| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2307002280067 |
| Дугаар | 2024/ДШМ/1207 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ДШМ/1207
2024 10 31 2024/ДШМ/1207
Н.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Лхагваа,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Н.Эд холбогдох 2307002280067 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цэргийн ангийн урд талын замын уулзвар орчим хохирогч А.Эыг төлбөр төлсөн мэтээр “мөнгөн шилжүүлэг амжилттай хийгдсэн” гэсэн мэдээлэл харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, 230.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хонийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Н.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Э “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгавал зохих зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийг тус тус 07002280067 дугаартай Н.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргахдаа удиртгал хэсэгт хэргийн дугаарыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заасан хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор А.Лхагваа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Н.Эд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цэргийн ангийн урд талын замын уулзвар орчим хохирогч А.Эыг төлбөр төлсөн мэтээр “мөнгөн шилжүүлэг амжилттай хийгдсэн” гэсэн мэдээлэл харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, 230.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хонийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
хохирогч А.Эын “...Тэр хүний шилжүүлсэн мөнгө дансанд ороогүй намайг залилан мэхэлсэн байсан...” /хх 13-14/,
яллагдагчаар Н.Эгийн “...Би 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр найз Маргадбадам, дүү Түвшинжаргал нарын хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж рүү амралтад явсан, явж байх замдаа Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс замын урд талд хонь зарж байсан хонь худалдаж авъя гэж хэлээд Хаан банкны гүйлгээ амжилттай гэсэн зураг харуулаад “мөнгө шилжүүлсэн шүү” гэж хэлээд хонийг авч явсан хамт явж байсан хүмүүс мэдээгүй Маргадбадам, Түвшинжаргал нар мэдээгүй. ...” /хх 20-21/ гэсэн мэдүүлгүүд,
Хаан банкны дансны хуулгууд /хх 27-29/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 66-67, 68-69/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.Эгийн ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Н.Э хохирогч А.Эыг “мөнгөн шилжүүлэг амжилттай хийгдсэн” гэсэн мэдээлэл харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, 230.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хонийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Прокурор Н.Мөнхцэцэг “...анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа удиртгал хэсэгт хэргийн дугаарыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан хуулийн шаардлага хангаагүй тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;” гэж, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн;” гэж, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөхөөр заасан байна.
Хэдийгээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ удиртгал хэсэгт хэргийн дугаарыг тусгаагүй боловч энэ нь залруулах боломжтой техникийн шинжтэй алдаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар прокурор, оролцогч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулна.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж дээрх зөрчлийг арилгуулах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнхцэцэгийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ