| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2309018682066 |
| Дугаар | 2024/ДШМ/1220 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 20.16.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1220
2024 11 05 2024/ДШМ/1220
Б.Д, Г.А, А.Б,
А.Б, Б.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхзул,
хохирогч С.А-н өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,
хохирогч, цагаатгагдсан этгээд Б.Д-н өмгөөлөгч Га.Оюунцэцэг,
хохирогч, шүүгдэгч Г.А,
шүүгдэгч Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч М.Хувцагаан, Го.Оюунцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/789 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхзулын бичсэн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч А.Б, А.Б нарын өмгөөлөгч Э.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2309018682066 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б.Д, ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:... /;
2. Г.А, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;
3. Б.Э, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;
4. А.Б, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;
5. А.Б, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;
Б.Д нь 2023 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах А таурын 1 дүгээр давхарын ариун цэврийн өрөөнд Г.А үл ялих шалтгаанаар маргалдаж, үснээс нь зулгаан, нүүрэн тус газар нь өвдөглөж хохирогч Г.Аын эрүүл мэндэд нүүрэнд цус хуралт, хүзүү, цээж, баруун тохой, хоёр шуунд зулгаралт, хоёр бугалга, шуу, баруун тохойнд, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Г.А, Б.Э, А.Б, А.Б нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах А таурын 1 давхарын үүдний хэсэг болон ариун цэврийн өрөө буюу олон нийтийн газарт бүдүүлэг догшин авирлаж, бусдыг дорд үзэх, дээрэлхэх, айлган сүрдүүлэх, өөрийн давуу байдлыг харуулж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, тус аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,
Г.А, Б.Э, А.Б, А.Б нар нар нь 2023 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах А таурын 1 давхарын үүдний хэсэг болон ариун цэврийн өрөөнд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа Б.Д толгой, нүүрэн тус газар нь өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салстад цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, хүзүү, баруун чихэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Г.А, Б.Э нар нь бүлэглэн С.А-ын түлхэж унагаах, өшиглөх, нүүрэн тус газар нь цохих зэргээр зэргээр биед нь халдаж түүний эрүүл мэндэд доод уруулын дотор салстад шарх, дагз, эрүүний зөөлөн эдийн няцрал, дух баруун бугуйд зулгаралт, зүүн сарвуу, зүүн хөхний доор цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Г.А, Б.Э, А.Б, А.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,
шүүгдэгч Г.А, Б.Э, А.Б, А.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдпыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Б.Э нарт тус бүр 1.400.000 төгрөгөөр торгох ялаар, А.Б, А.Б нарт тус бүр 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч Г.А, Б.Э, А.Б, А.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоож, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тэдэнд мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Б, А.Б нарын өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, зарим шүүгдэгч нарын үйлдэл нь хэргийн зүйчлэлтэй тохироогүй гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байхад гэм буруутад тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.4-т заасан “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх үндэслэлд хамаарч байна. Тодруулбал, шүүгдэгч нарын нэг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт хамааруулан зүйлчилж тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулсан байхаас гадна гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлд зөв дүгнэлт хийгээгүйн улмаас гэмт хэргийн сэдэлт зорилгыг зөв тогтоогүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинж нь хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж байхад уг гэмт хэргийг анхнаасаа үйлдэх сэдэлт зорилгыг агуулж уг гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын биед хөнгөн хохирол учруулсан мэтээр хууль хэрэглээний алдаа гаргасан байна.
Гэтэл гэмт хэргийн шалтгаан нөхцөл, болсон үйл баримтын тухайд ариун цэврийн өрөөнд байх үедээ хохирогч Б.Д нь Г.А биед халдсанаар эхэлсэн болох нь хохирогч А, гэрч А.Б, З.М, З.Т, Г.А, О.Б нарын мэдүүлэгээр тогтоогдоно. Түүнчлэн улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үүдний хэсэгт бусдад өөрсдийн давуу байдлаа батлан харуулах, бүдүүлэг догшин авирлаж бусдын биед халдаж буй үйлдэл нь бусад бусад иргэдийг тухайн объект руу гаднаас нэвтрэх болон тухайн маргаан болж буй хэсгээр зорчих боломжийг хязгаарлаж байх тул нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж аж ахуй нэгж, байгууллагын хзвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж дүгнэх бөгөөд шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаар хэрхэн дүгнэснээ тодорхой тайлбарлаагүй тул улсын яллагчаас дүгнэсэн хэргийн зүйлчлэл хууль хэрэглээг хүлээн зөвшөөрч дэмжих байдлаар дүгнэсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч нарын хууль бус үйлдлээс болж аж ахуйн үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй, ариун цэврийн өрөөнд болсон харилцан зодоон, хэрүүл маргааны улмаас үүдэлтэйгээр хохирогч Б.Д болон түүний эхнэр хохирогч С.А нар үүдний хэсэгт шүүгдэгч нарыг өдөөн турхирч, дахин хэрүүл маргаан, харилцан зодоон үүсгэсэн нөхцөл байдлууд тогтоогдож байхад зөвхөн шүүгдэгч нарын үйлдэлд дүгнэлт хийж хохирогч нарын буруутай үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь илт үндэслэл муутай байна. Түүнчэн хохирогч Б.Д өөрийн өгсөн хэд хэдэн мэдүүлэгтээ байгууллагын ариун цэврийн өрөөнд зодолдох үедээ өөрийн биед учирсан гэмтлийг авсан байж болох талаар мэдүүлсэн байдаг бөгөөд түүний эхнэр хохирогч С.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ өөрийн нөхөр Б.Д болон өөрт нь хөнгөн хохирол бүхий гэмтэл учруулсан гэх хүмүүсийг болон гадаад шинж тэмдэг өмссөн хувцасаар шууд нэрлэн заасан байхад бүх шүүгдэгч нарт бүгдэд нь Эрүүгийн хуулийн тусгай нгийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл муутай байна. Иймд шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу шүүгдэгч А.Б, А.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Прокурор С.Энхзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Да хохирогч Г.Ам хөнгөн хохирол учруулсан сэдэлт, санаа зорилго, үйлдэл болон зодооныг хэн, хэрхэн эхлүүлсэн талаар нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Б.Д хохирогчоор өгсөн мэдүүлгээс зөвхөн хэнд, хэрхэн яаж зодуулсан талаарх мэдүүлэгт тулгуурлан “...Г. Г.А, Б.Э, А.Б, А.Б нар нь Б.д биед нь халдаж, гар хүрч эхэлсэн болох нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийж түүнийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзсэн хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан хохирогч Г.А, гэрч О.Б, З.Т нарын мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Б.Д нь хохирогч Г.А үсдэж, нүүр рүү өвдөглөснөөр түүний хууль бус үйлдэл төгссөн. Шүүгдэгч Б.Д нь хохирогч Г.А биед гэмтэл учруулсны дараа шүүгдэгч Г.А, Б.Э, А.Б, А.Б нар нь хохирогч Б.Д биед халдсан буюу шүүгдэгч Б.Д эсрэг ямар нэгэн хууль бус довтолгоон явагдаагүй байхад шүүхээс шүүгдэгч Б.Д аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Мөн прокуророос шүүгдэгч Б.Д “хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах болсон нотлох баримт буюу хохирогч Г.А, гэрч А.Б, З.М, О.Б, З.Т, Г.А нарын мэдүүлэг, улсын яллагчийн дүгнэлт зэргийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаагаа огт дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалт болон 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тогтоолд тусгана гэсэн шаардлагыг хангахгүй байна.
Шүүх шүүгдэгч Г.А, Б.Э, А.Б, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон атлаа тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн тохиолдолд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.
Дээрх байдлаар хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Хохирогч С.А өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Хохирогч, цагаатгагдсан этгээд Б.Д өмгөөлөгч Га.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэж заасан бөгөөд таслалаас хойших хэсгээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. Өмнөх Эрүүгийн хуульд аргагүй хамгаалалтыг “халдлага, довтолгоон эхэлсэн үед” гэж тайлбарлаж байсан бол шинэ Эрүүгийн хуулиар аргагүй хамгаалалтыг “эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед” гэж хэрэглэх хүрээг нь тэлсэн. Хувийн таарамжгүй харилцаа буюу “ямар өмхий баадаг юм бэ” гэх ёс суртахууны бүдүүлэг харилцаанаас маргаан үүссэн. Цагаатгагдсан этгээд Б.Д нь бусад шүүгдэгч нараас 12 насаар ах бөгөөд “бие засах ахуйн шаардлагыг яагаад үгүйсгэж, ийм бүдүүлэг байдлаар хандаж байна вэ залуусаа” гэдэг байдлаар хандсан. Шүүгдэгч нар дөрвүүлээ байсан бөгөөд элдвээр хэлж, доромжилсон, мөн цагаатгагдсан этгээд Б.Д нь бие бялдрын хувьд дээрэлхүүлэх боломжтой харагддаг. Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 260 дугаар тогтоолд “халдагч этгээдийн зүгээс халдлага, довтолгоон эхлэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжтой болсон, аюул заналхийлэл бодитой орших, халдлага үргэлжлэх буюу хийгдэх нь тодорхой болсон үед аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдэж байгаа үйлдэл нь хууль ёсны үйлдэлд тооцогдоно” гэж тайлбарласан. Ариун цэврийн өрөөнд хяналтын камер байхгүй тул ашиг сонирхол нэгдмэл хүмүүсийн мэдүүлэгт “Б.Д халдлага, довтолгоон эхлүүлсэн” гэж мэдүүлдэг боловч ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа үргэлжилж байгаа үйлдэл буюу газар унагаан ээлжилж дэвсэлсэн, мөн салгах гээд ирсэн эхнэрийнх нь гэдэс рүү өшиглөсөн нөхцөл байдал хяналтын камерын бичлэгт бичигдсэн. Энэ нь аюул заналхийлэл үргэлжилж, бодитойгоор тулгарах нь тодорхой гэдгийг ухамсрын түвшинд дүгнэлт хийх боломжтой нөхцөл байдал юм. Өмгөөлөгч миний зүгээс “Б.Д амь тэсэж гарахын тулд ийм үйлдэл хийсэн” гэж үзсэнийг шүүх хүлээн авсан боловч энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй. Энэ нөхцөл байдал хэргийн үйл баримттай тохирч байх бөгөөд нэгдмэл ашиг сонирхолтой гэрчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлээгүй. Хохирогч, шүүгдэгч Г.Амарболдын биед учирсан гэмтэл нь тухайн үед халдсан халдлагын нөхцөл байдалтай тохирдоггүй. Үргэлжлэн зодолдож байсан тул хэзээ, хаана тухайн гэмтлүүдийг авсан нь нарийвчлан тогтоогдоогүй. Цагаатгагдсан этгээд Б.Д түрүүлж үйлдэл хийснийг санаатай үйлдэл хийсэн гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Аргагүйдсэн довтолгооноос өөрийгөө хамгаалахын тулд аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Дашравданыг цагаатгаж шийдвэрлэсэн хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
Хохирогч, шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Хохирогч, шүүгдэгч Г.А, шүүгдэгч Б.Э нарын өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хэрэг учрал болсон ариун цэврийн өрөөний үүдний хяналтын камерын бичлэгт энэ хэрэгт хэн, яаж оролцсон талаар тодорхой бичигдсэн. Энэ хэргийн эхлэл ариун цэврийн өрөөнд болсон. Г.А, А.Б, З.Б нар ариун цэврийн өрөөнд Б.Д бие засаж байсныг мэдээгүй бөгөөд З.Б “ямар өмхий баадаг юм бэ, энэ орой болсон хойно баадаг” гэх утгатай зүйл хэлсэн. Гэтэл Б.Д гарч ирээд “муу сайн хөдөөний пизда нар” гэж хэлэхэд нь Г.А очиж “зүгээр эв зүйгээр ярьж болдоггүй юм уу” гэхэд Г.А хоёр гараараа үснээс нь зуурч, нүүр, нүд рүү нь өшиглөж, хамар, амнаас нь цус гарсан үйл баримт тогтоогдсон. Хэрэгт бодитой, шударга ёсоор хандах ёстой. Цагаатгагдсан этгээд Б.Д энэ үйлдлийг эхлүүлснээс болж үүдний коридорт гарч зодоон үргэлжилсэн. Анхан шатны шүүх холимог бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, хохирогч, шүүгдэгч Г.А, шүүгдэгч Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тэнсэн харгалзах ял оногдуулсан. Хяналтын камерын бичлэгт хэргийн үйл баримт бичигдсэн тул миний үйлчлүүлэгч нар хэргийн зүйлчлэлд маргахгүй. Цагаатгагдсан этгээд Б.Д өмгөөлөгч Г.О хэлж байгаагаар сүр үзүүлсэн зүйл байхгүй, харин цагаатгагдсан этгээд Б.Д хүчний хувьд спортлог хүн бөгөөд зодооныг эхлүүлсэн тул түүний үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг дэмжиж байна. Цагаатгагдсан этгээд Б.Д үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бусад шүүгдэгч нарт ямар сэдлийг төрүүлэх вэ. Шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүст эрх зүйн ухамсрыг бий болгох, хэргийг үнэн, шударгаар шийдвэрлэдэг болохыг бодитойгоор үзүүлэх ёстой. Хохирогч, шүүгдэгч Г.А ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхдээ хамар, ам нь цус болсон байсан нь цагаатгагдсан этгээд Б.Д үйлдлээс шалтгаалсан. Хохирогч, шүүгдэгч Г.А хэргийн талаар тогтвортой мэдүүлсэн. Цагаатгагдсан этгээд Б.Д хувьд шударга бөгөөд хууль ёсны байх зарчим алдагдсан, хэргийг бодитойгоор дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Би шүүгдэгч А.Б, А.Б нарыг өмгөөлж байсан боловч өөр өмгөөлөгч авч, өөр сэдлээр гомдол гаргасан тул ёс суртахууны хувьд тайлбар хэлэх боломжгүй байна. Иймд хохирогч, шүүгдэгч Г.А, шүүгдэгч Б.Э нарт оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Хохирогч, шүүгдэгч Г.А, шүүгдэгч Б.Э нарын өмгөөлөгч Го.Оюунцэцэг, тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Хувцагаантай адил байр суурьтайгаар 4 шүүгдэгчийг өмгөөлж оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлд маргаагүй. Өмгөөлөгч миний зүгээс шүүхэд “тодорхой хугацааны хязгаарлалт өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Шүүхээс миний үйлчлүүлэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.Б, А.Б нар давж заалдах шатны шүүхийн шатанд өөр өмгөөлөгч авсан бөгөөд энэ талаар өмгөөлөгч М.Хувцагааны байр суурьтай адил байна. Хохирогч, шүүгдэгч Г.А, шүүгдэгч Б.Э нарын хувьд анхан шатны шүүхээс тэнсэж шийдвэрлэснийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч А.Б, А.Б нарын өмгөөлөгч Э.Батбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Г.А, Б.Э, А.Б, А.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдпыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашравдан нарт тус бүр 1.400.000 төгрөгөөр торгох ялаар,
тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А, Б.Э, А.Б, А.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдпыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх ба тус гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг.
“Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн эрүүгийн хариуцлагыг хэрэглэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг /тэнсэж болох нөхцөлүүдийг заасан/ хамаарахгүй. ...” гэж заасан байхад хоёр төрлийн санаатай гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон Г.А, Б.Э, А.Б, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд хоёр төрлийн гэмт хэрэг санаатай үйлдсэнд тооцогдсон Г.А, Б.Э, А.Б, А.Б нарт “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэч Б.Д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд дурдагдсан түүнийг буруутгаж буй нотлох баримтуудыг нэг бүрчлэн няцаан үгүйсгээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас нэгийг нь үнэлсэн тохиолдолд нөгөөг хэрхэн үгүйсгэж байгаад дүгнэлт хийгээгүй, үндэслэл болгосон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ огт тусгалгүйгээр дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын шаардлагад нийцээгүй байна.
Дээрх байдлаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Б.Д-г бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов” гэж бичсэн атлаа дараа нь “...цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна...” хэмээн зөрүүтэй дүгнэлт хийсэн.
Шүүгдэгч Г.А, Б. нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн эсэхэд хэн аль нь дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Иймээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан үндэслэлд хамаарч байна гэж дүгнээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч А.Б, А.Б нарын өмгөөлөгч Э.Батбаярын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Анхан шатны шүүх хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр авсан атлаа, “шүүх хуралдааны тов тогтоох тухай” шүүгчийн захирамждаа хэргийг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан гэж алдаатай бичсэн, тодорхойлох болон захирамжлах хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийг баримталсан зэрэг алдаа зөрчил гаргасан.
Тодруулбал, тус эрүүгийн хэрэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж авагдаагүй, “шүүх хуралдааны тов тогтоох тухай” шүүгчийн захирамжийн тодорхойлох болон захирамжлах хэсэгт яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн эсэх талаарх агуулга дурдагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Д, Г.А, А.Б А.Б, Б.Э нарыг шүүхэд шилжүүлээгүй атлаа тэдгээрийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/789 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор С.Энхзулын бичсэн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч Б.Д, Г.А, А.Б, А.Б, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН