| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2408005621070 |
| Дугаар | 2024/ДШМ/1164 |
| Огноо | 2024-10-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/1164
2024 10 17 2024/ДШМ/1164
Ц.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/2077 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаар эсэргүүцлээр эрүүгийн 2408005621070 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Ц, ... тоотод оршин суух, /РД: .../, урьд:
- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон.
Ц.Цнь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...тоотод байхдаа “Өврийн бичиг” гэсэн фейсбүүк хаягаар байр түрээслүүлнэ гэсэн зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.400.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан,
2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шунахайн сэдэлтээр хохирогч Б.Б фейсбүүк чатаар холбогдож Сонгинохайрхан дүүргийн ... дугаар байрыг түрээслүүлнэ гэж итгүүлэн Хаан банкны ... дугаарын дансаар 250.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хууран авсан,
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны гадна 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн О.Н “...гал тогоо тусдаа хуучны 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн О.Н-аас 200.000 төгрөгийг өөрийн банкны дансанд шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурор нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2408005621070 дугаартай эрүүгийн хэргийг үүсгэж “2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...тоотод байхдаа “Өврийн бичиг” нэртэй фейсбүүк хаягаар байр түрээслүүлнэ гэсэн зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.400.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн” хэмээн иргэн Ц.Ц-г яллагдагчаар татжээ.
Яллагдагчаар татаж, ял сонсгохдоо хэн гэж хүнийг хохироосон болохыг тогтоогоогүй байгаа нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх хүний суурь эрхийг нь хязгаарласан гэж үзэхээр байна. Тодруулбал, яллагдагч нь хэнийг хохироосон болохыг яллагдагчаар татах тогтоолд тусгаагүй тохиолдолд тухайн яллагдагчийг ямар хэрэгт яллагдаж буйгаа мэдсэн гэж үзэх боломжгүй. Иргэн Ц.Цнь прокуророос өөрийг нь хэн хэнийг хэзээ, хэрхэн хохироосон гэж яллаж байгааг мэдсэний үндсэн дээр хариу тайлбар гаргах, мэдүүлэг өгөх, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах зэргээр эрхээ бүрэн эдлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн, прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүхээр хэлэлцүүлэх хэргийн хүрээ хязгаарыг тодорхойлох зорилгоор үйлддэг баримт бичиг бол яллах дүгнэлт байдаг. Харамсалтай нь, прокурорын яллах дүгнэлтийн удиртгал болон тогтоох хэсгийн аль алинд нь хэргийн товч агуулга буюу хэргийн үйл баримтыг тодорхойлохдоо 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэх гэмт хэргийн улмаас хэн хохирсон, хэний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн болохыг тодорхойлоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг нотлох ёстой бөгөөд энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимтай салшгүй холбоотой билээ. Үүнээс гадна, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийн хүрээнд хэргийн үйл баримт буюу гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоосны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийж, яллагдагчаар татах, эсхүл яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах учиртай. Гэвч энэ хэрэгт прокурор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа мөн адил гэмт хэргийн улмаас хэнд хохирол учирсныг тогтоолгүй орхигдуулжээ.
Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4 дэх заалтад “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт гаргах эрхтэй боловч яллагдагчаар татах болон яллагдагчаар татах тогтоод өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг шүүхийн шатанд засварлах хууль зүйн боломж байхгүй, үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйн хэрэг. Ийм учраас, эрүүгийн 2408005621070 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн М.А-ийг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга, яллагдагчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Ц.Ц-г үргэлжилсэн үйлдлээр буюу 3 удаагийн үйлдлээр 2023 оны 9 дүгээр сарын 01, 2023 оны 10 дугаар сарын 15, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрүүдэд “байр түрээслүүлнэ” гэх агуулга бүхий хуурамч зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, уг зарын дагуу холбогдсон хохирогч М.А, Б.Б, О.Н нарыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдаас өөрийн дансаар мөнгө шилжүүлэн хууран авсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн байна.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Ц.Ц-н хохирогч М.А-ийг залилсан үйлдлийг тусгахдаа хохирогчийн нэр болох М.А гэх үгийг орхигдуулсан нь зөрчил боловч прокурорын шийдвэрт үг, үсгийн техникийн шинжтэй алдаа гарсан байна гэж үзэхээр байна. Прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засуулж болох зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад тусгасан байх бөгөөд прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллах дүгнэлтэд гарсан алдааг залруулж, зөвтгөх талаарх санал, хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл прокурорын шийдвэрт тусгагдаагүй боловч хавтаст хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтуудаар яллагдагч Ц.Цнь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...тоотод байхдаа “Өврийн бичиг” нэртэй фейсбүүк хаягаар байр түрээслүүлнэ гэсэн зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2.400.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэхдээ иргэн М.А-ийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрхийг нь зөрчиж, залилах гэмт хэргийн хохирогч болгосон гэдгээ мэдсэн гэж үзэхээр байна. Хохирогч, яллагдагч нар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж дууссаны дараа хэн аль нь хэргийн материал бүрэн эхээр нь танилцуулсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд яллагдагч ямар гэмт хэрэгт яллагдаж байгаагаа мэдсэн гэж үзэхээс гадна, яллагдагчийн өөрийг нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэх, мөн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээр зохицуулсан прокурорын шийдвэрүүдэд зайлшгүй хохирогчийн нэрийг заахаар тусгагдаагүй бөгөөд прокурорын шийдвэрт хохирогчийн нэрийг гээгдүүлж бичигдсэн нь яллагдагчийн хуулиар олгогдсон үндсэн эрхийг зөрчөөгүй, яллагдагчийн эрхзүйн дордохгүй гэж үзэхээр байна.
Шүүх хуралдаанаар нөхөн хийж болохгүй бүрэн биш ажиллагаанд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж байж, нотлох баримт шинээр цуглуулах гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа өөр газарт буюу явуулах шаардлагатай байхыг ойлгоно. Мөн яллагдагч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлээр яллагдагчаар татагдсан ямар үйлдэл нь ямар, зүйл, хэсгээр зүйлчлэгдэхийг заагаагүй орхигдуулсан тохиолдол гаргасан нөхцөлийг хэрэг хянан шийдвэрлэхэд боломжгүй байдлыг ойлгоно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.Ц-г үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байхдаа “Өврийн бичиг” гэсэн фейсбүүк хаягаар байр түрээслүүлнэ гэсэн зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.400.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан,
2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шунахайн сэдэлтээр хохирогч Б.Б-тэй фейсбүүк чатаар холбогдож Сонгинохайрхан дүүргийн ...дугаар байрыг түрээслүүлнэ гэж итгүүлэн Хаан банкны ... дугаарын дансаар 250.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хууран авсан,
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ... байрны гадна 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн О.Н“...гал тогоо тусдаа хуучны 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн О.Н-с 200.000 төгрөгийг өөрийн банкны дансанд шилжүүлэн авч залилсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс: “...Яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтдээ хохирогч М.А-ийг хохироосон гэж тусгаагүй нь яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, хариу тайлбар гаргах, мэдүүлэг өгөх, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах зэргээр эрхээ бүрэн эдлэх боломжийг хязгаарласан гэж үзнэ. Мөн хэний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн болохыг тодорхойлоогүй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг тогтоогдоогүй. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокуророос яллах дүгнэлтдээ залруулга хийлгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6.4 дэх заалтад “’прокурорын яллах дүгнэлтэд үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт” гэж зааснаар хүсэлт гаргах эрх нь бий ч яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолд шүүхийн шатанд өөрчлөлт оруулах хууль зүйн боломж байхгүй” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар хянан шийдвэрлэх боломжтой.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэхээр байна.
Хэрэгт прокурор Н.Б-ийн үйлдсэн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол, мөн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоолын тодорхойлох хэсгүүд болон 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн прокурорын “Яллах дүгнэлт”-ийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Ц.Ц-г хэн гэдэг хүн, хуулийн этгээдийг хохироосон талаар тусгалгүй орхигдуулан алдаа зөрчил гаргажээ.
Харин Ц.Ц-г зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Н.А-ийг төөрөгдөлд оруулж 2.400.000 төгрөгийг залилсан хэмээн түүнийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй тухай хуульд заасан эрхийг нь хангасан байна.
Түүнчлэн, хохирогч Н.А нь хэнд, хэрхэн эд хөрөнгөө өгч залилуулсан талаараа мэдүүлж, цагдаагийн байгууллагад хандан шалгуулж буй үйлдэл нь өөрийнхөө ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байгааг мэдсэн гэж үзнэ.
Дээрхээс үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан “яллагдагч”-ийн, 8.2 дугаар зүйлд заасан “хохирогч”-ийн эрхүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тэдгээрт эдлүүлэн, эрхээр нь хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны засах боломжгүй зөрчил, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантай бол хэргийг прокурорт буцаах бөгөөд бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн, хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Иймд Ц.Ц-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/2077 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Анхбаярын бичсэн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч Ц.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН