| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2310000000169 |
| Дугаар | 2024/ДШМ/1125 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | М.Алтанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/1125
Ж.Г-ид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Алтанцэцэг,
яллагдагч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Цолмон,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЗ/1479 дүгээр “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Алтанцэцэгийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар прокурорын эсэргүүцлээр Ж.Г-ид холбогдох эрүүгийн 2310000000169 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж.Г /РД: ............../, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ...., ..... дүүргийн ..... дугаар хороо, .... гудамжны .... тоотод бүртгэлтэй боловч .... дүүргийн ..... дүгээр хороо, Нийтийн байрны .... тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй;
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Яллагдагч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 7-ны шөнийн 23:00 цагийн үед .... дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр гудамж, задгай тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн хойд эцэг Б.Ж-ыг “хоол хийдэг цахилгаан тогоо руугаа шээлээ, гал голомтондоо шээгээд” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүнийг түлхэж унагах, хөлөөрөө өшиглөх, жижиг модон сандлын тавцангаар гар, мөр, гэдэс орчимд нь цохих байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь 4, 5 дугаар хавирганы хугарал, зулай, баруун бугалга, шилбэ, цээжинд шарх, дух, зүүн хацар, шанаа, тохой, шуу, өвдөг, баруун шанаа, мөр, бугалга, гуя, өвдөг, шилбэ, тавхайнд цус хуралт, зүүн хөмсөг, хацар, шанаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Яллагдагч Ж.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхтэй боловч түүний 2023 оны 02 дугаар сарын 8-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт тусгагдсан “амь хохирогч В.Ж 23.000 төгрөгөөр дэлгүүрээс архи, ундаа худалдаж авсан, түүнчлэн Б.Ш, Ш.Н нарын гэрт ороход 3 эрэгтэй хүн байсан” гэх үйл баримт нь гэрч Д.У, Б.Ш, Ш.Н, Б.Ц нарын мэдүүлэгтэй тохирч байна.
Гэвч амь хохирогч В.Ж-ы биед учирсан “баруун 4, 5 дугаар хавирганы хугарал, зулай, баруун бугалга, шилбэ, цээжинд шарх, дух, зүүн хацар, шанаа, тохой, шуу, өвдөг, баруун шанаа, мөр, бугалга, тохой, шуу, гуя, өвдөг, шилбэ, тавхайнд цус хуралт, зүүн хөмсөг, хацар, шанаанд зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг яллагдагч Ж.Г нь “тогоо руу шээлээ” гэх шалтгаанаар зодож учруулсан уу, эсхүл Ж.Г-ийн мэдүүлэгт тусгагдсанаар “В.Ж-ыг дэлгүүрээс архи авч гарахад дэлгүүрт байсан эмэгтэй /Ш.Н/ архийг нь авч зугтаасан. В.Ж нь Ш.Н-ийнд ороход гэрт байсан 3 эрэгтэй түүнийг зодсон. В.Ж нь гэртээ 16 цагийн үед бусдад зодуулсан байдалтай ирсэн” гэх үйл баримтын аль нь болохыг нарийвчлан шалгаж тогтоовол зохино. Гэрч Д.У, Ш.Н, Б.Ш, Б.Ц нараас дахин мэдүүлэг авах, мөн Ш.Н-ийн гэрт байсан Р гэх хүнээс мэдүүлэг авах, гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийх нь зүйтэй.
Хоёр. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эсэх, нотлох баримтаар тооцохгүй байх эсэх асуудлыг прокурорын санал, оролцогчийн хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Иймд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөгч Ө.Б-ид холбогдох 221001359 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээс “мөрдөгч Ө.Б- нь Ж.Г-аас сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг авах үеийн бичлэг болон уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг хуулбарлан хэрэгт хавсаргуулах тухай яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Гурав. 2023 оны 02 дугаар сарын 8-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “Монгол Стандарт” гэсэн бичигтэй шил, ягаан өнгийн хөнжил 1 ширхэг, цус мэт бохирлогдсон номын тасарсан хуудас 2 ширхэг хураан авсан/1-р хх-ийн 2-3/, хэргийн газарт нэмэлт үзлэгээр хэргийн газраас “1 метр урттай мод, эвдэрхий сандлын тавцан /хар өнгийн панер/, резин толгойтой 30 см урттай хар өнгийн алх, архины шил 3 ширхэг, тамхины иш 3 ширхэг, хар өнгийн гар утас 1 ширхэг, дээл, хагас ханцуйтай цайвар өнгийн цамц зэргийг хураан авсан /1-р хх-ийн 8-10/ талаар тус тус тэмдэглэгдэж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолоор 2023 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн, мөн хэргийн газарт нэмэлт үзлэг хийсэн ажиллагааг тус тус хүчинтэйд тооцсон тогтоол гаргажээ. /1-р хх-ийн 36-37/
Гэтэл Ж.Г-ид холбогдох эрүүгийн хэрэгт 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 230А яллах дүгнэлтийн хавсралт 5-д хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй гэж бичсэн байх бөгөөд хэргийн газраас хураан авсан дээрх эд зүйлсийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. …” гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор М.Алтанцэцэг нь эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Тухайлбал, гэрч Ш.Н-ийн “...би дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн архи авч гараад гэр рүүгээ явж байхад Ж ах замын урд явж байхаар нь ахаа та ганцаараа уух гэж байгаа юм уу манай гэрт очиж уух уу гэхэд тэгье гээд хамт явсан. Гэртээ ирээд бид нар тухайн архийг хамт хувааж уугаад 14-15 цагийн үед бүгд явцгаасан...”, гэрч Б.Ц-ийн “...В.Ш-ийн гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй тухайн үед ямар ч шархтай орж ирээгүй Н-ийн гэрээс зөв зүгээр гараад явсан...” гэж тус тус мэдүүлсэн байх тул тухайн үед амь хохирогч В.Ж нь Б.Ш-гийн гэрт бусдад зодуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Яллагдагч Ж.Г-ийн “...В.Ж-ыг дэлгүүрээс архи авч гарахад дэлгүүрт байсан эмэгтэй Ш.Н архийг нь авч зугтаасан В.Ж нь Ш.Н-ийнд ороход гэрт байсан 3 эрэгтэй түүнийг зодсон. В.Ж нь гэртээ 16 цагийн үед бусдад зодуулсан байдалтай ирсэн...” гэх үйл баримтыг дээрх гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул гэрч нараас дахин мэдүүлэг авах болон мэдүүлгийн зөрүү байхгүй тул мэдүүлгийг газар дээр нь шапгах ажиллагаа хийх, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хуульд гэрчийн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх хуулийн зохицуулалт байхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хэрэгт хууль ёсны дагуу цугларсан, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлогдсон хэмжээнд яллагдагч Ж.Г-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
2. Яллах дүгнэлтийн хавсралтад хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг орхигдуулсан техникийн шинжтэй алдааг шүүхийн хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЗ/1479 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны буюу үндэслэл бүхий гарсан. Хуулийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Улсын яллагчийн эсэргүүцэлтэй танилцсан. Анхан шатны шүүхээс хэргийн хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах агуулгыг шүүх захирамжид дурдсан. Мөрдөн байцаагч яллагдагч Ж.Г-аас мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн эсэхийг шалгах нь зүйтэй гэж прокуророос эсэргүүцлээ бичсэн гэж ойлгож байна. Гэрч нарын мэдүүлэг үнэн зөв байна. Мөрдөгч Ө.Б- нь ялагдагч Ж.Г-аас мэдүүлэг авахдаа хууль бусаар мэдүүлэг авсан талаар ач холбогдол өгөөгүй. Өмгөөлөгчийн зүгээс 30 гаруй хуудас гомдлыг бичиж өгсөн үүнийг прокурор мэдэж байгаа. Илтгэгч шүүгчийн ярьсанчлан мэдүүлэг зөрүүтэй байна. Гэрч Ш.Н мэдүүлэг, ээж Б.Ш-гийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байна. Мөн 3 эрэгтэй хүний тухай байнга дурдагдаг. Энэ 3 хүн байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Энэ гэмт хэргийн талаар Ж.Г зохиож мэдүүлэг өгөх боломжгүй. Яллагдагч Ж.Г мэдүүлэг өгөхдөө амь хохирогч буюу В.Ж хэлж ярьсан зүйлийг мэдүүлэгтээ дурдсан. Амь хохирогч В.Ж-ы хүүдээ хэлсэн мэдүүлэг нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл гэрт 3 эрэгтэй хүн байсан нотлогдсон. Ш.Н дэлгүүрт амь хохирогчтой таараад архи авч зугтаасан нь үнэн. Ш.Н мэдүүлэгтээ “би архи авч зугтаагүй, араас нь ахаа та ганцаараа архи уух гэж байгаа юм уу хамт явах уу гэж хэлээд дагуулж явсан” гэдэг. Энэ 3 эрэгтэй ямар шалтгаанаар архи ууж байгаа, энэ хүмүүс юу хийсэн талаар, мөн гэрч Ш.Н ээжтэйгээ хамт архи ууж байгаа, архи нь дуусахаар дахин очиж дэлгүүрээс архи авсан. Энэ бүгдийг олж тогтоосон. Амь хохирогчийг нэр бүхий 3 хүн зодсон нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөгч Ө.Б- яагаад Ж.Г-ийн өгсөн мэдүүлгийг үгүйсгэж байна. Хүн амины хэрэгт татаж шалгасан. 2024 оны 02 дугаар сарын 07-ны шөнө амь хохирогч гэмтэл авч бие нь муудсан. Хүү Ж.Г эмнэлэг дуудсан. Эмч ирээд нас барсан байна гэсэн. Цагдааг Ж.Г өөрөө дуудсан. Цагдаагийн байгууллага ирээд цогцсыг аваад явсан. Ж.Г анх мэдүүлэг өгөхдөө “миний аавыг 3 залуу зодсон” гэж мэдүүлдэг. Энэ хэргийг Ж.Г үйлдсэнийг нотлох баримт тогтоогдохгүй байгаа. Мөрдөгч Ж.Г-аас авсан мэдүүлэг шаардлага хангахгүй байна. Хууль зөрчсөн нотлох баримтыг үндэслэж яллах дүгнэлт бичсэн. Дахин мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Эд мөрийн баримтаар хураагдсан маш олон баримтууд хэрэгт авагдсан боловч эд мөрийн баримт байхгүй. Яагаад алга болсон, хэн үгүй хийсэн нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ж.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгч Ө.Б-аас болж буруу, зөрүү зүйл ярьсан гэж бодож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүх, яллагдагч Ж.Г-ид холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаадаг.
Шүүгчийн захирамжид заасан:
- амь хохирогч В.Ж-ы биед учирсан гэмтлүүдийг яллагдагч Ж.Г учруулсан уу, эсхүл Ж.Г-ийн мэдүүлэгт тусгагдсанаар Ш.Н-тэй байсан 3 эрэгтэй зодсон уу гэсэн байдлыг нарийвчлан шалгах,
- хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болох мөрдөгч Ө.Б-ийн Ж.Г-аас сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг авах үеийн бичлэг болон уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргах,
- хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд мөрийн баримтуудыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй зэрэг үндэслэлүүд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тус захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Алтанцэцэгийн бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЗ/1479 дүгээр “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ