| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0264/Э |
| Дугаар | 361 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Д.Оюунгэрэл,
Хохирогч Б.Оюун-Эрдэнэ,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Даваа,
Шүүгдэгч С.Сувд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Баярмаа
Шүүгдэгч Д.Мөнх-Од, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мөнх-Од, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сувд-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201725031213 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Доржпагамын Мөнх-Од, 1989 оны 07 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл 3, эх, эгч нарын хамт, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 13-14 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:УХ89071279/
Монгол Улсын иргэн, Олохнууд овогт Соронзонболдын Сувд-Эрдэнэ, 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, 1 нас 3 сар хүү М.Амармөрөн, 7 настай охин М.Намуун 2 хүүхэд нарын хамт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 01 дүгээр гудамжны 50 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ШУ93071402/
Шүүгдэгч Д.Мөнх-Од нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ Д.Мөнх-Од нь 2017 оны 06 сарын 06-наас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тасганы овооны уулзварт байрлах “Петрови” шатахуун түгээх станцын хажууд С.Сувд-Эрдэнэтэй нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч С.Сувд-Эрдэнэ нь 2017 оны 06 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тасганы овооны уулзварт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хажууд Д.Мөнх-Одтой нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, тус шатахуун түгээх станцын түгээгч Б.Оюун-Эрдэнийн нуруун тус газарт чулуугаар цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
2017 оны 6 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тасганы овооны уулзварт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын гадна шүүгдэгч С.Сувд-Эрдэнэ нь өөрийн нөхөртэй нь ноцолдож байсан хохирогч Б.Оюун-Эрдэнийн нуруунд чулуугаар цохиж бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хүзүү, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Оюун-Эрдэнээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2017 оны 6 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө 2-3 цагийн үед Б.Мөнх-Од, С.Сувд-Эрдэнэ нар клонкын талбай дээр тамхи татаж орж ирсэн. Тэгэхээр нь би жоохон холдоод татчих гэж хэлсэн. Гэтэл эхнэр нь машинаас буугаад явсан. Тэгэхээр нь би Мөнх-Одыг цаашаа очиж татаж байна гэж ойлгосон. Тэгээд би клонкынхоо байр луу орчихоод буцаад гарч ирсэн чинь тамхиа үргэлжлүүлээд татаж байсан. Манай шатахуун түгээх станц болон супер маркет хоёр хоорондоо 5 метр ч хүрэхгүй зайтай байдаг. Дундуур нь машин ороод зогсвол багтахгүй. Гэтэл Б.Мөнх-Од тэр зайд нь ороод зогссон байсан. Тэгэхээр нь би чи наанаа тамхи татахаа боль эсвэл жоохон урагшилж байгаад татчих гэж хэлсэн. Учир нь яг хажууд нь түгээгүүр байдаг. Бид нар гурван түгээгүүрээ нэг, нэгээр нь хариуцаж авдаг. Тэр өдөр наад талын түгээгүүр миний хариуцсан түгээгүүр байсан. Нөгөө хоёр хүн маань тооцоогоо хийгээд зогсож байсан. Би Б.Мөнх-Одод яг энэ түгээгүүрээс хүнд бензин өгөх гэж байна. Жоохон урагшлаад зогсчих гэж хэлэхэд Б.Мөнх-Од намайг чи яасан олон үгтэй халтайсан гөлөг минь гэж хэлээд машинаасаа бууж ирээд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би ч мөн адил заамдаж авсан. Тэр үед дэлгүүрийн хажууд цэцэг тарьдаг дугуй байдаг. Тэрний хажууд намайг жоохон боогоод тэгэхээр нь би татсан чинь Б.Мөнх-Од унасан. Тэгээд босоод ирэхэд С.Сувд-Эрдэнэ дэлгүүрээс гарч ирээд миний нуруу руу цохисон. Тэр үед нуруу чангарсан байсан учир нурууруу цохихыг мэдсэн. Тэрнээс хугарсан гэж мэдээгүй. Тэгээд манай шатахуун түгээгүүрийн хүмүүс болоод тэнд бензин авах гэж байсан хүмүүсээс нэг хүн нь ирээд боль гэж хэлэхэд С.Сувд-Эрдэнэ намайг архи уусан байна гэж бодож цагдаад дуудлага өгсөн байсан. Тэрнээс биш би тэнд зандарч харьцсан зүйл байхгүй. Үйлчилгээний стандартад тийм зүйл байх ёсгүй. Тэгээд манай харуул хамгаалалтын албанаас хүмүүс хүрч ирээд надад чи хэдэн удаа ийм асуудал гаргадаг гэж надад хэлээгүй. Би нэг ч удаа харуул хамгаалалтын албаны хүмүүс дуудаж байгаагүй. Тэр хүмүүс намайг харж байгаагүй. Ийм учир гомдолтой байгаа. Энэ хугацаанд ажлаа хийж чадахгүй эмнэлэгээр явсан. Би өөрийн гэсэн мөрөөдөлтэй. Саяхан машин лизингээр машин авсан. Тэгэхэд одоо нуруугаа хугалуулчихаад байж байна. Одоо би эмчилгээний төлбөр болон ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжлэнэ” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч С.Сувд-Эрдэнээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ 2017 оны 6 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Тасганы овооны хажууд байрлах петровисийн колонкоос нөхөр Б.Мөнх-Одтой хамт сүү, тамхи авахаар очсон. Бид хоёрыг машинтай очиж зогсоход шатахуун түгээгүүрийн түгээгч бид хоёрыг тухайн газраас холд гэж хэлсэн. Тэгээд Б.Мөнх-Од машинаа холдуулаад эргэж зогсоход нь би буугаад дэлгүүр орсон. Би дэлгүүр лүү орж нэг тамхи, нэг ширхэг жижиг сүү авсан. Сүүгээ аваад бичүүлээд зогсож байхад гадаа хүмүүс маргалдах чимээ гарсан. Тэгээд клонкын эгчтэй хамт гарахад Б.Мөнх-Од, Б.Оюун-Эрдэнэ хоёр заамдалцсан байсан. Б.Оюун-Эрдэнэ Б.Мөнх-Одыг боржуур дэрлүүлсэн бие биенийгээ заамдсан хэвтэж байсан. Тэгэхэд Б.Мөнх-Од доор нь орсон байхаар нь тухайн үед Б.Мөнх-Одын бие нь өвдсөн эмчилгээ хийлгэж байсан болохоор би Б.Оюун-Эрдэнэд Б.Мөнх-Одыг гэмтээчихлээ болиоч гэж хэлж салгасан. Тухайн үед Б.Оюун-Эрдэнэ, Б.Мөнх-Одыг юунаас болж барьцалдаж авсан талаар мэдээгүй. Дэлгүүрээс гарч ирээд би аль алиныг нь салгасан. Тэгээд би колонк болон дэлгүүрийн эгчтэй хамт бид гурав Б.Оюун-Эрдэнэ, Б.Мөнх-Од нарыг салгасан. Салгасны дараа Б.Оюун-Эрдэнэ тайвшрахгүй орилоод ална, харанхуй гудам руу ороод алалцъя хоёр гуйлгачин минь гэж орилсон. Тэгээд би нөгөө хоёр эгчтэй хамт Б.Оюун-Эрдэнийг бид гурав камерын өрөө рүү оруулаад гадна талаас цагдаа иртэл нь хаалгыг нь дарсан. Б.Оюун-Эрдэнэ цаанаас нь орилж Б.Мөнх-Од наанаас нь хэрүүл хийж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Харин колонкын эгч түгшүүрийн дохиогоо дарж мөн харуул хамгаалалтын албаны хүмүүсээ дуудсан. Удалгүй хамгаалалтын алба, цагдаа нар ирсэн. Цагдаа ирж юу болсон талаар асууж тодруулсан. Асууж тодруулсны дараа одоо гэрчээр ирсэн цагдаа бид хоёрыг явуулсан. Харин харуул хамгаалалтын албаныхан хүмүүс Б.Оюун-Эрдэнийг одоо боль дандаа ингэж байхын гэж хэлж байсан. Ингээд маргааш нь цагдаагийн газраас дуудсан” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Мөнх-Одоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Тасганы овооны хажууд байрлах петровисийн колонк дээр эхнэр С.Сувд-Эрдэнийн хамт шөнийн 2 цагийн үед үйлчлүүлэхээр очсон. Тухайн шатахуун түгээх станц дээр очоод зогсход түгээгч залуу болох Б.Оюун-Эрдэнэ надад эндээс холдоод зогсчих гэж шаардлага тавьсан. Би шаардлагыг хүлээн авч холдоод зогсож байхад С.Сувд-Эрдэнэ супермаркет руу үйлчлүүлэхээр орсон. Тэр үед би доош харан утсаа оролцож байх үед хохирогч Оюун-Эрдэнэ цонх маш их хүчтэй цохисон. Тухайн үед би цонх цохиход нь гайхаад харахад Б.Оюун-Эрдэнэ би чамайг холд гэж хэлээд байна. Хэдэн удаа хэлүүлэх юм бацаан минь гэж хэл амаар доромжилсон. Тэгээд би машинаас буугаад бид хоёр хэл амаараа харилцан маргалдсан. Харилцан маргалдаж ноцолдож байх үед С.Сувд-Эрдэнэ супермаркетаас гарч ирсэн. С.Сувд-Эрдэнэ хүн аллаа болиоч гэж хэлж байх нь надад сонсогдож байсан. Бид хоёрыг шатахуун түгээх станцын хүмүүс болон өөр хоёр хүн ирээд салгаж байх үед бид хоёр харилцан хэл амаараа маргалдаж байсан. Тэгээд Б.Оюун-Эрдэнийг шатахуун түгээх станцын вакуум хаалгатай өрөөнд оруулсан. Харин С.Сувд-Эрдэнэ цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед би тайвширсан байсан. Харин Б.Оюун-Эрдэнэ нь тайвшрахгүй уурлаж омогшиж байсан. Удалгүй цагдаа ирж миний бичиг баримтыг шалгаж мөн драгер багажаар Б.Оюун-Эрдэнэ бид хоёрыг үлээлгэсэн. Тэгээд цагдаа юу болсон талаар бид нараас асуусан гэсэн мэдүүлэг.
Гэрч Ш.Чулуунцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…2017 оны 6 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө би ээлжтэй дэлгүүрт ажиллаж байсан. Тэгэхэд С.Сувд-Эрдэнэ манай колонкын супермаркетаас сүү, тамхи авсан. Гэтэл гадаа дэлгүүрийн үүдэнд хүмүүс маргалдах чимээ гарсан. Тэгэхэд С.Сувд-Эрдэнэ түрүүлж гарч би араас нь гарсан. Тэгээд гараад очиход манай түгээгч залуу Б.Мөнх-Од хоёр яг дэлгүүрийн үүдэнд заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би сандараад буцаж орж нэг түгээгч эгчийг дуудсан.. манай дэлгүүрийн хаалгыг өдөр онгойлгож тэглүүлдэг чулуу байдаг, орой хаахаараа чулууг хашлаганы хажууд тавьдаг. Би энэ эмэгтэй гартаа юм барьж байгаад цохисон эсэхийг мэдэхгүй..” гэсэн мэдүүлэг.
Гэрч Н.Мэндсайханаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн : “..Тухайн үед би шатахуун түгээх станцид маргаан болсон гэсний дагуу дуудлагаар очсон гэв. Очоод юу болсон талаар асуухад хохирогч Б.Оюун-Эрдэнэ нь хэлэхдээ Б.Мөнх-Одыг шатахуун түгээх станцад орж ирэхдээ тамхи татаж орж ирсэн. Тэгээд шаардлага тавьсан боловч шаардлага хүлээж аваагүй. Түүнээс болж маргалдсан гэсэн мэдүүлэг.
Хохирогч Б.Оюун-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-36-39/: “..Мөнх-Од нь манай шатахуун түгээх станцын талбай дээр машинтайгаа түгээгүүрийн хажууд зогсчихоод машин дотроо тамхи татаад суугаад байсан юм. Тэгэхээр нь би тамхиа унтраа эсхүл жаахан холдоод зогсчих би шатахуун түгээх гээд байна гэсэн чинь шаардлага хүлээж авч байгаа юм шиг машинаа хөдөлгөсөн ба яг супермаркетын үүдэнд очиж зогсчихоод “үргэлжлүүлээд тамхиа татаад унасан. Тэгэхээр нь би очоод чи наанаа тамхи татахаа болил доо би хэлээд байхад чинь эсхүл тамхиа унтраачих эсхүл гар гэж хэлсэн чинь өөдөөс” чи муу ер нь яах гээд байгаа юм бэ муу боолын боол халтайсан хар хөдөөний ямар юм ч гэлээ ална тална” гээд бууж ирээд намайг заамдаад авсан юм. Үүнээс л болсон юм. Бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлийг Сувд-Эрдэнэ чулуугаар цохиж учруулсан. Бусад гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Мөнх-Од, Сувд-Эрдэнэ нартай ноцолдож байхад л ийм болчихсон байсан.. Би яг эмчилгээний зардалд 1.665.000 төгрөг зарцуулсан байна. Би дээрх 2 хүнээс болж гэмтээгүй бол өдийг хүртэл ажлаа хийж өр зээлээ төлөөд цалингаа авах ёстой байсан, Тийм болохоор би өдийг хүртэл ажиллах ёстой байсан цалингаа авмаар байна. Би банк бусаас зээлтэй байсан болохоор хүү нь төлөгдөөгүй нилээд ихсээд байгаа учир хүүг нь төлүүлмээр байна..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Чулуунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-49/ “..Тэр шөнө намайг супермаркетад худалдагчаар ажиллаж байхад нэг эмэгтэй орж ирээд тамхи, сүү худалдаж авсан юм. Тооцоогоо хийгээд байж байтал дэлгүүрийн үүдэнд түс тас гээд чимээ гарсан. Тэгээд тэр эмэгтэй гүйгээд гарсан ба би араас нь гүйгээд гарсан чинь тэр эмэгтэйгийн нөхөр нь бололтой эрэгтэй, манай түгээгч залуу Оюун-Эрдэнэ нар хоорондоо заамдалцсан байдалтай муудалцаад зогсож байсан юм. Тэгээд үл таних залуугийн эхнэр нь манай түгээгч Оюун-Эрдэнийг цохиод байх шиг болохоор нь би сандарч гүйгээд дотогш орж үүрцайхыг дуудсан..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Мэндсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-50/ “..дуудлагын дагуу очиж шалгахад уг шатахуун түгээх станцын түгээгч гэх залуу нь эхнэр, нөхөр хоёрт зодуулсан гэж байсан..ба түгээгч залуу нь шатахуун түгээх станцын бүсэд тамхи татахаа боль гэж хэлсний төлөө намайг зодлоо гэж ярьж байсан. Нөгөө талын эр эм хоёрын эрэгтэй нь тухайн үед далдагнаад ална, тална гээд хэрүүл хийгээд байсан..” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Мөнхзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-81/ “..түгээгчийн өрөөнд тооцоогоо хийгээд сууж байхад гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гадны хүмүүс юм байх гэж бодоод байсан чинь манай түгээгч нэг залуутай барьцалдчихсан шилэн хаалганы цаанаас харагдахаар нь би хойд өрөөнөөсөө гарч ирээд дохиоллоо дараад гарч нөгөө хоёрыг салгачихаад түгээгч Оюун-Эрдэнийг өрөөндөө оруулж ирээд, гарч хаалгыг гаднаас нь дараад зогссон.. Намайг гарснаас хойш тэр 2 бие биенийгээ зодож цохисон зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Үүрцайхаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-82/ “..2017 оны 06 сарын 06-ны шөнө ..02 цаг 50 минутын үед би хажууд байрлах Мини маркетийн 00 руу ороод гарч ирэх үед дэлгүүрийн худалдагч Чулуунцэцэг нь Үүрээ эгч ээ хүмүүс хоорондоо зодолдоод байна яанаа гээд орилоод байхаар нь.. гарсан чинь манай түгээгч Оюун-Эрдэнэ нэг үл таних залуутай хоорондоо заамдалцсан байдалтай хэрэлдээд зогсож байхаар нь дохиолол дуудаж Мөнхзул бид хоёр салгаж түгээгчийн өрөө рүү оруулж хаалгыг нь гаднаас нь дарж зогссон. ..Оюун-Эрдэнэ нөгөө үл таних загуутай заамдалцаад зууралдсан байдалтай дээр доороо ороод ноцолдоод байж байсан..Оюун-Эрдэнэ ярихдаа надтай ноцолдож байсан залуугийн эхнэр нь миний нуруу руу чулуугаар цохьчихлоо гэж ярьж байсан..Би яг чулуугаар цохиж байхыг нь хараагүй намайг нэг харахад нөгөө эмэгтэй Оюун-Эрдэнийн гэдэс рүү цохиж байсан. Оюун-Эрдэнийг нөгөө залуу би чамайг хамрыг чинь хугалахад төлбөрийн чадвартай шүү халтар минь гээд дайраад байсан..” гэсэн мэдүүлэг,
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7536 тоот дүгнэлтэнд: /хх-53/ “..1 .Б.Оюун-Эрдэнийн биед бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хүзүү, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Д.Мөнх-Одын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-41, 44/ “.Тухайн хэрэг болсон өдөр Тасганы овооны хажуугийн Петровис шатахуун түгээх станцын супермаркетаар үйлчлүүлэхээр очсон. Супемаркет руу Сувд-Эрдэнэ бууж ороод би машиндаа суугаад үлдсэн. Тэгтэл шатахуун түгээх станцын ажилтан ирээд чи машинаа энд тавихгүй хол очиж зогс гэхээр нь би за гэж хэлээд тэр даруй машинаа эргүүлэн зогсоосон. Тэгтэл нөгөө залуу ирээд машины цонхыг хүчтэй цохиод зандрангуй би чамд хэдэн удаа хэлэх бэ наанаасаа холдуул гэж хэлсэн. ..чи чинь одоо ямар олон юм ярьдаг бацаан гээд бид хоёр маргалдаад би машинаасаа бууж ирээд хоорондоо хэл амаараа маргалдаад барьцалдаад авсан. ..барьцалдаж намайг газар унасан байхад Сувд-Эрдэнэ дэлгүүрээс гарч ирээд хүүеэ хүн аллаашдээ гэж хэлж байгаа нь сонсогдож байсан.. Б.Оюун-Эрдэнэ намайг зодож гэмтэл учруулаагүй.. Сувд-Эрдэнэ Оюун-Эрдэнийг надтай ноцолдож байхад араас юу болж байнаа хүн аллаашдээ гэж хэлээд ирээд салгаж байгаад газраас чулуу аваад нуруу руу нь 1-2 удаа цохисон байх. Тэр асуудлаас болж миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: 42-43/ “..би тэр залуугийн нуруу руу гараараа 2 удаа болиочээ гэж хэлээд цохисон..” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Мөнх-Одын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-92/, шүүгдэгч С.Сувд-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-94/, Д.Мөнх-Одын Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-96/, С.Сувд-Эрдэнийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-97/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсууд /хх-101-102/ ёи ди, хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохиролын баримт зэрэг мөрдөн шалгах ажиллааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мөнх-Од, С.Сувд-Эрдэнэ нар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, эсхүл урьдчлан үгсэн тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байдал үгүйсгэгдэж байна. Мөн тэд нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэсэн, эд хөрөнгө устгаж сүйтгэсэн зэрэг хүний чөлөөтэй байх, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан явдал үүсээгүй байна.
Тус шатахуун түгээх газрын гадаа автомашин дотроо тамхи татсан шүүгдэгч Д.Мөнх-Одыг болиулах, холдуулахаар ирсэн хохирогч Б.Оюун-Эрдэнэ түүнтэй маргалдаж шүүгдэгч машинаасаа буун хохирогчтой заамдалцан, зууралдсан байна. Энэ үед дэлгүүрээс эд зүйлс худалдаж авахаар орсон байсан шүүгдэгч С.Сувд-Эрдэнэ гадаа маргаан болж байгааг сонсоод гарсан бөгөөд тэднийг салгахаар газарт байсан чулууг авч хохирогч Б.Оюун-Эрдэнийн нуруун тус газарт цохисоноос дээрхи гэмтэл хохирогчийн биед үүсчээ. Шүүгдэгч Д.Мөнх-Од хохирогч нар зууралдаж байхдаа газарт унаагүй, хоорондоо нэгнийгээ цохиогүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Мөнх-Одын хохирогчтой зууралдаж маргалдаж байгаа үйлдэл нь бусадтай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл биш бөгөөд шүүгдэгч С.Сувд-Эрдэнэ чулуугаар хохирогчийг цохиж байгаа нь хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа санаатай үйлдэл буюу өөр гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд прокуророос шүүгдэгч Д.Мөнх-Од, С.Сувд-Эрдэнэ нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Сувд-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт “би хохирогчийг гараараа цохисон, чулуугаар цохиогүй” гэж мэдүүлэх боловч энэ нь хохирогч Б.Оюун-Эрдэнийн мэдүүлсэн “Д.Мөнх-Одтой ноцолдож байхад чулуу аваад нурууруу хэд хэд цохисон ба нэг цохилт нь “лүк” гээд нурууруу аймар жинтэй цохиход аймар өвдсөн, энэ нь камерын бичлэгт харагдаж байгаа /хх 37, 40/, шүүгдэгч Д.Мөнх-Од гэрчээр мэдүүлсэн “Тасганы овоон дээр сүү өргөж байхдаа Сувд-Эрдэнэ надад хандан нилээн гэмшсэн байртай яанаа би нуруу руу нь чулуугаар нилээн чанга 1-2 удаа цохичихсон, одоо яанаа л гээд байсан..” /хх 44/ шинжээч эмч Б.Ундармаагаас мэдүүлсэн “ тухайн хэрэг болох үед үүсэх боломтой шинэ гэмтэл байгаа юм..” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 2 дэх хэсэгт заасан “дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна.
Шүүхээс шүүгдэгч С.Сувд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Сувд-Эрдэнэ нь хэрэг үйлдэгдсэнээс хойш нөхөр Д.Мөнх-Одоос салж эцэг, эх, дүү, 1 нас 3 сар хүү М.Амармөрөн, 7 настай охин М.Намуун нарын хамт ам бүл 7 амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг түүний хувийн байдал, нөхрөө өмөөрч ноцолдсон, зууралдааныг салгахаар үйлдэгдсэн, хохирогчид учруулсан хохиролыг төлөөгүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.Оюун-Эрдэнээс эмчилгээний зардалд 1.460.740 төгрөг, 10 сар ажилгүй байсан үеийн цалин 6.360.000 төгрөг нийт 7.820.000 төгрөг шүүгдэгч нараас нэхэмжилсэн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4.452.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Сувд-Эрдэнээс 3.368.740 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Оюун-Эрдэнэд олгож шийдвэрлэлээ. Учир нь хохирогчоос гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, Петростар ХХК-ны албан бичиг, амбулториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтаар хохирогч эмчилгээг 90 хоног хийлгэсэн нь тогтоогдсон бөгөөд ажилгүй байсан хугацааг 3 сараар, цалинг 636.000 төгрөгөөр тус тус тооцож ажилгүй байсан хугацааны цалин 1.908.000 төгрөг, баримттай эмчилгээний зардал 1.460.740 төгрөг хохиролд тооцлоо. Үлдэх 4.452.000 төгрөг буюу 7 сар ажилгүй байсан хугацаа баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Мөнх-Од, С.Сувд-Эрдэнэ нар нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүдэгч Д.Мөнх-Од, С.Сувд-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Олохнууд овогт Соронзонболдын Сувд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сувд-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сувд-Эрдэнэд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Сувд-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчоос нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4.452.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Сувд-Эрдэнээс 3.368.740 /гурван сая гурван зуун жаран найман мянга долоон зуун дөч/ төгрөгийг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, АОС-3-34 тоотод оршин суух, Улаан хамар овгийн Батсайханы Оюун-Эрдэнэд /РД:ХЮ85122972/ олгосугай.
7. Шүүгдэгч Д.Мөнх-Од, С.Сувд-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мөнх-Од, С.Сувд-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнх-Од, С.Сувд-Эрдэнэ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР