Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 24

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2016/0024/З

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би иргэн О.Нармандахын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад холбогдох “газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Бор-Өндөр сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.Нармандахын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Энх-Эрдэнэ миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. О.Нармандахад газар эзэмшүүлэх захирамжийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор гаргаж нэхэмжлэгчид хүлээлгэн өгнө. Хариуцагч миний бие эрх үүрэгтэйгээ танилцсан бөгөөд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн О.Нармандах нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан "газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Бор-Өндөр сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа талаарх хүсэлтээ 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ. Үүнд: “....О.Нармандахын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч миний бие бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. О.Нармандахад газар эзэмшүүлэх захирамжийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор гаргаж нэхэмжлэгчид хүлээлгэн өгнө. Хариуцагч би эрх үүрэгтэйгээ танилцсан бөгөөд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй” гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарт тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн.

 

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан иргэн О.Нармандахын нэхэмжлэлтэй, Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Энх-Эрдэнэ холбогдох “газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Бор-Өндөр сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч тухайн маргаанаар дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН