Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/1126

 

      

 

                                                  Г.Б-т холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/572 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “Т ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Г.Б-т холбогдох эрүүгийн 2403000000351 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Б ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингисийн өргөн чөлөө “Т” ХХК-ийн баруун талын авто замд 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 11:00 цагийн үед Тоуоta prius 30 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 10.14. Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. ...” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Т.Ч-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан үеэс тоолж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Т ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдаж,

     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1,499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-аас 3,120,000 төгрөгийг, иргэний хариуцагч Т ХХК-аас 4,290,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Ч-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч “ТХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүх иргэний хуулийн 498 дугаар зүйл, 499 дугаар зүйл, 511 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: - Иргэний хуулийн 52 дугаар бүлэг буюу 497 дугаар зүйлээс 514 дүгээр зүйлд гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу гэм хорын ерөнхий шаардах эрхийг 497 дугаар зүйлд, гэм хорын нарийвчилсан зохицуулалтууд буюу албан тушаалтны учруулсан гэм хор, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор, амьтны учруулсан гэм хор, эдийн бус гэм хорын асуудлыг 498-аас 512 дугаар зүйлүүдэд тус тус нарийвчлан зохицуулсан.

2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр болсон үйл баримттай холбоотойгоор хохирогч Т.Ч-ы эрүүл мэндэд болон сэтгэцэд гэм хор учирсан байх бөгөөд шүүхээс энэхүү 2 ялгаатай гэм хорын хохирлыг нөхөн барагдуулах асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуульд заасан гэм хорын нарийвчилсан зохицуулалтуудаас тохирохыг сонгон хэрэглэх ёстой байтал тухайлсан нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэлгүй, хуулийг төсөөтэйгөөр, буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэжээ.

Тодруулбал, хохирогч Т.Ч-ы сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ шүүх нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг баримтлан 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэрлэх ёстой бөгөөд түүнд учирсан бусад хохирлыг /эрүүл мэнд гэх мэт/ 498, 499 дүгээр зүйлийг үндэслэн шийдвэрлэх нь үндэслэлтэй байсан.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан эдийн бус гэм хорыг арилгах этгээд нь гэм хор учруулсан гэм буруутай этгээд байхаар хуульчилсан /511.3/.

Гэвч шүүхээс энэ үйл баримтыг үл харгалзан иргэний хуульд заасан нарийвчлан заасан зохицуулалтыг хэрэглэхгүйгээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан, бусдад учруулсан гэм хор, 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах хэсгүүдийг тус тус үндэслэн сэтгэцийн хор хохирол учруулаагүй, гэм буруугүй этгээдээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр 498, 499-д тухайлан заасан гэм хорыг арилгах этгээд нь гэм буруугүй этгээд /498.2, 499.3/ байх боловч эдийн бус гэм хор буюу сэтгэцэд учирсан хохирлын хувьд зайлшгүй гэм буруутай этгээд хариуцан арилгах үндэслэлтэй.

2. Шүүх иргэний хариуцагч байх боломжгүй этгээдийн мэдүүлгийг үндэслэсэн талаар:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/572 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь талд иргэний хариуцагчийн мэдүүлэг өгсөн хэсгийг дурдсан байна. Тодруулбал, хавтаст хэргийн 43-44 дүгээр талд тусгасан гэм хорыг “манай Т ХХК-ийн зүгээс хариуцан арилгахад татгалзах зүйлгүй” гэх мэдүүлгийг дурдаж энэхүү мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлсөн байна. Тус мэдүүлгийг өгсөн Л.Б нь Т ХХК-д Байгаль орчны менежерээр ажилладаг боловч уг хэрэг маргаанд Т ХХК-ийг төлөөлөн иргэний хариуцагчаар оролцох эрхийг компаниас аваагүй, итгэмжлэлгүй этгээд юм. Шүүх Л.Б-д итгэмжлэл олгосон эсэхийг шалгаагүй, итгэмжпэлгүй этгээдийн мэдүүлгийг шийдвэр гаргахдаа авч үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд Л.Б-г иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосон баримтууд болон түүний өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасах нь үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/572 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтад тусгагдсан ТХХК-аас 4,290,000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б- тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв.

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчийн гаргаж байгаа гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх байр суурьтай байна. Иргэний хариуцагч нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглээгүй гэх үндэслэлээр гомдолдоо дурдаж байна. Шүүгдэгч Г.Б- нь “Т ХХК”-ийн ажилтан байсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тус компани үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Гэм хор үүсгэсэн этгээдийг Г.Б гэж үзэж байна. Иргэний хуулийн 497, 511 зүйлд заалтуудад заасан гэм хор үүсгэж байгаа этгээд компани өөрийн эс үйлдэхүйгээрээ хамт байгааг ойлгохгүй. Энэ гэмт хэрэгт Г.Б гэм хор учруулсан этгээд болчхоод байгаа. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тодорхой заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хариуцагчаар итгэмжлэлгүй этгээдийг татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хариуцагчийг татах үүрэгтэй. Тус компанийн иргэний хариуцагчаар татсан хүн татгалзаагүй. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчид ашигтай нотлох баримтыг үндэслэж шин судлуулсан. Иргэний хариуцагчаар тогтоогдсон этгээд гэм хор хариуцахад татгалзахгүй гэж тайлбарласан байдаг. ...” гэв.

Прокурор Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Иргэний хариуцагчаас гаргасан гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иргэний хуулийн 499 дүгээр 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэний хариуцагчаас гэм хорын асуудал гаргахаар шүүхийн шийдвэрт дурдсан нь үндэслэлтэй. Иргэний хариуцагчийн зүгээс Иргэний хуульд зааснаар буруутай этгээдээс иргэний шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүх шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

Шүүгдэгч Г.Б-т холбогдох эрүүгийн 2403000000351 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Г.Б- нь 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 11:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө “Т” ХХК-ийн баруун талын авто замд “”Т трейд” ХХК-ийн өмчлөлийн Тоуоta prius-30 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон ухрах хөдөлгөөн хийж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 10.14. Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. ...” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Т.Ч-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

“0000 ААА машин хүн шүргэчихлээ” гэх 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/,  

хохирогч Т.Ч-ы: “...Т компанийн баруун талд замаар явж байтал хажуугаар саарал өнгийн приус-30 загварын авто машин өнгөрч явахаар нь араар нь тойроод гарахад тэр машин гэнэт ухраад хойд талаараа миний таяг барьж байсан баруун гар тал руу болон баруун ташаа хэсэг рүү мөргөсөн. Би зүүн тал руугаа буюу зүүн талд зогсоолд зогсож байсан автомашиныг налаад газарт унасан. ...Миний биед баруун бугалга яс хугарсан, цээж хэсэгт хөхөрсөн, баруун өгзөг хэсэг газар унасны улмаас гүн хөх өнгөөр хөхөрсөн. ...” /хх-ийн 23-24/,

иргэний нэхэмжлэгч “Т Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ийн: “...уг автомашиныг манай компанид жолооч ажилтай Г.Б унадаг. ...Би ажлын хүмүүсээс сонсоход Г.Б ажлын гадна машинтайгаа ухарч байгаад настай эмээг мөргөсөн гэж байсан. Автомашинд ослын улмаас эвдрэл, гэмтэл тогтоогдоогүй. ...” /хх-ийн 30-31/,

иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С-ийн: “...Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ч нь эрүүл мэндийн үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 246,300 төгрөгийн зардал гарсан. Тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх-ийн 83-84/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6194 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Т.Ч-ы биед баруун атгаал ясны хүзүүний зөрсөн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. ...” /хх-ийн 49-50/,

техникийн тодорхойлолт: “...Тоуоta prius XW30 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч “Т” ХХК” /хх-ийн 19/,

2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 727 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “...Тоуоta prius 30 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Явган зорчигч Т.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй. ...” /хх-ийн 65-66/,

Г.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг: “...Би 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 11 цагийн үед 19 дүгээр хорооллын Т болон А тавилгын компанийн дунд талын замд Тоуоta prius 30 загварын 0000 ААА улсын дугаартай автомашиныг жолоодон ухарч байгаад хойно байсан нэг эмээг мөргөхөд тэр эмээ зогсоол дээр байршуулсан байсан нэг автомашиныг налаад газар унасан. ...” /хх-ийн 76-77/,

хохирогч Т.Ч-ы сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон баримт /хх-ийн 46/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 2. Шүүгдэгч Г.Б-ын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон ухрах хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 10.14. Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. ...” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч Т.Ч-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.  

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Г.Б-ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-уудаас Г.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 480 цагийн хугацаагаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

3. Тоуоta prius 30 загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Т трейд” ХХК-ний өмч /хх-ийн 19/ бөгөөд Г.Б-т тус тээврийн хэрэгслийг өмчлөгч “Т” ХХК шилжүүлэн өгсөн, Г.Б тус тээврийн хэрэгслийг жолоодох ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Т.Ч-ы эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар Г.Б-ын учруулсан гэм хорын хохирлыг “Т” ХХК хариуцан арилгах хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан эдийн бус гэм хорыг арилгах этгээд нь гэм хор учруулсан гэм буруутай этгээд байхаар хуульчилсан /511.3/ байхад тус нарийвчлан заасан зохицуулалтыг хэрэглэхгүйгээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан, бусдад учруулсан гэм хор, 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах хэсгүүдийг тус тус үндэслэн сэтгэцийн хор хохирол учруулаагүй, гэм буруугүй этгээдээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хор, 511.3 дахь хэсэгт заасан сэтгэцэд учруулсан гэм хор нь Иргэний хуулийн 52 дугаар бүлэг: “Гэм хор учруулснаас үүсэх үүрэг” бүлгээр зохицуулагддаг бөгөөд анхан шатны шүүх тухайлан илүү нарийвчлан зохицуулсан тус хуулийн 498 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага, 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүргийн зохицуулалтыг хэрэглэн гэм хор учруулснаас үүсэх үүргийн тал хувийг шүүгдэгч Г.Б-ын ажил олгогч “Т” ХХК-д хариуцуулан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд иргэний хариуцагч “Т ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, “...иргэний хариуцагч Т ХХК-аас 4,290,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ч-д олгож...” шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

4. 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1594 дүгээр “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоох тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 111-112/-аар яллагдагч Г.Б-ыг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүх хуралдаанд “...улсын яллагч Г.Н, хохирогч Т.Ч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Б, О.Б, иргэний нэхэмжлэгч Э.С, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулах...”-аар заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрхийг хангаж мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг /шүүгчийн туслах О.Б/ мэдэгдээгүй /хх 113 тал/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх /шүүх хуралдаан даргалагч шүүгч/ шүүх хуралдааны ирцийг шалгаагүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга /Д.О/ ирцийг бүрэн илтгээгүй байгааг энэхүү магадлалаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд анхааруулж, цаашид анхаарч ажиллахыг тэмдэглэж байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/572 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Т ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

          ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ