Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00347

 

 

 

 

                                    М.Дгийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/02206 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Дгийн хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, Д.Даваацэрэн, О.Ёндонжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: “Алтайн хүдэр” ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгана.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: М.Д нь А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б467/18 дугаар тушаалаар няраваар, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс тус компанийн охин компани хариуцсан нягтлан бодогчоор томилогдсон. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/1062 дугаар тушаалаар ажлаас халсан. Гүйцэтгэх захирал О.снэхэмжлэгч М.Дг ажлаас халагдах өргөдлөө өг, цаашид ажиллуулах боломжгүй, өргөдлөө өгөхгүй бол өөрсдөө халах болно гэж хэлсэн. Хүний нөөцийн менежер н.Хонгорзул ажлаас гарах өргөдлөө өгвөл ажлаас халсан тушаалыг өөрийн хүсэлтээр гэж гаргана, хэрэв өгөхгүй бол сахилгын шийтгэл авсан гэх үндэслэлээр ажлаас хална гэж хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах тушаал өгсөн. 2020 оны 06 дугаар сард нэхэмжлэгчид А ХХК-ийн ажилчдын ээлжийн амралтын олговор өгөхөөр завдсан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн үед ажлаас хална гэж хэлээгүй, сануулах арга хэмжээ тул цалин хөлсөнд ямар ч өөрчлөлт орохгүй зүгээр гарын үсгээ зурчих гэж хэлсний дагуу ямар нэгэн юм бодолгүй зүгээр гарын үсгээ зурсан. Гэтэл ажлаас халахаар төлөвлөж, зориуд сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан байжээ. Харин 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээ тайлбарлаагүй.  М.Д салбар 8 компанийн нягтлан бодогчоор ажилладаг байхад 2020 оны 07 сард өөр хүний ажлыг хийлгэж А ХХК-ийн тайлан тооцоог гаргуулж байсан. Нэхэмжлэгч нь 25 компани хариуцдаг тул маш их ачаалалтай ажилладаг. Хагас жилийн тайлан гарснаас хойш 1 сарын хугацаанд баримтаа үдэж цэгцлэх ёстой. Санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргана гэж нэхэмжлэгчийн бүх баримтыг гэнэт авч шалгасан нь ажлаас халах шалтаг хайж байсныг мэдээгүй. Нэхэмжлэгч захирлуудаасаа утсаар эсвэл амаар зөвшөөрөл авдаг, дур мэдэн мөнгө гаргадаггүй байсан. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр оффисын ашиглалтын төлбөр cap болгон гардаг. СХ ХХК-ийн толгой компаниас мөнгө батлагдсаны дараа гардаг зардлууд нийгмийн даатгалын шимтгэл, цалин гэх мэт анхан шатны баримт батлагдсаны дараа гарсан зардлууд байгаа. Мөн татварын тайлангууд анхнаасаа нэхэмжлэгчийг хариуцахад бүгд зөрүүтэй байсан. Нэхэмжлэгчид татварын албанд очиж баримтуудыг тулгах боломж олгоогүй. Тайлан гарах гэж байхад А ХХК-ийн хувь хүний орлогын албан татвар суутгасны тайлан тулгах ажлыг даалгаж ажил үүргийн хуваариас өөр ажил хийлгээд ямар ч боломж олгохгүй байсан. Санаатайгаар хариуцсан ажлыг нь хийлгэхгүй байсан. Ерөнхий нягтлан н.Болормаа нь өөрийнхөө ажлыг хийхгүй нэхэмжлэгчийг ажлаас халах гэж улайрч засаж залруулах боломж олгохгүй байсанд гомдолтой байна. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс ажлаас халагдах хүртэл хугацаанд сарын 1,800,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2020 оны 08 дугаар сарын цалин 1,789,773 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 646,351 төгрөг, нэмэгдэл 437,773 төгрөг, нийт 2,873,897 төгрөгөөс татвар, даатгал зэргийг хасаад 2,076,619 төгрөг шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсэн гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  М.Д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2 удаа сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу  2020 оны 08 сарын 14-ний өдөр ажлаас нь халсан. М.Д нь цалин бодолтын явцад алдаа гаргаж, гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүй шийдвэр гаргасан тул 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулж, өөрт нь сахилгын шийтгэл ногдуулах хуудсыг танилцуулахад нэхэмжлэгч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажил үүрэгтээ хайнга хандаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Болормаагийн хяналт шалгалтаар дараах зөрчлүүдийг илрүүлсэн байдаг. Үүнд, СХ ХХК-ийн  2020 оны 01 сарын 14-ний өдөр 3,129,762,66 төгрөг, 2020 оны 02 сарын 03-ны өдөр 9,653,531,62 төгрөг, 2020 оны 02 сарын 03-ны өдөр 423,795 төгрөг, 2020 оны 04 сарын 30 өдөр 69,000 төгрөг нийт 13,276,089.28 төгрөг, А ХХК-ийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 9,792,506 төгрөг, 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 25000 төгрөг,  2020 оны 01 сарын 31-ний өдрийн 2000 төгрөг, 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 291,534 төгрөг, 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 13,518,021.35 төгрөг, 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 5,540,529 төгрөг, 2020 оны 03 сарын 07-ны өдрийн 100,000 төгрөг, 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 1,455,930.72 төгрөг, нийт 30,725,521.07 төгрөгийн санхүүгийн анхан шатны баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, албан тушаалтны зөвшөөрөлгүй гаргасан. АЭР ХХК-ийн хувь хүний орлогын албан татвар, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд татварын систем болон бүртгэл дээр зөрүүтэй, СХ ХХК-ийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд татварын систем болон бүртгэл дээр зөрүүтэй бүртгэгдсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдоно. Хөдөлмөрийн гэрээний 17.15-д заасан зөрчил гаргасан тул ажлаас халах шийдвэр гаргасан. Мөн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сануулах сахилгын шийтгэл оногдуулаад 3 сарын хугацаа өнгөрч байхад дахин ноцтой зөрчил гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар А ХХК-ийн захиралын 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн Б/1062 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Дг А ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, А ХХК-аас 30 997 834 /гучин сая есөн зуун ерэн долоон мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж М.Дд олгож, М.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг А ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.Дгийн 2020 оны 08 дугаар сарын цалин, нэмэгдэл, ээлжийн амралтын олговорт нийт 2 076 619 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч А ХХК биелүүлснийг баталж, нэхэмжлэгч М.Дгийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч М.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 180 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А ХХК-аас нийт 431 319 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Дд 48 180 төгрөгийг олгож, улсын төсвийн орлогод 383 139 төгрөгийг оруулж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 М.Дгийн хариуцсан ажилд нь шалгалт хийхэд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зөрчлүүд илэрсэн байдаг. Үүнд, А ХХК-ийн санхүүгийн тайланд цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлан нь 2020 оны 02 дугаар улирлын байдлаар татварын цахим системд баталгаажсан үлдэгдэл нь 2,689,035.1 төгрөг байх байтал 2,207,868.39 төгрөг гэж алдаатай тусгасан. НӨАТ-ын тайлан нь 2020 оны 2 дугаар улирлын байдлаар татварын систем дэх тайланд тусгагдсанаас 4,493,357.55 төгрөгийн илүү төлөлттэй байтал нягтлан бодогчийн гаргасан гүйлгээний тайлан балансаар 3,917,713.56 төгрөгийн илүү төлөлттэй буюу 575,643.99 төгрөгийн зөрүүтэй тайлагнасан. Уг дүнгүүд нь таарч байх ёстой.

Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын хувьд 583,932.18 төгрөгийн өртэй гэж татварын системд тайлагнасан байтал нягтлан бодогчийн гүйлгээний тайлан балансаар 123,334 төгрөгийн өртэй гэж тайлагнасан. Татварын систем дэх тайлан нь нягтлан бодогчийн гүйлгээний тайлан баланстай таарч байх ёстой бөгөөд хэрэв зөрүүтэй тохиолдолд татварын албатай тооцоо нийлж, алдааг илрүүлж тайлан балансаа залруулах ёстой байсан.

СХ ХХК-ийн санхүүгийн тайланд, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлан нь 2020 оны 2 дугаар улирлын байдлаар татварын цахим системд баталгаажсан үлдэгдэл нь 9,391,633.02 төгрөг байх байтал 6,533,354.15 төгрөг гэж алдаатай тусгасан, 2,858,278,87 төгрөгийн зөрүүтэй байсан.

Хагас жил болон жилийн эцсийн балансыг нягтлан бодогч татварын албанд очиж эцсийн үлдэгдлийн тооцоо нийлэх ёстой байсан боловч тооцоо нийлээгүй зөрүүтэй тайлагнасан. Цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлан нь 2020 оны 5 сарын сүүлийн цалинг бодоход ХХОАТ нь 5,218,054 төгрөг байтал ковид цар тахалтай холбоотой хуулийн дагуу чөлөөлөлт эдэлж, татварыг ажилчдад буцаан олгохдоо 5,245,428 төгрөг буюу 27,374 төгрөгийг илүү олгосон байсан.

Цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлан нь 2020 оны 6 сарын ноогдуулалтын дүн 2,797,699 төгрөг байхад татвараас чөлөөлөх дүнгээ 3,607,437 төгрөгөөр бүртгэсэн нь 160,262 төгрөгийн зөрүүтэй байсан. НӨАТ-ын тайлан 2020 оны 2 улирлын байдлаар татварын систем дэх тайланд тусгагдсанаар 136,919,444.78 төгрөгийн өртэй байтал нягтлан бодогчийн гаргасан гүйлгээний тайлан балансаар 128,546,921.14 төгрөгийн өртэй гаргасан буюу 8,372,523.64 төгрөгийн зөрүүтэй тайлагнасан. Тухайн цаг хугацаанд эдгээрийг олж илрүүлээгүй, зөрчил дутагдлыг арилгаагүй бол компани зөрүүтэй тайлан илгээсэн гэх үндэслэлээр хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болох байсан.

4.2 Нэхэмжлэгч өмнөх сахилгын шийтгэл ногдуулснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан тул ажлаас халах шийдвэр гаргасан. М.Дг ажил үүргийн хувьд зөрчил дутагдал гаргасан эсэхийг удирдах албан тушаалтан буюу Д.Долзодмаа тодорхойлж сахилгын шийтгэл ногдуулах санал гаргах нь зүйн хэрэг. Шүүх хүний нөөц хариуцсан нэгж хүлээн авч шалгасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн боловч хүний нөөц хариуцсан нэгж нэхэмжлэгчийн удирдах албан тушаалтан Д.Дсаналыг үндэслэн тушаалын төслийг боловсруулсан. Хуульд зөрчил дутагдлыг заавал хүний нөөц хариуцсан нэгж шалгаж тогтоох талаар хуульчлаагүй.

4.3 Уг маргааныг хариуцан ажиллаж байсан ажилтан өөр ажилд шилжсэн тул 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Ёндонжамцыг томилсон. Гэтэл шүүхээс хэргийг хянан хэлэлцэхийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон хэргийн материалтай танилцах эрхийг ноцтой зөрчиж хэргийн материалтай танилцуулах, танилцах боломжоор хангаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэл талын тайлбарын агуулга: ... анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. А ХХК-ийн дотоод журмаар ажилтныг ажлаас чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг нарийвчлан зохицуулсан. Гэтэл уг журмыг зөрчиж хоёр хүн харилцан и-мэйл бичиж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч тайлан гаргасан эсэх асуудал байдаг. Гэтэл А ХХК-д хийсэн аудитын тайлангаар зөрчил гарсан болох нь тогтоогдоогүй. Татварын байгууллагын шалгалтаар санхүүгийн татварын тайлантай холбоотой асуудлаар акт тавьсан эсхүл буруу зөрүү гарсны улмаас зөвлөмж өгсөн зүйлгүй. Мөн сахилгын зөрчил ногдуулсан үндэслэлээ тайлбарлаж байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлангийн асуудал яригдсан. Ажлын байрны тодорхойлолт гэж байгаагүй. Ажил олгогч дотоод журмаа зөрчиж ажлаас халсан нь үндэслэлгүй. Ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргасан гэдгийг өөрөө шалган тогтоож, ажилтанд танилцуулж сахилгын шийтгэл ногдуулах ёстой байтал уг ажиллагаа хийгдээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа жилийн хугацаанд явагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломж нээлттэй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч талаас хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах, мэтгэлцэх боломжоор хангаж өгнө үү гэх хүсэлт гаргаагүй. Хэргийн оролцогч шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцах, нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх үүрэгтэй. Шүүхээс хэргийн материалтай танилцсан эсэхийг тодруулж асуух боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.  

2. Нэхэмжлэгч М.Д хариуцагч А ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу дүгнэлт хийсэн байна.

4. Хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар нэхэмжлэгч М.Дг хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын хариуцлага алдаж, сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.7, 9.1.3, 10.1 дэх хэсэг, цалин хөлс бодох, хянах журмын 3.1, Хөдөлмөрийн гэрээний 17.15-т заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /1хх4/

5. Нэхэмжлэгч ажил олгогчийн дээрх тушаалыг хүлээн авч 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт нийцсэн байна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нөхцөлд ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан байх, талууд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн тохиолдол болгоны талаар тухайлан тохиролцсон байх шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтаар ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.  

7. Хэргийн 26-34 дүгээр талд авагдсан хариуцагч А ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.4 дэх хэсэг болон талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 15 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх ба хөдөлмөрийн дотоод журмын 8.4.7-д “хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн гэрээ, контракт, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдсан, компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэл гаргасан” байх, хөдөлмөрийн гэрээний 17.15-т “хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсаны улмаас компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц зөрчил гаргасан бол ноцтой зөрчилд тооцно” гэжээ. 

8. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар нэхэмжлэгчид цалин бодолтын явцад алдаа гаргаж, гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүй шийдвэр гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байх ба нэхэмжлэгч уг шийдвэрт гомдол гаргаагүй байна. /1хх35/

9. Хариуцагч нь нэхэмжлэгчийг СХ ХХК, А ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, албан тушаалтны зөвшөөрөлгүй шийдвэр гаргасан, албан татварын тайлангуудыг татварын систем болон бүртгэл дээр зөрүүтэй бүртгэсэн, өмнөх сахилгын шийтгэл оногдуулсанаас хойш 3 сар өнгөрч байхад дахин ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч нь СХ ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 13,276,089.28 төгрөгийн, А ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хоорондох 30,725,521.07 төгрөгийн санхүүгийн анхан шатны баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, албан тушаалтны зөвшөөрөлгүй гаргасан, А ХХК-ийн ХХОАТ-ын тайлан, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татвар, НӨАТ-ын тайланг татварын систем болон бүртгэл дээр зөрүүтэй, СХ ХХК-ийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татвар, НӨАТ-ын тайлангууд татварын систем болон бүртгэл дээр зөрүүтэй бүртгэсэн зөрчил гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

9.а. Хариуцагч байгууллагын ерөнхий нягтлан бодогч Б.Болормаагийн ..... и-мэйл хаягаас .... и-мэйл хаяг руу 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр явуулсан цахим шууданд шүүхийн журмаар үзлэг хийхэд “А” ХХК болон СХ ХХК-ийн нягтлан бодох бүртгэлд залруулах алдаанууд байгаа болохыг дурдаж, цаашид охин компаниудын бүртгэл тооцоог байнга шалгаж байх шаардлагатай байна гэжээ. /1хх116-120/

Уг и-мэйлд дурдсан зөрчлийг байгууллагын дотоод журамд заасны дагуу шалган тогтоосон эсэх, тухайн зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэх, нэхэмжлэгчийн хариуцах ажил үүрэг мөн эсэх нь тодорхойгүй.

9.б. Мөн сахилгын шийтгэлийн хуудсанд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн агуулгыг “албан тушаалтны зөвшөөрөлгүй мөнгөн хөрөнгийн гүйлгээ гаргасан, зөрчилтэй ажил үйлчилгээ бүртгэсэн ...” гэж тэмдэглэж, хэрэгт А ХХК болон СХ ХХК-ийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл гэх баримтуудыг ирүүлсэн байх боловч уг баримтууд дээрх үнийн дүнгээр мөнгөн гүйлгээ гарсан эсэх нь эргэлзээтэй, хэрэгт үүнээс өөр баримт байхгүй байна.

9.в. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

Хэрэгт авагдсан зөрчлийн талаарх баримтуудаас харахад цаг хугацааны хувьд энэ сахилгын шийтгэл ногдуулахаас өмнөх хугацааны зөрчлүүд байна. Иймд дээрх зөрчлүүдийг дараа нь илрүүлсэн тусдаа зөрчил гэдэг нь эргэлзээгүй нотлогдохгүй байна.

9.г. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 2-т “ажилтан энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ” гэж заасан байх боловч хэрэгт нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт авагдаагүй, нэхэмжлэгчид ажлын байрны нарийвчилсан тодорхойлолтыг танилцуулсан эсэх, нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтоор ямар ажил үүрэг хариуцдаг болох нь тодорхойгүй байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхийн хөдөлмөрийн дотоод журмын 9.3 дах хэсгийн сахилгын шийтгэл ногдуулах журмыг ажил олгогч ажилтныг ажлаас халахдаа баримталсан эсэх талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч М.Д нь хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг хариуцагч “А” ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг зөв гэж үзэв.

10. Шүүх нэхэмжлэгч М.Дг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 30,997,834 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалтай нийцэж байна.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалтай танилцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компаниас 7 удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өөрчлөн томилсон, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан байна.  2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр О.Ё 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, тэрээр бусад итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хамт шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүхээс хэргийн оролцогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргах санал хүсэлт байгаа эсэхийг тодруулж асуухад хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаагүй байна. Иймд шүүхийг хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.  /1хх15, 18, 20, 51, 107-108, 181, 232, 2хх126, 182, 184-185/

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/02206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,939 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                               Д.БЯМБАСҮРЭН  

 

                                                                                        А.МӨНХЗУЛ