| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0369/Э |
| Дугаар | 392 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Ц.Гансэлэм /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Гансэлэмд холбогдох эрүүгийн 1811009150425 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Тэнгэр овогт Цогбадрахын Гансэлэм, 1972 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 62 дугаар байр 16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ШЕ72032273/
Шүүгдэгч Ц.Гансэлэм нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Фэйс” бааранд бүжиглэж байхдаа иргэн Б.Эрдэнэсувдыг өдөж хоргоон зүүн нүд рүү нь архи цацсанаас үүдэн спиртийн төрлийн зүйлд харшил, урвал өгч, зүүн нүдний зовхи эвэрлэгт хаван, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Гансэлэм нь 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Фэйс” бааранд бүжиглэж байхдаа иргэн Б.Эрдэнэсувдыг өдөж хоргоон зүүн нүд рүү нь архи цацсанаас үүдэн спиртийн төрлийн зүйлд харшил, урвал өгч, зүүн нүдний зовхи эвэрлэгт хаван, цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Б.Эрдэнэсувдын /хх-19/: “..тэгсэн тэр ах надруу ирээд хундагатай архи барьчихсан тэрийгээ намайг уу гээд авчирхаар нь би уухгүй гээд гарыг нь өөрөөсөө холдуулсан юм. Тэгтэл тэр ах миний хажуугаар өнгөрөөд явахдаа гартаа барьсан байсан архи миний нүүрлүү цацчихсан ба тэр архи нь миний нүдрүү ороод тухайн үед маш их өвдөж хорссон.., ..надад гомдол санал байхгүй. Энэ хэргийг хурдан шийдүүлэх хүсэлтэй байна..” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Мөнх-Очоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-10/ “..намайг үүдэнд сууж байхад тэр эмэгтэй нүд рүү архи цацчихлаа гээд ирсэн. Болсон үйл явдлыг бол хараагүй. Хамт явсан эмэгтэй бол харсан байх. Нүд нь жаахан бүлцийсэн маягтай байсан. Тэгээд цагдаа дууд гээд цагдаа нар ирсэн..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №3850 дугаар дүгнэлтэнд: /хх-29/ “..Б.Эрдэнэсувдын биед зүүн нүдний зовхи эвэрлэгт хаван, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь спиртийн төрлийн зүйлд харшил урвал өгөх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно..” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Ц.Гансэлэмээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-26/ “..тэртээ тэргүй хүний нүүрлүү архи цацчихсан учраас тэр үйлдэл нь санаатай ч бай санаандгүй ч бай нэгэнт ийм асуудал болсон учраас би цацчихсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн..” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Ц.Гансэлэмийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-37/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-49/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн зүүн нүд рүү архи цацаж гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3580 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Эрдэнэсувдад учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Гансэлэм нь 2018 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Фэйс” бааранд бүжиглэж байхдаа иргэн Б.Эрдэнэсувдыг өдөж хоргоон зүүн нүд рүү нь архи цацсанаас үүдэн спиртийн төрлийн зүйлд харшил, урвал өгч, зүүн нүдний зовхи эвэрлэгт хаван, цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь нотлогдсон бөгөөд шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Ц.Гансэлэмийг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Гансэлэмээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Гансэлэмийг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.Эрдэнэсувд нь шүүгдэгч Ц.Гансэлэмээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Гансэлэм нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тэнгэр овогт Цогбадрахын Гансэлэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гансэлэмийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гансэлэмд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Гансэлэмд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Гансэлэм нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Гансэлэмд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гансэлэмд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР