Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 355

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Ш.Насанжаргал,  

Шүүгдэгч Ц.Батмөнх /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонуд овогт Цэрэндэжидийн Батмөнхөд холбогдох эрүүгийн 1809018810328 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 , ээж, эхнэр, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжны 681 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Олхонуд овогт Цэрэндэжидийн  Батмөнх, /РД: УХ88090151/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Батмөнх нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжинд согтуугаар хохирогч Э.Чойжилсүрэнг нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Батмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.

Эрүүгийн 1809018810328 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ц.Батмөнх нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр найз Г.Гантулгатай хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11-р гудамжинд байх сагсан бөмбөгийн талбайн орчимд том бор савтай пиво нэгийг хувааж уусан. Энэ үед хэдэн залуучууд ирээд сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Би тэднийг “ахын дүү нар түр хүлээж байгаад тоглочих, ах нар нь удахгүй явлаа” гэж хэлсэн. Гэтэл надад зодуулсан Чойжилсүрэн нь “бид тоглох гэж байна” гэж хэлээд тоглоод байсан. Би босож очоод бөмбөгийг нь шийтний хашаа давуулаад хөлөөрөө өшиглөсөн. Гэтэл тэр гарч яваад бөмбөгөө авч ирээд надтай хэрүүл маргаан үүсгээд байсан. Би түүнийг барьж аваад 2 удаа алгадсан. Гэтэл тэр “харилцан зодолдох уу” гээд байсан. Тэгээд би түүнтэй зодолдохоор болсон. Тэгээд Чойжилсүрэн бид 2 барилцаж аваад зууралдаж байгаад би унаж Чойжилсүрэн миний дээр гарч суусан. Тэгээд миний зүүн шанаанд 1-2 удаа цохьсон. Энэ үед Гантулга түүнийг араас нь тэвэрч аваад миний дээрээс босгож байгаад Чойжилсүрэнгийн хамтаар газар унасан. Энэ үед би босож ирээд Чойжилсүрэнг нүүрэнд нь өшиглөсөн…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

Хохирогч Э.Чойжилсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2018 оны 4 сарын 15-ны орой 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжинд байрлах сагсны шийтэн дээр тоглож байхад үл таних 2 хүн согтуу ирээд бөмбөгийг авч өшиглөөд тоглуулахгүй байсан. Бид нар “жоохон тоглочихий” гэж хэлэхэд намхан сахалтай нь ирээд намайг 2 чих рүү 2 гараараа алгадахаар нь гарыг бариад автал унагааж нүүр лүү өшиглөсөн. Тэр сахалтай ахын хамт явсан ах намайг зодоогүй, харин араас тэвэрч байгаад бид хамтдаа газар унасан. Босох гэтэл сахалтай ах нүүрэнд өшиглөсөн. Тэр сахалтай ахын нэрийг Батмөнх гэж мэдсэн…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 4983 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Чойжилсүрэнгийн биед ясны хугарал, таславчийн
    мурийлт, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Ц.Батмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, шинжээч М.Энхбаярын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Батмөнх нь согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжинд байх сагсан бөмбөгийн талбайн орчим хохирогч Э.Чойжилсүрэнтэй маргаан үүсгэж хоорондоо маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Батмөнхийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Чойжилсүрэнгийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №4983 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хохирогч Э.Чойжилсүрэнг зодож гараараа нүүрэн тус газар руу нь цохисноо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон баримтууд цугларчээ.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүх шүүгдэгч Ц.Батмөнхийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.  

 

Шүүгдэгч Ц.Батмөнхөд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Э.Чойжилсүрэнгээс ”…Батмөнхтэй сайн дураараа эвлэрсэн, хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол, саналгүй…” /хх-34, 36/ гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгч Ц.Батмөнхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.