| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2026/0019/З |
| Дугаар | 112/ШШ2026/0028 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 112/ШШ2026/0028
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-аас тус аймгийн Есөнбулаг сумын иргэн О.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Тамгын газрын дарга Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Т овгийн Н.Н-ын ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 45.111.804.32 (дөчин таван сая нэг зуун арван нэгэн мянга найман зуун дөрвөн төгрөг гучин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай маргаанд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00497 дугаартай шийдвэрт баталгаажуулсан юм.
Гэтэл хариуцагч О.А нь шүүхийн шийдвэрт зааснаар 45.111.804.32 (дөчин төвөн сая нэг зуун арван нэгэн мянга найман зуун дөрвөн төгрөг гучин хоёр мөнгө) төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн дагуу сайн дураар биелүүлэхгүй байгаа тул төрд учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.А 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн ирүүлсэн хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, О.А миний биед холбогдох буруутай албан тушаалтнаас 45,111,804.32 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон тус хэргийг дуусгавар болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-аас тус аймгийн Есөнбулаг сумын иргэн О.А-т холбогдуулан 45.111.804.32 төгрөгийн хохирол гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Есөнбулаг сумын иргэн О.А нь Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ын захиргааны байгууллагад учирсан хохирол болох 45.111.804.32 төгрөг гаргуулах гэсэн үндэслэлээр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 06 дугаар сарын 02-ы өдөр дээрх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Энэхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэн, хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд хамаарч байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасан. Иймд хариуцагчийн зөвшөөрлөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Есөнбулаг сумын иргэн О.А-т холбогдох Буруутай албан тушаалтнаас 45.111.804.32 (дөчин таван сая нэг зуун арван нэгэн мянга найман зуун дөрвөн төгрөг гучин хоёр) төгрөг хохирол гаргуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ