Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ДШМ/1201

 

 

 

 

 

      2024           10          31                                            2024/ДШМ/1201

 

Ө.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

шүүгдэгч Ө.Б-ийн өмгөөлөгч С.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/685 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2402000540180 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө.Б, ... тоотод оршин суух, /РД: ..../, урьд:

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж байсан.

Ө.Б-д 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ... авто зогсоолд байрлуулсан өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота 4 Раннер” загварын тээврийн хэрэгсэл дотор 2 ширхэг тариурын хамт нийт 7.4 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “MDMB-4en-PINACA” бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ө.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Б-г “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр гэр, ажлын хооронд зорчих үүргийг хүлээлгэж, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д нь хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ө.Билгүүнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ө.Б-д 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна. Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Шүүгдэгч Ө.Б-д нь урьд энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн нь шүүгдэгчийн хувийн байдлаас харагдаж байх бөгөөд засрал хүмүүжил олоогүй байхад анхан шатны шүүх дээрх байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрг тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Мөн шүүгдэгч Ө.Б-ийг шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атал тогтоох нь хэсэгт “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж анхан шатны шүүхийн тодорхойлох нь, тогтоох нь хэсэг зөрүүтэй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж байна. Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 685 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Шүүгдэгч Ө.Б хувьд урьд 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь түүний эрх байдлыг дордуулахгүй хэдий ч удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа. Мөн тус хэрэгт хураагдсан “MDMB-4en-PINACA” гэх бодис нь шинэ төрлийн бодис юм. Энэ нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байгаа. Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч С.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатад Ө.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол байдлыг бүрэн шалгаж нотолж тогтоосон байдаг. Анхан шатны шүүх энэ байдлыг хянаж үзээд Ө.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулсан. Шүүх ингэж ял оногдуулахдаа шүүгдэгч Ө.Бгэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдлын тухайд Ө.Б-д гуравласан гэрээ байгуулж эхийгээ асарч сувилдаг, эхнэр нь жирэмсэн, өөрөө тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, оршин суух байнгын хаягтай, мөн гэм буруугаа ухамсарлаж ойлгож гэмшиж байгаа нөхцөл байдал, шээснээс нь мансууруулах төрлийн бодис илрээгүй, бодисын хэмжээ бага, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэрэг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцүүлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 3 жилийн хугацаагаар гарахгүй байх ял шийтгэл оногдуулсан. Мөн ял дээрээ нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсан байгаа. Шүүх шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах зайлшгүй шаардлага байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүгч өөрийн дотоод итгэлд тулгуурлан шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх яд оногдуулсан нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд Ө.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо гэж дурдаж эрүүгийн хариуцлага оногдуулсан. Харин шийтгэх тогтоолд “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гээд Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг бүгдийг нь бичсэн байна. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэсэн санаагаар бичсэн байна гэж ойлгож байгаа. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж залруулаад явах боломжтой. Иймд энэ заалтыг залруулж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Ө.Б-ийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ... авто зогсоолд байрлуулсан ... улсын дугаартай “Тоёота 4 Раннер” загварын тээврийн хэрэгсэл дотор 2 ширхэг тариурын хамт нийт 7.4 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “MDMB-4en-PINACA” бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэмээн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгчийг яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

 

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь хуульд нийцнэ.

Хувийн байдлын хувьд шүүгдэгч Ө.Б-д өмнө нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Делта 9 тетрагидроканнабинолийн агууламжтай ургамал бүхий түүхий эдийг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Б-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа ямар үндэслэлээр тухайн зүйл ангид заасан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэсэн нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Ө.Б-д 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээг түүний гэмт үйлдэл, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад, тээврийн хэрэгслийн лавлагаагаар “...” ... улсын дугаартай Тоёота 4 раннер  загварын тээврийн хэрэгсэл нь А.Т гэх хүний эзэмшлийнх ба прокуророос шүүгдэгч Ө.Б-ийг өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота 4 раннер загварын тээврийн хэрэгсэл дотор 2 ширхэг тариур бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон яллах дүгнэлтдээ буруутган бичжээ.

 

Тухайн тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн үнэлгээ хийсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл,...”-ийг хэрхэх талаар хэн аль нь дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. 

 

Мөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа тогтоох нь хэсэгт “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж гэмт хэргийн шинжийг өөр өөр байдлаар бичсэн байгааг буруутгаж байна.

 

Ийнхүү, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/685 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/685 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН