Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 116/2017/0014/З |
Дугаар | 221/МА2018/0042 |
Огноо | 2018-01-11 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2018/0042
2018 оны 01 сарын 11 өдөр |
Дугаар 221/МА2018/0042 |
Улаанбаатар хот |
“Т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Э, Б.Б нарыг оролцуулан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З гаргасан давж заалдах гомдлоор, “Т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Т х” ХХК-ийн захирал Р С 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
“Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 134, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 48 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ууд, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 02 дугаар тогтоол, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын “Т х” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр:
“Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Дорнод аймгийн Засаг даргын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 48, 134 дүгээр Дэмжихгүй санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 02, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын “Т х” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Манай компанийн зүгээс Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 48, 2016 оны 134 дүгээр саналуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 134 дүгээр саналыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, түүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 9-д “Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй байхад түүнийг хүчин төгөлдөр бусад тооцолгүй, үндэслэл бүхий байна” гэж шийдвэрлэсэн. Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй нь Ашигт малтмалын тухай хуулиас гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг мөн зөрчиж байгаа. Гэтэл шүүх “хууль ёсны байна” гэж дүгнэсэн нь илэрхий алдаатай дүгнэлт хийсэн.
2.Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 134, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар тогтоол, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар тогтоолуудын манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай үндэслэлийг хууль ёсны байна гэж дүгнэсэн байна. Ийнхүү дүгнэхдээ О-У голын сав газрын захиргааны дүгнэлт, тус сав газрын дарга Б.Б шүүхэд гаргасан мэдүүлгийг үндэслэсэн. Гэтэл хууль зүйн зохицуулалт, логикийн хувьд манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ямар нэг байдлаар усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцах боломжгүй юм. Учир нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагийг Засгийн газар тогтоодог. Мөн энэхүү хориглосон газрын мэдээлэл Ашигт малтмалын газрын кадастрын мэдээллийн санд хадгалагдаж байдаг. 2014 оны Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тогтоосон бөгөөд тухайн талбайд манай компани өргөдөл гаргаж улмаар Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шүүлт хийж үзээд ямар нэг байдлаар хориглосон талбайтай давхцалгүй бол Засаг даргаас санал авахаар хүргүүлдэг журмын дагуу манай өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэний үндсэн дээр Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн байхад шүүх зөвхөн нэг талыг барьсан, хариуцагчийн дуудсан гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд шүүх нотлох баримтыг бүрдүүлэхээр зааж өгсөн. Шүүхийн цуглуулсан нотлох баримт буюу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн давхцалын талаар зохих ёсны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар, Байгаль орчны яамнаас лавлагаа авалгүйгээр зөвхөн нэг талын барьсан нотлох баримт цуглуулсан.
Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан уг хуулийн 19 дүгээр зүйлийн зохицуулалтын дагуу “Т х” ХХК-ийн гаргасан Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт “Б” нэртэй газарт орших 121.06 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас 2 удаа “дэмжихгүй” санал хүргүүлсний эхнийх буюу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 48 дугаар санал нь процессийн хувьд хуулийн зохицуулалттай бүрэн нийцээгүй, өөрөөр хэлбэл тухайн талбай байрлах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авалгүйгээр дангаараа “усны сан бүхий газартай давхцаж байгаа, Баяндун сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн нь буруу болжээ. Гэвч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
Учир нь тухайн талбайд аймгийн Засаг даргаас 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 134 дүгээр саналыг дахин гаргаж, “дэмжихгүй” саналаа мөн л илэрхийлсэн, ингэхдээ өмнө гаргасан процессийн зөрчлөө арилган, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 5, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тухайн талбай нь малчдын зуслан, намаржаа, хадлангийн талбай, Баянгол, Түргэн голуудын сав газартай давхцалтай гэж үзсэнээр өмнөх саналын тухайд хууль зүйн үр дагавар нь дуусгавар болжээ.
Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрээр “Т х” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахдаа цаг хугацааны хувьд ч авч үзсэн эхнийх бус харин сүүлийн “дэмжихгүй” саналыг үндэслэсэн байна.
Харин сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан дэмжихгүй санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар “хуульд заасан үндэслэлээр татгалзах” гэдэгт хамаарч байгаа эсэх, түүнчлэн нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Баянгол, Түргэн голуудын усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай эсэхэд тус тус дүгнэлт өгөх байдлаар, магадгүй дэмжихгүй санал нь хуульд нийцээгүй гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэх үр дагаварт хүргэхгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр саналыг хүчингүй болгосноор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн үндэслэл үгүйсгэгдэж, улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх үүснэ гэх агуулгаар нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлах боловч цаг хугацааны болон хууль зүйн хувьд нэхэмжлэгчийн хүссэн энэхүү үр дүн бий болгохгүй.
Учир нь дээр дурдсанчлан Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг хуулийн 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн тул нэгэнт хүчингүй болсон хуулийн зохицуулалтын дагуу шийдвэр гаргах эрх хэмжээ захиргааны байгууллагад олгогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл хариуцагчдийн гаргасан саналыг тус тус хүчингүй болгосноор тэдгээрээс дахин санал өгөх ажиллагаа явуулах боломж хууль зүйн хувьд хаагдсан, цаг хугацааны хувьд ч үр дагаваргүй болжээ.
Харин анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг “Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж”-ийн хэвлэмэл хуудсанд хэвлэсэн алдаа гаргасныг зөвтгөвөл зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН