| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0047/З |
| Дугаар | 128/ШШ2026/0345 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2026/0345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.О эрх залгамжлагч О.Б.
Хариуцагч: С дүүргийн Засаг дарга.
Гуравдагч этгээд: М.О, Б.Т нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд М.О итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд Б.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа С дүүргийн дугаар хороо, - тоотод байгаа 500 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, эзэмшүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа С дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/ дүгээр захирамжийн иргэн Б.Т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.Оюунбат нь нас барахаасаа өмнө биеийн эрүүл мэндийн шалтгаанаас болж хүний асаргаанд байх шаардлагатай болсон тул Ч.Бын хамт С дүүргийн дугаар хорооны -ын тоотод оноос хойш амьдарсан. Мөн онд энэхүү 500 м.кв газартай холбоотойгоор удаа дараа С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж байсан...Албан ёсоор 20 оны 06 дугаар сарын -ны өдөр, 20 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус тус С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт гаргасан. Гэтэл С дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 11 дүгээр сарын эхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэх хариуг өгсөн. Энэхүү хариутай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан ч гомдлыг хангаж шийдвэрлээгүй тул Захиргааны хэргийн шүүхэд хандсан... Хариуцагч талаас тухайн газрыг урьд өмнө төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Тус газрыг эргэн тойронд байгаа олон хүмүүс газар эзэмших гэрчилгээг авсан. Гэтэл маргаан бүхий газар л газар эзэмших гэрчилгээгүй. Тус газрыг урьд нь иргэнд эзэмшүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байхад 2024 оны төлөвлөгөөнд байхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн дугаар хорооны гудамжны оршин суугчид бүгд газар эзэмших эрхийн гэрчилгээтэй тул газрын хууль ёсны эзэмшигч байхад нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхгүй байгаа нь ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээн үзэж байна. Мөн тус газарт Ч.Бын хүү Д.Гын 4 ханатай гэр, эд хогшил, 3х4 хэмжээтэй амбаар гэх мэт эд хөрөнгө галд автсан. Энэ үйл явдлаас хойш тус газрыг нэхэмжлэгч өөрөө эзэмшиж, ашиглаж, хамгаалсаар өнөөдрийг хүргэсэн. Тухайлбал Үндсэн хуульд заасан өөрийн эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд тус газрыг эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, хариуцагчид тус газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан. Үүний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн газрыг Б.Т эзэмшүүлэх захирамж 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2026 оны 01 үгээр сарын 26-ны өдөр нэмэгдүүлсэн. Гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгох үед Ч.Б, н.Б нар гэр бүлийн хамт тухайн газарт амьдарч байсан. Гэтэл тухайн газарт амьдарч байгаагүй Б.Т газар эзэмшүүлэх эрх олгосон, бодит нөхцөл байдалтай нийцэхгүй захирамж гаргасан. 2016 онд тус газарт гал гарч нэхэмжлэгчийн бүх эд хөрөнгө шатсан гэдэг нь галын дүгнэлтээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл хууль бус захирамж гарахаас 6 сарын өмнө болсон үйл явдал. Үүгээр нэхэмжлэгч тухайн газарт амьдарч байсан нь нотлогдоно. Иймд нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу С дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/ дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий газрыг зурагт ногоон, улаан, хараар тэмдэглэсэн тэмдэглэгээг харахад Ч.Бын газар дээр Б.Т газар олгосон нь тодорхой харагдаж байна. Гэхдээ Б.Т газар эзэмшүүлэх захирамж гарсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл гараагүй. Мөн С дүүргийн Газар зохион байгуулалтын алба тухайн газарт очиж үзлэг хийсэн ямар ч баримт байхгүй. Өөрөөр хэлбэл тус газарт Ч.Б амьдарч байсныг С дүүргийн Газар зохион байгуулалтын алба хяналт шалгалт хийж тогтоогоогүй. Харин 20 оноос Ч.Б нь тус 500 м.кв газрыг Ч.О нэр дээр шилжүүлэхээр хүсэлт гаргасан. Гэтэл С дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус хүсэлтийг хангаж шийдвэрлэхгүй байгаа...Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Гэтэл С дүүргийн Газар зохион байгуулалтын алба Ч.Бын газар дээр Б.Т газар эзэмших эрхийн захирамж гаргасан. Энэ үйлдэл нь Газрын тухай хуулийн тус зүйл заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Маргаан бүхий газарт манайх гэр бүлээрээ амьдарч байсан түүхтэй...Тухайн газарт Б.Т байгаагүй...М.О маргаан бүхий газартай холбоотойгоор өмнө ямар нэг маргаан үүсгэж байгаагүй... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 онд С дүүргийн Засаг даргын захирамжаар Б.Т газар эзэмшүүлэх эрх олгосон. Мөн тухайн газрыг өмчилсөн байсан учир байршлыг мэдээллийн санд оруулаагүй. Иймд Б.Т газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох боломжгүй. Мөн манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдүүдийг татан оруулсан учраас гуравдагч этгээд нарын тайлбарыг сонсох нь зүйтэй гэж үзэж байна... гэжээ.
Гуравдагч этгээд Б.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал Б.Тулгыг маргаан бүхий газарт огт амьдарч байгаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн газарт хашаа хатгаж болохгүй гээд манайхыг хөөж байсан. Манайхаас бусад хөрш айлууд бүгд хашаагаа хатгасан. Энэ үед Ч.Б тухайн газар дээр байгаагүй. Дараа нь манайх тухайн газар дээр хашаагаа хатгаад амьдарч байсан...Би Ч.Быг сайн мэднэ. Энэ хүн олон бага насны хүүхэдтэй хөдөө орон нутгаас шилжиж ирж байсан. Манайхыг хойд талын газраа зарах санал тавьж, манайх орон гэргүй болсон гэж тайлбарлаж байсан. Үүний дагуу би тухайн хүнд тус газрыг зарж байсан...Нэхэмжлэгчийн гэр бүл тухайн газар огт амьдарч байгаагүй...Манайх С дүүргийн Засаг дарга н.Ч байхад газар эзэмших хүсэлт гаргасан...Хүсэл гаргахдаа тог, усны мөнгийг бүгдийг нь төлж барагдуулсан. Гэтэл нэхэмжлэгч гал гарснаас хойш тухайн газрыг манайхтай булаацалдаж эхэлсэн. Хууль тогтоомжид заасны дагуу галын дүгнэлт гарсны дараа манайх Ч.Б өр төлбөрийг өгөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал манай ахаас 1,100,000 төгрөгийг шатсан эд хөрөнгийн төлбөр гэж авсан байсан...Өмнө нь намайг тус газрыг эзэмших хүсэлт гаргахад С дүүргийн Засаг дарга хүлээн авч шийдвэрлээгүй. Учир нь кадастрын зураг болон цэвэр усны шугам буруу хийснээс болсон. Тухайлбал цэвэр усны шугам хийсэн компани буруу хийгээд бүх айлын газар руу гүйчихсэн байсан. Үүнээс болж манай газар энэ айлын талд хамаараад, энэ айлын газар манай газрын талд хамаарчихсан. Үүнийг хэлэх гээд Ч.Б очиж уулзахад чи миний газрыг булааж авах гэж байна гэж буруугаар ойлгосон учраас би дагуулж яваад С дүүргийн Газар зохион байгуулалтын газрын мэргэжилтэн, даргатай очиж уулзсан. Үүний дараа Ч.Б эгч нь буруугаар ойлгосон байна гээд бид 2 ойлголцсон. Дараа нь кадастрын зургаа өөрчлөх гэхэд тухай газрын хүмүүс газраа ломбард, банк бус санхүүгийн байгууллагад тавьчихсан байсан. Өөрөөр хэлбэл манайх дунд нь хохирсон. Ойр хавийн бүх айл манай газар руу ороод ирчихсэн. Манайх газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авах гэхээр энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон. Би энэ асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдөж явсаар байгаад С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиход танд газар олгох Засаг даргын захирамж гарсан гэж хэлсэн. Мөн кадастрын зургаа гаргуулаад газар эзэмших эрхийн гэрчилгээгээ мөнгөө төлөөд аваарай гэж тайлбарлаад надад газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан гээд харуулж байсан. Нэхэмжлэгч тал тухайн газарт өөрсдөө амьдарч байсан мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Ч.Б л 2 охинтойгоо амьдарч байсан...Гал гарснаас хойш тухайн газрыг түр орхисон хойгуур нэхэмжлэгч тал тухайн газрыг авах сэдэл төрсөн байх. Би урд айлынхаа хүмүүстэй манай газрыг хараарай гэж хэлээд захиад явсан. Газраа эзэнгүй үлдээгээгүй. Мөн миний зүгээс хариуцагч талд гомдолтой байна. Миний нэр дээр захирамж гарчхаад байхад нэхэмжлэгч талтай эвлэрэх саналтай байна гэж болохгүй. Тухайн үед би С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргатай очиж уулзахад байцаагч н.Бд энэ асуудлыг хурдан шийдэх үүрэг даалгавар өгч байсан... гэжээ.
Гуравдагч этгээд М.О итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх 2000 оноос эхлэг тус газарт амьдарсан. 2000 онд манайх амьдарч эхлэхдээ Б.Т газраас өөрийн эзэмшлийн газраа авсан. Дараа нь С дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2008 оноос тус газарт газар эзэмших эрхийн өргөдөл хүлээн авч эхэлсэн. Энэ үед манайх газар эзэмших өргөдлөө албан ёсоор өгсөн...Үүний дараа энэ хүмүүс газраа зарахаар болж манайх худалдаж авсан. Гэтэл н.Гын газарт гал гарсан. Тухайн газар дээр нэхэмжлэгч талын айлын 1 ч гэр байгаагүй. Үүнийг ойр хавийн айлууд бүгд гэрчилнэ. Мөн кадастрын зураг буруу гараад манайх энэ айлтай тохиролцоод зөв болгож газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч байсан. Өөрөөр хэлбэл кадастрын зурагт урагшаа гүйсэн харагдаж байгаа газарт Ч.Б байшин барьсан. Гэтэл байшин барьсан хэсэг газрыг хуваагаад тасалсан. Тиймээс байшиндаа үл хөдлөх эрхийн гэрчилгээ авч болохооргүй болсон...н.Гын газарт гал гарах үед Ч.Бын урд талын хашаа цаашаа хөдлөөгүй, хэвээрээ байсан...Мөн Б.Т С дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжийг гаргуулж авах гэхээр холбогдох байгууллагууд надад гаргаж өгөөгүй...манай хашаануудыг эзэнгүй газарт хашаа зоосон гээд бусан. Иймд би С дүүргийн Газар зохион байгуулалтын алба руу очиж архиваас баримт гаргуулахад 2017 оны Б.Т бичсэн өргөдөл гарч ирснийг хавтаст хэрэгт хавсаргасан...Тухайн газрын ойр хавьд насаараа амьдарсан олон айлууд байгаа ч Ч.Оюунбатыг таньдаг хүн байхгүй. Харин Ч.Быг танина. Хүүхдүүдтэйгээ амьдардаг байсан...С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн н.Б болон хэд хэдэн мэргэжилтнүүд бүгд манай айлыг мэднэ. Тухайн мэргэжилтнүүд айлуудын газар засагдсаны дараа танай газар эзэмших гэрчилгээг гаргана. Мөнгөө тушаагаарай гэж тайлбарладаг. Үүний дагуу манайх итгээд хөөцөлдөхгүй орхисон байсан. Гэтэл нэхэмжлэгч тал газар эзэмших өргөдөл өгсөн. Үүнийхээ талаар бидэнд хэлээгүй. Гэнэт захиргааны хэргийн шүүхээс үзлэг хийхээр ирсэн. Хэрвээ шүүхээс үзлэг хийхэд манайх тухайн газар дээрээ байгаагүй бол энэ талаар мэдэхгүй байх байсан. Хувийн компани кадастрын зураг буруу хийсний төлөө тухайн газар амьдарч байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна...Анх Ч.Оюунбат өргөдөл өгөхдөө би энэ газар дээр амьдардаг учраас газар олгож өгөөч гэх агутай өргөдөл өгөөгүй. Тодруулбал, н.Г манай эд хөрөнгийг шатаасан. Тийм учраас манайхыг тухайн газрыг ав гэж хэлсэн гэж өргөдөл гаргасан. Би н.Г энэ талаар асууж, тодруулахаар Завхан аймагт очиж уулзахад би тэгж хэлээгүй гэдэг тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал Б.Т тухайн газрыг эзэмшүүлэх захирамж гарсан талаар мэдэхгүйгээр, эзэнгүй газар гэж ойлгоод шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
1. Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ч.Оюунбатаас анх С дүүргийн дугаар хороо, -ын тоотод байгаа 500 м.кв газрыг эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нас барсан тул түүний эрх залгамжлагчаар төрсөн хүү О.Б оролцуулсан, эрх залгамжлагчаас С дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/ дүгээр захирамжийн Б.Т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
4. С дүүргийн -р хороо, -ын тоотод байрлах гэх 567 м.кв газар (1хавтас 14 тал)-ыг эзэмшихээр нэхэмжлэгч Ч.Оюунбат анх 20 оны 06 дугаар сарын -ны өдөр хүсэлт гаргасныг С дүүргийн газар зохион байгуулалтын албаны 20 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн бүртгэлийн хуудаст бүртгэжээ. (2хавтас 163 тал).
5. Нэхэмжлэгч нь дахин Ч.Бын хамт 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүсэлт гаргасанд С дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19/, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19/******* тоот албан бичгүүдээр тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдаагүй тул эзэмшүүлэх боломжгүй талаарх хариуг өгсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч маргасан.
6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн маргаан бүхий газарт амьдарч байсан, Ч.Бын газрын мэдээллийн сангийн зөрчил арилснаас хойш буюу 20 оноос хуульд заасны дагуу газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан гэж тайлбарласан.
7. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маргаан бүхий -р хороо, ******* тоот хаягт 585 м.кв газрыг С дүүргийн Засаг даргын 2017 оны А/ дүгээр захирамжаар Б.Т 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч тухайн газар нь кадастрын мэдээллийн санд давхцалтай гэх зөрчилтэй учраас мэдээллийн санд бүртгэгдээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байна.
8. Гуравдагч этгээд М.О тухайд, С дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, тоот 700 м.кв газрыг С дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/******* захирамжаар өмчлөх эрхтэй болжээ. Энэ газар нь маргаан бүхий газрын урд талд байрлах газар болно. (1 хавтас 126 талд кадастрын зураг)
9. Тэрээр хойд талын буюу маргаан бүхий газрыг эзэмшихээр 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлт гаргасанд мөн С дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19/******* тоот албан бичгээр 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр эзэмшүүлж, ашиглуулахаар тусгаагүй, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгчээ.
10. Маргаан бүхий газар нь гуравдагч этгээд М.О газрын хойд талд, нэхэмжлэгчийн дүү Ч.Б, П.Б нарын өмчлөх эрх бүхий газрын урд талд байрлалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
11. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тусгаж, 31.2-д Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасан.
12. Хуулийн зохицуулалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан газрыг эзэмших хүсэлт гаргаснаар газар эзэмших эрх үүсэх ба уг газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй байх ёстой.
13. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч 20 оны 06 дугаар сарын -ны өдөр газрыг эзэмшихээр бичгээр хүсэлт гаргахад маргаан бүхий газарт С дүүргийн Засаг даргын 2017 оны А/******* дугаар захирамжаар Б.Т эзэмшүүлсэн 585 м.кв газрын 567 м.кв газар давхацсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан кадастрын зураг, гуравдагч этгээдийн газар эзэмших хүсэлтдээ хавсаргасан кадастрын зураг, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдоно.
14. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт амьдарч байсан, Ч.Бын газар байсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс мөн Ч.Б амьдарч байсан, түүний өмчлөлийн газартай давхцалтай талаар шүүх хуралдаанд тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тодруулбал,
14.1. Маргаан бүхий газрыг эзэмшихээр гаргасан 20 оны 06 дугаар сарын -ны өдрийн хүсэлтдээ ...******* тоотод оршин суудаг... газрын гэрчилгээгээ авч чадахгүй 14 жил оршин сууж байна (1 хавтас 45 тал) гэсэн боловч 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хүсэлтэд ...хангайн -ын 22 тоотод оршин суудгаа манай урд талд байсан улсууд олон жилийн өмнө манай нүүрсний амбаар, машины гараашийг маань шатаагаад газраа үлдээгээд алга болсон...тэр цагаас хойш газраа эзэмшиж ирсэн, ...урд талын айл нь тэгшилж ухаад байгаа ... (1 хавтас 49 тал), огноо байхгүй С дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдөлд ...2016 онд манай хашааны урд талын айл манай үртэс нүүрсний амбаар машины гараашийг шатааж,...хохирлоо төлөхгүй өдий хүртэл олддоггүй...энэ газрыг нь авахаар хэлж ярьсан... (1 хавтас 50, 86-88 тал) гэж дурдсан,
14.2. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 476/******* дугаар шинжээчийн дүгнэлтэд 1. Гал түймэр гарсан газар ... 29-р гудамжны тоотод, 2. Гал түймрийн нөхцөл байдал, Гал түймэрт иргэн Д.Гын 4 ханатай гэр, эд хогшлын хамт, 22 тоотод иргэн Ц.Бын 3х4 хэмжээтэй нүүрсний амбаар, 3х4 хэмжээтэй амбаар, эд хогшил, 6 метр хашаа шатсан (2 хавтас 140 тал) гэсэн,
14.3. С дүүргийн дугаар хорооны засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолтод гудамжны 22 тоот хаягт ах нарын хамт ам бүл 2, Чулуунбат овогтой Оюунбат (2 хавтас 50 тал) гэж,
14.4. Иргэн Ч.Баас 2024 оны 10 дугаар сарын -ны өдөр гаргасан гомдолдоо ...миний амьдардаг ...хашааны урд талд байрлах газрыг ...хууль бусаар ухаж... (2 хавтас 76 тал) гэсэн, 2006-20 оны хүртэлх хугацааны агаарын зураг, (2 хавтас 183 тал), 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б.Т 536 м.кв газрын кадастрын зураг (2 хавтас 205 тал), Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2/******* тоот албан бичгээр ирүүлсэн зураг, С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10-20/******* тоот албан бичгээр ирүүлсэн зураг, өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг болон дээр дурдсан баримтуудаар нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт амьдарч байгаагүй, харин хойд талын газар буюу Ч.Б, П.Б нарын өмчлөх эрх бүхий газарт 22 тоот хаяг бүхий байсан, уг газар нь мэдээллийн сангийн зургаар маргаан бүхий газартай давхцалтай, тухайн зөрчил арилсны дараа нэхэмжлэгч нь газрыг эзэмшихээр 20 онд хүсэлт гаргасан боловч бодит байдалд газрууд давхцаагүй тус тусдаа газар болох нь тогтоогдож байна.
15. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар нэхэмжлэгч Ч.Оюунбатыг 20 онд хүсэлт гаргахад аль хэдийн маргаан бүхий газрыг Б.Т эзэмших эрхтэй болсон, нэхэмжлэгчийн тухайд энэ захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргахын тулд тухайн газарт амьдарч байсан, эсхүл 2017 онд эзэмших эрх үүсэхээс өмнө хугацаанд газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, , 3.1.3-д нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж зааснаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс хамгаалах ёстой юм.
16. Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд маргаан бүхий газар нь мэдээллийн сангийн зургаар Ч.Б болон П.Б нарын өмчлөлийн газартай давхцалтай байхад Б.Т газар эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй боловч нэхэмжлэгч Ч.О хувьд Ч.Б болон П.Б нарыг төлөөлөхгүй, дээр дурдсанаар маргаан бүхий газарт амьдарч, ашиглаагүйгээс гадна гуравдагч этгээд Б.Тас өмнө хуульд зааснаар газар эзэмших хүсэлт гаргаагүй учир С дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2017 оны А/******* дугаар захирамжийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй болно.
17. Хэдийгээр С дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10, 11 дүгээр сарын албан бичгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, шинээр газар олгох боломжгүй гэсэн нэхэмжлэгчид өгсөн хариу нь үндэслэлгүй боловч нэгэнт маргаан бүхий газарт бусдын эзэмших эрх үүссэн болох нь дээр тогтоогдсон тул нэхэмжлэгчид газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг мөн хангах үндэслэлгүй юм.
18. Үүнээс гадна гуравдагч этгээд М.О тухайд маргаан бүхий газрыг эзэмшихээр нэхэмжлэгчээс хойш хүсэлт гаргасан, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан, газар эзэмших эрх үүсээгүй байхад 2008 онд тухайн газрыг худалдан авахаар Б.Ттай тохиролцсон гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй, энэ хэргийн улмаас түүний эрх, хууль ёсны эрх зөрчигдөөгүй болохыг тэмдэглэв.
19. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103.3, 103.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан Ч.О эрх залгамжлагч О.Бын С дүүргийн дугаар хороо, -ын тоотод байгаа 500 м.кв газрыг эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшүүлэхийг даалгах, С дүүргийн Засаг даргын 2017 оны захирамжийн Б.Т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ