Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00299

 

 

 

 

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00299

 

 

                                       Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/03741 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч ЮРК ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 21,057,105 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаас махны үнэ 14,038,070 төгрөг, алданги 7,019,035 төгрөг, нийт 21,057,105 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ю2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тус компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Гэтэл “Юна күзин” ХХК, “Иная” ХХК, ЮРК ХХК-ууд 2020 оны 09 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдрүүдэд худалдан авсан ангилсан махны тооцоо, өр төлбөр нийт 83,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Ковидын үед э-мэйлээр харилцаж байсан бөгөөд компанийн зүгээс ковидын нөхцөл байдлыг харгалзан үзэж графикт хугацаа гарган хүргүүлж байсан боловч төлбөрөө төлөөгүй. ЮРК ХХК нийт 14,038,070 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. Мах бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу 11 дүгээр сард нийлүүлсэн барааны төлбөрийг дараа сарын 15-ны дотор төлөх үүргээ зөрчсөнөөс алданги их гарсан тул Иргэний хуулийн 232.4, 232.6 дах хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээг 50 хувиар тооцож 7,019,035 төгрөг гаргуулна. Гамшгаас хамгаалах тухай хуульд худалдах худалдан авах гэрээний талаар тусгаагүй бөгөөд борлуулалтын үйл ажиллагаанаас хамаарч компанийн цалин хөлс, татвар төлөхөд нөлөөлж байгаа тул гэрээний 10.1 дэх хэсэгт заасан давагдашгүй хүчин зүйл нь алданги төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэжээ.

  2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, хариуцагч нь бэлтгэсэн махыг авч ашиглаж байсан. Гэтэл давагдашгүй хүчин зүйл буюу Монгол улсад коронавирусын дотоодын халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 4 удаагийн хөл хорионд 3 сар орчим байсан. Түүнчлэн халдвар тархах эрсдэлтэй аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудыг ажиллуулаагүй хугацааг тооцон маш урт хугацаанд ажиллаагүй ба ажилласан хугацаандаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үйлчлүүлэгчид нийтийн хоол, Солонгос хоолны ресторанаар үйлчлүүлэхээс татгалзаж, үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхгүй өдөр тутмын орлого, татвар, түрээс, банкны зээл, ажилчдын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэгт төлж асар хүнд байдалд байсаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн. Мөн мах бэлтгэн нийлүүлэх гэрээнд заасны дагуу ЮРК ХХК нь “Юна күзин” ХХК-аар дамжуулан цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор А-71/20 дугаартай төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг Ж ХХК-нд явуулахад 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эцсийн байдлаар төлбөрөө төлж барагдуулах талаар мэдэгдсэн. Ингээд төлбөр барагдуулах хугацааг хойшлуулах хүсэлтийг дахин явуулж 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд дахин хөл хорио тогтоосонтой холбоотойгоор үйл ажиллагаа зогсож үүргээ биелүүлж чадаагүй. Одоогийн байдлаар Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа боловч хүн хоорондын зай баримтлах, үйлчилгээ авах нь бага байгаагаас орлого бага байна. Нэхэмжлэгч нь э-мэйл хаягаар тооцоо нийлсэн актыг явуулж байсан боловч гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөө үүссэн тул алдангийг зөвшөөрөхгүй. Харин үндсэн төлбөрийг зөвшөөрнө. Нэхэмжлэгч тал үндсэн төлбөрийг бэлнээр төлбөл эвлэрэх боломжтой гэсэн боловч бид төлөх боломжгүй байсан. Гэрээний 10-т давагдашгүй хүчин зүйл үүссэнээр гэрээний үйлчлэх хугацааг хойшлуулах талаар заасан. Нэхэмжлэгчид хүсэлт илгээсэн боловч хариу өгөөгүй, гэрээний үйлчлэх хугацаа хойшилсон, төлөх хугацааг тохироогүй тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Мөн Засгийн газрын тогтоолд дурдсан хоол үйлдвэрлэл нь рестораны үйлчилгээнээс тусдаа ялгаатай гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч ЮРК ХХК-аас 17,547,587.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,509,517.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,235 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ЮРК ХХК-аас 245,688 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбадоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

4.1 Шүүх хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь хариуцагчийн буруугаас болсон гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор коронавирус цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хөл хорио тогтоосноор иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон. 4 удаагийн хөл хорио, халдвар тархах эрсдэлтэй үйлчилгээний газруудыг ажиллуулаагүй, ресторан, хоолны газрын үйлчилгээ хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалтад багтаагүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт байна. Нийтэд илэрхий байгаа давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн байтал шүүхээс хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.2 Талуудын байгуулсан мах бэлтгэн нийлүүлэх гэрээнд худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон боловч бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар хариуцагчийн буруугаас болоогүй, хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хуульд заасан үндэслэлгүй тул алдангид 7,019,035  төгрөг төлөх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс алдангийг хасч, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэв.

2. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн махны төлбөрт 14,038,070 төгрөг, алдангид 7,019,035 төгрөг, нийт 21,057,105 төгрөгийн нэхэмжлэлээс хариуцагч ЮРК ХХК 14,038,070 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Хариуцагч ЮРК ХХК 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ж ХХК-тай 1 жилийн хугацаатай мах бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь чанарын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, хариуцагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, гэрээнд заасан нөхцөлийн дагуу үнийг төлөх, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх7-9/

5. Зохигчид талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал болон худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаагүй.

Хэргийн 14 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн тооцооллын баримтаас харахад хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10,384,640 төгрөгийн барааны үнийг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 3,653,430 төгрөгийн барааны үнийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй байна. Гэрээний 5.3, 5.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэх байдлаа хариуцагч баримтаар нотлоогүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдсан барааны үнийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталсан нь уг маргаанд шууд хамааралтай байх боловч энэ хэргийн шийдэлд нөлөөлөөгүй байх тул өөрчлөх шаардлагагүй гэж үзэв. Хариуцагчаас 2020 оны 10, 11 дүгээр сард нийлүүлсэн барааны төлбөрт 14,038,070 төгрөг, алдангид 3,509,517 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

6. Алдангийн талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж 7,019,035 төгрөг гаргуулна гэж тайлбарласныг хариуцагч нь “короновирус цар тахлын улмаас хөл хорио тогтоож үйл ажиллагаагаа удаан хугацаанд явуулж чадаагүй, биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгч талд явуулж байсан” гэж татгалздаг.

Талууд гэрээний 8.2-т “худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн 0,5 хувиар алданги төлнө” гэж тохиролцсон байна.

Анхан шатны шүүх хэргийн болон ковид цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд  алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

7. Түүнчлэн, хариуцагч нь талуудын байгуулсан гэрээний 10.1, 10.2 дах хэсэгт заасны дагуу давагдашгүй хүчин зүйл бий болсны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон, энэ талаар нөгөө талдаа бичгээр мэдэгдсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй. Хэргийн 20 дугаар тал дахь “төлбөр барагдуулах хугацааг сунгах” тухай  баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Анхан шатны шүүх хуулиар олгосон хүрээнд алдангийг багасгасан байх тул хариуцагчийн гомдлоор алдангийн хэмжээг дахин багасгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/03741 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ  

 

                                                                                        А.МӨНХЗУЛ