Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,

Шүүгдэгч Ц.Бэхболд /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Бэхболдод холбогдох эрүүгийн 1811014780529 дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Цэрэнчимэдийн Бэхболд, 1980 оны 03 сарын 06-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Давааням” нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Чингэлтэй  дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 7 дугаар гудамж 0202 тоотод оршин суудаг, урьд  ял шийтгэлгүй , улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:АА80030637/

 

Шүүгдэгч Ц.Бэхболд нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Давааням” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа тус дэлгүүрээр үйлчлүүлэхээр зогсож байсан бага насны хүүхэд хохирогч Д.Амгалантөр лүү 200мл-ийн савлагаатай ундаа шидэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бэхболд мэдүүлэхдээ: “..тэр өдөр хүүхдүүд орж ирээд намайг аханцар, эгчинцэр гээд байсан тэгээд би айлгах зорилгоор шидсэн чинь доошоо сууж таараад цохисон. гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Амгалантөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-10-11,12-13,/ шүүгдэгч Ц.Бэхболдын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-14-15, 22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн ¹6147 дугаар тогтоол /хх-17/, Ц.Бэхболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.Бэхболд нь  2018 оны 05 сарын 11-ний өдөр  Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Давааням” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа тус дэлгүүрээр үйлчлүүлэхээр зогсож байсан бага насны хүүхэд хохирогч Д.Амгалантөр лүү 200мл-ийн савлагаатай ундаа шидэж түүний биед баруун хацрын шонтон хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

       

 Насанд хүрээгүй хохирогч Д.Амгалантөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-11/: “..2018 оны 05 сарын 11-ний өдөр 12 цагийн орчим би сургуулийнхаа урд талын “Давааням” гэх хүнсний дэлгүүрт орж ундаа авах гэж байсан юм. Дэлгүүр дотор их хүнтэй байсан. Би мөнгөө өгч ундаа авах гээд дуудаад байхад худалдагч хийж байсан ах өөр хүмүүст үйлчлээд байсан. Тэр үед хажууд байсан хүүхдүүд тэр ахыг аханцараа, эгчинцэрээ гэх зэргээр дуудаад инээлдээд байсан. Тэгсэн чинь тэр ах уурлаад 800 төгрөгийн 250мл хэмжээтэй кола ундаа шидсэн. Тэр ундаа миний баруун нүдний хажуу талд оносон. Тэгээд би нүдээ дарж гараад сургууль руу орсон. Намайг ороход тэр ах жаахан бухимдуу байсан. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг дэлгүүрийн хүн учруулсан..” гэсэн мэдүүлэг,

           

Шүүгдэгч Ц.Бэхболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-22-23/ “..Би эхнэртэйгээ Чингэлтэй дүүргийн 15-р хороо 72-р сургуулийн урд байдаг “Давааням” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. Ойрд би ганцаараа дэлгүүртээ сууж байгаа. 2018 оны 05 сарын 11-ний өдөр 13 цагийн орчим би дэлгүүртээ байж байхад 13-14 насны 4-5 хүүхэд орж ирсэн. Нэг хүүхэд нь /Амгалантөр/ ундаа авъя гэж 500 төгрөг өгсөн. Би ундаа авч өгөх хооронд тэр хүүхдүүд орилолдоод намайг аханцар, эгчинцэр гээд л элдвээр хэлээд байсан. Тэгэхээр нь та нар аав шигээ хүнийг юу юу гээд байнаа, больцгоо гэтэл болихгүй хашгираад байсан. Тэгээд бүр доромжлоод болохгүй болохоор нь би 200гр жижиг кола ундаа аваад тэдний зүг шидсэн. Тэгэхэд тэр Амгалантөр гэх хүүхдийн хацрыг оночихсон. Тэгээд тэд нар гараад явчихсан юм. Би нэг хүүхдэд нь Амгалантөрийн ундааны мөнгийг өгч явуулсан. Удалгүй хүүгийн эцэг эх цагдаа зэрэг ирсэн..” гэсэн мэдүүлэг,

  

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №6147 дугаар дүгнэлтэд :/хх-17/ “..1. Амгалантөрийн биед баруун хацрын шонтон хэсэгт цус хуралт  тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..” гэсэн дүгнэлт, Ц.Бэхболдын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-22-23/“..Би Амгалантөрд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад санал гомдол байхгүй. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй..” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Насанд хүрээгүй хохирогч гэмтэл авсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчид уг гэмтэлийг учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹6147 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Амгалантөрд учирсан гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Бэхболд нь дээрх байдлаар 13 настай буюу бага насны хүүхэд болох хохирогч Д.Амгалантөрд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Бэхболдыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Бэхболд  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Бэхболд нь насанд хүрээгүй хохирогч Д.Амгалантөр, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Байгалмаад учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Энэ нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Ц.Бэхболд нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Цэрэнчимэдийн Бэхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бага насны хүүхэдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Бэхболдыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэхболд нь уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Бэхболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Бэхболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Бэхболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бэхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР