Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2026/0375

 

 

2026            04           20                                   128/ШШ2026/0375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Ч.Ганбаатар нар оролцож, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч: “Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургууль” ХХК /рд:*******/

Хариуцагч: Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч Х.О*******

Гомдлын шаардлага: “Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 тдугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.Жа*******, хариуцагч Х.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Монгол Улсын иргэн Түвшинжаргалын Б*******гаас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн огноотой Монополын эсрэг газарт гаргасан “Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургууль” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол[1]-ын дагуу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч Х.О******* 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2502000244 дугаар зөрчлийн хэрэг нээж[2], зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байдаг.

2. Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0002381 дүгээр шийтгэлийн хуудсаар ...Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургуулийг эцэг, эх, асран хамгаалагчдаас бодит байдлыг нуун дарагдуулах замаар хууран мэхэлж, төөрөгдүүлэн суралцагчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан ... гэж үзээд тус үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-т заасны дагуу 20,000,000 (хорин сая) төгрөгийн торгууль оногдуулжээ.[3]

3. Гомдол гаргагчид Монополын эсрэг газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03-03/1445 дугаар албан бичгээр шийтгэлийн хуудсыг хүргүүлсний дагуу тус шийтгэлийг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан байна.

4. Улмаар тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/4662 дугаар шүүгчийн захирамжаар гомдлыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав. 

5. Гомдол гаргагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдлын шаардлагаа дэмжиж, дараах үндэслэлээр маргасан. Үүнд:

5.1.Гомдол гаргагчаас гомдлын үндэслэлдээ: “...Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын Улсын ахлах байцаагч Х.О******* нь иргэн Т.Б*******гаас ирүүлсэн гомдол болон бусад баримтаар “Бодит байдлыг нуун дарагдуулах зорилгоор хууран мэхэлж, төөрөгдүүлж хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан” гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн огноо бүхий №0002381 тоот шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгийн торгуулийг манай компанид оногдуулсан байна. Эрх бүхий албан тушаалтны дээрх торгуулийн шийтгэл, маргаан бүхий захиргааны акт нь хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй гэж үзэж байна. Тухайлбал, Нийслэлийн ерөнхий боловсролын с******* сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1134 дүгээр захирамжаар ахлах сургуулийн бүтэцтэй, 2022 оны А/1396 дугаартай захирамжаар Бага, дунд, ахлах гэсэн бүтэцтэйгээр ХУД, 22 дугаар хороо, 3 дугаар хэсэг, ХААИС 3/3 тоот Ч төвийн 1,2 дугаар давхар хаяг байршилд 0004036 дугаартай сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авсан. Байгуулагдсан цагаасаа хойш 800 гаруй сурагч, 78 багш, ажилчидтай болсон тул өөрийн байртай болох зорилгоор 2023 онд иргэн Түвшинжаргалын Б******* (МУГЖ) гэгчтэй харилцан тохиролцож, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд болох ХУД-ийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, тоот хаягт байршилтай 4,511.87 м.кв талбайтай Сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалттай барилга, 8000 м.кв газар, дэд бүтцийн хамт худалдан авахаар Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр тохиролцсон урьдчилгаа төлбөрийг төлсөн болно. Улмаар худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор нэр бүхий банкуудад зээлийн хүсэлтийг холбогдох баримтуудын хамт хүргүүлж, банкны зүгээс хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх явцад иргэн Т.Б******* нь худалдан авагч талд мэдэгдэлгүйгээр худалдахаар тохиролцсон дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2024 оны 03 дугаар сард иргэн Лхамсүрэн гэгчид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан ба үүнээс үүдэн талуудын хооронд маргаан үүссэн... С******* сургуулийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль зөрчсөн, бусдыг хууран мэхэлсэн үйлдэл, үйл ажиллагааг явуулж байгаагүй бөгөөд худалдан авахаар тохиролцсон үл хөдлөх хөрөнгийн байршил буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, хаяг дээр бүртгэл хийлгэх тухай хүсэлтийг 2023 оны 06 дугаар сарын 27, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд Нийслэлийн боловсролын газарт хүргүүлж байсан боловч хаягийн бүртгэл хийхэд шаардлагатай зарим нэг баримт дутуу үндэслэлээр бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн бөгөөд тухайн дутуу гэх баримтуудыг барилгын өмчлөгчөөс гаргаж өгөхгүй, барилгыг өөр этгээдэд давхар худалдсан зэрэг асуудлаас болж талуудын хооронд маргаан үүсч цагдаа, шүүхийн байгууллагад хянагдаж байгаа болно. Энэ хугацаанд Нийслэлийн боловсролын газрын хяналтын улсын байцаагч Б.Болороос 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03-13-00-023/105 дугаар албан шаардлага ирүүлснийг бид 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад холбогдох тайлбар, хариуг зохих журмын дагуу хүргүүлж байсан ба тухайн шаардлагад дурдсан “Эрх зүйн маргаантай объектод сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр элсэлт авч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлж, 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн элсэлтийг тодорхой хугацаанд авахгүй байх” гэсэн шаардлагыг биелүүлж, шаардлага ирүүлснээс хойш нэг ч хүүхэд нэмж элсүүлээгүй бол харин “сургалт эрхлэх зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын өөрчлөлтийн бичилтийг шинэчилж, мөрдөж ажиллах” гэснийг биелүүлж ажиллах нь зөвхөн манай сургуулиас шалтгаалахгүй болохыг хариу бичигтээ тодорхой дурдаж, үүссэн нөхцөл байдал, шалтгааны талаар холбогдох тайлбарыг дэлгэрэнгүй байдлаар хүргүүлж байсан. Нийслэлийн Боловсролын газраас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6/1556 дугаар албан бичгээр “...төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүнг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэлэлцэгдэж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, тоот хаягт байршилтай объектод холбогдох эрх зүйн маргаантай асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх хүртэл сургуулийн орчинд суралцагчид ээлтэй, аюулгүй, тайван орчныг бүрдүүлэн суралцагчдын эрх ашгийг хохироохгүйгээр хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахыг үүрэг болгож байна” гэсэн үүрэг чиглэлийг өгсөн.

Энэхүү чиглэлийн хүрээнд бид тухайн хаяг дээрээ үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд суралцагчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, суралцагчид ээлтэй, аюулгүй, амар тайван орчныг бүрдүүлэн сургалтын үйл ажиллагааг хэвийн, ямар ч зөрчил, дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн байхад Нийслэлийн боловсролын газраас өмнө өгсөн үүрэг чиглэл үл харгалзан манай сургуулийн нэр дээр “тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлээр “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх”, “зөрчлийн хэрэг нээж шалгуулах” болсон тухай удаа дараа мэдэгдэж ирсэн ба хамгийн сүүлд тус газраас Нийслэлийн Засаг даргад түдгэлзүүлэх тухай санал хүргүүлснээр Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаар захирамжаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. ... Мөн Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг санаатайгаар зөрчсөн үйлдэл огт хийгээгүй, хууль тогтоомж, дүрэм журамд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч эрх бүхий байгууллагад хүсэлтээ цаг тухайд гаргаж, үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн боловсролын газар болон сурагчдын эцэг эхчүүдэд тухай бүр мэдэгдэж ирсэн байдаг. Гэтэл эрх бүхий албан тушаалтан хяналт-шалгалт хийхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, гэм буруутай эсэх асуудалд бүх талаас нь бүрэн гүйцэт, бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хяналт шалгалтыг бүрэн гүйцэт явуулалгүй, шалгуулагч этгээдийг зөвхөн буруутгах байр сууринаас хандсан болохыг тодорхой харуулж байна. ...Иймд Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагч сургуулийн хувьд Нийслэлийн Ерөнхий боловсролын газраас болон Нийслэлийн Засаг даргаас холбогдох зөвшөөрлийг авч уг зөвшөөрлийн үндсэн дээр Нийслэлийн ерөнхий боловсролын бүрэн дунд боловсролын сургалтын үйл ажиллагааг эрхэлж байсан. Ийнхүү сургалт эрхлэх хугацаанд төрийн захиргааны байгууллагуудаас холбогдох хяналт шалгалтын удирдамжуудыг үндэслэн хяналт шалгалтууд хийгдсэн. Эдгээр хяналт шалгалтуудтай холбоотойгоор “Нийслэлийн Ерөнхий Боловсролын С******* сургууль” ХХК-ийн тухайд тухай бүр холбогдох тайлбар, баримтуудыг хүргүүлж байсан. Тухайлбал, улсын байцаагчийн тавьж байгаа албан шаардлага үндэслэлгүй талаар тайлбаруудыг өгдөг. Мөн гомдол гаргагчаас шүүхийн журмаар нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Эдгээр баримтуудын тухайд гомдол гаргагч сургуультай холбоотой хэд, хэдэн маргаан захиргааны шүүхэд хэлэлцэгдэж байгаа.Зарим маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүнийг өмгөөлөгч миний бие Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас тухайн шийдвэрт хариуцагчаас гомдол гаргаагүй тухай лавлагааг авч хавсаргаж шүүхэд гаргаж өгсөн. Мөн Нийслэлийн Боловсролын газраас сургалтын үйл ажиллагаа эрхэлж байх явцад хэд хэдэн удаагийн хяналт шалгалтын удирдамжийн дагуу акт тавьж байсан албан шаардлагууд өгч байсан. Гомдол гаргагч сургуулиас эдгээр шаардлага тухай бүрд Нийслэлийн Боловсролын газар болон дээд шатны байгууллагуудад холбогдох тайлбаруудыг өгч байсан. Үүнийг дурдаж байгаа шалтгааны тухайд, өнөөдөр хариуцагч улсын байцаагч Х.О*******ы үйлдсэн шийтгэлийн хуудас дээрх агуулга нь Нийслэлийн боловсролын газрын улсын байцаагч Н.У******* байцаагчийн тавьсан шийтгэлийн хуудастай давхацдаг. ...Үүнтэй зэрэгцээд Нийслэлийн Боловсролын ерөнхий газраас мөн агуулга бүхий хамтарч ажиллах чиглэлийг гомдол гаргагч сургуульд, тэдгээрийн эцэг эхчүүдийн төлөөлөлд, доод шатны байгууллага буюу Нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн. Агуулгын хувьд, иргэн Т.Б******* болон “Нийслэлийн Ерөнхий Боловсролын С******* сургууль” ХХК нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар, хэн нэгнийгээ эрх ашгийг хөндөхгүйгээр, мөн маргаан бүхий объектод өөр гуравдагч этгээд сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг уг маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуул гэдэг агуулгаар гарсан. Энэ талаар гомдол гаргагч сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөлд мөн хаяглаж хүргүүлж байсан. Нийслэлийн Боловсролын газрын улсын байцаагч Н.У******* нь гомдол гаргагч сургуульд албан шаардлагуудыг хүргүүлж байсан бөгөөд энэ албан шаардлага бүрийн хариуг, улсын байцаагчийн албан шаардлагад дурдагдсан зөрчлүүдийг арилгаж, холбогдох баримтын хамт хүргүүлж байсан. Н.У******* байцаагчийн хувьд улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэдэг агуулгаар шийтгэлийн хуудас ногдуулж, 20 мянган нэгээр торгосон. Энэ шийтгэлийн хуудаст хугацаатай албан даалгавар байгаа. 2025 оны 04 дүгээр сарыг хүртэл сургалтын үйл ажиллагааг зогсоо, манайд эргүүлэн хариу илгээ гэж хэлдэг. Гомдол гаргагч сургуулийн хувьд уг дурдсан хугацаанд буюу 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элсэлт аваагүй. Үүнээс өмнөх хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүл гэсэн чиглэлийн хүрээнд үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлсэн бөгөөд суудал баталгаажуулах, анги дэвших зэрэг тодорхой шалтгааны улмаас зарим эцэг эхчүүд төлбөр шилжүүлж байсан нөхцөл байдал байгаа. Гэтэл хариуцагч улсын байцаагч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, сургалтын үйл ажиллагааг зогсоосон байхад элсэлт авсан гэж тайлбарладаг. Улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаанд 2025, 2024 оны баримтуудыг цуглуулсан. Үүний дотор 2024 оны сүүл 20285 оны эхэн хугацааны Монгол Улсад зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа арилжааны банкуудад байх гомдол гаргагч сургуулийн харилцах дансны хуулга байдаг. Энэ баримтыг хараад гомдол гаргагч сургуулийг сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн нь тогтоогдсон гэж үзэж шийтгэлийн хуудас ногдуулсан. ...Дараагийн үндэслэлийн тухайд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй. Шүүхийн журмаар, хариуцагч нарын зүгээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн хувийн хэргийг бүхэлд нь хуулбарлаж гаргаж өгсөн. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс эхлээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдүүдийн хуульд заасан эрх үүргийг эдлэх боломжийг хангаж ажиллагаагүй. Хуульд зөрчлийн хэрэг бүртгэлт нээсэн бол нээснээс хойш хуульд заасан хугацаанд зөрчилд холбогдогч этгээдэд танилцуулна, улмаар гомдол гаргах эрхээр хангана гэж тодорхой заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тухайн зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд хохирогч байна гээд тодорхой хуульчилсан. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Т.Б*******гийн гэх гомдлоор түүнийг хохирогчоор тогтоож, холбогдох мэдүүлэг, тайлбарыг түүний өмгөөлөгч нараас авч ажиллагаанууд хийгдсэн. Т.Б*******гийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөв, Т.Б*******гаас өөр иргэн буюу эцэг эхчүүдээс гомдол гаргагч сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан зүйл байгаа юу гэж энэ шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн асуусан байдаг. Гэтэл албан ёсоор бичгээр гаргасан зүйл байдаггүй. Харин хохирогчийг тогтоохдоо “Нийслэлийн Ерөнхий Боловсролын С******* сургууль” ХХК-ийн албан ёсны пэйж-д үзлэг хийсэн. Гэтэл иргэд хохирсон мэтээр сэтгэгдэл /comment/ үлдээсэн байсан гэдэг тайлбар өгдөг. Энэ баримтад тулгуурлаж Хэрэглэгчийн эрхийн тухай хууль зөрчсөн, бодит мэдээллийг нуун дарагдуулж төөрөгдүүлсэн гэрээ хэлцлийг эцэг эхчүүдтэй байгуулсан мэтээр дүгнэж байгаа. Хэрэгт сургалтын үйл ажиллагаа эрхлэх 2003 оны 2 гэрээ байгаа. Энэ гэрээг байгуулсан эцэг эхчүүд, тэдгээрийн төлөөллөөс суралцагчдын төлөөллөөс тайлбар мэдүүлэг аваагүй. Мөн Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудлууд яригдана. Хэрэгт 2023-2025 он хүртэлх цахим дахь бүх мэдээлэлд үзлэг хийж тэмдэглэлээр баталгаажуулсан нь авагдсан. Энэ зөрчил хэдий хугацаанд үйлдэгдсэн, үйлдэгдсэн цаг хугацааг хэрхэн яаж тоолсон гэдэгт өнөөдрийг хүртэл бодитой хариултыг хариуцагч нарын зүгээс өгч чаддаггүй. ...Мөн улсын байцаагч нь Зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн гэж тайлбарладаг. Зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн гэж тайлбарладаг. Гэхдээ шийтгэлийн хуудаст агуулгыг тодорхой тусгаагүй. 06 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн 2381 дугаарт зөрчилд шийтгэл ногдуулах шийтгэлийн хуудас хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй. Холбогдогчийн төлөөлөгч Б.Ж*******ыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд татаж оролцуулсан бөгөөд үүнийг зөрүүтэй тайлбарладаг. Зөрчлийн хувийн хэргийг баримтад Б.Ж*******ын итгэмжлэл хуульд заасан шаардлага хангахгүй байна гэж тайлбарладаг. Гэтэл итгэмжлэл дотроос бусад төрийн байгууллагад гэдэг хэсгийг аваад энэ итгэмжлэл хууль ёсны байна гэдэг агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбарладаг. ...Харин гомдол гаргагч сургуулийн үйл ажиллагаа эрхэлж байсан сургалтын объектод улсын байцаагч нар нэг ч удаа биеэр очоогүй бөгөөд өөрийн албан тоот өрөөнд хөндлөнгийн гэрчүүдэд байлцуулаад үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн. “Нийслэлийн Ерөнхий Боловсролын С******* сургууль” ХХК-ийн цахим хуудсанд тавигдсан рийлсүүд, фото зураг, стикер зэрэг мэдээллүүдэд тулгуурлаж сургалтын үйл ажиллагааг зогсоосон байхад хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн, элсэлт авсан байна гэж тайлбарладаг. ...Дараагийн асуудал нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 20 өдрийг хүртэл 3 сарын хугацаанд сургалтын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн. Улсын байцаагчийн шийтгэл ноогдуулах хүртэл хугацаанд сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хуулийн хувьд хүчин төгөлдөр. Одоо ч хүчин төгөлдөр байгаа бөгөөд 2027 он хүртэл тусгай зөвшөөрөл олгогдсон. ...Үүнтэй зэрэгцээд 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 02 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Боловсролын газраас дахин манай сургуульд албан тоотуудыг ирүүлээд, манайх хариуг Нийслэлийн Засаг дарга руу хүргүүлж байсан. Энэ бүгдээс дүгнээд үзэхэд зөвхөн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх агуулга бүхэлдээ ижилхэн байна. Нэг агуулгаар Нийслэлийн Засаг дарга, Боловсролын газар, Монополын эсрэг газар тус тусдаа өөрсдийн хууль тогтоомжид заасан үндэслэлүүдийг удирдлага болгож шийтгэл оногдуулсан. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны болоогүй гэдэгтэй холбоотой зөрчлийн хувийн хэргийн баримтууд дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын тогтоолууд авагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч компанийн хүсэлтээр прокурорын тогтоолуудыг авсан. Дээрхээс дүгнэвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, бодит зөрчлийг шалган тогтоогоогүй, зөрчил үйлдсэн цаг хугацааг тогтоогоогүй үндэслэлүүд байна. Тийм учраас гомдлын шаардлагыг хангаж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

6. Хариуцагч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:  

6.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тус газарт иргэн Т.Б*******гаас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан “Нийслэлийн боловсролын с******* сургууль нь төрийн байгууллагын зүгээс элсэлтийн үйл ажиллагааг зогсоосон байтал энэхүү нөхцөл байдлыг эцэг, эхчүүдээс нуун дарагдуулж, тэднийг хууран мэхлэх замаар элсэлт болон сургалтын төлбөр авч хохироож байна.” гэх гомдол ирүүлснийг шалгах явцад С******* сургууль нь “Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 22-р хороо, ХААИС 3/3 тоот Ч төвийн 1, 2 дугаар давхар” хаяг байршилд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч зөвшөөрөлгүй хаяг байршилд буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, тоот хаягтай объектод сургалтын үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд тухайн байршилд шинээр болон нэмэлт элсэлт авч байгаа талаар өөрийн “S” цахим хуудсаар сурталчилгаа явуулж байсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн 2502000244 дугаартай хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургууль нь төрийн байгууллагын нийслэлийн Боловсролын газраас удаа дараа хүргүүлсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах мэдэгдэл, шаардлага болон хяналт шалгалтын хүрээнд хүргүүлсэн салбарын хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус биелүүлээгүй, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдээлэл сурталчилгаа байршуулах замаар олон нийтэд хүргэж, бусдыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх үйлдэл гаргасан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “...гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал, мэдээлэл өгөхийг хориглоно.”, 12.9-т “...үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж, мөн Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно.”, 6.5.1-д “зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах” гэж заасныг тус тус зөрчсөн нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдсон. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдогч Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургууль”-д 20,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан. Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай журмын дагуу Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хяналтын прокурорын хяналтад зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг явуулдаг. Иймд Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0002381 дүгээр шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургуулийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6.2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гээд, 1.3-д энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн, 6-д Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно гэж тус тус заасан. “Нийслэлийн Ерөнхий Боловсролын С******* сургууль” ХХК-ийн С******* интернэйшнл Скүүл /S/ цахим хуудсаар зар сурталчилгаа явуулсан хугацааг авч үзвэл энэ хуульд хамаарахгүй байгаа. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0002 дугаар магадлалын 6 дахь хэсэгт дүгнэсэн байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй талаар саналыг би хэлсэн байдаг. Мөн гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Ж*******ын итгэмжлэлийг хууль бус гэж үзэж байх шиг байна. Хууль ёсны төлөөлөгч Б.Ж*******ын итгэмжлэл хэрэгт авагдсан бөгөөд уг итгэмжлэлд Иргэний хэргийн шүүх болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар төрийн бүх шатны байгууллагад төлөөлөх эрхтэй гэдгийг тодорхой дурдсан. Энэ талаар мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын 7 дахь хэсэгт эцэслэн дүгнэсэн. Тийм учраас үүнийг дахиж ярих шаардлагагүй байх. Гомдол гаргагч талаас хохирогчийг тогтоогоогүй гэж тайлбарлаж байна. Хэрэглэгчийг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн гэх зөрчилд гомдол гаргагч Т.Б*******гийн эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаарх асуудлыг ярьж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж тооцохоор заасан. “Нийслэлийн Ерөнхий Боловсролын С******* сургууль” ХХК-ийн энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бодит бус, худал мэдүүлэг агуулсан, бусдыг төөрөгдүүлэхүйц сурталчилгаа, мэдээллийг явуулсан зөрчил үйлдсэн гэж үзсэн. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Уг зөрчилд заавал бодит хохирол учирсан байхыг шаардахгүй. Бодит бус мэдээлэл гэдэгт тус сургуулийн өөрийн албан ёсны цахим хуудсаар манай сургууль нь Яармагтаа хамгийн олон гадаад хэлний хөтөлбөр хэрэгжүүлдэг, Хятад хэл дээрх мэргэжлийн суурь хөтөлбөр хэрэгжүүлдэг, Сингапурын Олон Улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг, мэдээлэл технологийн мэргэжлийн суурь хөтөлбөр хэрэгжүүлдэг Олон Улсын сургууль, монгол болон гадаад багштай, 705 хүүхдийн багтаамжтай, өөрийн гэсэн байртай гэх агуулгатай зар сурталчилгааг явуулсан. Зар сурталчилгаа явуулсан хугацаа нь 2024 оноос эхлээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа хугацаа буюу 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны хооронд гэж үзэж байгаа. Удаа дараа зар сурталчилгаа явуулсан, 1 дүгээр ангийн шинэ элсэлт авсан зэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд зөрчлийн хэргийн материалд авагдсан. Ерөнхий боловсролын сургууль Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авна гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.3 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн. Мөн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13, 6.14 дэх хэсэгт мэргэжлийн болон техникийн боловсролын ижил түвшний олон улсын хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохиолдолд мөн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авна гэж заасан. Гэтэл дээрх зөвшөөрлүүдийг аваагүй гэдэг нь манай газарт ирүүлсэн Боловсролын яамны 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6/2526 дугаартай албан бичгээр нотлогддог. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 28 дугаартай ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн загварыг шинэчлэн батлах тухай тушаалын 2.1 дэх хэсэгт олон улсын хөтөлбөр болон төрөлжсөн сургалттай сургууль гэсэн нэмэлт бичиглэлийг өмчийн хэлбэр харгалзахгүй ерөнхий боловсролын бүх сургуулиуд нэршилдээ ашиглахгүй гэх үүргийг бүх боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосон. Уг тушаалыг Боловсролын яамнаас ирүүлсэн бичгийн хавсралтаар манай газарт ирүүлсэн байдаг. Гомдол гаргагч сургуулийг торгосон зөрчил бол хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа явуулж элсэлтийн төлбөр авсан, мөн олон улсын хөтөлбөр буюу мэргэжлийн суурь хөтөлбөрийг тусгай зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн гэж үзсэн. Сурагчдыг хохирохоос сэргийлж салбарын улсын байцаагч нар удаа дараа албан шаардлагыг хүргүүлсэн байдаг. Гэтэл тухайн албан шаардлагын хэрэгжилт хангагдаагүй. Манай байгууллагын хувьд давхардсан хяналт шалгалт хийсэн зүйл байхгүй. Харин манайд ирсэн гомдлын дагуу хуульд заасан эрх үүргийн хүрээнд гомдлыг шалгах явцад илэрсэн зөрчлийн хүрээнд шийтгэл ногдуулсан. Эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц эхлэхээсээ дуусах хүртэл бүхэлдээ Нийслэлийн Прокурорын газрын хяналтын Прокурорын хяналтад явагддаг. Холбогдогч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хууль ёсны төлөөлөгч оролцуулах, зөрчлийн материалтай танилцах, хүсэлт, гомдол гаргах хуульд заасан эрхийг эдлүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад утас болон дуудах хуудас, албан бичиг зэргээр шуурхай харилцаа холбооны бүх л хэрэгслийн хүрээнд тухай бүр мэдэгдэж байсан. Энэ бүхэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоно. Холбогдох боломжгүй тохиолдолд цахим мессежийг өөрийн албан ёсны цахим хуудсаар үлдээх гэх мэтээр аль болох холбогдогчийн эрх үүргийг хангаж ажилласан. Мөн зөрчлийн шийтгэл оногдуулсан хуудсыг шуудангаар хуулийн хугацаанд багтааж хүргүүлсэн байдаг. Энэ нь зөрчлийн хэргийн материалд авагдсан байгаа....” гэв.

 

6.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монополын эсрэг газарт иргэн Т.Б*******гаас 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр “Нийслэлийн Ерөнхий Боловсролын С******* сургууль” ХХК нь төрийн байгууллагын зүгээс элсэлтийн үйл ажиллагааг зогсоосон байтал энэхүү нөхцөл байдлыг эцэг эхчүүдээс нуун дарагдуулж, хууран мэхлэх замаар элсэлт болон сургалтын төлбөр авч байна гэсэн гомдол ирсэн. Манайх Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно гэсний дагуу шалгасан. Мөн тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдээлэл, сурталчилгаа байршуулах замаар олон нийтэд хүргэж, бусдыг хууран мэхэлсэн, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Зар сурталчилгаа бүтээх, түгээх дараах зүйлийг хориглоно гээд, 6.5.1-д зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй, хэрэгжих үйл ажиллагааг аливаа хэлбэрээр сурталчилгаа явуулахгүй байх гэж за заасныг тус тус зөрчсөн гэж шийтгэл ноогдуулсан. Мөн цахим хуудсанд үзлэг хийсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад аль ч төрийн байгууллага фэйсбүүкийн төв оффис дээр нь очоод дата цэг дээр нь бол үзлэг хийх техникийн болон санхүүгийн чадамж байхгүй. Хийсэн газар бараг байхгүй. Мөн гомдол гаргагч сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байхад үйл ажиллагаа эрхэлж байсан гэдэг нь Монгол Улсад зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа 12 банкны хуулгаар нотлогддог. Тийм учраас гомдол гаргагч сургуулийг хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, бараа, ажил үйлчилгээний талаар худал мэдээлэл өгсөн гэж шийтгэл оногдуулсан. Харин Нийслэлийн боловсролын газрын байцаагч Н.У*******гийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гэдэг агуулгаар шалгаагүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхээс гомдол, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг судалж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь заалтыг тус тус баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж, Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тогтоогдсон үйл баримтын тухайд:

1.1.“Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургууль” ХХК (цаашид “С******* сургууль” гэх)-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 000250476 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн хаяг, мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 222031242 дугаар Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл[4]-д сургалт эрхлэх нутаг дэвсгэрийн хаягийг “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС 3/3 тоот Ч төвийн 2 давхар[5]” гэж тус тус заасан байна. 

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг “Бүрэн дунд боловсрол олгох” гэж, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтад “Сургалт явуулах чиглэлийг бага 1-5 анги, суурь 6-9 анги, ахлах 10-12 анги”, “Эзэмшүүлэх боловсролын түвшинг бага, суурь, бүрэн дунд” гэжээ.

1.2. С******* сургууль нь иргэн Т.Б*******тай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ХХАГ23/08-01 дүгээр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж[6], тус гэрээгээр иргэн Т.Б*******гийн өмчлөлийн дараах 2 үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар, ингэхдээ 17,000,000,0000 (арван долоон тэрбум) төгрөгийн төлбөрийг 2028 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор бэлэн болон бартерийн хэлбэрээр барагдуулахаар харилцан тохиролцсон[7] байдаг. Үүнд:

  • Улсын бүртгэлийн Ү-2206081197 дугаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам (17100), тоот хаягт байршилтай 4511.87 м.кв талбайтай сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
  • Улсын бүртгэлийн Ү-2206081196 дугаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам (17100), 1228/1 тоот хаягт байршилтай 1662.97 м.кв талбайтай сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалттай үл хөдлөх хөрөнгө[8].

Ингээд 2024 оны 03 дугаар сараас эхлэн гэрээний талуудын хооронд маргаан үүсэж, С******* сургууль нь иргэний хэргийн шүүхэд хандсан байх ба иргэний шүүх нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/07425 дугаар шийдвэр[9], Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2025/02160 дугаар магадлалаар тус тус эцэслэн шийдвэрлэж, С******* сургуулийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ[10].

1.3. Гомдол гаргагч нь 2023 оны 06 сарын 15-наас дээрх иргэн Т.Б*******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын ам /17100/, 1228/1, тоот хаягт үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба энэхүү хаяг дээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, мөн сарын 26[11]-ны өдөр I-IX ангийн шинэ, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр[12] нэмэлт, 2025 оны 03 дугаар сарын 07, 17-ны өдрүүдэд бэлтгэл бүлэг, мөн сарын 11-ний өдөр[13] нэмэлт, мөн оны 04 дүгээр сарын 04[14]-ний өдөр бэлтгэл бүлгийн элсэлт авах зарыг тус тус “S” фэйсбүүк хуудаст байршуулсан байна.

Өөрөөр хэлбэл, С******* сургууль нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын ам /17100/, 1228/1, тоот хаягт 2023 оны 06 сараас эхлэн үйл ажиллагаа явуулж, элсэлт авах зарлалдаа маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хаягийг тавьсан талаар талууд тухайлан маргадаггүй.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс цуглуулсан нотлох баримтын хүрээнд Боловсролын ерөнхий газарт гомдол гаргагч нь хаягийн өөрчлөлт хийлгэх хүсэлтийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус тус гаргажээ.

Харин Нийслэлийн Боловсролын газраас нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтүүдийг хүлээн авсан боловч холбогдох материал дутуу гэсэн үндэслэлээр шийдвэрлээгүй буюу бичгээр хариу өгөөгүй хаасан байдаг[15].

            1.5. Нийслэлийн Боловсролын газрын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03-13-00-023/105 дугаар, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03-13-00/021/87 дугаар албан шаардлагуудаар маргаан бүхий байршилд элсэлт авахгүй байхыг даалгаж, Нийслэлийн Боловсролын газраас 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2/271 дугаар албан бичгээр шаардлага, мөн өдрийн 06/318 дугаар албан бичгээр энэ талаар хэрэгжүүлэх шаардлагатай чиглэлийг С******* сургуульд хүргүүлжээ[16].

            Хоёр. “Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудас”-ны тухайд:

            2.1. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, бодит нөхцөл байдлын талаар:

2.1.1. Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйл буюу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих хэсгийн 3-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл … бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний дагуу гомдол гаргагчид шийтгэлийн хуудас оногдуулсан.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна.” гэснийг баримтлан дээрх зөрчилд шийтгэл оногдуулж 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгожээ.

Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудаст гомдол гаргагчийн зөрчлийг “НЕБ-ийн С******* сургууль нь эцэг, эхчүүд, асран хамгаалагчдаас бодит байдлыг нуун дарагдуулах замаар хууран мэхэлж, төөрөгдүүлэн хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан” гэж тодорхойлсон байдаг.

            2.1.2. Хариуцагчаас гомдол гаргагчийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно.” гэж, 12.9-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.” гэж заасныг, мөн Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5-д “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно:” гэж, 6.5.1-т “зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах” гэж заасныг тус тус зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж маргаж, энэ хүрээнд тайлбар ирүүлдэг. Ингэхдээ гомдол гаргагчийг дараах байдлаар дурдсан хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэжээ. Үүнд:

- “Суралцагчдын эцэг, эх, асран хамгаалагчдад өөрийн гэсэн байртай гэж бодит мэдээллийг нуун дарагдуулах замаар хууран мэхэлж, төөрөгдүүлэн суралцагчдын эрхийг зөрчсөн гэрээ байгуулсан (Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг);

- Тусгай зөвшөөрөлгүйгээр олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай зар түгээсэн (Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг)” гэж.

Харин гомдол гаргагч нь “улсын байцаагч нарын албан шаардлагуудыг биелүүлээгүй” гэсэн шалтгаанаар өөрт нь шийтгэлийн хуудас оногдуулсан гэж маргадаг боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Нийслэлийн Боловсролын газрын улсын байцаагчийн 2024 оны 03-13-00-023/105 дугаар, 2025 оны 03-13-00/021/87 дугаар албан шаардлагуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулаагүй” гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй[17].

2.1.3. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсгийг зөрчсөн байхын тулд 1/худалдагчаас хэрэглэгчид бараа, үйлчилгээ санал болгосон байх, 2/ингэхдээ тухайн бараа, үйлчилгээний талаарх худал мэдээллийг хэрэглэгчид өгөх, 3/цаашлаад хэрэглэгчтэй гэрээ байгуулсан байх, 4/үүний улмаас хэрэглэгчийн эрх хохирсон эсхүл хохирох нөхцөл бүрдсэн байхыг ойлгохоор байна.

Гомдол гаргагчийг элсэлт авах зард “өөрийн байртай гэсэн мэдээлэл түгээсэн” гэх асуудлыг авч үзвэл, хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх[18] ба зөрчлийн хэргийн материалд гомдол гаргагч сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа хаягт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг бусдаас худалдах, худалдан авах гэрээ[19]тэй, энэ гэрээний асуудлаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа[20] явагдаж байгаа талаар тодорхой баримтууд авагджээ.

 

Мөн дээр дурдсанчлан гомдол гаргагчаас Нийслэлийн боловсролын газарт хаяг өөрчлүүлэх 2[21] (хоёр) удаагийн хүсэлт гаргасан ба хүсэлтийг хангах боломжгүй талаарх Боловсролын ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/805 дугаар, Нийслэлийн боловсролын газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6/1556 дугаар албан бичиг, иргэн Т.Б*******гаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03-01 дүгээр албан бичгүүд[22]ээс энэхүү хаягын өөрчлөлт С******* сургуулиас шалтгаалахгүй нөхцөл байдлаас үүдэн хийгдээгүй байна.

2.1.4. Дээрх баримтуудаас дүгнэхэд, гомдол гаргагч хаягын өөрчлөлтийг тодорхой шалтгааны улмаас хийлгээгүй болон элсэлтийн зард “өөрийн сургуулийн тухайн цаг хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа хаягын мэдээллийг тусгаж, өөрийн байртай” гэсэн нь хэрэглэгч буюу эцэг эх, асран хамгаалагч нарт үйлчилгээний талаарх худал, бодит бус мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй.

 

Учир нь, гомдол гаргагч болон түүний үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч иргэн Т.Б******* нарын хооронд гэрээ байгуулагдсан, мөн 2023 оны 06 сараас 2024 оны 03 сарыг хүртэлх хугацаанд бодитоор хөрөнгийг эзэмшиж, ашиглахыг өмчлөгч хүлээн зөвшөөрсөн байсан зэрэг нь баримтуудаар нотлогдсон, мөн тухайн цаг хугацаанд гомдол гаргагчийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхийг шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад тогтоох боломжгүй (эрх бүхий албан тушаалтанд энэ асуудлыг тогтоох эрх байхгүй) байхад “үйл ажиллагаа явуулах өөрийн байртай” гэснийг худал, бодит бус гэж үзсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан “худал мэдээлэл”, мөн зүйлийн 12.9-т заасан “хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх” гэдэгтэй нийцэхгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, талууд тус сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн талаар маргаантай байсан, түүнчлэн энэхүү шүүхийн шийдвэр гарах үед тус маргаан нь иргэн Т.Б*******гийн талд эцэслэн шийдвэрлэгдсэн хэдий ч тухайн хариуцагчийн шийтгэлийн хуудас ногдуулсан буюу 2023 оны 06 сараас 2025 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэр эцэслэгдэх хүртэлх цаг хугацаанд гомдол гаргагчийн эрхээ хамгаалуулах, шүүхэд мэдүүлэх, маргах эрхийг хөндөж, хувийн эрх зүйн этгээд хоорондын маргааныг урьдчилан захиргааны байгууллага, албан тушаалтан дүгнэж, маргааны нэг талыг худал, бодит бус мэдээллээр хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн гэж шийтгэл оногдуулсан нь өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн, шударга ёсны зарчимд харш шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн шүүхээр гомдол гаргагч болон иргэн Т.Б******* нарын хооронд байгуулагдсан иргэний эрх зүйн гэрээ[23]г хууль бус гэж үзээгүй, мөн 2023 оны 06 сараас 2024 оны 03 сарыг хүртэлх хугацаанд гэрээний харилцаатай байсныг үгүйсгээгүй, харин “гэрээний үүрэг биелэгдэхгүй байсантай холбогдуулан иргэн Т.Б*******г 2024 оны 03 сард гэрээнээс нэг талын хүсэлтээр татгалзаж, гэрээ дуусгавар болсон[24]” гэснээс үзэхэд гомдол гаргагч нь гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулж, гэрээний нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбоотой маргаан үүсэж, уг маргаан шүүхээр эцэслэгдэхээс өмнө гомдол гаргагчийг буруутгаж, худал мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй юм.

            2.1.5. Иймд шүүхээс нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч нь гомдол гаргагчийг 1/иргэн Т.Б*******тай 2023 оны 06 сараас эхлэн харилцан тохиролцож, холбогдох гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдэд үйл ажиллагаа явуулж эхэлсэн болох нь баримтаар тогтоогдсон, 2/ тус талуудын хооронд байгуулагдсан хувийн эрх зүйн гэрээ нь хүчин төгөлдөр, хууль ёсны эсэхийг хянуулахаар хуулийн байгууллагад зохих журмын дагуу хандаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан, 3/түүнчлэн хуульд заасны дагуу хаягын өөрчлөлт хийлгэх хүсэлтийг удаа дараа гаргаж, түүнээс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас өөрчлөлт хийгдээгүй зэргийг мэдсэн атлаа түүнийг үндэслэлгүйгээр буруутгаж, бодит байдлыг харгалзан үзэхгүйгээр шийтгэлийн хуудас оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, мөн зүйлийн 4.2.5-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг зөрчсөн гэж үзлээ.  

            2.1.6. Гомдол гаргагчийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.3-т “олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах бол Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авах” гэж, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13-т “Мэргэжлийн болон техникийн боловсролд ижил түвшний олон улсын болон хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.”, мөн зүйлийн 6.14-т “Энэ хуулийн 6.13-т заасан хөтөлбөрийн сургалттай мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл олгоно.” гэж тус тус заасны дагуу холбогдох зөвшөөрөл аваагүй.

            Гэтэл элсэлт авахдаа “1/Хятад хэл дээрх мэргэжлийн суурь хөтөлбөр, 2/Сингапурын олон улсын хөтөлбөр, 3/Олон улсын харилцааны мэргэжилтэн бэлтгэх мэргэжлийн суурь хөтөлбөр, 4/Мэдээллийн технологийн мэргэжлийн суурь хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын сургууль гэсэн зар сурталчилгааг удаа дараа явуулсан” гэдэг нь хангалттай тодорхой нотлогдсон гэж хариуцагч тайлбарладаг.

            2.1.7. Боловсролын ерөнхий хууль (2023.07.07)-ийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, … байна.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “"ерөнхий боловсрол" гэж бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин бүхий нийт 12 жилийн хугацаанд эзэмших боловсролыг хэлнэ” гэж тус тус зааснаас үзвэл гомдол гаргагч нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1134 дүгээр захирамж[25]аар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Боловсролын тухай хууль (2002.05.03)-ийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасны дагуу авч, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1396 [26]дугаар захирамжаар сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулснаар бага, дунд, ахлах ангийн 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

            Гомдол гаргагчийн байршуулсан зар сурталчилгаанууд нь бэлтгэл бүлэг болон 1-12 дугаар ангийн шинэ эсхүл нэмэлт элсэлт тухай байх ба тус  зарлалд С******* сургуульд суралцдаг ерөнхий боловсролын сурагчид 10 дугаар ангиасаа эхлэн нэмэлт хөтөлбөр (үүнд: 1/Хятад хэл дээрх мэргэжлийн суурь хөтөлбөр, 2/Сингапурын олон улсын хөтөлбөр, 3/Олон улсын харилцааны мэргэжилтэн бэлтгэх мэргэжлийн суурь хөтөлбөр, 4/Мэдээллийн технологийн мэргэжлийн суурь хөтөлбөр)-өөс нэгийг нь сонгон суралцах[27] давуу талтай тухай мэдээллийг агуулжээ.

            2.1.8. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль (2023.07.07)-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зорилго нь нийгмийн хөгжил, эдийн засгийн бүтээмжийг дэмжих, хөдөлмөрийн зах зээл, ур чадварын эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвар бүхий иргэн бэлтгэж, мэргэшлийн түвшин ахиулах, тасралтгүй хөгжих хэрэгцээг хангахад оршино.” гэж,  мөн 12 дугаар зүйлийн 12.1-т “Техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлнэ.” гэж, 12.2-т “Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт суурь боловсрол эзэмшсэн, эсхүл насанд хүрсэн хүнийг элсүүлнэ.” гэж тус тус зааснаас үзэхэд  гомдол гаргагч нь мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтад элсэлт авах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар зар сурталчилгаа явуулаагүй байна.

            Учир нь, гомдол гаргагч дээр дурдсанчлан ерөнхий боловсрол эзэмшиж байгаа сурагч буюу (1-12 ангийн насанд хүрээгүй иргэн) 10 дугаар ангиасаа нь эхлэн зарим хүрээнд суурь мэдлэг олгоход чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг тухай зар сурталчилгаа явуулсан нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй тул тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.13, 6.14 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байхыг шаардаж, энэхүү шалтгаанаар гомдол гаргагчийг худал мэдээлэл түгээсэн сурталчилгаа явуулсан, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж буруутгасан нь  үндэслэлгүй.

            2.1.9. Мөн Зөвшөөрлийн тухай хууль (2022.06.17)-ийн шинэчилсэн найруулгыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба Зөвшөөрлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2023.01.06)-ийн 1 дүгээр зүйлд “Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн…шинэчилсэн найруулгын төслүүдтэй холбогдуулан эдгээр хуулиар зохицуулж байгаа харилцааг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тус тус хуулиар зохицуулна” гэж заасан тул гомдол гаргагчийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой харилцаанд зөвшөөрөл олгох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Боловсролын тухай хууль (2002.05.03)-ийн зүйл, заалтыг зайлшгүй анхаарах шаардлагатай.

 

            Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэдэг сургууль” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль,… байгуулах зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.” гэж тус тус зохицуулсан ба энэ нь тухайн сургууль олон улсын аль нэг сургуулийн хөтөлбөрийг бүх суралцагчдад нэг агуулгаар, тогтмол хичээллэдэг байхыг ойлгохоор байна.

            Үүнээс үзэхэд гомдол гаргагчийн нийтийн сүлжээнд байршуулсан зар сурталгаанаас олон улсын хөтөлбөрийн дагуу хичээллэдэг бус харин нэмэлт хөтөлбөр сонгон хичээллэх боломжийг сурагч нарт олгодог талаарх мэдээллийг түгээсэн байх тул ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн суралцагчдын сонголтоор ийнхүү нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.3-т заасан зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаанд хамаарахгүй байгааг анхаарвал зохино.

            2.1.10. Харин Боловсролын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Албан боловсролын агуулга нь суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.” гэж, мөн зүйлийн 14.3-т “Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын хөтөлбөр, агуулгатай холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна.” гэж ерөнхий боловсролын сургуульд заавал орох сургалтын хөтөлбөрийн агуулгыг нарийвчилсан хуулиар зохицуулахаар тусгажээ.

Улмаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль (2023.07.07)-ийн 10 дугаар зүйлийн 10.9-т “Ахлах ангийн сургалтын хөтөлбөр нь заавал болон сонгон судлах хэлбэртэй байна.” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д “Ахлах сургууль нь сургалтын хөтөлбөрийн онцлогоос хамааран төрөлжиж болно.”, 20.8-д “Энэ хуулийн …20.6-д заасан төрөлжсөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг энэ хуулийн … ерөнхий боловсролын сургуулийн захирал сургуулийн зөвлөлөөр хэлэлцүүлж батална.”, 20.9-т “Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын сургууль энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан агуулгыг суралцагчид заавал эзэмшүүлнэ.” гэж тус тус зааснаас ерөнхий боловсролын сургууль нь ахлах ангийн суралцагчдад нэмэлтээр олон улсын болон төрөлжсөн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд заавал зөвшөөрөл авах хуулийн зохицуулалт байхгүй ба сургууль дотооддоо хөтөлбөрөө хэлэлцүүлэн батлахаар зохицуулсан байна.

            2.1.11. Цаашлаад, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/262 дугаар тушаалын хавсралт[28]аар батлагдсан “Төрөлжсөн сургалт зохион байгуулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2.11-т “мэдээллийн технологи”, 1.2.14-т “гадаад хэл”-ний чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилгоор дунд ангиас эхлэн төрөлжсөн сургалт зохион байгуулж болно” гэж, мөн журмын 1.4-т “Сургууль нь энэхүү журмын 1.2-т заасан чиглэлээс тав хүртэлх чиглэлийг сонгон төрөлжсөн сургалт зохион байгуулж болно.”, Суралцагч энэхүү журмын 1.2-т заасан чиглэлээс гурав хүртэлх чиглэлийн төрөлжсөн сургалтад зэрэг хамрагдаж болно.” гэж тус тус зааснаас С******* сургууль нь тусгайлсан үндсэн мэргэжлийн болон олон улсын боловсролын бие даасан хөтөлбөр хэрэгжүүлж тусгай мэргэжил эзэмшүүлээгүй, харин үндсэн хөтөлбөр дээрээ сонгон суралцах буюу ерөнхий боловсролын сургуулийг дүүргээд үргэлжлүүлэн сурахад нь дэмжлэг болоход чиглэсэн нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба энэ талаарх мэдээллийг сургалтын элсэлтийн зарлалд тусгаж, хэрэглэгдчдэд санал болгожээ.

 

Иймд гомдол гаргагчийг дээрх үндэслэлээр “Зар сурталчилгааны тухай хуулийн зөвшөөрөлгүй атал зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа явуулахыг хориглосон заалтыг зөрчсөн” гэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харин гомдол гаргагчаас хэрэглэгчид санал болгож байгаа энэхүү нэмэлт хөтөлбөрийг бодитоор заадаг эсэх, эсхүл эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжит хүний нөөцийн болон сургалтын бусад нөхцөл бүрдсэн зэрэгт хариуцагч огтоос хяналт шалгалт хийгээгүй, энэ тухай тайлбар, мэдүүлэг, холбогдох баримтыг цуглуулаагүй буюу зар сурталчилгаа бодитой эсэхийг нягтлах үүргээ биелүүлээгүй байна.

            2.1.12. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Боловсролын яамнаас хүргүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6/2526 дугаар албан бичиг нь “С******* сургуулийг …Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.3 дахь хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13, 6.14 дэх хэсэгт тус тус заасан зөвшөөрлийг авсан бүртгэл байхгүй тухай хариу өгчээ. Энэхүү албан бичигт “С******* сургуулийн ахлах ангийн суралцагчдад сонголтоор хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь заавал дээрх хуулиудад заасан зөвшөөрлийг авах шаардлагатай” гэж огт дурдаагүй, зөвхөн тус сургуулийг Зөрчлийн тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хуульд заасан зөвшөөрөлгүй болохыг л тодорхойлжээ.

Гэтэл тухайн сургуулийн элсэлтийн зар сурталчилгаанд дурдсан нэмэлт хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлдэг болох нь С******* сургуулийн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулсан “Сургалтын гэрээ[29]”-ний нөхцөлүүд болон “S” цахим хуудаст байршуулсан бусад мэдээллээр нотлогдож байхад хариуцагч нь худал мэдээлэл түгээсэн гэж гомдол гаргагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас сургуулийн фэйсбүүк платформ дээрх цахим хуудасны нэрийг “S” гэх боловч тус хуудаст байршуулсан мэдээллүүдийг “С******* сургууль” гэсэн нэршлээр нийтэлдэг болох нь зөрчлийн хэрэгт цуглуулсан баримт болон цахим хуудас[30]наас илэрхий байх тул цахим хуудасны нэрийг “S” гэсэнд тулгуурлан “хэрэглэгчдэд худал, бодит бус мэдээлэл өгсөн, тэдгээрийг төөрөгдүүлсэн” гэж үзэх нь үндэслэлгүй болно.

2.1.13. Хэрэв зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд элсэлт авсан эсхүл тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх боловсролын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн, эрх бүхий албан тушаалтны үүрэг даалгавар, албан шаардлагыг биелүүлээгүй” зэрэг зөрчил илэрсэн хариуцагч үзсэн бол Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 9.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарах тул хариуцагч нь харьяаллын дагуу холбогдох эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх үүрэгтэйг анхаарах нь зүйтэй.

2.1.14. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж зааснаас үзэхэд Зар сурталчилгааны тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлүүд нь тогтоогдохгүй байгаа нь гомдол гаргагчийн зөрчил тогтоогдоогүй байхад шийтгэл оногдуулсан нь хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”-ийг шалгах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйтэй холбоойтой юм.  

Иймд гомдол гаргагч Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургууль нь Зар сурталчилгааны тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчөөгүй учир Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл … бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний дагуу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгор шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр “хууль бус” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            2.2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар:

            Шүүхээс хариуцагчийг дараах үндэслэлээр “Зөрчлийн хэргийн оролцогчдыг буруу тогтоож, тэдгээрээс тайлбар, мэдүүлэг аваагүй” гэж үзлээ. Үүнд:

2.2.1. Энэхүү зөрчлийн хэргийн холбогдогч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.” гэсний дагуу “Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургууль” бөгөөд тус хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгаснаар “Гүйцэтгэх захирал Соёлоогийн Уянга[31] эсхүл түүний итгэмжлэл олгосон этгээд” байх ёстой.

Хариуцагч нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уянгийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тайлбар, мэдүүлэг авахаар дуудсан мэдэгдлийг хүргүүлсэн ба тус сургуулийн хуульч болон захирал С.Уянгын ээжтэй чатаар холбогдож, энэ талаар харилцсан, улмаар 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр улсын хилээр гарсан тухай албан бичгийг мөн сарын 28-ны өдрийн 2-4в/3945 дугаар албан бичгээр[32] Хил хамгаалах ерөнхий газраас авсан баримтуудыг цуглуулсан ба харин эсхүл түүнийг хэзээ эх орондоо ирэх талаар мэдээлэл, холбогдох нотлох баримтыг аваагүй байна.

Гэхдээ зөрчлийн хэрэг нээхээс хаах хугацаанд буюу 2025 оны 04 сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хариуцагч нь өөрт хуулиар олгосон эрх хэмжээг хэрэгжүүлэх буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1-т “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг”-ийг холбогдогч биелүүлэхгүй тохиолдолд, мөн зүйлийн 4-т “…үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.” гэж, 4.16 дугаар зүйлийн 5-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн холбогдогч дуудсан цагт ирээгүй бол түүнийг албадан ирүүлнэ.” гэж тус тус заасны дагуу холбогдогч дуудсан цагт ирээгүй, тайлбар өгөхөөс санаатайгаар татгалзсан эсхүл зугтсан бол холбогдох арга хэмжээг авах бүрэн боломжит хугацаа байсан.  

2.2.2. Хариуцагч нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Бямбасүрэнгийн Ж*******ыг тогтоож[33], мэдүүлэг[34] авсан ба ингэхдээ С.Уянгаас Б.Ж*******т 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр олгосон 0373 дугаар итгэмжлэлийг үндэслэжээ.

Тус итгэмжлэлийн “…бүрэн эрх” хэсэгт “Төлөөлүүлэгч энэхүү итгэмжлэлийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургууль ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Т.Б*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, …ИХШХШтХ-ийн 25, 26-р зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх, Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 12-13 дугаар зүйл, 22-р зүйлд заасан эрх эдлэх, …сургуулийн нэрийн өмнөөс сургуулийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх ашгийг хамгаалах асуудлаар харьяалах төрийн бүх байгууллагад бүрэн төлөөлөх, харилцах, мэдээлэл авах, материал гаргуулах авах, хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, шаардлагатай тохиолдолд харьяалан цагдаагийн байгууллагад бүрэн төлөөлөх зэрэг үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож байна.” гэжээ.  

Гомдол гаргагч нь тус зөрчлийн хэрэгт түүнийг төлөөлөх эрхийг Б.Ж*******т олгоогүй буюу зөвхөн Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургууль ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Т.Б*******д холбогдох иргэний хэрэгт төлөөлөх эрхийн итгэмжлэл гэдэг бол хариуцагч нь тус итгэмжлэлийн “…сургуулийн нэрийн өмнөөс сургуулийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх ашгийг хамгаалах асуудлаар харьяалах төрийн бүх байгууллагад бүрэн төлөөлөх…” гэсэн хэсэгт хамаарна гэж тус тус маргадаг.

2.2.3. С******* сургуулийг төлөөлөх Б.Ж*******ын 2025 оны 0373 дугаар итгэмжлэл нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 12, 13, 22 дугаар зүйлд заасан эрх, үүргийг Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургууль ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Т.Б*******д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг тухайлан төлөөлүүлэхээр олгосон зөвшөөрөл байх ба итгэмжлэлийн “…харьяалах төрийн бүх байгууллагад бүрэн төлөөлөх” гэдэг нь уг иргэний хэрэгтэй хамааралтай асуудлаар төлөөлөх агуулгатай байх бөгөөд “С******* сургууль”-тай холбоотой ямар ч хэрэг, маргаанд түүнийг төлөөлөх бүрэн эрхийг олгосон” гэж үзэхгүй, иймээс тус иргэн нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч биш болно.

Мөн зөрчлийн хэрэгт С******* сургуулийн санхүүгийн ажилтан Р.Эрдэнэчимэгээс тайлбар авсан[35] боловч тэрээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т заасан итгэмжлэл олгогдоогүй, сургуулийн нэрийн өмнөөс тайлбар, мэдүүлэг гаргах эрхгүй этгээд юм.

Нөгөөтээгүүр, зөрчлийн хэргийн материалд Ш.Хэрлэнтунгалагийг үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилсон шийдвэр[36] болон хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар авч, түүнийг мэдүүлэг авахаар дуудахад[37] эрүүл мэндийн шалтгаантай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэснийг тодруулах, цаашлаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна.”, 2-т “Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно.” гэж заасны дагуу холбогдох арга хэмжээг авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийг оролцуулах боломжийг хангах ёстой, гэвч шаардлагатай ажиллагааг дутуу хийсэн байна.

2.2.4. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан ба эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан,…” гэж заасныг үндэслэн “өөрийн байртай, мөн олон улсын болон мэргэжлийн суур хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж  бодит бус, худал зар түгээж, бусдыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх үйлдлээр хэрэглэгчдийг хохироосон гэдэг. Уг шалгалтаар “…нийт 30 хүүхдийг шинээр элсүүлж, 36 000 000[38] (гучин зургаан сая) төгрөгийн орлого олсон” гэж, улмаар С******* сургуулийн нэр дээрх холбогдох банкуудын дансны хуулга болон 2 сурагчийн эцэг, эх, асран хамгаалагчтай байгуулсан гэрээг нотлох баримтаар авчээ.

Үүнээс үзэхэд энэхүү зөрчлийн хэргийн хохиргч нь шинээр элссэн 30 (гуч) хүүхэд буюу хохирогчоор тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тул тэдгээрээс сонгон тайлбар, мэдүүлэг авах ёстой байсан боловч гомдол гаргасан иргэн Түвшинжаргалын Б*******г хохирогчоор тогтоож, энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Т.Б******* болон түүний өмгөөлөгч А.Базарыг оролцуулсан[39] нь эрх бүхий албан тушаалтны саналууд[40] болон түүнээс авсан мэдүүлэг[41], өмгөөлөгчийн хүсэлт зэргээр нотлогддог.  

2.2.5. Иймд хариуцагч нь “энэхүү зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн оролцоог хангаагүй, зөрчилтэй холбогдуулан тайлбар аваагүй, хохирогчийн гомдол бусад ажиллагаатай холбоотойгоор эдлэх эрхийг нь зөрчсөн, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасан хохирогчийг буруу тодорхойлж, зөрчилд хамааралгүй этгээдийг оролцуулсан” зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Шүүхээс хариуцагчийг дараах үндэслэлээр “Маргаан бүхий шийтгэлийн хуудаст дурдсан зөрчлийг тогтооход чиглэсэн нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй” гэж үзлээ. Үүнд:

2.2.6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.” гэж, 4.14 дүгээр зүйлийн 1-т “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ.” гэж, 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.”, мөн зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно.” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;” гэж тус тус заасан тул хариуцагч нь гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-т заасан хэрэглэгчийн эрхийн хуулийг зөрчлийг гаргасан эсэхийг шалгахдаа тус зөрчлийг нотолсон эсхүл няцаасан аль аль талын нотлох баримтыг цуглуулж, шийтгэл оногдуулах эсэхийг дүгнэж, шийдвэрлэх үүрэгтэй.

Гэтэл хариуцагч нь нэгт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангаагүй, үүнээс гадна хоёрт, сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаантай, гомдол гаргагчаас шалтгаалахгүй нөхцөл байдлаас хамааран хаягын өөрчлөлт хийлгэх боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, тухайн цаг хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа хаягаа цахим хуудастаа “өөрийн байр”-тай гэж байршуулсан нь хэрэглэгчдийг хуурсан, төөрөгдүүлсэн үйлдэл эсэх, үүний улмаас хэрхэн хохиролтой гэрээ байгуулсан гэдгийг тогтоох ажиллагаа хийгээгүй, мөн гуравт, тус сургуулийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь заавал, эсхүл сонгох эсэх, аль түвшний суралцагчдад хамааралтай, хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх буюу ямар төлөвлөгөөг хэн, хэрхэн баталсан, эдгээрийг үндэслэн Зөвшөөрлийн тухай хууль болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан зөвшөөрөл авах үйл ажиллагаанд хамаарах зэргийг дүгнээгүйгээр зөвхөн сургуулийн цахим хуудаст байршуулсан зарлалд тулгуурлан, түүний агуулгыг зөрүүтэй тайлбарлаж, шийтгэлийн хуудас оногдуулсан байна.

2.2.7. Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий зөрчлийн хуудаст гаргасан зөрчил, түүний тогтоогдсон нөхцөл байдлын талаар тодорхой дурдаагүй, ямар хуулийн зүйл, заалтыг зөрчсөн тухай тусгаагүйгээс гомдол гаргагчийн гаргасан зөрчлийн үндэслэлийн талаар тодорхой бус, ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тодруулбал, зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлсэн албан бичиг болон цугларсан баримтуудаас үзэхэд 1/ “Боловсролын газрын улсын байцаагчийн албан шаардлагууд, удаа дараагийн мэдэгдэл, шаардлагуудыг биелүүлээгүй”, 2/ “тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдээлэл, сурталчилгаа байршуулсан[42]” нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэг, Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 6.5.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж, эдгээртэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулсан байдаг.

Харин шүүхэд гомдол гаргагчийг “өөрийн стандартын байртай” гэж элсэлтийн зарлалд тусгасан нь хэрэглэгчдэд хуурамч мэдээлэл хүргэсэн, эсхүл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд элсэлт зарласан, мөн тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулсан зэргээр зөрүүтэй байр суурийг илэрхийлдэг.

Энэ нь хариуцагч 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ … зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, … талаар тусгана.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

            Гурав. Хэргийн оролцогчдын шийтгэлийн хуудас болон түүнтэй хамааралтайгаар маргаж буй бусад үйл баримтын хүрээнд:

            3.1. Иргэн Т.Б******* болон Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургуулийн хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш тул уг асуудлаар шүүх тухайлан дүгнэлт өгөх болон энэ хүрээнд нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй болно.

   3.2. Тус хэрэгт авагдсан иргэн Б.Ж*******ын итгэмжлэл (нотлох баримт)-ийг үнэлэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/МА2026/0020 дугаар магадлалын Хянавал хэсгийн 8-д “…Иймд анхан шатны шүүхээс маргаан бүхий акт, гомдлын үндэслэл болон хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгч хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ” гэснийг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримт бүрийг шинээр үнэлж, нэмэлт баримт цуглуулж, тэдгээрт тулгуурлан оролцогчдын маргаж буй асуудал бүрд дахин дүгнэлт өгсөн болохыг дурдав.

3.3. Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургууль ХХК-ийн гомдолтой, иргэн Т.Б*******д холбогдох маргаан бүхий хаягт байрлах гомдол гаргагчийн үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх хөрөнгөтэй хамааралтай 241003182 дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан байдаг.

            3.4. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаар захирамжаар гомдол гаргагчийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудас нь 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гарсан байдаг. Иймд энэхүү тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэнтэй холбоотой маргаан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй тул хэргийн оролцогчдын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэнтэй холбоотой тайлбарт тухайлан дүгнэлт өгөөгүй, мөн нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүйг дурдах нь зүйтэй.

            3.5. Энэхүү хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр иргэн А.Бат-Итгэл сонгогдсон боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.” гэсний дагуу хэргийн оролцогчдын зөвшөөрлийг үндэслэн түүний эзгүйд шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар зүйл, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсгийн тус тус баримтлан “Нийслэлийн ерөнхий боловсролын С******* сургууль” ХХК-ийн гомдолтой Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч Х.О*******д холбогдох “Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг бүхэлд хангаж, хариуцагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0002381 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ДОЛЖИНСҮРЭН

 

ШҮҮГЧ                                    У.БАДАМСҮРЭН

 

ШҮҮГЧ                                    Ч.ГАНБААТАР

 

 

[1] 1Хавтас хэрэг (цаашид “Хх” гэх)-ийн 32 дахь тал

[2] 1Хх-ийн 24 дэх тал

[3] 1Хх-ийн 15 дахь тал

[4] 1Хх-ийн 98 дахь тал

[5] 1Хх-ийн 7 дахь тал

[6] 1Хх-ийн 114-117 дах тал

[7] 1Хх-ийн 114 дэх тал, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 1 дэх хэсэг, Худалдах, худалдан авахаар тохирсон зүйлийн талаар

[8] 1Хх-ийн 143, 144 дэх тал

[9] 3Хх-ийн 82-93 дахь тал

[10] 3Хх-ийн 127-131 дэх тал

[11] 1Хх-ийн 50-51 дэх тал

[12] 1Хх-ийн 56 дахь тал

[13] 1Хх-ийн 58-63 дахь тал

[14] 1Хх-ийн 64 дэх тал

[15] 2Хх-ийн 150 дахь тал

[16] 2Хх-ийн 19-20 дахь тал

[17] 3Хх-ийн 135 дахь тал (Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дэх нүүр)

[18] 1Хх-ийн 23 дахь тал

[19] 1Хх-ийн 114-117 дахь тал

[20] 1Хх-ийн 125-127 дахь тал

[21] 1Хх-ийн 118-121 дэх тал

[22] 1Хх-ийн 120-121, 148 дахь тал

[23] 3Хх-ийн 130 дахь тал, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.15-ны өдрийн 02160 дугаар магадлалын Хянавал хэсгийн 4 дэх заалт

[24] 3Хх-ийн 90 дэх тал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 10 дахь заалт

[25] 3Хх-ийн ... дэх тал

[26] 3Хх-ийн ... дэх тал

[27] 1Хх-ийн 50 дахь тал

[29] 1Хх-ийн 107-113 дахь тал

[31] 1Хх-ийн 7 дахь тал

[32] 1Хх-ийн 32 дахь тал

[33] 1Хх-ийн 87 дахь тал

[34] 1Хх-ийн 91-94 дэх тал

[35] 1Хх-ийн 95-96 дахь тал

[36] 1Хх-ийн 100-106 дахь тал

[37] 1Хх-ийн 150-151 дэх тал

[38] 2Хх-ийн 60 дахь тал (Эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай” 2025.06.12-ны өдрийн тогтоол)

[39] 2Хх-ийн 53-54, 56 дахь тал

[40] 1Хх-ийн 27, 29 дэх тал

[41] 1Хх-ийн 139-141 дэх тал

[42] 2Хх-ийн 60-61 дэх тал (Эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай” 2025.06.12-ны өдрийн тогтоолын 2 дахь нүүр, сүүлийн догол мөр)