Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00301

 

 

 

 

                                     С.Нгийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/03656 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Нгийн хариуцагч С.Н, Н.Анарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул, хариуцагч Н.А, С.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Болормаа, М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: ...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: .... 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр С.Н, Г.М, С.Н, Н.Анар бүртгэгдсэн. Нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар С.Нгийн иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрх регистрийн дугаарууд төрсний гэрчилгээний регистрийн дугаараас зөрүүтэй байсан. Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргахад С.Нгийн эцгийн нэрийг 1976 онд сольж бүртгэхдээ төрсний гэрчилгээн дээрх ... регистрийн дугаарыг ... болгож зөрүүлж бичсэний улмаас бусад бичиг баримт дээрх регистрийн дугаараас зөрүүтэй байна. Тиймээс төрсний гэрчилгээн дээр бүртгэгдсэн регистрийн дугаараар шинэчилж, бүртгэлийн байгууллагын мэдээллийн сан дах бүх мэдээллийг ... регистрийн дугаартай болгож өөрчилсөн гэж мэдэгдсэн. Иймд бичиг баримтуудаа ... регистрийн дугаараар шинээр сольж авсан. Харин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээрх регистрийн дугаарын зөрүүг залруулан шинээр гэрчилгээ авахаар улсын бүртгэлийн байгууллагад хандахад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг авч ирэхийг шаардсан. Гэтэл уг гэрчилгээ нэхэмжлэгчид эх хувиараа байдаггүй С.Н, түүний охин Н.А байдаг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10176 дугаартай шүүгчийн захирамжаар дагуу Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст маргаан бүхий эд хөрөнгийн гэрчилгээнд С.Нгийн регистрийн дугаарын өөрчлөлтийг оруулж, шинээр гаргуулах хүсэлт гаргасан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувийг С.Н, Н.А гаргаж өгөхгүй байгаа тул урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх боломжгүй болсон.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: 

2.1 Хариуцагч С.Нарантуяа: Хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.Н нь Дундговь аймагт М гэр бүлд 1974 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөнийг бүртгэсэн бүртгэл үнэн. С.Нг төрүүлсэн эх М нь өөрийн төрсөн эгчдээ түүнийг өргүүлсэн. ... гэх регистрийн дугаар олгосон бүртгэл нь бүхэлдээ хуурамч. 2 иргэний бүртгэлийг хооронд нь нийлүүлж иргэний бүртгэл хийгдсэн нь хууль бус баримт юм. Анх орон сууцыг хувьчлахад гэр бүлийнхээ бүх гишүүдийн нэрийг оруулж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээнд С.Нгийн нэрийг оруулах ёсгүй байсан. Улсын бүртгэлийн байгууллага ... гэх регистрийг ... болгож өөрчилсөн. М овгийг Санхүүгийн болгож солиогүй байсан баримт шүүхэд ирсэн. М Насанбуян гэх овгийг өөрчлөөгүй байхад нэхэмжлэгч ...гэх бүртгэл олж авсан. Нэхэмжлэгч зөрчилтэй бүртгэлийн талаар улсын бүртгэлд хандаж өөрчлүүлэх шаардлагатай. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.4, 65.1.6-д тус тус зааснаар энэ хэргийг урьд шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.2 Хариуцагч Н.Анхмаа: Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг байнга зодож дарамталдаг байсан. Нэхэмжлэгч байнга зөрчилтэй зүйл хийдэг. Уулзаж ярилцъя гэхээр уулздаггүй гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт баримтлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 68 дугаар байр, 20 тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хариуцагч С.Н, Н.Анарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

4. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмчлөлийн орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн Насанбуянд холбогдох бүртгэл хууль ёсны биш.  Нэхэмжлэгчийг Дундговь аймгийн Өндөршил суманд иргэн М гэр бүлд 1975 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрснийг тус сумын иргэний бүртгэлийн 46 дугаарт бүртгэсэн ба Насанбуян нь М хүүхэд юм. Төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Насанбуянгийн хүсэлтийн дагуу М Насанбуян /.../ гэх иргэний үнэмлэх олгосон. Насанбуянг төрүүлсэн эх нь түүнийг өөрийн төрсөн эгч Мтоо өгч өсгүүлсэн бөгөөд хууль ёсоор үрчлүүлээгүй.  Нэхэмжлэгч С.Н Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газарт 1676 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрснийг 09 дугаарт бүртгэсэн ба уг бүртгэлд үндэслэн эцэг Дугармаа овогтой Санхүү, эх Гэндэндорж овогтой М /ЦВ44020266/ нараас төрснөөр бүртгэл хийгдсэн. Энэ хууль бус мэдээлэлд үндэслэн /.../ регистрийн дугаар олгож түүнийг ...гэж төрсний гэрчилгээ, паспорт олгогдсон бүртгэл нь бүхэлдээ хуурамч бүртгэл. Уг 2 өөр мэдээлэл нь Насанбуянгийн иргэний бүртгэлийг хуульд зааснаар өөрчлөлтийн бүртгэл хэрхэн хийгдсэнийг шалгахад аль алинд нь Насанбуянгийн овог нэр, регистрийн дугаараар үрчилсний овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл гараагүй гэх лавлагаа шүүхэд ирүүлсэн байдаг. Энэ баримтыг үндэслэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20901 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн иргэний бүртгэл, эрх зүйн байдал тодорхойгүй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан заасан зөрчил бүрэн арилаагүй байхад өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

4.2 Хэрэгт олон зөрүүтэй баримтууд авагдсан байхад үнэн зөв талаас нь шүүх огт дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.  Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн  117 дугаар зүйлийн 117.1.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.3 Шүүх хариуцагчийн тайлбар, татгалзлыг ямар үндэслэлээр хангаагүй талаар шүүхийн шийдвэрт заагаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: С.Н, Н.Анар нь С.Нг үрчилж аваагүй. н.М болон н.Снар тухайн үед хүсэл зоригоо илэрхийлж, н.М нь өөрийн төрсөн дүүгээс 1976 онд үрчилж авахдаа регистрийн дугаарыг нь зөрүүлж бичсэнээр бүртгэл хийгдсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийг 1999 онд төрөөс хувьчилж, орон сууцны гэрчилгээ олгохдоо С.Нгийн овог нэр нь үрчлэгдсэн эцгийнхээ нэрээр явсаар өнөөдрийг хүрсэн. Төрсөн эцэг, эх нь солигдож, үрчлэгдэж байгаа тохиолдолд 2 өөр бичиг байх нь ойлгомжтой. 1975 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн регистрийн дугаар нь өөрчлөгдөж бүртгэгдсэнээр гол асуудал яригдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа гаргуулж С.Нгийн бүх бичиг баримт анх олгогдсон регистрийн дугаараар бичигдээгүй байгаа, анхны регистрийн дугаарыг өөрчлөхгүйгээр энэ бүх бичиг баримтыг солиулж, хамгийн сүүлд нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт хийлгэх болоход хариуцагч нар гэрчилгээг гаргаж өгөөгүй. Хариуцагч нар маргахдаа албан ёсоор өргөж аваагүй, өмчлөх эрхгүй гэх боловч цаана нь эд хөрөнгийн ашиг сонирхол байгаа. 1975 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр регистрийн дугаар бүртгэгдсэн. Хамгийн сүүлийн лавлагаагаар ...... регистрийн дугаартай гарсан. Тухайн үед үрчлэлт хийхдээ яагаад зөрүүлж мэдүүлснийг хэн аль нь мэдэхгүй. Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг иргэн өөрөө бүртгэл үүсгээд хуурамч баримт бүрдүүлсэн мэтээр ойлгож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийгээгүй. тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

            2. Нэхэмжлэгч С.Н хариуцагч С.Н, Н.А холбогдуулан .... 28 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2204008361 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... регистрийн дугаар улсын бүртгэлд зөрүүтэй бичигдсэнийг залруулсан, Улсын бүртгэлийн байгууллага үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээн дээрх регистрийн дугаарын зөрүүг залруулах хүсэлтийг гэрчилгээний эх хувийг шаардаж хүлээн аваагүй ...” гэж тайлбарлаж байна.
 

4. Хэрэгт .... 28 м.кв орон сууцны өмчлөгчөөр Г.М, С.Н, Н.А, С.Н нар 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгч С.Н ... регистрийн дугаараа ... гэж өөрчлүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд нэхэмжлэгчийг ... регистрийн дугаартай ...гэж бүртгэсэн баримтууд байна. /хх6-7, 95-100/

           5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн  106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан өмчлөгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу.

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2021/10176 захирамжаар уг нэхэмжлэлийн шаардлагыг улсын бүртгэлийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна. /хх10-12/

            Улмаар Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч талд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар “.., тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган баяжилт бүртгэл хийх” гэж зааснаар нотлох баримтыг бүрдүүлэн тус хэлтсийн үйлчилгээний танхимд хандан мэдүүлэг гаргаж өмчлөх эрхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт хийлгэнэ үү” гэсэн хариу өгсөн байна. /хх9/

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т улсын бүртгэгчийн эрх, үүргийг заасан бөгөөд 19.4.4 дэх хэсэг нь тухайн иргэнээс гаргасан улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх журмыг зохицуулсан байна.

Дээрх хуулийн болоод Улсын бүртгэлийн байгууллагын албан бичгийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарласнаар бүртгэлийн байгууллага үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувийг шаардаагүй байна. Улсын бүртгэлийн байгууллагын, өмчлөх эрхийн гэрчилгээн дэх нэхэмжлэгчийн регистрийн дугаарыг өөрчлүүлэх өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл нь хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд саад болж байгаа, өмчлөх эрхийн зөрчил гэж үзэхгүй. Шүүх “хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувийг улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхөөс татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгч өөрчлөгдсөн регистрийн дугаараар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, түүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагч нар саад болсон” гэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Улсын бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөнтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд овог нэр, регистрийн дугаарын өөрчлөлтөө хийлгэх эрхийг нь хариуцагч нар зөрчөөгүй байна.

 Нэхэмжлэгчийн улсын бүртгэлтэй холбоотой төрийн байгууллагын эс үйлдлийн талаар хуульд заасны дагуу гомдол гаргах эрхийг энэ магадлал хөндөөгүй болно. 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/03656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Нгийн хариуцагч С.Н, Н.Анарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                              А.МӨНХЗУЛ