| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0717/Э |
| Дугаар | 846 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Ж.Энхжаргал,
Хохирогч Д.Энхсайхан, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг /ҮД:0261/,
Шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Уад холбогдох 1803 00001 0123 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны дугаар сарын -ний өдөр төрсөн, настай, э, дээд боловсролтой, газрын тосны ашиглалтын инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Б дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д.У /РД:/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.У нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Б худалдааны төвийн арын замд Тоёота маркийн УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Уын өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 28-ны 16 цаг 10 минутын үед Баянзүрх захын хажуугаар би машинтайгаа явж байсан. Цагаан сарын өмнөх нь байсан болохоор хөл хөдөлгөөн маш ихтэй байсан. Тухайн замаар хурдтай явах ямар ч боломжгүй байсан. Явган хүний зам дээр бараа таваар тавчихсан байсан болохоор Д.Энхсайхан эгч явган хүний зам дээгүүр биш, машин зам дээгүүр явж байсан. Тухайн үед маш зам дээр яг миний машины хажууд Д.Энхсайхан эгч явж байсан. Би зүүн тал руугаа машин өнгөрөөгөөд л урагшаа харах хооронд л Д.Энхсайхан эгч халтираад л машин доогуур орчихсон. Миний хувьд машины дугуй болон боржуранд энэ хүний хөлийг хавчуулагдсан гэж үзэж байгаа. Тэгэхдээ Д.Энхсайхан эгчийг гэмтсэн учраас би өөрийгөө буруутай гэж үзэж байгаа. Тухайн үед бол би хөл дээгүүр нь бол гараагүй. Хэрвээ хөл дээгүүр нь гарсан бол энэ хүний хөл бяцраад аймар хугарах байсан. Тэр доороо би шоконд ороод бүрэн зогсолт хийсэн. Манай нөхөр бууж энэ хүнийг өргөж машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү бид хоёр хүргэж өгсөн. Гэм буруутайдаа чин санаанаасаа гэмшиж байна. Д.Энхсайхан эгчийг эмнэлэгт хэвтэхэд нь иргэж тойрч байсан. Эмчилгээтэй холбогдолтой, яг тухайн үед шаардлагатай байсан эм тариа, хагалгааны зардлыг төлсөн. Миний хувьд одоогийн байдлаар 925.000 төгрөгийг хохирлыг барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Энхсайханы өгсөн: “...Намайг Дашдоржийн Энхсайхан гэдэг. Би хүүтэйгээ хоёулаа амьдардаг өрх толгойлсон эмэгтэй хүн. Би 2 жилийн өмнө тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарснаасаа хойш ОХУ-руу 2 жил гаран бизнес эрхэлж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө ОХУ-аас вагоноор ирээд бүх бараа, таваараа аваад гадуур борлуулалт хийчихээд Баянзүрх захаар хүнсээ цуглуулах гэж явж байгаад ийм осолд орсон. Тухайн үед би явган хүний зам дээр орос бараа зарж байсан хүний хажуугаар явж байсан. Би орос бараа руу хальт иргээд хартал араас машин ирээд гүперээрээ мөргөж унагаагаад л дугуй нь миний хөл дээр гараад зогссон. Тухайн үед Баянзүрх зах маш хөдөлгөөнтэй байсан учраас тал талаас хүмүүс гүйж ирээд энэ хүнд “та хүн дайрчихлаа ш дээ ухраачээ” гэж хэлээд байхад энэ хүн жолооны үрүүлээ тэвэрчихээд 5 минут орчим байсан. Д.У намайг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэг рүү намайг хүргэж өгч байх явцдаа өөрөө 100 хувь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Тухайн үед нөхөртэйгөө Е-Март орж хүнсээ цуглуулъя гэж явж байгаад маргалдсан явж байсан хоёр хүн байсан. Хажуу талаас машин шахаад таныг би мөргөчихлөө гэж байсан хүн. Гэтэл одоо яагаад ингэж худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Өдий насны, сэхээтэн, багш хүн байж худлаа хэлж байгаад би үнэхээр гайхаж байна. Би тэтгэвэрт гарсан учраас гэмтэл дээр очиж авахуулсан зураг, хагалгааны зардал зэрэг бүх зүйл хөнгөлөлттэй болсон. Сүүлд би 10 хоног хувийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Д.У эмнэлгийн төлбөр өгөхгүй байж байгаад 4 дүгээр сарын сүүлээр өгсөн. Энэ хүн эх хүн, эмэгтэй хүн байж хүнийг хайрлах сэтгэлгүй санагдсан. Яагаад гэхээр намайг эмнэлэгт байхад хэд хоног харьцаж байсан. Би тэтгэвэрт гарсан өрх толгойлсон эмэгтэй хүн болохоор энэ хүнтэй тодорхой хэмжээгээр тохиролцох санал тавьсан. Тэгээд энэ хүн тухайн үед тэгье гэж хэлж байсан. Тэрнээс хойш энэ хүн өмгөөлөгч аваад л надтай харьцахаа больсон. Залгахаар утсаа авахаа ч байсан. Гар утсаа авахгүй байхаар нь би аргаа бараад мессеж энэ хүн рүү бичсэн. Тэгтэл өөдөөс ажил явдал гараад завгүй байна гэж байсан. Би ажил явдал гарсан болохоор хүний зовлонг ойлгоод за одоо юу ярихав дээ гээд орхисон. Дараа нь дахин залгатал ерөөсөө утсаа аваагүй. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би хувийн эмнэлгээс гарсан тэрнээс хойш надтай Д.У огт холбоо бариагүй, харьцаагүй. Бие чинь яаж байна гэж нэг ч удаа асууж байгаагүй. Намайг эмнэлэгт болон гэртээ эмчлүүлж байхад эхний 1 сар миний хүү харсан. Дараагаар нь 86 настай ээж маань намайг харж сахисан. Энэ өндөр настай хүнээр хоол ундаа хийлгэж, өтгөн, шингэнээ зөөлгөсөн. Тэгэхэд энэ хүн нэг ч удаа залгаад бие чинь яаж байна гэж асуугаагүй, нэг ч удаа өвчин намдаах эм ойртуулж өгч байгаагүй. Миний хувьд маш их гомдолтой байна. Би амьдарлаа авч явж бизнес хийдэг эмэгтэй хүн. Би сард ОХУ-руу 2-3 удаа явдаг. Нэг явахдаа би 800.000 төгрөгөөс 900.000 төгрөгийн ашиг орлого олдог. Гэмтэл авснаасаа хойш би 5 сар хөдөлгөөнгүй байна. Намайг эмч 2 киллограммаас дээшээ хүнд зүйл 1 жилийн хугацаанд өргөж болохгүй гэж хэлж байсан. Энэ байдлаас харахад би бизнес хийх ямарч аргагүй болсон байна. Миний хүүхэд өнөөдөр гэр бүлгүй залуу, нас маань гайгүй байгаа юм чинь би хүүхэддээ туслах хэрэгтэй байдаг. Би 1 удаагийн явалтаараа 800.000 төгрөгөөс 900.000 төгрөгийн ашиг орлого олдог, сард 1.500.000 төгрөгөөс 1.600.000 төгрөгийн орлого олдог. Гэмтэл авснаас хойш 6 сарын хугацаанд бизнесээ хийж ашиг орлого олж чадаагүй , үүнийг сард 3 удаа явдаг гэж тооцоолоод 15.000.000 төгрөг, эм тарианы зардал 938.285, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, хүү Дорж нь ажлаасаа чөлөө авч 1 сар харсан. Хүүгийнх сарын цалин 1.500.000 төгрөг байдаг. Энэ зардлыг мөн нэхэмжилж байгаа. Замын цагдаагийн газар руу ирж, очсон зардал 240.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, 2 жилийн дараа хадаасаа авахуулна, тухайн үед хагалгаанд ороход 6.500.000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 105.000 төгрөг, нийтдээ 755.000 төгрөг, мөн хагалгааны дараа 2 сарын хугацаанд хөдөлмөр эрхэлэх боломж байхгүй гэж тооцоолоод мөн олох ёстой орлого гэж 3.200.000 төгрөг нэхэмжилж байна. Хагалгаанд орж 9 ширхэг хадаасаа авахуулсаны дараа цэвэр хэвтрийн дэглэм барьдаг. Тийм учраас дахин хүүгээ ажлаас нь чөлөө авахуулж сахиур хийлгэнэ. Үүний зардал 1.000.000 төгрөг, бүгд нийлээд нийтдээ 38.133.285 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хор уршигтаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.5-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхсайханы өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 05 цагийн орчим миний бие Баянзүрх зах руу орж идэж уух юм цуглуулахаар явж байсан. Ингээд зах руу ордог уулзварын баруун талын орос бараа зарж байсан лангууны хажуугаар явган хүний замаар явж байтал араас нэг машин ирээд л мөргөх шиг болсон. Тэгээд л би хойшоогоо унатал уг машин миний зүүн хөлний шагайн дээгүүр жолоочийн эсрэг талын урд дугуйгаараа дайраад гарсан. Би тухайн үед яагаад боржур дээр явж байхад уг машин шахан ирж мөргөн унагаваа гэж бодсон. Миний хөл дээгүүр гарчихаад машинаа хөдөлгөхгүй жолооны хүрдээ тэвэрчихээд суугаад байсан. Тэгээд л тухайн үед хүмүүс орилолдоод чи хүн дайрчихлаа ухраачээ гэж хэлсэн. Тэр үед нэг юм хөдөлж миний хөл дугуйн доороос нь гарсан. Миний зүүн хөлийг боржуртай хавсарч дайрсан ба хоёр талдаа хугарсан. Тухайн үед би машин дотор нь суугаад гэмтэлийн эмнэлэг рүү явж байхад тэр жолооч хүүхэн “эгчээ би хажуу талаас машин шахаад таныг харалгүй дайрчихлаа гэж байсан. Осол болох үед замын хөдөлгөөн сийрэг байсан. Хальтиргаа гулгаагүй дулаан өдөр байсан. Автомашин хэдэн км/цагийн хурдтай явсаныг мэдэхгүй байна. Миний зүүн хөлний шагай хоёр талдаа хугарсан. Маш их гомдолтой байна” гэх мэдүүэлг /хх.20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чулуунхүүгийн өгсөн: “... Осол болохоос өмнө хойноосоо урагшаа чиглэлд бид 2 зэрэгцээд Энхсайхан эгч миний зүүн гар талд, бид 2 замын хажуугаар явах чиглэлээ өөрчлөхгүй яг л урагшаа явж байхад цагаан өнгийн жийп машин хажуугаар гарахдаа Энхсайхан эгчийг шүргээд газарт унагаасан, би эхэндээ Энхсайхан эгчийг хальтираад уначихлаа гээд бодтол цагаан өнгийн машин хажуугаар гарахдаа мөргөсөн, тухайн газарт нь ямар ч хальтиргаа гулгаа байхгүй байхад тэр эмэгтэй жолооч Энхсайхан эгчийг хальтирч унаад хажуугаар ороод ирлээ гэж хэлж байсан. Тухайн үед машины баруун урд дугуй нь Энхсайхан эгчийн хөлийг дайраад тэрээр дээшээ харсан байдалтай газарт уначихсан, босох гэхээр дугуйн доороос нь гарах боломжгүй, хөлөө татах боломжгүй, жолооч эмэгтэй шоконд ороод жолооны хүрднээсээ зуурчихаад бууж ирэхгүй байсан, хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй машинаа жоохон ухрааж байж эгчийг татаж авсан ” гэсэн мэдүүлэг /хх.35/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2579 дугаартай дүгнэлтэд: “Д.Энхсайханы биед зүүн шагайн үений гадна, дотор хашлага ясны далд хугарал, тавхайн, шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, хугарлыг засах мэс заслын дараахь байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.38/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18/6383 дугаартай дүгнэлтэд: “... Д.Уын жолоодож явсан Тоёота Хайландер маркийн 40-38 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /хх.43-46/,
Замын цагдаагийн албаны 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 251 дугаартай дүгнэлтэд: “Тоёота Хайландер маркийн 40-38 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх.85/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Уын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Хөдөө аж ахуйн яамнаас урагш эргээд Баянзүрх зах руу орох санаатай өөрийн эзэмшлийн 40-38 УНТ улсын дугаартай Тоёота Хайландер тээврийн хэрэгсэлийг жолоодон явж байхад ертөнцийн зүгээс баруунаас зүүн чиглэлд орон сууцны дундаас гарч ирж байсан. Замын баруун талд явган хүний зам дээр хүмүүс гар дээрээс худалдаа наймаа хийгээд битүү болгосон байсан. Би маш удаан явж байтал миний машинтай зэрэгцээд зорчих хэсэг дээр 2 эмэгтэй явж байсан гэнэт нэг эмэгтэй орилоод машиныг цохихоор нь би тоормос гишгэж бүрэн зогсолт хийсэн. Гэтэл гадна байсан хүмүүс машинаа ухраагаачээ гээд орилоод байхаар нь хойшоо ухрах үйлдэл хийгээд машинаа зогсоосон...” гэх мэдүүлэг /хх.56/,
Өмгөөллийн гэрээ /хх.23-25/,
Эмчилгээний зардалын баримт /хх.25-33/,
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн карт /хх.98-99/,
Хохирлын баримтууд /хх.102-204/,
Хэргийн газарт камер байсныг харуулсан гэрэл зураг 2 хуудас шинээр гаргаж өгсөн баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.У нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх худалдааны төвийн арын замд Тоёота Хайландер маркийн 40-38 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Энхсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхсайханы өгсөн: “... Ингээд зах руу ордог уулзварын баруун талын орос бараа зарж байсан лангууны хажуугаар явган хүний замаар явж байтал араас нэг машин ирээд л мөргөх шиг болсон. Тэгээд л би хойшоогоо унатал уг машин миний зүүн хөлний шагайн дээгүүр жолоочийн эсрэг талын урд дугуйгаараа дайраад гарсан. Би тухайн үед яагаад боржур дээр явж байхад уг машин шахан ирж мөргөн унагаваа гэж бодсон. Миний хөл дээгүүр гарчихаад машинаа хөдөлгөхгүй жолооны хүрдээ тэвэрчихээд суугаад байсан. Тэгээд л тухайн үед хүмүүс орилолдоод чи хүн дайрчихлаа ухраачээ гэж хэлсэн. Тэр үед нэг юм хөдөлж миний хөл дугуйн доороос нь гарсан. Миний зүүн хөлийг боржуртай хавсарч дайрсан ба хоёр талдаа хугарсан. Тухайн үед би машин дотор нь суугаад гэмтэлийн эмнэлэг рүү явж байхад тэр жолооч хүүхэн “эгчээ би хажуу талаас машин шахаад таныг харалгүй дайрчихлаа гэж байсан. Осол болох үед замын хөдөлгөөн сийрэг байсан. Хальтиргаа гулгаагүй дулаан өдөр байсан. Автомашин хэдэн км/цагийн хурдтай явсаныг мэдэхгүй байна. Миний зүүн хөлний шагай хоёр талдаа хугарсан. Маш их гомдолтой байна” гэх мэдүүэлг /хх.20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чулуунхүүгийн өгсөн: “... цагаан өнгийн жийп машин хажуугаар гарахдаа Энхсайхан эгчийг шүргээд газарт унагаасан, би эхэндээ Энхсайхан эгчийг хальтираад унчихлаа гээд бодтол цагаан өнгийн машин хажуугаар гарахдаа мөргөсөн, тухайн газарт нь ямар ч хальтиргаа гулгаа байхгүй байхад тэр эмэгтэй жолооч Энхсайхан эгчийг хальтирч унаад хажуугаар ороод ирлээ гэж хэлж байсан. Тухайн үед машины баруун урд дугуй нь Энхсайхан эгчийн хөлийг дайраад тэрээр дээшээ харсан байдалтай газарт уначихсан, босох гэхээр дугуйн доороос нь гарах боломжгүй, хөлөө татах боломжгүй, жолооч эмэгтэй шоконд ороод жолооны хүрднээсээ зуурчихаад бууж ирэхгүй байсан, хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй машинаа жоохон ухрааж байж эгчийг татаж авсан ” гэсэн мэдүүлэг /хх.35/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2579 дугаартай дүгнэлт /хх.38/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18/6383 дугаартай дүгнэлт /хх.43-46/,
Замын цагдаагийн албаны 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 251 дугаартай дүгнэлт /хх.85/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.56/,
Шүүгдэгч Д.Уын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Д.Уын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Уыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Д.У нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 925,000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд үүнээс гадна хохирогч Д.Энхсайхан нь эм тарианы мөнгө 938.285 төгрөг, 1 сарын хугацаанд өвчтөн асарсан хүү Э.Доржийн ажлаас цалингүй чөлөөтэй байсан үеийн олох байсан цалин орлого 1,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, унааны зардал 240.000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан 6 сарын хугацаанд олох байсан бизнесийн ашиг орлого 15.000.000 төгрөг, тулгуур эрхтэний 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан 2 сарын хугацаанд олох бизнесийн ашиг орлого 3.200.000 төгрөг, өвчтэй үед асрах хүү Э.Доржийн ажлаас цалингүй чөлөөтэй байх үеийн олох цалин орлого 1.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 755.000 төгрөг, нийт 38.633.000 төгрөг нэхэмжилж байна.
Дээрх нэхэмжлэлээс нотлох баримтаар тогтоогдсон эм тарианы мөнгө 938.285 төгрөг, 1 сарын хугацаанд өвчтөн асарсан хүү Э.Доржийн ажлаас цалингүй чөлөөтэй байсан үеийн олох байсан цалин орлого 1.500.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, унааны зардал 240.000 төгрөг, нийт 3.178.285 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Харин хөдөлмөрийн чадвар алдсан 6 сарын хугацаанд олох байсан бизнесийн ашиг орлого 15.000.000 төгрөг, тулгуур эрхтэний 10.000.000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан 2 сарын хугацаанд олох бизнесийн ашиг орлого 3.200.000 төгрөг, өвчтэй үед асрах хүү Э.Доржийн ажлаас цалингүй чөлөөтэй байх үеийн олох цалин орлого 1.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 755.000 төгрөг, нийт 30.454.715 төгрөгийн нэхэмжлэлийг хангалттай нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхин, хохирогч Д.Энхсайхан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Д.Уаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж байна.
Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд энэ талаар хуульд тусгайлан заагаагүй байх тул хохирогчийн сэтгэл санааны хохирол гэх 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Уын “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Уын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.У нь тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой боловч гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр торгох ял оногдуулах нь зохисгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Уад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Д.Уад оногдуулсан нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирүүлсэн В ангиллын 109317 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олговол зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уад 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Уад оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 925.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт хураагдаж ирүүлсэн Д.Уын В ангиллын 109317 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Уаас 3.178.285 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхсайханд олгосугай.
7. Хохирогч Д.Энхсайхан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Д.Уаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Уад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР