Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ДШМ/1200

 

 

 

 

 

      2024          10          31                                             2024/ДШМ/1200

 

Л.Т-тхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ариунтөр,

хохирогч Ц.М ,

хохирогч Ж.Үын өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

хохирогч Г.Аын өмгөөлөгч Э.Мягмардорж,

яллагдагч Л.Тын өмгөөлөгч О.Даваажаргал,  

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/2249 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Г.Аын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2206020260914 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л.Т, ... тоотод оршин суух, /РД: .../, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1490 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон.

Л.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ийн оффист байхдаа хохирогч А.Д, Д.Ц, Ч.О, М.А, С.П, Ж.Ү, Ц.М  нарт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Шинэ Амгалан хотхонд орон сууцыг худалдан борлуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, урьдчилгаа болгон шилжүүлсэн 189.600.000 төгрөгийг Богд банкны ... тоот дансаар шилжүүлэн авч,

2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдын өндөр хотхоны ...тоотод байрлах 158.82 м.кв байрыг нийт 330.000.000 төгрөгөөр хохирогч Г.Ат худалдахаар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан барьцааны зээлийн мөнгийг төлж барагдуулан, өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, 62.500.000 төгрөгийн үнэ бүхий “Мерседес бенз МЛ350” маркийн тээврийн хэрэгсэл болон урьдчилгаа 140.000.000 төгрөгийг ХААН банкны ... тоот дансаар шилжүүлэн авч, бусдад нийт 392.100.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн дугаар зүйлд зааснаар хэргийн материалтай танилцаагүй, боломжоор хангаагүй, гомдол мэдээлэл гаргах эрхийг минь эдлүүлсэнгүй гэсэн хүсэлтийн дагуу шалгахад мөрдөгч хэргийн материал танилцахыг мэдэгдэж, танилцах гомдол санал хүсэлт гаргах боломжийг нь бүрдүүлэх үүрэгтэй байсан байна. Энэ нөхцөл байдал биелэгдээгүй байна. Хохирогч Г.Аын үйлдэл холбогдолд яллагдагч Л.Т залилсан эсэх асуудалд маргаан үүсгэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, мөн хохирогч гаргаж өгсөн маргаж буй байрны төлбөр төлөгдсөн талаарх баримтуудыг үндэслээд дараах ажиллагаанууд хийх шаардлагатай байна. Талуудын гаргаж буй мэдүүлгээс мөн хохирогчийн өөрийн мэдүүлгээр энэ хэрэгт У  гэдэг хүн анхнаасаа оролцсон, залилсан гэгдэх орон сууцны өмчлөгч У , хохирогч мөнгийг У т өгсөн, У ын данс руу хохирогч мөнгөө шилжүүлсэн машинаа шилжүүлсэн. “...” ББСБ-тай У  гэрээ байгуулсан. Одоо зээлийн үлдэгдэл мөнгийг Амгаланбаяр төлөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн болгож авсан, өмчлөх эрхээ шилжүүлж авсан гэж яриад байна. Гэтэл шүүхэд өгч буй зээл төлсөн баримтаар мөн У  мөнгө төлсөн байна. Яллагдагч Л.Тын бусдыг залилсан үйлдэлд энэ үл хөдлөх хөрөнгийг зарах гэж залилж мөнгө авсан гэсэн үйлдлийг оруулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлгээр дээрх нөхцөл байдлууд илэрсэн учраас энэ үл хөдлөх хөрөнгө хэний өмчлөл, эзэмшилд байсан, одоо хэний өмчлөлд байгаа, үүнтэй холбоотой нөхцөл байдлуудыг тодруулсан баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулж хэрэгт хавсаргах, ингэснээр яллагдагчийн үйлдэл оролцоо, гэмт хэргийн сэдэл санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг тодорхойлж энэ хэргийг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Нөгөө талаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоох хуулийн шаардлага хангагдаагүй. Ялангуяа “Залилах” гэмт хэрэг хохирлын хэмжээнээс зүйлчлэл нөлөөлдөг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.А хохирлоо 205.700.000 төгрөг дээр 120.000 төгрөгийн нэмэлт хохирол учирсан 350.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлснийг шалгалгүй яллах дүгнэлт үйлдэхдээ 202.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Үлдсэн хохирлыг хэрхэн яаж шийдсэн нь тодорхойгүй, ямар нэгэн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэр хэрэгт авагдаагүй. Өнөөдрийн байдлаар мөн хохирогч Г.Аын хохирол тодорхойгүй, тодруулбал, хохирол 202.500.000 төгрөгийн эд хөрөнгө шилжүүлсэн дээр 2 тал хоёулаа маргаангүй, үүн дээр байранд оруулсан хөрөнгө оруулалт гэх 120.000.000 төгрөгийг, байрыг өмчлөлдөө шилжүүлж авах гэж төлсөн мөнгөнөөс хохиролд 203.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймээс хохирол хор уршгийг бүрэн тогтоох ажиллагааг хийх шаардлагатай.

Дээр дурдсан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хуульд зааснаар бүрэн гүйцэт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

 Хохирогч Г.Аын өмгөөлөгч Э.Мягмардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорт буцаасан шүүхийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар У  гэгчийн нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгө анхнаасаа Л.Тынх байсан, Г.Аыг залилж мөнгө авч өмнөх гэмт хэргийн хохирлоо төлөх санаа зорилгоор У ын нэр дээр шилжүүлж түүний данс руу мөнгө шилжүүлж авсан, үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж, У ыг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогддог. Гэтэл шүүх бодит байдлаас илт зөрүүтэй дүгнэлт хийж үүнийг шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хохирогч Г.Аын өмгөөлөгч миний гаргаж өгсөн нотлох баримтаар “...” ББСБ-аас авсан зээлийг хохирогч Г.А төлсөн тухай баримт өгсөн байхад У  төлсөн гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт өгч шийдвэрлэснийг буруу гэж үзэж байгаа юм. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө хэний нэр дээр байсан нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар нотлогдож тогтоогдсон үйл баримт байхад үүнийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй, шалгаж тогтоосон үйл баримт юм.

Мөн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлж заасан. Гэтэл анхан шатны шүүх шүүгчийн захирамждаа “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоох хуулийн шаардлага хангаагүй, ялангуяа “залилах” гэмт хэрэг хохирлын хэмжээнээс зүйлчлэл нөлөөлдөг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шаганд хохирогч Г.А хохирлоо 205.700.000 төгрөг дээр 120.000 төгрөгийн нэмэлт хохирол учирсан 350.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлснийг шалгалгүй яллах дүгнэлт үйлдэхдээ 202.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Үлдсэн хохирлыг хэрхэн шийдсэн нь тодорхойгүй, ямар нэгэн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэр хэрэгт авагдаагүй. Иймээс хохирол хор уршгийг бүрэн тогтоох ажиллагааг хийх шаардлагатай” гэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж шүүхэд шилжүүлснээс хойших үйл баримтыг тогтоохоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох нь гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх асуудал байхад заавал прокурорын шийдвэрээр тогтоох ёстой гэж дүгнэж прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

хохирогч Ц.М  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй.” гэв.

 

хохирогч Ж.Үын өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлсан санал, хүсэлт, тайлбар байхгүй.” гэв.

 

Яллагдагч Л.Тын өмгөөлөгч О.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс тус шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирлын хэмжээг зайлшгүй тогтоох шаардлагатай. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ тухайн орон сууцыг буюу Г.Аын одоо амьдарч байгаа өмчилж авсан орон сууцыг залилсан гэж оруулж ирсэн. Ингэхдээ байр авах гээд төлсөн 202.500.000 төгрөгийг хохиролд тооцсон. Гэтэл Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1427 дугаар захирамжаар энэ байрны зээлийн төлбөр 330.000.000 төгрөгийг О.У  төлсөн. Улмаар энэ байр Г.Ат шилжсэн. Энэ байрыг залилсан гээд байгаа бол үндэслэлгүй шилжсэн байна, байр авах гээд төлсөн 202.500.000 төгрөгийг хохирол гэж үзсэн байна, өөрийнхөө амьдарч байгаа байранд засвар хийсэн 120.000.000 төгрөгийг хохирол гээд байгаа нь ямар учиртай юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Гэтэл одоо энэ байр хэний нэр дээр байгаа нь тодорхойгүй. Г.А миний нэр дээр шилжсэн, би амьдарч байгаа гэж байна. Энэ баримт хэрэгт байхгүй. Яагаад өөрийнхөө амьдрах байрыг худалдаж авсан мөнгийг хохирол гэж үзээд байгаа юм. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр энэ мөнгийг ББСБ-д өөрөө төлсөн гээд байдаг. Хэрэгт энэ талаарх О.У аас 330.000.000 төгрөг төлсөн баримт байгаа. Тэгэхээр хэн төлсөн гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Түүнчлэн хэргийн бодит байдлыг тогтоосон үйл баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хохирол, хор уршгийн талаар заавал тогтоох ёстой. Гэмт хэрэг үйлдсэн сэдэл, санаа, зорилго байх ёстой. Анхнаасаа энэ байрыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэдгийг хэлж хамт очиж үзэж тохирч орчхоод гэмт хэрэг мөн эсэх асуудал яригдах учраас үүнийг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоос өөр аргагүй. Шүүх үүнийг тогтоох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар тогтоочхоод орж ирэх ёстой. Мөн хэргийн материал танилцуулаагүй гэх хүсэлтийг хангасан нь үндэслэлтэй. Учир нь, мөрдөн байцаалтын шатанд хэргийг шилжүүлэхдээ өмгөөлөгчид мэдэгдэж танилцуулаад улмаар хэргийн материалтай танилцсантай холбогдуулан гаргах санал, хүсэлтийг шийдвэрлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан гомдол гаргах эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гэж үзэж байгаа. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Ариунтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг 3 жил гаруй хугацаанд шалгагдаж эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэж хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхээс яллагдагч Л.Т-тхолбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд:

“...Яллагдагч Л.Тын өмгөөлөгч О.Даваажаргалыг хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй, яллах дүгнэлтэд гомдол гаргах эрхийг нь хязгаарласан.

...Нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь О.У  гэх хүн энэ хэрэгт анхнаасаа оролцсон, мөнгийг түүнд өгсөн, тус орон сууцны өмчлөгч нь О.У  байна. Мөн маргаан бүхий Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдын өндөр хотхоны ...тоотод байрлах 158.82 м.кв орон сууц хэний өмчлөл, эзэмшилд байсан, одоо хэний нэр дээр байгаа эсэх, дээрх асуудлыг холбогдох байгууллагаас нотлох баримтыг гаргуулан авч хэрэгт хавсаргах шаардлагатай.

...Хохирогч Г.Ат учирсан хохирол тодорхойгүй. Тодруулбал, прокуророос хохирогчийг байрны урьдчилгаа болох 140.000.000 төгрөг мерседес бенз машины үнэ 62.500.000 төгрөг нийт 76.500.000 төгрөгийг шүүгдэгч залилсан гэж үзсэн боловч хохирогч Г.А нь тухайн орон сууцанд засвар хийсэн гэх 120.000.000 төгрөг мөн өөр банк бус санхүүгийн байгууллагад төлсөн зээлийн хүү зэргийг яллагдагчаас нэхэмжилнэ гэсэн байх тул дээрх хохирлыг эрх бүхий албан тушаалтан хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцүүлэн хянан шийдвэрлэх боломжтой дараах үндэслэлүүд байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

1. Оролцогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн хохирогч нарын зарим хэсэг хохирлоо авсан тул шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэх хүсэлтүүд /6хх 124-127, 135-142/ талд авагджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гарсныг яллагдагчийн өмгөөлөгч танилцан, дээрх тогтоолд хяналт тавьж буй прокурор, дээд шатны прокурорын газар болох Дүүргийн Ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорын газар, Улсын Ерөнхий прокурорын газарт гомдлуудаа гарган гомдолд нь тухайн байгууллагууд тухай бүрт нь хариуг өгч байжээ. /6хх 153-176/

Яллах дүгнэлт 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үйлдэгдэж, тус дүгнэлтийг яллагдагч Л.Т нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гардан авч, түүний өмгөөлөгч дээд шатны прокурорын газруудад гомдол гаргасныг хүлээн авч хянаад хариу өгсөн байх бөгөөд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/3366 дугаартай албан бичгээр тус эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцсэн ба шүүгчийн захирамжийн заалт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

2. Нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь О.У  гэх хүн энэ хэрэгт анхнаасаа оролцсон, мөнгийг түүнд өгсөн, тус орон сууцны өмчлөгч нь О.У  байна. Мөн маргаан бүхий Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдын өндөр хотхоны ...тоотод байрлах 158.82 м.кв орон сууц хэний өмчлөл, эзэмшилд байсан, одоо хэний нэр дээр байгаа эсэх, дээрх асуудлыг холбогдох байгууллагаас нотлох баримтыг гаргуулан авч хэрэгт хавсаргах шаардлагатай.” гэсэн үндэслэлүүдийг заасан.

Хэрэгт авагдсан баримтаас харахад, О.У , Д.Н нарыг тус хэрэгт холбогдуулан шалгаж Баянзүрх дүүүргийн прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаар тогтоолоор зарим яллагдагчид холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг буюу О.У ыг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /6хх 153-176/

Мөн маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсан гудамж 52 дугаар байрны 51/а тоот хаягт байршилтай 158.82 м.кв орон сууц нь Одвогийн У ын өмч гэх “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” хэрэгт авагдсан байна. /4хх 153/

3. Анхан шатны шүүх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг шүүх хуралдаанаар тодруулж яллагдагчийг гэм буруутай эсэх, гэмт хэргийн хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд хохирогч Г.Аын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/2249 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Прокуророос яллагдагч Л.Тын хохирогч А.Д, Ш.Ү, Ц.М  нарыг хохироосон үйлдлүүд дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2206022331024, 2309006922686, 2209012132843 дугаартай эрүүгийн хэргийг үндсэн эрүүгийн 2206020260914  дугаартай хэрэгт нэгтгээгүй болохыг буруутган дурдаж байна.

 

Анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэх боловч дээрх хуулийн заалтад 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр "түүний" гэснийг "хохирогч, тэдгээрийн" гэж өөрчлөлт орсон байхад өөрчлөлтөөс өмнөх хуулийн заалтыг хэрэглэсэн алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/2249 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хохирогч Г.Аын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Яллагдагч Л.Т-турьд авсан хувийн баталгаа гаргах гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН