Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/1124

 

 

 

                                  

 

Ө.С-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

цагаатгагдсан этгээд Ө.С-ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан, 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/592 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батзаяагийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр прокурорын эсэргүүцлээр Ө.С-эд холбогдох эрүүгийн 2411000650785 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б.С  /РД: ............../, 19.... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ............. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ...,  А дүүргийн ..... дугаар хороо,  ..... дугаар байрны .....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ө.С- нь 2023 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр ............ тоот хашаанд байсан Л.Н-ын өмчлөлийн 20 тонны контейнерийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 4,000,000 төгрөгөөр зарж хохирогч Л.Н-т 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ө.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2411000650785 дугаартай шүүгдэгч Ө.С /РД:............../-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч Ө.С- нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батзаяа нь бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Үүнд: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан. Учир нь тус хэрэгт Ремакс зуучлалын агент Э гэх хүнээс мэдүүлэг аваагүй, мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан.

Гэтэл тогтоолд “шүүгдэгч Ө.С- нь тухайн чингэлгийг бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох талаар Ремакс зуучлалын агент Э гэгч болон гэрч Ж.О нар хэлээгүй өөрийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгийн хамт шилжсэн гэж ойлгосон талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бол, хохирогч Л.Н- тухайн үл хөдлөх хөрөнгийг гэрч Ж.О-т худалдан борлуулах үедээ Ж.О-тай харилцан тохиролцож байршуулах болсон, тухайн үл хөдлөх хөрөнгө болох хашаа, байшинг худалдан борлуулсан талаар Ж.О нь түүнд мэдэгдээгүй тухайд мэдүүлэхээс гадна Ж.О нь тухайн чингэлгийг үл хөдлөх хөрөнгийн хамт борлуулсан мэтээр шүүгдэгчид ойлгуулсан байж магадгүй гэж бодож байгаагаа илэрхийлжээ” гэж зөвхөн хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгийг иш татаж дүгнэлт хийсэн.

Гэрч Ж.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр Ө.С- Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр ............ тоот хашаа, байшин зарсан, тухайн үед дотор нь байсан 20 тонны чингэлгийг манай найзынх байгаа юм ав гэвэл хэзээ ч хамаагүй би ирээд авна гэж хэлсэн гэдгийг тогтвортой мэдүүлдэг. Мөн тухайн үед Ремакс зуучлалын агент Э /билүү/ гэх хүн бас чингэлэг нь хүнийх гэж хэлсэн гэж мэдүүлсэн.

Гэтэл Ө.С- нь чингэлэг ээ аваарай гэж надад огт хэлэлгүйгээр зарсан байна. ... гэж байхад шүүгдэгч Ө.С- нь тухайн гэмт хэрэг үйлдсэн буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар, эзэмшигч өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор зарж борлуулсан үйлдлийг шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэл тухайн чингэлгийг үл хөдлөх хөрөнгийн хамт надад шилжиж ирсэн гэж ойлгосон гэж шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгт нь үндэслэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан.

Хууль тогтоогч нар хулгайлах гэмт хэргийн шинжийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж тодорхойлжээ.

Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болохын хувьд шунахай сэдэлттэй, эдийн ашигтай байдал бий болгох зорилготой байх нь заавал байх шинжид хамаарна. Гэтэл Ө.С- нь шунахайн сэдэлтээр бусын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эзэмшигч өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр хууль бусаар, нууцаар бусдын эд хөрөнгө болох 20 тонны чингэлгийг бусдад 4,000,000 төгрөгөөр зарж өөртөө ашиг олсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Шүүгдэгч Ө.С-, хохирогч Л.Н- нар нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс эрс өөр мэдүүлгийг шүүх хуралдаан мэдүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс мэдүүлгийн зөрүүтэй байдлыг тогтоолгүйгээр шүүгдэгч, хохирогч нарын зөвхөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Учир нь, анхан шатны шүүх хуралдааны үед улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.С-, гэрч Ж.О нарын мэдүүлэгтэй холбоотойгоор Ремакс зуучлалын агентын Э хүнийг олж тогтоон гэрчээр мэдүүлэг авах, Ө.С-ийн 20 тонны чингэлгийг зарсан гэх хүнийг олж тогтоон мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхтэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж мэдүүлгийн зөрүүг арилгах, шаардлагатай гэрчээс мэдүүлэг авахаар саналыг гаргасан боловч анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар тайлбарлан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/592 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.    

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед ремакс зуучлалын агентын гэрчээс мэдүүлэг авахгүйгээр, хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ж.О, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалтай тогтоогдсон гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн. Прокуророос мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хяналт тавьдаг. Мөн эргэлзээ бүхий зүйл байвал тухайн ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хуулийн зохицуулалт байгаа. Энэ хүрээнд Эээс мэдүүлэг авах гэсэн боловч мөрдөгч мэдүүлэг авч чадаагүй талаар тэмдэглэлдээ дурдсан. Мөн бусад баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул прокурор Ц.Батзаяагаас яллах дүгнэлт үйлдсэн. Миний хувьд томилолтоор давж заалдах шатны шүүх хуралд оролцож байх тул яагаад дутуу мөрдөн шалгах ажиллагаа хийсэн талаар тусгайлан хариулт өгөх боломжгүй байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ө.С-ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.С-ийн хувьд хашааг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр худалдаж авсан. Чингэлгийг 11 сард буюу 06 сарын дараа зарсан. Хохирогч Л.Н-аас хашаа, байшин худалдаж аваад 2019 оноос хойш олдоогүй гэж шүүх хуралдаан дээр мэдүүлдэг. Худалдах, худалдан авах гэрээн дээр чингэлгийн талаар огт яригдаагүй. Энэ чингэлэг Ө.С-ийн худалдаж авсан хашаан дотор байсан. Хашааны гадна байгаагүй. Хашааг худалдаж аваад засвар үйлчилгээ хийгээд 00 барих шаардлага үүссэн. Гэтэл нөгөө чингэлэг саад болохоор түүнийг зарсан. Ж.О банк бус санхүүгийн байгууллагад барьцаалагдаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байсныг чөлөөлж авсан. Гэтэл шүүхийн шийдвэрт юу дурдсан талаар огт шалгаагүй байдаг. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаагдсан. Дахин хохирогчоос гомдол гаргаж сэргээсэн. Анхан шатны шүүх хурал дээр Ж.О-аас энэ чингэлгийн түлхүүрийг та Э-т хүлээлгэж өгсөн үү гэж асуухад өгсөн гэж мэдүүлдэг. Э болон түүний нөхөр хоёроос мэдүүлэг авах байсан. Ө.С-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлээд шүүхэд ялласан. Ө.С- тухайн хашааг худалдаж авсан учраас цэвэрлээд зарсан. Ө.С- чингэлгийн төлбөрийг төлсөн. Хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байхгүй. Өөрийнхөө өмч хөрөнгийг зарж байна гэж үзээд зарсан. Өмгөөлөгчийн зүгээс хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэж үзэж байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, мэдүүлэг аваагүй нь Ө.С-ийн хувьд гэм буруу биш гэж үзэж байна. Цагдаад мэдээлэл өгснөөс хойш 9 сар өнгөрч байна. Энэ хугацаанд гэмт хэргийн асуудлыг бүрэн нотолж чадаагүй нь Ө.С-эд хамааралгүй. Холбогдох ажиллагааг бүрэн дүүрэн хийсэн. Ө.С- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх, Ө.С-эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлодог ба Ө.С-эд холбогдуулсан “Хулгайлах” гэмт хэрэгт “...гэмт хэргийг яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” зэрэг байдлууд нотлогдоогүй байхад хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Тухайлбал, гэрч Ж.О “...Тухайн контейнерийг хашаа байшин худалдаж авсан С гэх хүн цааш зарсан байсныг би сүүлд мэдсэн. ... Энэ тухай Remax зуучлалын компаний ажилтан Э мэдэж байгаа...” гэх /хх-ийн 28/, Ө.С- яллагдагчаар “...Хаан банкны зээлээр хашаа байшинг авахаар болсон. Тэгээд тохироод Remax агент Э гэх хүн болон О-тай уулзаад ... Миний худалдаж авсан гэх хашаанд улаан өнгөтэй 20 тонны контейнер байсан. О нь надад өөрөө хашаан доторх бүх юм гээд хэлсэн. ...” /хх-ийн 57-58/ гэж Ж.О-ын Ө.С-эд худалдсан хашаан дотор байсан контейнерийн эзний талаар зөрүүтэй мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалжийг буюу энэхүү хашаанд байсан контейнерийг хашаа байшинтай хамт Ө.С-ийн мэдүүлсэн шиг цуг зарсан уу, эсвэл Ж.О-ын мэдүүлсэн шиг “...хүнийх...” гэсэн үү гэдгийг тогтоох зорилгоор Remax зуучлалын компаний зуучлагч Э гэх хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, хэрэгт нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх харилцан зөрүүтэй мэдүүлгийг аль нэгийг буюу шүүгдэгч Ө.С-ийн мэдүүлгийг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх...” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/592 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Ө.С-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

          ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ