Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 399

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Б.Дөлгөөн /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Дөлгөөнд холбогдох эрүүгийн 1811012320448 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Хорь буриад овогт Бямбадоржийн Дөлгөөн, 1991 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Тэц-4 ТӨХК”-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 45 дугаар байрны 52 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:УХ91051953/.

 

Шүүгдэгч Б.Дөлгөөн нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг зүүн тасганы 7 дугаар гудамжны 104 тоот хашаанд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим хохирогч Д.Дамдинсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Дөлгөөн нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг зүүн тасганы 7 дугаар гудамжны 104 тоот хашаанд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим хохирогч Д.Дамдинсүрэнг зодож, түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, дотор салстын цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Дамдинсүрэнгийн /хх-14-16/: “..Би 2018 оны 04 сарын 20-ны орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 7-104 тоотод эхнэр Энхтуяагийн хамт унтах гээд хэвтэж байсан чинь гадаа нэг хүн гэр шүргэж байснаа үүдний амбаарын хаалга татаад орж ирээд гэрийн хаалга татаад шагайхаар нь босоод гэрлээ асаагаад харсан чинь 25-30 орчим насны үл таних нилээн их архи согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой доогуураа нүцгэн эрэгтэй хүн байсан ба чи ямар учиртай хүн бэ гэсэн чинь дугарахгүй зогсоод байхаар нь үүдний амбаараас хөөгөөд гаргасан чинь гадаа дуугарахгүй зогсоод байхаар нь алив чи одоо манай хашаанаас гар гэсэн чинь ямар нэгэн шалтгаангүй миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохихоор нь би урдаас нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй ба гар хөлнөөс зуурч байгаад цагдаа дуудаж өгч явуулсан. Миний хамар хавдсан нүд цус хуралттай байна..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Энхтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-18/ “..манай нөхөр өмдөө өмсөж босоод юун хүн бз гээд дагуулаад гарсан. Тэгээд би хойноос нь хувцасаа өмсөөд гартал манай нөхрийн хамарнаас цус гарчихсан нүдний шил нь байхгүй зогсож байсан. Би эргэж гэртээ ороод шанагатай ус авчирч нүү гарыг нь угаасан. Цус нь тогтохгүй нилээн их цус гарсан. Нүдний шилийг нь хайж байтал тэр залуу дахиад манай нөхрийг цохьсон..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №5237 дугаар дүгнэлтэнд: /хх-23/ “..1.Дамдинсүрэнгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, дотор салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.45. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Дөлгөөнөөс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-30-31/ “..Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Пабаас гараад юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн. Би согтсон үедээ цохьсон байна лээ. Дахин ийм асуудал гаргахгүй. Эмчилгээний зардалд 3.200.000 төгрөг төлсөн..” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Дөлгөөний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-35/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-42/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5237 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Дамдинсүрэнд учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дөлгөөн нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг зүүн тасганы 7 дугаар гудамжны 104 тоот хашаанд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим хохирогч Д.Дамдинсүрэнг зодож, түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, дотор салстын цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь нотлогдсон бөгөөд шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.Дөлгөөнийг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Дөлгөөнөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Дөлгөөнийг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Дамдинсүрэн нь шүүгдэгч Б.Дөлгөөнөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Дөлгөөн нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хорь буриад овогт Бямбадоржийн Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дөлгөөнийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дөлгөөнд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Дөлгөөн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Дөлгөөн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дөлгөөнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дөлгөөнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.МӨНХБАЯР