсан. Тэр үед би С ах руу дайрч байхаар нь “хутгатай байна зугтъя” гэж хэлээд машин руу суусан. ...Тэр үед М ах машинд байсан бөгөөд С ах “намайг хутгалчихлаа” гээд орилсон тэгээд 153 гэсэн худгийн хажууд зогсоод харахад С ахын хэвлий хэсэгт нь хутгалж зүссэн цус алдаж байсан. ...” /хх 21-22/,
гэрч Н.О “...Тэгээд А надтай зөрөөд манай хашаа руу орсон. Тэр үед нь би А бас оруулсан, хар куртиктэй хүүхэд нь тэр хоёрыг хэл амаар өдөөд байсан. Тэгээд намайг бас хэл амаар доромжлоод байхаар нь би хар куртиктай хүүхдийг нь яв гээд өшиглөсөн, би орох гэж байхад А, А 2 буцаад гарч ирээд А хаалганы баруун талд зогсож байсан урт үстэй залуутай муудалцаад байсан. А цаана машиныг арыг юмаар цохиж байсан тэр үед А муудалцаж байсан урт үстай залуу “яаж байнаа” гэх чимээ сонсогдсон. Тэгээд тэр залуучууд машиндаа суугаад аягүй хурдан явцгаасан. ...Тэгээд эргээд манайх руу бүгд ороход А “писда би нэгийг нь хутгалчихлаа” гэж хэлсэн. Гарт нь хутга байгаагүй. ...” /хх 24-25/,
гэрч Б.А “...Тэгээд би машиных нь араас хальт хөөсөн болоод орхисон. Тэгээд А буцаад У ахын гэр лүү ороход А би нэгийг нь шаачихлаа цагдаа ирвэл намайг гэж хэлэхгүй юу даа гээд таксинд суугаад яваад өгсөн. Хутгалсан эсэх талаар би мэдээгүй, гарт нь юм харагдаагүй. ...” /хх 27/,
гэрч Д.Уын “...Би түрүүлээд гэр рүү орчихсон араас эхнэр орж ирсэн бөгөөд араас нь хэсэг хугацааны дараа А, А 2 орж ирсэн тэгээд намайг хэвтэж байхад манай эхнэр “А нэг хүнийг нь хутгалчихлаа” гэж хэлж байгаа нь сонсогдсон. ...” /хх 29/,
гэрч Б.М “...нэг мэдэхэд Т С цус алдаад байна гээд орилоход нь сэрж мэдсэн. Тэгэхэд С хэвлий хэсгээс цус алдчихсан байсан. Тэгээд Б, Т, С бид дөрөв худгийн хажууд зогсож байхад Б цагдаад дуудлага өгсөн байсан. ...” /хх 31-32/,
Г.Аын яллагдагчаар өгсөн “...Тэр үед А ах намайг “хүмүүстэй муудалцаад хэрэггүй” гэж хэлсэн. ...Тэр үед би хашаан дотор байсан нүүрсний хажууд байсан хар бариултай хутгыг аваад тэр залуучуудыг айлгаад явуулчъя гэж бодоод баруун гартаа бариад гарсан. Тэгэхэд томорч өдөөд байсан өндөр урт хар үстэй, шаргалдуу хувцастай залуу өөдөөс хүрч ирсэн. Тэгэхээр нь тухайн залууг айлгах гээд барьж байсан хутгаараа хэвлий тус газарт нь нэг удаа хатгасан юм. ...” /хх 99-101/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Э.С биед нарийн гэдэс, хэвлийн хөндий рүү нэвтэрч гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2754 дугаартай дүгнэлт /хх 49-51/,
дуудлага лавлагааны хуудас /хх 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 42, 43/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 69-70, 71/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 74-75/, хохирлын баримтууд /хх 77-85/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.А ямар буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Г.А нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Г.Өсөхбаяр “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Шүүгдэгч Г.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулалгүй хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ болон тэдгээрийн хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тэдгээрт оногдуулсан 3 жил 8 сар болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Г.Өсөхбаярын “хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.Аын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 79 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/596 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Аыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. ...” гэж,
3 дахь заалтад “...5 жил 6 сар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Аын биелэн эдлэх ялын хэмжээг 5 жил, 7 сар, 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэснийг “...3 жил 8 сар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Аын биелэн эдлэх ялын хэмжээг 3 жил 9 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж,
4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 5 жил, 7 сар, 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 3 жил 9 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 79 /далан ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ